Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2021/00063

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01102 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1309 дугаар магадлалтай,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Отгонбаярт холбогдох,

Нэхэмжлэл: Зээлийн гэрээний үүрэгт 601.055,55 ам доллар буюу 1.593.127.788 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, хариуцагч Ж.Отгонбаяр, түүний өмгөөлөгч Б.Булгантамир, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Иргэн Ж.Отгонбаяр нь 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *******тай ЗГ2005100513 дугаартай зээлийн гэрээ байгуулж 500.000 ам.долларыг жилийн 15 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан. 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 3Г2005100513-1 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээгээр зээлийн эргэн төлөлтийн графикийг өөрчилж, хугацааг 12 сараар сунгасан.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож БГ2005100513 тоот Ипотекийн гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206018694 дугаар бүхий Ж.Отгонбаярын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Бэлла виста Зайсан гудамж 300 байр, 315 тоот, Зоорийн давхарын B1-16, B1-17 тоот хаягт байршилтай 244.79 м.кв талбайтай зургаан өрөө орон сууцыг, 30.0 м.кв талбайтай зогсоолын хамт барьцаалсан.ЗГ2005100513 тоот зээлийн гэрээний хугацаа 2017 оны 11 сарын 09-ний өдөр дууссан боловч Ж.Отгонбаяр нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 01 сарын 07-ны өдрийн байдлаар зээлийн үүргээ 414 хоног хугацаагаар хэтрүүлж, үндсэн зээлийн үлдэгдэл 499,153.66 ам.доллар, зээлийн хүү 84.917.15 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүнд 16,984.97 ам.доллар, нийт 601.055.55 ам.долларын тус тус төлбөрийн үлдэгдэлтэй байна.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт Шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана гэж, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн доорх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Ж.Отгонбаяраас *******тай байгуулсан ЗГ2005100513 тоот зээлийн гэрээний үүрэгт 601.055.55 ам.доллар буюу 1.593.127.788 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг БГ2005100513 тоот Ипотекийн гэрээнд заасан барьцаа хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01102 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Отгонбаяраас 1 593 127 788 /нэг тэрбум таван зуун ерэн гурван сая нэг зуун хорин долоон мянга долоон зуун найн найман/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Отгонбаяр нь төлбөрийг сайн дураар төлөөгүй бол барьцаа хөрөнгө болох Улсын бүртгэлийн Ү-2206018694 дугаарт бүртгэлтэй Ж.Отгонбаярын өмчлөлийн Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Бэлла виста Зайсан гудамж 300 байр, 315 тоот, Зоорийн давхарын B1-16, B1-17 тоот хаягт байршилтай 244.79 м.кв талбайтай зургаан өрөө орон сууцыг, 30.0 м.кв талбайтай зогсоол зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 193 789 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Отгонбаяраас 8 193 789 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1309 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01102 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 193 789 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Ж.Отгонбаярын хяналтын журмаар гаргасан гомдолд: ...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 10 цагийн хурлын товыг зарлахдаа өмгөөлөгч Л.Энхбаясгалангийн эмнэлэгийн магадлагаагаар өвчтэй байсан шалтгааныг харгалзан үзэж, утсаар тодруулалгүй хурлыг давхардуулан зарласан. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Чимо ХХК-ийн нэхэмжлэлтэй н.Цэндмаад холбогдох хэргийн шүүх хуралдаан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 09 цагт зарлагдаж, хурал давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлтийг, 2019 оны 08 дугаар сарын 07-ний өдрийн Чимо ХХК, өмгөөлөгч Л.Энхбасгалан нарын хооронд байгуулагдсан өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ, хурлын зарын хамт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хуралд өгсөн байхад өмгөөлөгч Л.Энхбаясгалан нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй хурлыг хийсэн. Гэтэл 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн өмгөөллийн гэрээ дүгнэсэн актыг үйлдээгүй байсан тул өмгөөлөгч Л.Энхбаясгалан нь Хан-уул дүүргийн шүүх хурал дуустал үйлчлүүлэгчийн хамт шүүхийн гадаа хүлээж байсан зэрэг дээрх өмгөөллийн гэрээ дуусгавар болсон нотлох баримтгүй байхад шүүх хуралдаанд өмгөөлөгчийг оролцуулалгүй нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.4-т Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т шүүх хуралдаанд оролцох тус тус эрхийг ноцтой зөрчсөн. Ийнхүү анхан шатны шүүх процессын алдаа гаргасан байхад давж заалдах шатны шүүх залруулаагүй төдийгүй харин ч давтсан. Тодруулбал, хариуцагчийн өмгөөлөгч Солонгос улс руу 2019 оны 07 дугаар сарын 04-нөөс 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл явах болсон тул давж заалдах шатны шүүхийн хурлыг хойшлуулах хүсэлтийг онгоцны тийзийн хамт өгсөн байхад хурлыг хийсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүх хурлын товыг интернетээр шалгах боломжтой юм. Хариуцагч нь нэхэмжлэлд хариу тайлбар гаргаагүй нь шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахгүй байх, 2 шатны шүүх процессын алдаа гаргах үндэслэл болохгүй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

