Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 102/ШШ2019/01263

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

нэхэмжлэгч- Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 34 айлын 12 тоотод байрлах, РД-6214053, Нью стрингс ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, White house зочид буудлын 2 давхарт байрлах, РД-2804433, Мондевелопмент ХХК-д холбогдох,

18 000 000 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Нью стрингс ХХК-ийн захирал Д.Алтанзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Манай байгууллага нь 2017-11-01 өдөр Мондевелопмент ХХК-тай түрээсийн гэрээ байгуулж, Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, Стрингс ресторан клубын 644 м.кв талбай, 2 давхрын 120 м.кв талбай бүхий гал тогоо, нийт 612 м.кв талбайг түрээслэсэн.

Түрээсийн гэрээний хугацаа 2017-11-01 өдрөөс 2019-11-09 өдрийг хүртэл байсан боловч түрээслэгч талын зүгээс түрээсийн гэрээний төлбөр хоцроодог гэсэн шалтгаанаар түрээсийн барилгын хаалгыг удаа дараа түгжиж, лацдаж, ажил үйлчилгээ явуулах боломжгүй болгож, 2018 оны 1 сард бүрэн лацдаж, үйл ажиллагаа явуулаагүй. Манай байгууллагын зүгээс энэхүү гэрээг байгуулахдаа барьцаа болгож, 18 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч өнөөдрийг хүртэл буцааж төлөхгүй, шаардахаар өрөндөө суутгасан гэж тайлбарлаж байна.

Түрээсийн гэрээ нь нэгэнт хугацаанаас өмнө цуцлагдсан.

Иймд Мондевелопмент ХХК-иас барьцаанд төлсөн 18 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Манай байгууллага нь Нью стрингс ХХК-тай 2017-11-01 өдөр түрээсийн 17/03 тоот гэрээг байгуулж, Нью стрингс ХХК нь түрээсийн төлбөрт 36 000 000 төгрөг, барьцаанд 18 000 000 төгрөгийг төлсөн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу түрээслэгч нь түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдөр урьдчилж төлөхөөр тохирсон. Түрээслэгч нь 2017-11-15 өдрөөс 2017-12-15 өдрийн түрээсийн төлбөрт 19 800 000 төгрөгийг бүрэн төлсөн. түрээслэгчийн бичгээр гаргасан хүсэлтийн дагуу манай байгууллага нь түрээсийг төлбөрийг бууруулж, НӨАТ-тай дүнгээр 12 000 000 төгрөг болгосон бөгөөд түрээслэгч нь 2017-12-15 өдрөөс 2018-01-15 өдрийн түрээсийн төлбөр болох 12 000 000 төгрөгийг мөн бүрэн төлсөн байдаг боловч дараах төлбөрүүдийг төлөөгүй.

Үүнд 2018-01-15 өдрөөс 2018-02-15 өдрийн түрээсийн төлбөрийн үлдэгдэл 9 640 607 төгрөг, 2018-02-15 өдрөөс 2018-03-31 өдрийг хүртэл түрээсийн төлбөрийн үлдэгдэл 18 193 548 төгрөг, алдангид 2 307 045 төгрөг, ашиглалтын зардал 358 986 төгрөг, түрээсийн байранд учруулсан хохирол 98 000 төгрөг, нийт 30 598 186 төгрөгийг төлөөгүй байдаг.

