Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/04663

 

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2022/04663

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Т.Ганчимэг, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Хангарди ордон, Ц.Жигжиджавын гудамж, Байгаль орчны газар-ыг төлөөлөн Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Хилчин гудамж, 81/18 тоотод оршин суух С.Т-д холбогдох

13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц, хариуцагч С.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Д, гэрч Ж.И, иргэдийн төлөөлөгч Р.Б, Х.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны подволд байрлах Ж.И-ийн ажлын байрнаас Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийн тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй амьтны аймагт багтах ховор амьтны түүхий эд, үүн дотор хүрэн баавгайн 2 ширхэг арьсыг хураан авсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ж.Игаас ан, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг гарал үүслийн тодорхойлолтгүйгээр хадгалж байсан нь тогтоогдсон гэж үзэн түүнээс 49,350,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнд түүний ажлын байранд байсан 1 ширхэг баавгайн арьс хамаарч байгаа бөгөөд С.Т-ын түүнд аваачиж өгсөн 1 ширхэг баавгайн арьсны хохирол ороогүй юм.

Энэхүү үйлдэлд нь ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан байж болзошгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Гэвч хэргийг Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Уг ажиллагааны явцад хариуцагч С.Т нь өөрийн гэрт байсан хүрэн баавгайн 1 ширхэг арьсыг Ж.Игийн ажлын байранд хүргэж өгсөн болох нь тогтоогдсон.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу амьтны нөөцөд учирсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх, мөн хуулийн агнуурын амьтан барих зөвшөөрөл буюу 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоно, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна." гэж заасан.

Үүнээс үзэхэд хариуцагч С.Т нь Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр хадгалсан, худалдсан, худалдан авсан үйлдлийн улмаас амьтны нөөцөд хохирол хор уршиг учруулсан бөгөөд тэрээр учирсан хохирлыг нөхөн төлөх нь зүйтэй юм.

Хэрэг бүртгэлтийн ажиллагааны явц дах 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн шинжээчийн дүгнэлтээр ...Шинжилгээнд ирүүлсэн хоёр ширхэг арьс нь Хүрэн баавгайн хоёр бодгальд..., ...Хүрэн баавгайн хоёр эр бодгалийнх, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ-нд зааснаар хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг, ...Хүрэн баавгай нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт болох Ховор амьтны жагсаалт-д зааснаар ховор амьтан бөгөөд Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын хоёрдугаар хавсралтад бүртгэгдсэн гэжээ.

С.Т нь гарал үүслийн тодорхойлолтгүй хүрэн баавгайн арьсыг өөрийн гэрт хадгалж байсан байх ба Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.3-т тус тус зааснаар тэрээр амьтны аймагт учирсан хохирол учруулсан гэж үзэн тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулах зүйтэй гэж үзэж байна.

Иймд амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу хүрэн баавгайн эр бодгаль 6,500,000 төгрөг гэж тогтоосны дагуу хоёр дахин өсгөн тогтоож 13,000,000 төгрөгийг С.Таас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5.1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлийн 200500772 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж С.Таас удаа дараа гэрчийн мэдүүлэг авсан. С.Т нь Ж.И-ийн бөөгийн дэлгүүрт оёдолчин хийдэг байсан одоо ч гэрээрээ бөөгийн хуяг өмсгөл оёж өгдөг оёдолчин хүн юм. С.Т нь Тухайн баавгайн арьсыг өөрөө агнаж худалдаж, эсвэл худалдан авсан зүйл байхгүй бөгөөд ажлаа хийж байхад нь зүс таних зайран орж ирэн бөөгийн дээл тах оёулна, арьс нь зөвшөөрөлтэй гээд үлдээгээд явсан тухайгаа хэлж байсан нь нотлох баримтуудаас харагддаг. Уг хэрэг шалгагдаж явсаар 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Прокурорын газрын 740 тоот тогтоолоор хүрэн баавгайн хоёр арьс-тай холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаагаар бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан гэж заасан тус фактын эх сурвалжийг тогтоох боломжгүй үндэслэл тогтоогдож байх тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд хэрэг бүртгэлийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хааж шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолын тогтоох хэсгийн 4-т энэхүү шийдвэрийн талаар мэдэгдэх хэргийн оролцогчгүй болохыг, 5-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.13-т заасан гэмт хэргийн оролцогчгүй учир Баянгол дүүргийн ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй субъект байхгүй болохыг тус тус дурдан хаасан. Энэхүү тогтоолд гомдол гаргаагүй, уг тогтоолд хэргийн оролцогчгүй гэсэн учир С.Тд тогтоолыг гардуулж өгөөгүй, хаягаар ч ирүүлээгүй болно.

