Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02130

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2022/02130

 

Э.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/04168 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.М-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.Ц-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 8-р хороо, УС-15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын 0000 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан чөлөөлөхийг даалгах, хохирол 7,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Э.М- нь 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б- ХХК-тай BLLC2016/03/311 тоот Орон сууц захиалгаар худалдах худалдан авах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, УС 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын 0000 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр тохиролцон захиалгын төлбөр 33,448,000 төгрөгийг Б- ХХК-ийн Хаан банк дахь 3333333 тоот данснуудад тодорхой үе шатаар төлж дууссан. Улмаар талууд тооцоо нийлж баталгаажуулан Б- ХХК нь санхүүгийн тэмдгээ дарсан. Гэвч уг орон сууцанд Д.Ц- гэх хүн амьдарч байна. Б- ХХК нь орон сууцны барилгыг 2020 оны 05 дугаар сард барьж дууссан. Хариуцагч нь орон сууцыг суллаж өгөхгүй, манай захиалсан орон сууцанд өөр айл орсон учраас ийшээ ор гэсэн гээд мөн орон сууц худалдах худалдан авах гэрээ үзүүлсэн ба гэрээг үзэхэд манайхтай яг ижил байрлалтай, ижил талбайтай адилхан 1 өрөө боловч 13 давхрын орон сууцны гэрээ байсан. Өнөөдрийг хүртэл Д.Ц- орон сууцыг чөлөөлж өгөлгүй нэг жил болсон тул 1 өрөө орон сууцны 1 сарын хөлсийг зах зээлийн ханш 600,000 төгрөгөөр тооцвол 7,200,000 төгрөг болно. Иймд Баянзүрх дүүргийн, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын 0000 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцаас Д.Ц-г албадан гаргаж чөлөөлөхийг даалгаж, 7,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Б- ХХК-ийн Х.Оюун захиралтай барилгын компанид анх 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр байрны захиалга өгч худалдах худалдан авах гэрээ хийж 100 хувь төлбөрөө хийсэн. Уг байрны 2 давхрын 48 тоотод ор гэсний дагуу орсон. Энэ хугацаанд хөөцөлдөж байж Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдсан 0000 өмчлөгчөөрөө тогтоолгосон тул нэхэмжлэгчийн орон байрнаас албадан гаргуулах шаардлагыг зөвшөөрч байна. Харин миний буруугаас болж би нэхэмжлэгчийн байранд ороогүй тул хохирол 7,200,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын агуулга: Б- ХХК-ийн Хууль сахиулагч 1 хотхонд 0000 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 2016 оны 4 дүгээр улиралд багтаан оруулах байсан ч 2020 оны 05 дугаар сард ашиглалтад орсон. Тус байрны эзэмшигч нь Э.М- мөн бөгөөд өмчлөгчөөр тогтоолгох хүсэлттэй байна. Б.Цогцолмон нь гэрээ цуцлагдсан н.Сүхбаатарын байранд орох байсан. н.С нь 2017-2020 онд төлбөрөө 100 хувь барагдуулах байсан боловч одоог хүртэл төлөөгүй Д.Ц-гийн байранд нүүн орсноор уг асуудал үүссэн байна. Манай компани Э.М-ыг Б блок 0000 байрыг авах өмчлөгч гэж баталж байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 492 дугаар зүйлийн 492.1 хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Ц-г Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын 0000 талбайтай сууцнаас албадан чөлөөлж, нэхэмжлэгч Э.М-ын нэхэмжлэлийн шаардлагаас 7,200,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 200,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Ц-гоос 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.М-д олгож шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад миний бие Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж, 74 тоот хаягт байрлах орон сууцны 0000 талбайтай сууцнаас гарах шаардлагыг зөвшөөрсөн боловч шаардлагыг шууд хүлээн авч биелүүлэх боломжгүй болохоо илэрхийлсэн. Тухайлбал, миний бие энэхүү орон сууцны барилгыг барьсан Б- ХХК-аас тус байрны 58 тоотыг худалдан авсан боловч миний захиалсан байранд н.С гэх хүний нэр дээр бүртгэл үүсгэж,щ Н.С гэх хүн амьдарч эхэлсэн. Гэтэл орон сууцны СӨХ-оос надад 48 тоот буюу Э.М-ын байранд орж амьдрах зөвшөөрөл өгсөн тул СӨХ-оос түлхүүр авч амьдрах болсон. Өөрөөр хэлбэл, би бусдын өмчлөлд шууд дайрч орж амьдраагүй, харин тухайн үед орон сууцыг хариуцаж байсан хүмүүсийн зөвшөөрлөөр орж суусан байдаг тул хууль бус эзэмшил гэж үзэх учиргүй. Цаашилбал Сүхбаатар болон Н.С- нарыг миний байрыг чөлөөлж өг гэх шаардлагыг Б- ХХК-тай хамтран тавьсан ч биелүүлэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн тул орон сууцныхаа өмчлөлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр тогтоолгосон билээ. Хэдийгээр миний орон сууцны өмчлөх эрх шүүхийн шийдвэрээр баталгаажсан боловч өөрийн орон сууцандаа орж чадахгүй, тавилга эд агуурсаа зөөвөрлөх газаргүй тул арга буюу 48 тоотод үргэлжлүүлэн амьдарч байна. Уг нөхцөл байдлаа шүүх дээр тайлбарлаж, мөн орон сууцыг чөлөөлөх хугацаа тогтоож өгөхийг хүссэн ч шүүхээс хугацаа тогтоож өгөөгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай заасан. Гэтэл шүүхийн шийдвэр гарснаар миний бие хүйтний улиралд гэр бүлийн хамт орон сууцыг чөлөөлөн өгч, очих газаргүй болоход хүрээд байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өвлийн улирал дууссаны дараа орон сууцыг албадан чөлөөлөх тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Э.М- орон сууцыг чөлөөлөхийг хүлээж, түрээсийн байранд амьдарч байна. Байрыг чөлөөлөхийг шаардахад эхэлж өөрсдийн асуудлыг шийднэ гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн мөнгө нэхэмжилнэ гэжээ.

