Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00469

 

 

 

 

 

2023 03 03 210/МА2023/00469

 

 

 

 

А.Б ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/05323 дугаар шийдвэртэй

А.Б ын нэхэмжлэлтэй, Б.Вд холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 6,336,100 төгрөг, хохирол 1,280,980 төгрөг нийт 7,617,080 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунтуул, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Б.В нь 2019 оны 04 сарын эхээр надтай холбогдож эмчилгээнд хэрэглэх гэсэн юм, түр мөнгө зээлээч, удахгүй буцааж өгье гэж гуйсан ба надад мөнгө байгаагүй тул Т ХХК-ийн А ломбардад дүүгийнхээ алт, монетон эдлэлийг барьцаалан 3,800,000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж, мөнгийг Б.Вд бэлнээр өгсөн.

Тэрээр ...зээл, түүний хүүгийн хамт төлнө, та санаа зоволтгүй гэж хэлээд мөнгийг авсан боловч 1 сарын хугацаанд төлөөгүй тул би ломбардаас зээлсэн 3,800,000 төгрөгийн зээлийн хугацааг сар бүр сунгаж, хүүг нь төлж явсаар 2021 оны 02 сарын 04-ний өдөр бүрэн төлж дуусгасан бөгөөд зээлийн хүүд нийт 2,536,100 төгрөг төлсөн.

1.2. Б.В нь энэ хугацаанд би удахгүй төлнө, та санаа зоволтгүй гэж байсан бөгөөд сүүлдээ утсаа салгаад олдохгүй болсон.

Миний бие түүний өмнөөс 2 жил шахам хугацаанд хүү төлж хохирсон. Б.В надаас зугтах болсон тул түүнийг хайж аавынх нь амьдардаг Төв аймгийн С сум руу нийт 11 удаа автомашинаар очсон. Нэг удаагийн зардал 50,000 төгрөг, нийт 550,000 төгрөгийг бензинд зарцуулсан.

Төв аймгийн С сумд Б.Втэй тааралдсан бөгөөд тухайн үед таны мөнгийг 1 сарын дотор төлж барагдуулна гээд бичгээр гэрээ байгуулсан. Уг гэрээ ёсоор Б.В нь надаас зээлсэн мөнгийг 2020 оны 06 сарын 04-ний өдөр төлнө гэсэн боловч төлөөгүй.

1.3. Миний бие дээрх зээлийг хаахын тулд найзаасаа нэг сарын хугацаатай 3,800,000 төгрөг зээлж, уг зээлийг буцаан төлөхийн тулд мөн Т ХХК-ийн А ломбардаас 2021 оны 03 сарын 07-ны өдөр 3,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг буюу нийт 4,000,000 төгрөг зээлж хүүд 265,000 төгрөг төлсөн.

Ломбардын өндөр хүүтэй зээлийг хаахын тулд Т ХХК-ийн А ломбардаас нийт 7 удаагийн давтамжтай зээл авч, 2021 оны 09 сарын 22-ны өдөр 3,000,000 төгрөг хүүд 42,000 төгрөг, 2022 оны 06 сарын 04-ний өдөр 3,200,000 төгрөг хүүд нь 147,000 төгрөг, 1,500,000 төгрөг хүүд нь 16,840 төгрөг тус тус төлсөн.

Өнөөдрийн байдлаар 2022 оны 08 сарын 15-ны өдөр 3,450,000 төгрөг хүүд нь 199,000 төгрөг, 2022 оны 08 сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг хүүд нь 60,000 төгрөг төлсөн зээл хаагдаагүй тул энэ сарын 15, 30-ны өдөр хүү төлж зээлийг хааж чадахгүй болон зээлийн гэрээний хугацааг дахин сунгуулах шаардлагатай байна.

Миний бие Б.Вгийн төлөөгүй зээлийг хаахын тулд 2021 оны 03 сарын 07-ны өдрөөс хойш авсан 7 удаагийн зээлийн хүүд 730,980 төгрөг төлсөн.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу зээл 3,800,000 төгрөг, хүү 3,267,080 төгрөг, замын зардалд зарцуулсан 550,000 төгрөг нийт 7,617,080 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие А.Б ыг танихгүй ба над руу утсаар залгаад ааваас чинь утасны дугаарыг чинь авлаа, хоёулаа уулзъя гэхээр нь уулзахад ахыг чинь би танина, бид хоёр багын найзууд, би туслах гэсэн юм, ахын чинь бие муу байгаа юм байна, Монголд хагалгаанд ороод хэрэггүй, манай эмнэлгүүд муу гэх зэрэг зүйл яриад Хөх хотын Монгол хятадын эмнэлэгт үзүүлж өгье гээд 2019 оны 04 сарын 06-нд А.Б , түүний охин, би ахтайгаа хамт дөрвүүлээ Хөх Хотын Монгол хятадын эмнэлэгт нэг өрөөнд хамт хэвтэн эмчлүүлсэн.

