Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 01185

 

“Н С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2019/01263 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Н С” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “М” ХХК-д холбогдох

Түрээсийн гэрээний урьдчилгаа төлбөрт төлсөн 18 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Алтанзул шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “М” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Стрингс ресторан, клубын 644 м.кв талбай, 2 давхрын 120 м.кв талбай бүхий гал тогоо, нийт 612 м.кв талбайг 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл түрээслэсэн болно. Түрээслэгч тал түрээсийн гэрээний төлбөр хоцроодог шалтгаанаар түрээсийн барилгын хаалгыг түгжиж, лацдаж, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болгож, 2018 оны 1 дүгээр сард лацдаж, үйл ажиллагаа явуулаагүй. Манай байгууллага гэрээ байгуулахдаа барьцаанд 18 000 000 төгрөг шилжүүлсэн боловч буцааж төлөөгүй, шаардахаар өрөндөө суутгасан гэж тайлбарлаж байна. Түрээсийн гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдсан тул барьцаа төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Мөнхбат шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага “Н С” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр 17/03 тоот түрээсийн гэрээ байгуулж, “Н С” ХХК нь түрээсийн төлбөрт 36 000 000 төгрөг, барьцаанд 18 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээний 2.3-т заасны дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр төлөхөөр тохиролцсон. Түрээслэгч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн түрээсийн төлбөрт 19 800 000 төгрөгийг бүрэн төлсөн.

Түрээслэгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу түрээсийн төлбөрийг 12 000 000 төгрөг /НӨАТ орсон/ болгож бууруулсан бөгөөд түрээслэгч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн төлбөр 12 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Харин 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн төлбөрийн үлдэгдэл 9 640 607 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 193 548 төгрөг, алдангид 2 307 045 төгрөг, ашиглалтын зардал 358 986 төгрөг, түрээсийн байранд учруулсан хохирол 98 000 төгрөг, нийт 30 598 186 төгрөгийг төлөөгүй бөгөөд үүнээс барьцаа төлбөр 18 000 000 төгрөгийг хасч, үлдэгдэл 12 598 186 төгрөгийг төлөөгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 160 дүгээр зүйлийн 160.3 дах хэсгийг баримтлан хариуцагч М ХХК-иас 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н С ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 253 000 төгрөгөөс 247 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын орлогоос 5 050 төгрөгийг буцааж, хариуцагчаас 247 950 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч С.Мөнхбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “иргэн н.Өсөхжаргал нь “Н С” ХХК-тай тохиролцсон тохиролцоогоо биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч үйл ажиллагаа үргэлжлүүлэн хийхээр манай компанид хүсэлт гарган уг ажлын байрыг эзэмших болсон” гэж мэдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддоггүй бөгөөд иргэн н.Өсөхжаргал, нэхэмжлэгч нарын хооронд байгуулсан аливаа гэрээ байхгүй болно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтаар нотлогдоогүй мэдүүлэг, тайлбар шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн.

Манай компани нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу түрээсийн төлбөрийг 12 000 000 төгрөг болгон бууруулсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн үйл ажиллагааны тэмдэглэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй бөгөөд тухайн тэмдэглэлд  2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хооронд тэмдэглэл үйлдэгдээгүй нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанд манай компани саад болсон гэж үзэхэд учир дутагдалтай. Нэхэмжлэгч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс түрээсийн төлбөрт 19 800 000 төгрөгийг төлсөн байхад бид 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэрээгээ зөрчин, түрээсийн байрыг лацдаж, үйл ажиллагааг зогсоох үндэслэл байхгүй. Харин зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ нь үргэлжилж байсан болох нь нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн түрээсийн төлбөр 12 000 000 төгрөгийг төлсөнөөр нотлогдоно. Манай компани Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг дуусгавар болгоогүй, харин 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр талуудын хооронд байгуулсан 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн түрээсийн гэрээний 6.4 дэх заалт болон Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон цуцалж, түрээсийн байранд орж өөрийн эд хөрөнгөө бүртгэн авсан болно. Өөрөөр хэлбэл, манай компани шийдвэрт дурдсан Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасныг зөрчин 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш хөлсөө төлөөгүй нэхэмжлэгчийн түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах журмыг зөрчөөгүй болно.