 

7. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Э.М- нь хариуцагч Д.Ц-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, УС 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын 0000 талбайтай орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, 7,200,000 төгрөгт холбогдох шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 03414 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын 0000 талбайтай орон сууцны өмчлөгчөөр Э.М-ыг тогтоож... шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /хх. 10-15/

4. Анхан шатны шүүх Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Ус 15 гудамж 74 тоот хаягт баригдаж буй барилгын 0000 талбайтай нэг өрөө орон сууцыг хариуцагч Д.Ц- хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримтыг зөв тогтоож, албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

5. Хариуцагчаас 2020 оны 08 дугаар сараас 2021 оны 08 дугаар сарыг хүртэл нэг жилийн хугацаанд орон сууцанд амьдарсан зардлыг орон сууц хөлслөх жишиг үнэ нэг сарын 600,000 төгрөгөөр тооцож 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

6. Нэхэмжлэгчийн гаргасан ...өвлийн улирал дууссаныг дараа орон сууцыг албадан чөлөөлөх тухай өөрчлөлт оруулж өгнө үү гэх агуулгатай гомдол нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой байх тул хангах үндэслэлгүй байна.

Шүүх маргаан бүхий орон сууцны эзэмшлийг хууль бус эсэхийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, эрх зүйн маргааныг шийдвэрлэх үүрэгтэй. Харин талууд орон сууцыг өвлийн улирал дуусахад чөлөөлүүлэхээр эвлэрэн хэлэлцсэнээс бусад тохиолдолд өвлийн улирал дуусах хүртэл хугацаа тавих зэргээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж шийдвэрлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй болно.

7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/04168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР