Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/05214

 

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/05214

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд ..... регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу 20 дугаар байрны 62 тоотод оршин байрлах О.И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн .......... регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун 802-805 тоотод оршин суух П.Ч-д холбогдох,

Гэрээний үүрэгт 134,802,601 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, А.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

П.Ч нь тус ББСБ-д хандан 2020 оны 02-р сарын 06-ны өдөр өөрийн өмчлөлийн доорх үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан 80,000,000 /Наян сая/ төгрөгийг 24 сарын хугацаатай 2,9%-н хүүтэйгээр зээл олгохыг хүссэн өргөдөл гаргасан. Үүнд:

1. БЗД-ийн 26-р хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 байр, 805 тоот хаягт байрлах Ү-2204041989 улсын бүртгэлийн дугаартай, 000725356 тоот гэрчилгээтэй, 99,84 м.кв бүхий 3 өрөө орон сууц,

2. БЗД-ийн 26-р хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 байр, Зоорийн 2-128 тоот хаягт байрлах Ү-2204043362 улсын бүртгэлийн дугаартай, 000753076 тоот гэрчилгээтэй, 13,5 м.кв бүхий Автозогсоол.

Өргөдөл болон бусад холбогдох баримтыг тус ББСБ хянан үзээд иргэн П.Ч-д 24 сарын хугацаатай, 2.9 хувийн хүүтэйгээр 70 000 000 /Далан сая/ төгрөгийг 20/2019 тоот Зээлийн гэрээ болон 20/4019 тоот Хөрөнгө Барьцаалах Гэрээг байгуулан нотариат болон УБЕГ-ын ЭХЭБГ-т баталгаажуулж, 2022 оны 02-р сарын 07-ны өдөр П.Чгийн 51 11 35 12 98 тоот Хаан банкны дансанд шилжүүлэн зээл олгосон.

П.Ч-гийн тус ББСБ-тай байгуулсан 20/2019 тоот зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02-р сарын 07-ны өдөр дуусгавар болсон ч зээл болон зээлийн хүүгээ төлөхгүй тус ББСБ-д хүндрэл учруулж байсан тул тус ББСБ нь танай шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус ББСБ нь ИХШХШТХуулийн 155-р зүйлийн 155.2-т зааснаар шүүхэд хандаж П.Ч-гийн оршин суух хаягийг БЗД-ийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтсээр тогтоолгон дахин хандаж байна. П.Ч-гээс үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 52,171,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,908,200 төгрөг мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 16,000 төгрөг, П.Ч-г эрэн сурвалжлуулах захирамж гаргуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 124,165,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл 131 хоногийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 10,637,201 төгрөгөөр нэмэгдүүлэн үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 8,864,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,772,867 төгрөгөөр нэмэгдүүлэн мөн шүүхэд материал бүрдүүлэхэд гарсан нотариатын зардал 16,000 төгрөг, П.Ч-г эрэн сурвалжлуулахад төлсөн 70,200 төгрөг нийт 134,802,601 төгрөгийг нэхэмжилж байна. Төлбөрийг төлөөгүй тохиолдолд тус ББСБ-ын зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа үл хөдлөх хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2020 оны 02 сарын 7-ны өдөр нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулж зээл авсан нь үнэн. Нэхэмжлэгч талын үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бодитой төлөх ёстой зээл бол 118 сая төгрөг болж байгаа. Энэ төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа. 16 сая гаран төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан байгаа. Мөн Иргэний хуулийн 282.3 дугаар зүйлд Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. 2022 оны 02 сарын 7-ны өдөр гэрээний хугацаа дуусан байгаа. Зээлийн гэрээг хариуцагч талаас ямар нэгэн байдлаар сунгасан зүйл байхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтууд:

П.Ч-ийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн зээл хүсэх тухай өргөдөл, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 26 ж-2/3372 дугаартай албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20/2019 дугаартай Зээлийн гэрээ, 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20/4019 дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээнүүд, 11-1614487, 11-1614492 дугаартай барьцаалбар, Хаан банкны 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Мөнгөн шилжүүлгийн баримт, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны 805 тоот 99,84 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны зоорийн 2-128 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, О.И ББСБ ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн гүйлгээний баримт, 2022 оны 03 дугаар сарын 10-ны Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар, Баянзүрх Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 06529 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.И ББСБ ХХК нь хариуцагч П.Ч-д холбогдуулан гэрээний үүрэгт 134,802,601 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Шүүх зохигч талуудын гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20/2019 дугаартай Зээлийн гэрээ, 2020 оны 02 сарын 07-ны өдрийн 20/4019 дугаартай Хөрөнгө барьцаалах гэрээнүүдийн үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэлийн шаардлагын 118,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, гэрээний хугацаа дууссанаас хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж маргасан байна.