Харин ч нэхэмжлэгч нь барьцааны төлбөр 18 000 000 төгрөгийг хасаад үлдсэн 12 598 186 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү? гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, кассын орлогын ордерууд, түрээсийн гэрээ, мерчантын дансны хуулга, хүсэлтүүд, хариу, худалдагчийн өдөр тутмын тооцооны дэвтэр, ажлын бүртгэл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүрэг, 17-р хороо, 4-р хороолол, Амарсанаагийн гудамж, Вайт хаус зочид буудлын Стрингс ресторан, клуб ажиллуулах зориулалттай 612 м.кв талбай бүхий хэсгийг иргэн Өсөхжаргалын хамт түрээсээр эзэмшихээр 2017-07 сараас эхлэн дээрх байранд засвар тохижилтод зориулж хөрөнгө оруулалт хийсэн боловч Өсөхжаргал нэхэмжлэгчтэй тохиролцсон тохиролцоогоо биелүүлээгүйгээс Өсөхжаргал ажиллахаа больж, нэхэмжлэгч үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийхээр 2017-10-23 өдөр хариуцагчид хүсэлт гаргаж, уг ажлын байрыг эзэмших болсон байна.

Иймээс зохигч Вайт хаус зочид буудлын Стрингс ресторан, клуб ажиллуулах зориулалттай 612 м.кв талбай бүхий хэсгийг 2017-11-01 өдрөөс 2019-11-09 өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай түрээсээр эзэмших, түрээсийн төлбөрт сард 18 000 000 төгрөгийг, НӨАТ 10 хувь болох 1 800 000 төгийн хамт, сар бүрийн 10 өдөр төлөх, түрээсийн гэрээний үүрэгт барьцаа болгож, эхний сард 18 000 000, дараагийн сард 18 000 000 төгрөг, нийт барьцаанд 36 000 000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр тохирч, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг, 318.3 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулсан байна.

Түрээсийн гэрээний 3 дахь хэсэгт барьцааны үүргийг тохирсон зохигчийн тохиролцоо нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан бичгээр хийх хэлбэрийн шаардлагатай нийцсэн байна.

Зохигч түрээсийн гэрээ, барьцааны үүргийн хэлцэл хүчин төгөлдөр байдлын талаар болон гэрээгээр хариуцагч хүлээсэн үүрэг болох ресторан, клуб ажиллуулах зориулалтаар ашиглах ажлын байрыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн өгсөн, нэхэмжлэгч гэрээгээр тохирсон барьцаанд төлөх 18 000 000 төгрөгийг 2017-11-01 өдөр, эхний сарын төлбөр 19 800 000 төгрөгийг 4 хувааж төлсөн, 2 дахь сарын төлбөрт 12 000 000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаангүй байна.

Хариуцагч нь түрээсийн хугацаатай гэрээний хэрэгжилтийг 2018-02-02 өдрөөс зогсоосон тул нэхэмжлэгч нь энэ өдрийг хүртэл түрээсийн гэрээний дагуу биелүүлбэл зохих ашигласны төлбөрийг төлөх үүргээ биелүүлсэн учир барьцааны үүрэг дуусгавар болсон гэж үзэж, түрээсийн гэрээний барьцаанд төлсөн 18 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсан.

Хариуцагч энэ шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, түрээсийн байрыг 2018-02-15 өдрийг хүртэл нэхэмжлэгч ашигласан тул түрээсийн 3 дахь сарын төлбөрийг бүрэн төлөөгүй, 9 640 000 төгрөг төлөх дутуу, түрээсийн байрыг хүлээлгэж өгөөгүй тул 2018-04-30 өдөр түрээсийн байранд хариуцагч орж эд хогшлоо бүртгэж авсан, ашиглалтын зардал 358 986 төгрөгийг төлөөгүй, 00 өрөөний толь хагалсан тул толины үнэ 98 000 төгрөг, 2018-03-31 өдрийг хүртэл түрээсийн төлбөр тооцох тул нэхэмжлэгч нийт 30 598 000 төгрөг төлөх үүрэгтэй учир барьцаалуулсан 18 000 000 төгрөгийг суутгасан гэж тайлбарлаж, нэхэмжлэлээс татгалзсан байна.

