Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/05323

 

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/05323

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ............. регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 25 байрны 8 тоотод оршин суух Г.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн ........... регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18 дугаар байрны 9 тоотод оршин суух Б.Х-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг, хохиролд 7,617,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний танил Төв аймгийн Баянчандмань сумын нэг нутгийн дүү болох Б.Х нь 2019 оны 04 дүгээр сарын эхээр надтай холбогдож, эмчилгээнд хэрэглэх гэсэн юм, түр мөнгө зээлээч, удахгүй буцааж өгнө хэмээн гуйсан. Тухайн үед надад мөнгө байхгүй, би өөрөө байнга эмчилгээтэй байдаг, удахгүй эмчилгээнд гадагш явах гэж байгаа тул боломжгүй байна гэж хэлсэн. Гэтэл Б.Х та л нэг туслаад мөнгө олоод өгөөч, 1 сарын дотор буцаагаад төлчихнө гэхээр нь би нутгийн хүүхэд, аав, ээжийг нь таних тул итгэсний үндсэн дээр ломбардаас л мөнгө зээлж өгч болох юм гэж ярилцаад, Б.Хтэй хамт гэрийн ойролцоо байдаг Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбардад очсон. Уг ломбардын газраас дүүгийнхээ алт монетон эдлэлийг барьцаалан 3,800,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авсан. Энэхүү 3,800,000 төгрөгийг бүгдийг тэр дор нь ломбардын ажилтны хажууд Б.Хд бэлнээр өгсөн бөгөөд тэрээр өөрөө ирж ломбардаас зээл, түүний хүүгийн хамт төлнө, та санаа зоволтгүй гэж хэлээд мөнгийг аваад явсан. Гэтэл Б.Х ломбардаас зээлсэн 3,800,000 төгрөгөө амалсан 1 сарын хугацаандаа төлөөгүй тул би ломбардаас зээлсэн 3,800,000 төгрөгийн зээлийн хугацааг сар бүр сунгаж, хүүг нь төлж явсаар 2021 оны 02 сарын 04-ны өдөр өөрөө бүрэн төлж дуусгасан бөгөөд зээлийн хүүд нийт 2,536,100 төгрөг төлсөн.

Энэ хугацаанд Б.Х нь би удахгүй төлнө, та санаа зоволтгүй гэж байсан бөгөөд сүүлдээ утсаа салгаад олдохгүй болсон. Миний бие эрүүл мэндийн асуудалтай эмчилгээ эм тарианы мөнгө байнга хэрэгтэй байдаг атал хүний өмнөөс 2 жил шахам хүү төлж хохироод байна. Мөн энэ 2 жилийн хугацаанд төрсөн хүү минь гэмтэл авч хагалгаанд орсон. Эдгээр нөхцөл байдлаа Б.Хд олон удаа хэлж, зээлээ төлөхийг шаардсан боловч тоогоогүй, надаас зугтах болсон. Аргагүйн эрхэнд миний бие нь Б.Хг хайж аавынх нь амьдардаг Төв аймгийн Баянчандмань сум руу нийт 11 удаа автомашинаар ирж очсон. Автомашинд нэг удаа ирж очихдоо 50,000 төгрөг, нийт 550,000 төгрөгийг бензинд зарцуулсан. Ийнхүү Төв аймгийн Баянчандмань сумд Нэг Б.Хтэй таарсан бөгөөд тухайн үед таны мөнгийг 1 сарын дотор төлж удаа очихдоо барагдуулна гээд бичгээр гэрээ байгуулсан. Уг гэрээ ёсоор Б.Х нь надаас зээлсэн мөнгийг 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр төлнө гэсэн боловч төлөөгүй өнөөдрийг хүрч байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээл 3,800,000 төгрөг, мөн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас өөрт учирсан хохирол болох ломбардаас авсан зээлийн хүүд төлсөн 2,536,100 төгрөг, замын зардалд зарцуулсан 550,000 буюу нийт 6,886,100 төгрөгийг Б.Хгээс гаргуулахаар нэхэмжлэлийг гаргасан.

