Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2023/00434

 

 

 

 

 

 

 

 

     2023         03         01                                         210/МА2023/00434

 

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, шүүгч Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           

Өөөө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/05214 дугаар шийдвэртэй,

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

П.Чд холбогдох

Гэрээний үүрэгт 134,802,601 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: П.Ч нь “О” ХХК-аас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн Өөөө дүүргийн 26 дугаар хороо, *хотхон, Нарны зам гудамж 802 байр, 805 тоот хаягт байрлах Ү-** улсын бүртгэлийн дугаартай, 99,84 м.кв бүхий 3 өрөө орон сууц, мөн хаягт орших Ү-** улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв бүхий автозогсоолыг барьцаалан 70,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлж авсан.

П.Чгийн тус ББСБ-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон ч зээл, зээлийн хүүгээ төлөхгүй хүндрэл учруулж байсан. П.Чгээс үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүү 52,171,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,908,200 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, П.Чг эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг нийт 124,165,400 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийг хүртэл 131 хоногийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 10,637,201 төгрөгөөр нэмэгдүүлж байна.

Иймд П.Чгээс нийт 134,802,601 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж зээл авсан нь үнэн боловч нэхэмжлэлийн үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь бодитой төлөх зээл 118,720,000 төгрөг болох бөгөөд уг мөнгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.1-т Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж заасан. Мөн Иргэний хуулийн 282.3 дугаар зүйлд хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан. 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гэрээний хугацаа дуусан, зээлийн гэрээг хариуцагч талаас ямар нэгэн байдлаар сунгасан зүйл байхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч П.Чгээс 134,802,601 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-нд олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг П.Чгийн өмчлөлийн Ү-** дугаарт бүртгэлтэй, Өөөө дүүргийн 26 дугаар хороо, *хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны 805 тоот 99,84 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, улсын бүртгэлийн Ү-** дугаарт бүртгэлтэй Өөөө дүүргийн 26 дугаар хороо, *хотхон /13311/ Нарны зам гудамж 802 дугаар байрны зоорийн 2-128 тоот хаягт байршилтай 13.5 м.кв талбайтай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус худалдан борлуулсан үнийн дүнгээс хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,104,322.21 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Чгээс 1,104,322.21 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч О ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: а. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг тал бүрээс нь үнэлж бодит дүгнэлт хийх ёстой атал нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нийт 6,090,000 төгрөг төлсөн гэх тайлбарыг огт хэрэгсээгүй, уг мөнгөн дүнг зээлийн төлбөрөөс хасалт хийлгүй шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт нийцээгүй.

б. 2020 оноос эхлэн цар тахал үүсч, давагдашгүй хүчин зүйл бий болсон ба 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Засгийн газраас бүх зээл төлөх хугацааг хойшлуулах 183 дугаар шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооноос 184 дүгээр зөвлөмжөөр нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байхаар зохицуулсан. Энэ бүх нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг шүүх анхааралгүй хэргийг шийдвэрлэсэн.

в. Шүүх зээлийн хүүгийн тооцооллыг шийдвэрлэхдээ алдаа гаргасан. Хэргийн 7 дугаар талд авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хариуцагч 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар зээл хүү нийт 118,720,000 төгрөг төлөхөөр байх ба уг төлөлтөд хариуцагч маргаагүй боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөгчийн тайлбарт дурдсан 6,090,000 төгрөгийг уг мөнгөн дүнгээс хасч тооцоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

2. Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч П.Чд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 134,802,601 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлээс 118,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талууд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр П.Ч нь “О” ХХК-аас 70,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон талаар талууд маргаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. /хх6-7/

3.1. Мөн өдөр талууд барьцааны  гэрээ байгуулж, П.Ч нь өөрийн өмчлөлийн, Өөөө дүүргийн 26 дугаар хороо, *хотхон, Нарны зам гудамж 802 байр, 805 тоот хаягт байрлах Ү-** улсын бүртгэлийн дугаартай, 99,84 м.кв бүхий 3 өрөө орон сууц, мөн хаягт орших 2-128 тоот, Ү-** улсын бүртгэлийн дугаартай, 13,5 м.кв бүхий автозогсоолыг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хх8-13/

 

4. Хариуцагч П.Ч нь зээлийн гэрээний үүрэгт нийт 6,090,000 төгрөгийг төлсөн, зээлийн гэрээний 2.7-д зааснаар зээлийг тогтоосон хуваарийн дагуу 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс эхэлж төлөх үүрэг хүлээсэн байх боловч уг үүргийг зөрчсөн талаар талууд маргаагүй байна. Хариуцагч зээлийн гэрээний зээл төлөх хуваарьт заасан 118,720,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, харин гэрээний хугацаа дууссанаас хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхгүй гэж маргажээ.

4.1. Зээлийн гэрээний 2.3-д: “... заасан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол зээлийн хугацаа дууссан өдрөөс эхлэн ... зээлийн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг энэхүү гэрээний үүрэг бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай,

гэрээний 7.4-д: “Энэхүү гэрээний хугацаа дууссан нь үүргээ биелүүлээгүй, П.Чг үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад төлбөр тооцоог төлөх үүргээс чөлөөлөхгүй” гэж  тохиролцсон нь  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт “зээлдэгч авсан зээлээ хугацаандаа төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасантай  тус тус нийцсэн тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

4.2. Хариуцагчийн тайлбарт дурдсан 6,090,000 төгрөгийг нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа хасч тооцсон байна гэж шүүх дүгнэв. Учир нь П.Ч нь зээлийн гэрээ байгуулсан 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр хүртэл хугацаагаар тооцвол үндсэн зээл 70,000,000 төгрөг, зээлийн хүүнд 33 сар, 15 хоног буюу 68,004,999 төгрөг /2,030,000*2,9 хувь*28 сар, 15 хоног/, нийт 138,004,999 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 6,090,000 төгрөгийг нэхэмжлэлээс хасч тооцвол үндсэн зээлд 131,914,999 төгрөг, дээрх хугацааны нэмэгдүүлсэн хүү нийт 3,681,067 төгрөгийг нэмэхэд нийт 135,596,066 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

4.3. Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт 134,716,401 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн, шүүхийн шийдвэр Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн гэрээний үүргээс төлсөн 6,090,000 төгрөгийг хасч тооцоогүй гэх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

4.4 Улмаар “О” ХХК нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй ба барьцааны зүйл болох 3 өрөө орон сууц, автозогсоолыг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

 

5. Хариуцагч 2020 оноос эхлэн цар тахал үүсч, давагдашгүй хүчин зүйл бий болсон ба Засгийн газрын 183 дугаар шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооноос 184 дүгээр зөвлөмжөөр нэмэгдүүлсэн хүү тооцохгүй байхаар зохицуулсан байхад анхан шатны шүүх бүх нийтээр дагаж мөрдөх үйл баримтыг харгалзаж үзээгүй гэж гомдлын үндэслэлээ тайлбарласан байх ба хариуцагч нь зээлийн хүүг зогсоох тухай хүсэлтийг нэхэмжлэгч байгууллагад гаргасан эсэх талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар гаргаагүй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр хэлэлцэгдээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч П.Ч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгчээс 86,200 төгрөгийг зардал гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна гэж дүгнэж уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн ба хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Өөөө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2022/05214 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.БАДРАХ

 

                                                     ШҮҮГЧИД                          Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Э.ЭНЭБИШ