Гэтэл иргэний журмаар С.Таас амьтны аймагт учирсан гэм хорын хохирлыг шаарсан нь үндэслэлгүй байна.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан.

Гэтэл С.Тд баавгайн арьс байсан гэдэгтэй маргаагүй боловч тухайн өдөр Ж.И-ийн хүний амь эрсдэх гээд байна, чамд баавгайн арьс байгаа, тус болооч гэсэн гуйлтаар түүнд аваачиж өгсөн болохоос баавгайн арьсыг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан гэх үйл баримт тогтоогддоггүй. Уг арьсны жинхэнэ эзнийг тодруулаагүй мөртлөө С.Таас хохирол шаардаж байгааг зөвшөөрөхгүй, түүний гэм буруутай болохыг тогтоогоогүй. Түүнээс гадна Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрт Ж.Итай холбоотой 1 ширхэг баавгайн арьс дурдагдсан байсан гэв.

 

Иргэдийн төлөөгч Х.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч талаас нотлох баримт хангалтгүй байна. Эх сурвалжийг олж тогтоосны дараа хариуцагч холбоотой эсэхийг эргэн тодруулах шаардлагатай байна. Байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх нь зөв. Эх сурвалж олж тогтоох ёстой. Гэм буруутай нь тогтоогдохгүй байна. Эргэн мөрдөн байцаалтаар эх сурвалжийг олж тогтоогоод тэр үед нь хариуцагч ямар холбоотойг тогтоох шаардлагатай байна гэв.

Иргэдийн төлөөлөгч Р.Бэхбаяр шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Иргэн Т-ын хэрэг нь бавгайн арьс хадгалсан гээд байгаль орчинд хор уршиг учруулаагүй гэж үзэж байна. Харин зуучлагч бол утсаар холбож өгснөөр буруутай болж байгаа учир нэхэмжлэгч талын хохирлыг барагдуулах шаардлагагүй гэж үзэж байна гэв.

 

Хэрэгт авагдсан хангасан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Н.Мөнгөнсүх, С.Ц нарт олгосон итгэмжлэл, Байгаль орчны газраас Баянгол дүүргийн Прокурорын газарт олгосон итгэмжлэл, 2020.05.08-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.02.11-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.08.28-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.08.31-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл болон гэрчид гэрчийн эдлэх эрх, хүлээх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2020.09.23-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.09.22-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.09.28-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2021.03.19-ний өдрийн эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021.03.10-ны өдрийн шинжээчийн нэмэлт дүгнэлт, С.Т, Ж.И нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2020.03.02-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 2020.03.16-ны өдрийн 01/67 тоот албан бичиг, 2020.04.24-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2020.04.24-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, 2020.02.10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2021.10.21-ний өдрийн 04 дугаартай прокурорын гомдол, тус шүүхийн шүүгчийн 2021.10.14-ний өдрийн 17378 дугаартай захирамж, Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021.04.06-ны өдрийн 740 дугаартай прокурорын тогтоол /х.х-ийн 3-70/,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 03-ны өдрийн 00110 дугаартай шийдвэр, Ж.Иг гэрчээр асуусан тэмдэглэлийг тус тус шүүхийн журмаар бүрдүүлсэн. /х.х-ийн 132-137/

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Байгаль орчны газар-ыг төлөөлөн Баянгол дүүргийн Прокурорын газар нь хариуцагч С.Тд холбогдуулан 13,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд зөрчлийн улмаас үүсэх үүрэг буюу гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэлийг тодорхойлж байх бөгөөд энэ талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зохицуулсан.

Тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Тайлбарлавал, эрх нь зөрчигдсөн этгээд хууль зөрчиж гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдлийг ...ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн 1 бодгаль буюу 1 ширхэг арьсыг Амьтны тухай хуульд заасны дагуу ямар нэгэн гарал үүслийн тодорхойлолтгүйгээр хадгалж байсан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон... гэж тодорхойлсон.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 9 дүгээр байрны 1 дүгээр орцны подволд ховор амьтны түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан байж болзошгүй гэх үйлдэлд хэрэг бүртгэлтийн 200500772 дугаартай хэрэг нээн шалгасан болох нь тогтоогдож байна.