О.И ББСБ ХХК нь П.Ч-тэй 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20/2019 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 70,000,000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэй, хувийн бизнесийн зориулалттайгаар зээлдүүлсэн болох нь зохигч талуудын тайлбар болон тус гэрээний хуулбар, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр тогтоогдож байхаас уг үйл баримтын талаар талууд маргахгүй байна. /х.х-ийн 6-7, 14 дахь талд/

Дээрх гэрээнд зохигчдын илэрхийлсэн хүсэл зоригийн байдал, агуулга зэрэг нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт заасан хэлцэл-ийн үндсэн дээр үүсэх иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй гэрээнд заасан хугацаа дууссан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан зээл, төлөлтийн хуваариар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 7 дахь талд/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан бөгөөд ийнхүү үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан үндэслэлээр зээлдүүлэгч нь зээлдэгчээс гэрээнд заасан үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүүд 61,035,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,681,067 төгрөг, нийт 134,716401 төгрөгийг шаардсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дууссан тул үндсэн зээл 70,000,00 төгрөг төлөх ёстой хүүгийн үлдэгдэл 48,720,000 төгрөг тул үлдэх хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.4-д Энэхүү гэрээний хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй П.Ч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөр тооцоог төлөх үүргээс чөлөөлөхгүй гэж тохиролцсон байх ба мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар зээлийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр зээлдэгчийг хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Түүнчлэн, талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний зохицуулалтад хамаарах тул мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан энгийн зээлийн гэрээний зохицуулалтыг тус харилцаанд хэрэглэх үндэслэлгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дэлхий нийтэд тархсан цар тахалтай холбоотойгоор зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон гэж тайлбарлаж байх боловч уг үндэслэлээ баримтаар нотлоогүйгээс гадна үүнтэй холбоотойгоор гэрээний хугацааг сунгах, чөлөөлүүлэх талаар зээлдүүлэгч талд аливаа хүсэлт, гомдол гарган шийдвэрлүүлээгүй тул уг үндэслэлээр хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хариуцагчийг чөлөөлөх үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү, хугацаа хэтэрсний хүүд 61,035,334 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,681,067 төгрөг, нийт 134,716401 төгрөгийг төгрөгийг шаардсан нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын зардал 16,000 төгрөг, хариуцагч П.Ч-ээс зээлийн гэрээний үүрэг шаардах зорилгоор түүний оршин суух хаягийг шүүхэд нэхэмжлэл гарган эрэн сурвалжлуулахтай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч П.Ч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгчээс 86,200 төгрөгийг зардал гарсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн тус шаардлагыг хангаж шийдвэрлэв. /х.х-ийн 5, 19, 23 дахь талд/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч мөнгөн дүнгээр төлөхгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцааны хөрөнгөөр хангуулна гэжээ.

О.И ББСБ ХХК П.Ч нарын хооронд байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 20/4019 Хөрөнгө барьцаалах гэрээнүүдэд П.Ч-ийн улсын бүртгэлийн Ү-2204041989 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны 805 тоот 99,84 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204043362 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны зоорийн 2-128 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалсан болох нь хэрэгт авагдсан тус гэрээнүүдийн хуулбар, 11-1614487, 11-1614492 дугаартай барьцаалбар зэргээр тогтоогдож байна. /х.х-ийн 18-12 дахь талд/

Барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус зохицуулснаар Ү-2204041989 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны 805 тоот 99,84 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204043362 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны зоорийн 2-128 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч П.Ч-ээс 134,802,601 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.И ББСБ ХХК-нд олгож, үүргийн гүйцэтгэлийг Ү-2204041989 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны 805 тоот 99,84 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204043362 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны зоорийн 2-128 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П.Ч-ээс 134,802,601 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.И ББСБ ХХК-нд олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг П.Ч-ийн өмчлөлийн Ү-2204041989 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны 805 тоот 99,84 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-2204043362 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристалл таун хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны зоорийн 2-128 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулсугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,104,322.21 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Ч-ээс 1,104,322.21 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О.И ББСБ ХХК-нд олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