******* ХХК нь Ж.Отгонбаярт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 601.055,55 ам доллар буюу 1.593.127.788 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Ж.Отгонбаяр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн ба хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй гэж үзлээ.

1. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээ хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцүүлэн дүгнэжээ.

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Зохигчийн хооронд 2015.11.19-ний өдөр бичгээр байгуулагдсан ЗГ2005100513 тоот зээлийн гэрээгээр Ж.Отгонбаяр нь ******* ХХК-с 500.000 ам.долларыг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 12 сарын хугацаагаар, жилийн 15 хувийн хүүтэй зээлсэн, зээл төлөх хугацааг хэтрүүлбэл үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцон, хожим нь талууд 2016.12.09-ний өдрийн 3Г2005100513-1 тоот гэрээгээр гэрээний хугацааг 12 сараар сунгаж, зээл төлөх хуваарийг өөрчилжээ.

Мөн өдрийн барьцааны гэрээгээр зээлийн үүргийг хангуулахаар Ж.Отгонбаярын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11-р хороо, Бэлла виста Зайсан гудамж 300 байр, 315 тоот, Зоорийн давхарын B1-16, B1-17 тоот хаягт байршилтай 244.79 м.кв талбайтай зургаан өрөө орон сууцыг, 30.0 м.кв талбайтай зогсоолыг барьцаалсан байна.

Зээлийн болон барьцааны гэрээг талууд бичгээр байгуулсан, барьцааны зүйл нь үл хөдлөх эд хөрөнгө тул гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь тогтоогдсон тул эдгээр гэрээ хүчин төгөлдөр байх хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

2. Зээлийн гэрээний хавсралтад заасан хуваариас үзвэл хариуцагч зээлийн хүүг сар бүр төлж, гэрээний хугацаа дуусах 2017.11.09-ний өдөр үндсэн зээлийг төлөх үүргийг хүлээсэн боловч энэ хугацаанд үндсэн зээлээс 846,34 ам.доллар, зээлийн хүүд 150.213,18 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 1.561 ам.доллар төлж, бусад үүргийг биелүүлээгүй хугацааг хэтрүүлжээ.

Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Иймд шүүх үндсэн зээл 499.153,66 ам.доллар, гэрээний хугацаан дахь болон хэтэрсэн хугацааны зээлийн хүүд 84.917,15 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 16.984,97 ам.доллар, нийт 601.055,55 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн ам.долларын төгрөгтэй харьцах ханшаар нийт 1.593.127.788 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасантай нийцсэн байна.

3. Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй, уг шаардлагыг гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.

Шүүх үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

4. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Хариуцагч Ж.Отгонбаяр нэхэмжлэлийн хувийг гардаж аваад тогтоосон хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тухай тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан 3 удаа хойшлогдож байсан, тэрээр 2019.05.08-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдсэн хэдий ч дахин хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэж, хангахаас татгалзан, эзгүйд хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйл, 100 дугаар зүйлийн 100.3, 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т заасантай нийцсэн байна.

5. Давж заалдах журмаар хэргийг хэлэлцэх 2019.07.08-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч Л.Энхбаясгалан гаргаж, шалтгаанаа Солонгос улсад зорчих гэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, 342 дугаар тогтоол гаргахдаа нэхэмжлэгчийн хүсэлтийн үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэнийг буруутгах боломжгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дах хэсгийг зөрчөөгүй байна.

6. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчийн хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01102 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1309 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Хариуцагч Ж.Отгонбаяр нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

 ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