Ийнхүү эрүүгийн хэргийг шалгаад Баянгол дүүргийн прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 740 дугаар тогтоолоор хүрэн баавгайн хоёр арьстай холбогдуулан мөрдөн шалгах бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан ... гэж заасан тус фактын эх сурвалжийг тогтоох боломжгүй тул хэрэг бүртгэлтийн 200500772 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаажээ. /х.х-ийн 140-142 дахь талд/

Ийнхүү хариуцагч С.Тд холбогдуулан шалгасан эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул түүний гэм бурууг эрх бүхий байгууллага тогтоосон гэж үзэх боломжгүй юм.

Өөрөөр хэлбэл, тухайн эрүүгийн хэргийг шалгаж байх явцад өгсөн гэрч С.Т, Ж.И, Д.Дондогмаа нарын мэдүүлэг, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтаар хариуцагч С.Т нь ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн 1 бодгаль буюу 1 ширхэг арьсыг хууль зөрчин ямар нэгэн гарал үүслийн тодорхойлолтгүйгээр хадгалж, цуглуулж байсан гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй юм. /х.х-ийн 5-34 дэх талд/

Иймд хариуцагч хууль зөрчсөн гэм буруутай эсэхэд хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Гэрч Ж.И шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Одоо та надад туслаад баавгайн арьс олоод өгөөч гэсэн. Тэгэхэд нь би юу гэж энд байх вэ бэлэн зэлэн юм алга. Эгч нь тэнгэрийн ам хаагдаад өвийн юм оёхоо больсон байхгүй гэсэн. Тэгэхэд би 4-5 хүүхэдтэй та надад туслаач гэж гуйгаад бараг нулимс туслуулаад гуйгаад байсан. Би өөрөө 5 хүүхэдтэй. Би хүн болгоноос асуугаад 5 хүүхэдтэй хүний авгай өнөө маргаашгүй болсон байна. Нэг бөө авч ир гэсэн гэнээ гээд оёдол хийдэг хүмүүсээс асуухад С.Т нэг хүн надаар бөөгийн хувцас оёулна гэсэн юм. Тэгээд арьс байгаа гэсэн чи утсыг нь аваад асуудаа гээд өгсөн ... тэгээд байж байсан чинь н.Мөнхөө гэдэг залуу арьсыг аваад байрны гадаа аваад ирлээ, очиж байгаа шүү гэж хэлсэн. Эхнэр нь үхэх гээд байгаа хүн 2 залууд нөгөө хүн чинь ирсэн юм шиг байна. Миний 2 дүү уулзаад аваа гэж хэлсэн чинь 2 цагдаа гаднаас нөгөө арьсаа аваад ороод ирсэн ... утсаар хэлэхээр нь нөгөө эхнэр нь үхэх гээд байгаа гэх 2 залууд нөгөө хүн чинь ирсэн юм шиг байна. Миний 2 дүү уулзаад аваа гэж хэлсэн чинь надаас баавгайн арьс өгөөч, эхнэр үхлээ гэж гуйгаад байсан 2 залуу чинь цагдаа болоод гаднаас ууттай юм барьсаар орж ирсэн гэж мэдүүлсэн.

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримт гэрчийн мэдүүлэг зэргийг судлан үзэхэд хариуцагч С.Т ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн 1 бодгаль буюу 1 ширхэг арьсыг хууль зөрчин ямар нэгэн гарал үүслийн тодорхойлолтгүйгээр хадгалж, цуглуулж байсан гэм буруутай болох нь шууд эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч С.Таас 13,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Байгаль орчны газар-ыг төлөөлөн гаргасан Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болно.

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон Р.Бэхбаяр, Х.Батхүү нар хэрэгт авагдсан баримтаар хариуцагч С.Тын гэм буруу хангалттай тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргасан нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй нийцсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Таас 13,000,000 төгрөг гаргуулах тухай Байгаль орчны газар-ыг төлөөлөн гаргасан Баянгол дүүргийн Прокурорын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ

 

 

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

 

 

Д.ЯНЖИНДУЛАМ