Татгалзлаа нотлохоор 2018-02-15 өдөр түрээслүүлсэн ажлын байранд болсон тоглолтын орлогыг хариуцагч өөрийн пос машинаар уншуулж, орлого болох 1 159 000 төгрөгийг нэхэмжлэгчээс төлөх түрээсийн төлбөрт тооцсон мерчантын дансны хуулгыг ирүүлсэнийг нэхэмжлэгч үгүйсгэж, уг тоглолтыг хийхээр нэхэмжлэгчийн үйл ажиллагааг хариуцагч зогсохоос өмнө нэхэмжлэгчтэй тоглолтыг уг газарт хийхээр тохирсон байсны улмаас тоглолт хийх газар тоглолтын сурталчилгааг телевизээр зарласан тул хариуцагч зөвшөөрч уг тоглолтыг хийлгэж, орлогыг нь өөрөө авсан байх, түүнээс манай ажилтнууд ажлын байрыг лацдаж, цоожийг сольсон хугацаанаас хойш ажиллаагүй гэж тайлбарлалаа.

Түрээсийн гэрээнд төлбөрийг 2017-11-10 өдрөөс эхлэн тооцохоор тохирсон байгаа боловч төлбөрийг тооцож эхлэх хугацааг зохигч өөрчилж, 2017-11-15 өдрөөс төлбөрийг төлөхөөр тохирсон, 2 дахь сараас түрээсийн төлбөрийг бууруулж, 12 000 000 төгрөгөөр тогтоож, өөрчилсөн болох нь зохигчийн тайлбар, 2 талын хүсэлт, албан бичиг зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрээ хэрэгжиж байх явцад нэхэмжлэгч нь түрээсийн эхний сарыг төлбөрийг 4 хувааж төлж, үүргээ зөрчсөн үндэслэлээр 2017-12-12 өдрийн 13.00 цагаас түрээсээр нэхэмжлэгчид эзэмшүүлж байгаа байрны орох гарах хаалгыг хариуцагч лацдаж, нэхэмжлэгчийн үйл ажиллагааг 2017-12-20 хүртэл зогсоосон, 2018-02-15 өдрийг хүртэл хугацаанд төлөх төлбөрийг 2018-01-10 өдрийн дотор зохих ёсоор бүрэн төлөөгүй гэж үзэж, 2018 оны 02 сарын 02 өдөр дахин дээрх байдлаар түрээслүүлсэн байрыг лацдаж, цоожийг сольж, нэхэмжлэгчийн үйл ажиллагааг зогсоосон болох нь зохигчийн тайлбар, ажлын бүртгэл, худалдагчийн өдөр тутмын тооцооны дэвтэр зэрэг нэхэмжлэгчийн баримтуудаар тогтоогдож байна.

Түрээслэгч нь түрээсээр эзэмшиж буй ажлын байрыг түрээсийн гэрээний хугацааны турш эзэмшиж, зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж, ашиг олох, үр шимийг хүртэх эрхтэй, үүний хариуд ажлын байрыг эзэмшсэний төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд түрээсийн 2 жилийн хугацаатай гэрээг Иргэний хуулийн 318.5, 294.1, 294.2 дэх хэсэгт заасан үндэслэлээр хугацаанаас өмнө дуусгавар болгох, хүндэтгэн үзэх шалтгаанаар цуцлах боломжтой.

 

Гэтэл түрээслэгч ажлын байрыг эзэмшээд нэг сар болоогүй байх үеэс түрээслүүлэгчийн гаргасан байрыг лацдах, түрээслэгчийн үйл ажиллагааг зогсоох, саатуулах болсон үйлдлүүд нь Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.1-д заасан гэрээг дуусгавар болгох, 294.2 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаанаар гэрээг хугацаанаас өмнө цуцлах зохицуулалттай нийцэхгүй байна.