Дээрх зээлийг хаахын тулд найзаасаа нэг сарын хугацаатай 3,800,000 төгрөг зээлсэн байсан. Уг зээлийг буцаан төлөхийн тулд мөн Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбардын газраас 2021.03.07-ны өдөр 3,000,000 төгрөг, 101030145 зээлийн гэрээгээр 1,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөг зээлж хүүд 265,000 төгрөг төлсөн. Үүнээс хойш ломбардын өндөр хүүтэй зээлийг хаахын тулд би хувь хүнээс арай бага хувийн хүүтэй мөнгө зээлэх түүнийгээ буцаан төлөхийн тулд хувь ломбардаас зээл авч төлөх зэргээр байнгын давтамжтай өрнөөс өрний хооронд өртөөчилсөөр ирсэн. Ийм байдлаар Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбардаас гэхэд нийт 7 удаагийн давтамжтай зээл авсан бөгөөд 2021.09.22-ний өдөр 3,000,000 төгрөг хүүд нь 42,000 төгрөг, 2022.06.04-ны өдөр 3,200,000 төгрөг хүүд нь 147,000 төгрөг, 1,500,000 төгрөг хүүд нь 16,840 төгрөг тус тус төлж зээл хаасан. Өнөөдрийн байдлаар 2022.08.15-ны өдөр 3,450,000 төгрөг хүүд нь 199,000 төгрөг, 2022.08.30-ны өдөр 1,000,000 төгрөг хүүд нь 60,000 төгрөг төлсөн зээл хаагдаагүй тул энэ сарын 15, 30-ны өдөр хүү төлж зээлийг хааж чадахгүй болон зээлийн гэрээний хугацааг дахин сунгуулах шаардлагатай байна. Миний бие Б.Хгийн төлөөгүй зээлийг хаахын тулд 2021.03.07-ны өдрөөс хойш авсан 7 удаагийн зээлийн хүүд 730,980 төгрөг төлсөн байх тул энэ хэмжээгээр нэмэгдүүлж, хариуцагчаас 7,617,080 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие Г.Мыг мэдэхгүй, танихгүй байсан. Г.М над руу утсаар залгаж ааваас чинь утасны дугаарыг чинь авлаа. Хоёулаа уулзъя гэсэн. Ингээд хорооллын Ачлал дэлгүүрийн замын урд талын Зочин бууз гэдэг газар дуудаж уулзсан. Ахыг чинь би танина. Бид хоёр багын найзууд, би туслах гэсэн юм. Ахын чинь бие муу байгаа юм байна. Монголд хагалгаанд ороод хэрэггүй, манай эмнэлгүүд муу гэх зэргээр олон зүйлийг ярьж зөвлөж хэлсэн. Би Хөх хотын Монгол хятадын эмнэлэгт үзүүлж өгье гэж хэлсэн. Би ахдаа хэлье, асууя гэтэл ёстой хэрэггүй шүү. Гэнэтийн бэлэг барья, цаадах чинь хэлбэл надтай явахгүй, би ард чинь байя, санаа зоволтгүй, яаж ийгээд аваад явъя, цаг алдаж болохгүй шүү, нэг ахыгаа сая алдчихаад дахиад нэг ахыгаа алдчихвал хайран биз дээ гээд намайг ятгаж зөвшөөрүүлээд дагуулж явсан. 2019 оны 4 сарын 6-нд Г.М охины хамт, мөн би ахтайгаа 4-үүлээ галт тэрэгний нэг купейнд сууж Замын -Үүд орон 2019.04.7-ны өдөр хилээр гарч Хөх хот руу хамт таксигаар явсан. Ингээд Хөх Хотын Монгол хятадын эмнэлэгт ах бид 2-ын өрөөнд Г.М охины хамт хэвтэж бид дөрөв эмнэлгийн нэг өрөөнд хамт хэвтэн эмчлүүлсэн. Г.М тэр эмнэлгийн хүмүүстэй ярьж тохирсон байсан. Эмнэлгийн эмчилгээний зардал, хоол унд, такси гэх зэрэг зардлуудыг надаар даалгуулж явсаар байтал ахын эмчилгээний мөнгө дутаж би хүнд байдалд орсон. Г.М за яахав би чамд тусалъя, чи бид 2 болно биз дээ гээд 3,800,000 төгрөг өгсөн. Яах ч аргагүй байдалд орсон. Төлөвлөөгүй гэнэтийн их мөнгө, их зардал надад маш хүнд туссан.

2019 оны 04 сарын 11-нд хилээр гаран Хөх хотоос Г.М, түүний охин бид 3 хамт Монголд ирсэн. Би хүүтэй мөнгө зээлье гэсэн зүйл байхгүй. Ийм учраас зээлийн хүү төлөх үндэслэл байхгүй. 3,800,000 төгрөгийг өөрийн боломжоороо төлөхөд татгалзах зүйлгүй. Мөн миний мэдээллийг олон нийтийн сүлжээнд тавьж гутаан доромжилж, сэтгэл санааны дарамтад оруулж нэр хүндэд минь халдсан. Энэ тухай Цагдаагийн байгууллагаар шалгуулна. Би маш их гомдолтой байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн Хэлцэл, Тайгын булаг кредит ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 22/1-092 дугаартай Тодорхойлолт, Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбард, Г.М нарын хооронд байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Тайгын булаг кредит ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 22/1-226дугаартай Тодорхойлолт, Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбард, Г.М нарын хооронд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбард, Г.М нарын хооронд байгуулсан 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ-г

