Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 1309

 

 

 

 

 

 

 

 

 

“Г-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01102 дугаар шийдвэртэй, “Г-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.О-т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 601 055.55 ам доллар буюу 1 593 127 788 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч “Г-” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.О- нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Г-тай ЗГ2005100513 дугаартай зээлийн гэрээ байгуулж 500 000 ам.долларыг жилийн 15 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3Г2005100513-1 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн графикийг өөрчилж, хугацааг 12 сараар сунгасан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ2005100513 тоот Ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206018694 дугаар бүхий Ж.О-ын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Бэлла виста Зайсан гудамж 300 байр, 315 тоот, Зоорийн давхарын B1-16, B1-17 тоот хаягт байршилтай 244.79 м.кв талбайтай зургаан өрөө орон сууцыг, 30.0 м.кв талбайтай зогсоолын хамт барьцаалсан. ЗГ2005100513 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 сарын 09-ний өдөр дууссан боловч Ж.О- нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 01 сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үүргээ 414 хоног хугацаагаар хэтрүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 499,153.66 (Дөрвөи зуун ерөн есөн мянга нэг зуун тавин гурван ам.доллар жаран зургаан цент) ам.доллар, зээлийн хүү 84 917.15 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 16,984.97 ам.доллар, нийт 601 055.55 ам.долларын тус тус төлбөрийн үлдэгдэлтэй байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана” гэж, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй” гэж тус тус заасныг үндэслэн доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Ж.О-аас Г-тай байгуулсан ЗГ2005100513 тоот Зээлийн гэрээний үүрэгт 601 055.55 ам.доллар буюу 1 593 127 788 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ2005100513 тоот Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.О-аас 1 593 127 788 /нэг тэрбум таван зуун ерэн гурван сая нэг зуун хорин долоон мянга долоон зуун найн найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.О- нь төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206018694 дугаарт бүртгэлтэй Ж.О-ын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Бэлла виста Зайсан гудамж 300 байр, 315 тоот, Зоорийн давхарын B1-16, B1-17 тоот хаягт байршилтай 244.79 м.кв талбайтай зургаан өрөө орон сууцыг, 30.0 м.кв талбайтай зогсоол зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар “Г-” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 193 789 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.О-аас 8 193 789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Г-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Тус шүүхийн шийдвэрээр хариуцагч Ж.О-аас 1 59З 127 788 төгрөгийг гаргуулж “Г-” ХХК-д олгохоор нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Ийнхүү хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчиин өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн хурлын товыг зарлахдаа өмгөөлөгч Л.Энхбаясгалангийн эмнэлэгийн магадлагаагаар өвчтэй байсан шалтгааныг харгалзан үзэж, бусад хуралтай давхардуулахгүйн тулд утсаар тодруулалгүй хурлыг зарласан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн "Чимо" ХХК-ийн нэхэмжлэлтэй н.Цэндмаад холбогдох хэргийн щүүх хуралдаан 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагт зарлагдаж, хурал давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг, 2019 оны 8 дугаар сарын 07-ний өдрийн "Чимо” ХХК, өмгөөлөгч Л.Энхбаясгалан нарын хооронд байгуулагдсан өмгөөллийн үйпчилгээ үзүүлэх гэрээ, хурлын зарын хамт 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн хуралд өгсөн байхад "Хан-Уул дүүргийн шүүх рүү утасдаж. тус хуралдаанд өмгөөлөгчөөр оролцоогүй байсан" гэсэн шүүгчийн туслахын аман тайлбарыг үндэслэж өмгөөлөгч Л.Энхбаясгалан нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй хурлыг хийсэн. Гэтэл 2019 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн өмгөөллийн гэрээ дүгнэсэн актыг үйлдээгүй байсан тул өмгөөлөгч Л.Энхбэясгалан нь Хан-уул дүүргийн шүүх хурал дуустал үйлчлүүлэгчийн хамт шүүхийн гадаа хүлээж байсан зэрэг дзэрх өмгөөллийн гэрээ дуусгавар болсон нотлох баримтгүй байхад шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ".  6.4 дэх хэсэгт "Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх" гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т "    шүүх хуралдаанд оролцох"     тус тус заасныг ноцтой зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Нэхэмжлэгч “Г-” ХХК нь хариуцагч Ж.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 601 055.55 ам доллар буюу 1 593 127 788 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүхээс хариуцагч Ж.О-т нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гардуулсан байна. Гэвч хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй, тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлон, хариуцагч Ж.О- шүүх хуралд оролцохгүй, зөвхөн өмгөөлөгчөө оролцуулна гэсэн хүсэлтээ бичгээр ирүүлсний дагуу түүний өмгөөлөгч Л.Э-д шүүх хуралдааны товыг мэдэгдэж, хүндэтгэн үзэх шалтгаангүй шүүх хуралдаанд ирээгүй, тайлбар гаргаагүй тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

            Хариуцагч Ж.О- нь өмгөөлөгч Л.Э-тай 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, улмаар хариуцагчийн өмгөөлөгчийн удаа дараагийн хүсэлтийн дагуу 2019 оны 4 дүгээр сарын 03, мөн оны 4 дүгээр сарын 15, 5 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанууд тус тус хойшилсон байх ба шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасан журмын дагуу мэдэгдсэн байна./хэргийн 45-50, 52-53, 58, 67-68, 76-77, 80-82 дугаар тал/

 

            Хариуцагчийн өмгөөлөгч 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хурлын тов мэдэгдсэн баримтын хамт хавсарган ирүүлсэн байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна./хэргийн 84-85 дугаар тал/

 

            Хэргийн 87 дугаар талд авагдсан шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхацсан гэх шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийн үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ЗГ2005100513 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр хариуцагч нь 500 000 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 12 сарын хугацаагаар, жилийн 15 хувийн хүүтэй зээлж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3Г2005100513-1 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн графикийг өөрчилж, хугацааг 12 сараар сунгасан байна. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ2005100513 тоот Ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206018694 дугаар бүхий Ж.О-ын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Бэлла виста Зайсан гудамж 300 байр, 315 тоот, Зоорийн давхарын B1-16, B1-17 тоот хаягт байршилтай 244.79 м.кв талбайтай зургаан өрөө орон сууцыг, 30.0 м.кв талбайтай зогсоолын хамт барьцаалсан нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зээл болон үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 8-15 дугаар тал/

 

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Ж.О- нь 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээл 846.34 ам.доллар, үндсэн хүү 150 213.13 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 1 561.64 ам.доллар, нийт 152 621 ам.доллар төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна. /хэргийн 18 дугаар тал/

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Шүүх хариуцагчаас 1 593 127 788 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 193 789 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Н.БАТЗОРИГ

 

   ШҮҮГЧИД                               Э.ЗОЛЗАЯА

 

                                                 С.ЭНХТӨР