 

Түрээслэгч гэрээний дагуу ажлын байрыг 2017-11-15 өдрөөс 2018-02-02 өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн байх бөгөөд түрээсийн төлбөр төлөх түүний үүргийн зөрчлийн улмаас түрээсийн хугацаатай гэрээг цуцлахад Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.1 дэх хэсэг, 288 дугаар зүйлийн 288..2.3 дахь хэсэгт заасан, 3 сарын турш тохирсон төлбөрөө төлөөгүй үед гэрээг хугацаанаас өмнө цуцлах журмыг түрээслүүлэгч баримтлах юм.

 

Нэхэмжлэгч түрээсээр эзэмшсэн хугацааны төлбөрийн эхний сарынхныг 4 тасалж, бүрэн, дараагийн сарын төлбөрийг гэрээний дагуу бүрэн төлсөн, 2018-01-15 өдрөөс эзэмшсэн хугацааны төлбөрт 2 359 000 төгрөг төлсөн байхад ажлын байрыг түрээсийн гэрээний дагуу эзэмших эрхийг саатуулсан, зогсоосон түрээслүүлэгчийн үйлдэл хуулийн дээрх зохицуулалтад нийцэхгүй байна.

Мөн түрээсийн хугацаатай гэрээг цуцлахад Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4, 320.3-т заасан журам болох түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцлах тухай тогтоосон журмыг баримтлана.

Хариуцагч нэхэмжлэгчийг тоглолт хийлгэсэн 2018-02-15 өдрийг хүртэл түрээсийн байрыг эзэмшсэн, 2018-03-31 өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй, ашиглалтын зардал 358 986 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, 2018-04-30 өдөр түрээсийн байранд орж бичлэг хийхэд 00-ийн өрөөний толийг хагалсан байсан тул толины үнэ 98 000 төгрөг зэргийг барьцааны 18 000 000 төгрөгийг суутгасан гэсэн тайлбарлаж байгаа боловч түрээслүүлэгч 2018-02-02 өдрөөс хойш түрээсийн байрыг эзэмших боломжийг түрээслэгчид олгосон, ашиглалтын зардал 358 986 төгрөг төлөөгүй, 00 өрөөний толь нэхэмжлэгчийн нь эзэмшилд байр байх хугацаанд хагарсан, тоглолт хийхээр телевизээр сурталчилсан хүмүүс орлогоо хариуцагчийн пос машинаар уншуулж, төлбөр тооцоогоо хийсэн үйл ажиллагаанд нэхэмжлэгч оролцсон болохыг нотлоогүй байна.

Нэхэмжлэгч нь ашиг олох зорилгоор ресторан клубын үйл ажиллагаа явуулж, түрээсээр ажлын байрыг 2017-11-15 өдрөөс 2017-12-12, 2017-12-20 өдрөөс 2018-02-02 өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн нь тогтоогдож байх бөгөөд энэ хугацаанд төлөх түрээсийн төлбөрийг төлсөн байна.

Түрээсийн гэрээний зүйлд хариуцагч хууль зөрчиж халдаж байгаа халдлагаас түрээслэгч Иргэний хуулийн 299 дүгээр зүйлд зааснаар хамгаалах боломжтой боловч нэхэмжлэгч нь гэрээг цуцалсан хариуцагчийн шийдвэрийг эсэргүүцээгүй, уг гэрээнээс гарахыг зөвшөөрч байгаа байх тул түрээсийн гэрээг 2018-02-02 өдрөөс дуусгавар болсон гэж үзнэ.

Барьцаагааар хангагдах түрээсийн гэрээний шаардлага Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасны дагуу түрээсийн гэрээний үүрэгт хариуцагчид барьцаалуулсан 18 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгч 247 950 төгрөг төлөх үүрэгтэй байх боловч 253 000 төгрөгийг төлсөн байх тул илүү төлсөн 5050 төгрөгийг буцааж, хариуцагчаас 247 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 160 дүгээр зүйлийн 160.3 дахь хэсгийг баримтлан хариуцагч Мондевелопмент ХХК-иас 18 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нью стрингс ХХК-д олгосугай.