Хариуцагчаас Б.Хгийн гадаад паспортын хуулбарыг,

Шүүхийн журмаар гэрчээр А.Ш-ийг асуусан тэмдэглэл тус тус хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч Б.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7,617,080 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 3,800,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч Б.Х нь ахынхаа эмчилгээнд хэрэглэх гэсэн юм мөнгө зээлээч гэснээр өөрөө байнгын эмчилгээтэй байдаг тул ломбардаас мөнгө зээлж өгье гэж ярилцаад Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбардаас дүүгийнхээ алт монетон эдлэлийг барьцаалан 3,800,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж өгсөн боловч, хариуцагч нь тохирсон хугацаандаа зээлээ төлөөгүй улмаас 3,800,000 төгрөг дээр хүүд 2,536,100 төгрөгийг нэмж зээлийг хаасан бөгөөд уг зээлийг хаахын тулд бусдаас зээл авч хүү төлж хохирсон тул өөрт учирсан хохирол 730,980 төгрөг, Б.Хг хайж аавынх нь оршин суудаг Төв аймгийн Баянчандмань руу очихын тулд машинд хийсэн бензиний зардалд 550,000 төгрөг нийт 7,617,080 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 3,800,000 төгрөгийг зээлсэн үйл баримттай маргахгүй байх боловч уг мөнгийг БНХАУ-д хамт явж байхдаа зээлсэн Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбардаас хамт очиж зээлээгүй тул ломбардын хүү, бусад хохирлыг төлөхгүй гэж маргасан.

Зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нэг талаас мөнгө зээлдүүлэх нөгөө талаас хүлээн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа амаар байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 3,800,000 төгрөгийг тохирсон хугацаандаа буцаан төлөөгүй болох нь зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 3,800,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хэрэгт авагдсан баримт болон гэрчийн мэдүүлэг зэргээр нэхэмжлэгч Г.М нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбардаас 3,800,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлдэн авч, уг мөнгийг Б.Хд зээлдүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 59 дэх талд/

Тодруулбал, хэрэгт авагдсан 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн Хэлцэл гэх гараар бичсэн баримтад 2019 оны 4 дүгээр сарын 03-нд Сайн ломбардаас 3,800,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй Мөнхбат эгчээр авхуулсан нь үнэн болно. Уг мөнгийг сарын дотор төлж барагдуулна гэж тохиролцсон ч одоог хүртэл төлөөгүй байгаа гэжээ. /х.х-ийн 4 дэх талд/

Тус баримтад зурсан гарын үсгийг хариуцагч өөрөө зурсантай маргаагүй харин хоосон баримтад гарын үсэг зурсан гэж татгалзаж байгаа байх боловч хариуцагчийн татгалзлын үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

Түүнчлэн гэрч А.Шүрэнцэцэг шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Охинтойгоо Хөх хот явах гэж байгаа гээд эхэлж зээл аваад дараа нь 2 хоногийн дараа энэ хүн надтай хамт явж ахыгаа эмчлүүлэх гэж байгаа юм гээд Г.М эгч дүүгийнхээ юмыг тавиад зээл авах гэж байна гэж хэлсэн ... гэж мэдүүлсэн. /х.х-ийн 86-88 дахь талд/

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Хгийн БНХАУ-д явж байхдаа 3,800,000 төгрөгтэй дүйцэх хэмжээний юанийг нэхэмжлэгч Г.Маас зээлж авсан тайлбар татгалзал нь үгүйсгэгдэж байна.

Нэхэмжлэгч Г.М нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбардаас зээлсэн 3,800,000 төгрөгийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр зээлийн хүү болох 2,536,100 төгрөг нийт 6,336,100 төгрөгийг төлж дуусгасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талд/

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

Хариуцагч Б.Х нь 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч Г.Маас зээлсэн 3,800,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр буцаан төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас нэхэмжлэгчид 2,536,100 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч нь Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбардад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр дээрх 6,336,100 төгрөгийг төлөхийн тулд бусад иргэн, байгууллагаас зээл авч, бусдад 730,980 төгрөгийн хүү төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байхаас гадна тэрээр 2021 оны 3 дугаар сараас 2022 оны 8 дугаар сарыг хүртэлх хугацаанд буюу нийт 7 удаа Тайгын булаг кредит ХХК-ийн Сайн ломбардаас зээл авсан нь тус зээлийн гэрээний үүргийг биелүүлэхтэй холбоотой үүссэн гэж шууд эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 71-73 дахь талд/

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийг хайж аавынх нь оршин суудаг Төв аймгийн Баянчандмань руу удаа дараа очсон бензиний зардалд 550,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч ийнхүү зардал гаргасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дээрх шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Б.Хгээс 6,336,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,280,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 116,327 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Хгээс 6,336,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.М-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,280,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.М нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Хгээс улсын тэмдэгтийн хураамжид 116,327 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