Нэхэмжлэгч “2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр болсон тоглолтын орлогыг “М” ХХК өөрийн пос машинаар уншуулсан 1 159 000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлөх түрээсийн төлбөрт суутган тоглолтын орлогыг авсан” гэж шүүхэд худал мэдүүлэг өгсөн. Учир нь нэхэмжлэгч манайд мэдэгдэлгүй 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн тоглолтын зарыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацаж, зарлуулсны дараа бидэнд мэдэгдсэн бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг манай компанийн банкны карт уншигч машинаар орж ирсэн орлогоор төлж бусад бэлэн мөнгөний орлогыг өөрсдөө авахыг хүсч бидэнд хандсан. Бид хүсэлтийг хүлээн зөвшөөрч түрээсийн байранд тоглолт хийлгэсэн бөгөөд манай компанийн банкны карт уншигч машинаар 1 159 545 төгрөг орж ирснийг өөрийн орлогод хүлээн авсан ба тухайн өдөр болсон тоглолтын орлогыг дангаар аваагүй болно.

Шүүх нэхэмжлэгчийн гаргасан тайлбар мэдүүлэгт үндэслэн хэт нэг талыг баримталсан хуульд нийцээгүй гэрээ болохыг тайлбарласантай санал нийлэхгүй байна. Үүнд: түрээсийн төлбөр 12 000 000 /НӨАТ орсон/ төгрөгийг сар бүрийн 15-ны өдөр нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу авч байхаар тохирч хэрэгжүүлсэн. Цаашилбал, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дах хэсагт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр бөгөөд түүнд дурдсан зүйл заалтууд нь хууль зөрчин байгуулагдсан, хүчин төгөлдөр бус байх талаар дурдаагүй. Харин түрээсийн гэрээний дагуу барьцаа төлбөрийг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4-д заасны дагуу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх хугацаанд барьцааны төлбөрийг өөрийн өмчлөлд байлгах бүрэн эрхтэй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг хянан үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч “Н С” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “М” ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, Вайт хаус зочид буудлын Стрингс ресторан, клуб ажиллуулах зориулалттай, 612 м.кв талбайг 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр хүртэл 2 жилийн хугацаатай нэхэмжлэгч “Н С” ХХК-д түрээслүүлэхээр тохиролцож, түрээсийн төлбөрт сард 18 000 000 төгрөгийг НӨАТ-ын 10 хувь болох 1 800 000 төгрөгийн хамт сар бүрийн 10-ны өдөр төлөх, 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр түрээсийн гэрээний барьцаанд эхний сар 18 000 000 төгрөг, дараагийн сар 18 000 000 төгрөг, нийт 36 000 000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохиролцсон байна. /хэргийн 8-17 дугаар тал/

Дээрх гэрээний дагуу талууд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс түрээсийн төлбөрийг 12 000 000 төгрөг болгож өөрчилсөн бөгөөд уг обьектыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгч, нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон барьцаа төлбөр 18 000 000 төгрөг, эхний сарын төлбөр 19 800 000 төгрөг, 2 дах сарын 12 000 000 төгрөгийг тус тус төлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

Талууд түрээсийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулсан, хэлцлийн дагуу нэхэмжлэгч талаас эд хөрөнгө шилжүүлсэн, хариуцагч урьдчилгаа төлбөрөө төлж, эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж байх явцад гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг буцаан авсан үйл баримт тогтоогдсон тул шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Анхан шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасан журмын дагуу үнэлж түрээслэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хүртэл уг обьектыг түрээслэсэн хугацаанд нийт 33 400 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч нь “2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр түрээсийн байранд орж үл хөдлөх эд хөрөнгийг хүлээж авсан, 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх түрээсийн үлдэгдэл төлбөр 27 834 155 төгрөг, алданги 2 307 045 төгрөг, ашиглалтын зардал 358 986 төгрөг, 00-ын өрөөний толь хагалсаны 98 000 төгрөг, нийт 30 598 186 төгрөг төлөхөөс барьцаа төлбөр 18 000 000 төгрөгийг хасч тооцсон” гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

Харин хариуцагч байгууллага нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл мөн 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр уг обьектыг лацдаж, цоожийг сольж, нэхэмжлэгч байгууллагыг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгосон нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учраас түрээслүүлэгч нь хугацаатай байгуулсан түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дуусгавар болгох хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй үндэслэлээр гэрээг цуцалсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. 

Иймд шүүх түрээсийн гэрээний үүрэг дуусгавар болсон учраас барьцааны гэрээний үүрэг дуусгавар болно гэж дүгнэлт хийж барьцаа төлбөр 18 000 000 төгрөгийг буцааж гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэж энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 102/ШШ2019/01263 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ИЧИНХОРЛОО

                                                  ШҮҮГЧИД                                             Э.ЗОЛЗАЯА

                                                                                                                Д.БАЙГАЛМАА