Би эмнэлгийн эмчилгээний зардал, хоол унд, такси гэх зэрэг зардлуудыг төлөөд ахын эмчилгээний мөнгө дутсан. Тэгтэл А.Б надад тусалъя гээд 3,800,000 төгрөг өгсөн ба 2019 оны 04 сарын 11-нд Монголд ирсэн. Би А.Б аас хүүтэй мөнгө зээлээгүй тул зээлийн хүү төлөх үндэслэлгүй. 3,800,000 төгрөгийг өөрийн боломжоор төлөхөд татгалзахгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Вгээс 6,336,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Б ад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1,280,980 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Вгээс улсын тэмдэгтийн хураамжид 116,327 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хариуцагчаас 6,336,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсний 2,536,100 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь шүүхийн шийдвэрийн энэ хэсэг нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасанд нийцээгүй.

Хэрэгт нэхэмжлэгч нь Т ХХК-д зээлийн хүүд 2,536,100 төгрөг төлснийг хөдөлбөргүй нотлох баримт авагдаагүй байхад гэрчийн мэдүүлэгт тулгуурлаж шийдвэрлэсэн нь буруу юм. Учир нь нэхэмжлэгч тус компаниас нэг бус удаа зээл авсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 3,800,000 төгрөгөөс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.Вд 3,800,000 төгрөг зээлдүүлсэн. Тухайн мөнгийг хариуцагч Б.В ашиглаж, үр шимийг нь хүртсэн. Хэрэв тухайн зээлийг хугацаанд нь төлсөн бол хүү нь өсөж, нэхэмжлэгч хохирохгүй байсан. Хэрэгт барьцаат зээлийн гэрээ болон гэрч А.Ш нарын мэдүүлэг авагдсан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Б.В-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,800,000 төгрөг, хүү 2,536,100 төгрөг, хохирол 1,280,980 төгрөг, нийт 7,617,080 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч 3,800,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

3.1. Талуудын хооронд 2019 оны 04 сарын 03-ны өдөр зээлийн гэрээ амаар байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нь 3,800,000 төгрөгийг хариуцагчид зээлж, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг Т ХХК-аас зээлсэн, хариуцагч зээлээ хугацаанд нь төлөөгүйн улмаас нэхэмжлэгч тус компанид 2,536,100 төгрөгийн хүү төлж хохирсон тул уг төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

4.1. Талуудын хооронд 2020 оны 05 сарын 04-ний өдөр байгуулагдсан хэлцэл гэх баримтаар нэхэмжлэгч А.Б нь 2019 оны 04 сарын 03-ны өдөр хариуцагч Б.В-д 3,800,000 төгрөг зээлснийг 2020 оны 05 сарын 04-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх4/

 

Хариуцагч Б.В нь уг баримт дахь гарын үсгийн талаар ...цагаан цаасан дээр гарын үсэг зурсан гэх тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хэлцэл гэх баримт талуудын хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болж, гарын үсэг зурсан тул тэднийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг харилцан тохиролцсон гэж дүгнэнэ.

 

4.3. Т ХХК-ийн 2022 оны 03 сарын 15-ны өдрийн тодорхойлолт, тус компанийн ажилтан А.Шүрэнцэцэгийн гэрчээр өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь тус компаниас 3,800,000 төгрөгийн зээлийг авч, улмаар хариуцагчид зээлдүүлснээр түүнд 2,536,100 төгрөгийн хохирол учирсан гэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч талуудын хооронд байгуулагдсан хэлцлийн дагуу Т ХХК-д дээрх мөнгөн хөрөнгийг төлсөн гэх нөхцөл байдал эдгээр баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсонгүй.

 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагын 2,536,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

5. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын 730,980 төгрөг болон 550,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй тул шийдвэрийн энэ хэсгийг хэвээр үлдээнэ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Вгээс 3,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А.Б ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,817,080 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 19-ний өдрийн 101/ШШ2022/05323 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...6,336,100 гэснийг ...3,800,000 гэж, ...1,280,980 гэснийг ...3,817,080 гэж,

2 дахь заалтын ...116,327 гэснийг ...75,750 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,530 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