Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 01184

 

А.О-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 183/ШШ2019/00786 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч А.О-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ө.Ц-т холбогдох

 Худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13 618 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Учирсан хохиролд 7 721 098 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Должинсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн А.О 2018 оны 4 дүгээр сард Ө.Ц-тай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, 28в байр, 20 тоот, 46.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 77 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 20 000 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сар хүртэл, үлдэгдэл төлбөрийг сар бүр 1 000 000 төгрөгөөр 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл төлөхөөр тохиролцож орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Ө.Ц байрны түлхүүрийг өгснөөр бид байрандаа орсон. Гэтэл Ө.Ц 2018 оны 9 дүгээр сард анх тохиролцсон тохиролцоогоо дангаараа өөрчилж, надад байрны мөнгө бөөндөө хэрэгтэй байна гэсний улмаас бид 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дээрх орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 15 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 45 000 000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, урьдчилгаа төлбөрт нийт 18 300 000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл хөөцөлдсөн боловч банкны зээл бүтэхгүй байсан тул Ө.Ц байрыг зарах болж, биднийг 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр байрнаас хөөж гаргасан. Манай гэр бүл дээрх байранд 4 900 000 төгрөгийн тавилга, 240 000 төгрөгийн гэрлэн бүрхүүл, байранд анх ороход 178 000 төгрөгийн хэрэглээний төлбөрийг төлсөн. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөр төлбарт төлсөн 18 300 000 төгрөгийн үлдэгдэл 8 300 000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгнө гэсэн боловч өгөөгүй байна.

Иймд гэрээнээс татгалзсантай холбогдуулан урьдчилгаанд төлсөн 8 300 000 төгрөг, Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дах хэсэгт заасны дагуу байранд засан сайжруулахад зарцуулсан буюу тавилга хийлгэсэн, гэрлэн бүрхүүл авсан, хэрэглээний төлбөр төлсөн 5 318 000 төгрөг, нийт 13 618 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон /13360/, Б.Доржийн гудамж, 28в байр, 20 тоот хаягт байршилтай, 46.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч ба уг орон сууцыг 2015 онд захиалан бариулах гэрээгээр захиалан, 2018 оны 3 дугаар сард ашиглалтад ороход нь хүлээж авсан. Уг орон сууцыг худалдан борлуулах зар тавьсны дагуу А.О нь нөхрийн хамт байрыг худалдан авахаар тохиролцож, байранд 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр орж, түлхүүрээ хүлээн авсан. Бид байрыг зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдахаар тохиролцсон ба 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу А.О 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 4 000 000 төгрөгийг дансаар, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 10 880 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 120 000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 1 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 600 000 төгрөг төлж талуудын хооронд байгуулсан гэрээний 6 дах заалтаар тохиролцсон 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй.

Бид урьд байгуулагдсан зээлээр худалдах худалдан авах гэрээний тохиролцоог өөрчлөөгүй ба нэхэмжлэгч “бид таны төлбөрийг банкнаас зээл авч төлнө, банк 77 000 000 төгрөг зээлэхгүй 60 000 000 төгрөгөөр гэрээ хийе” гэж хэлсэн тул би зөвшөөрсөн боловч зээл нь бүтээгүй. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ нь зөвхөн нэхэмжлэгч банкнаас зээл хөөцөлдөхийн тулд хийгдсэн дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Би нэхэмжлэгчийг өвлийн хүйтэнд байрнаасаа хөөж гаргасан үйлдэл хийгээгүй ба гэрээнээс татгалзлаа гэх саналыг нэхэмжлэгч гарган, орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр чөлөөлсөн.

Нэхэмжлэгч үлдэгдэл 8 300 000 төгрөг гэж байгаа боловч хариуцагчийн дансанд бодитоор 16 800 000 төгрөг шилжсэн, 6 800 000 төгрөг хүлээн авсныг хүлээн зөвшөөрч байгаа боловч буцаан төлөх үндэслэлгүй. Иргэний хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3 дах хэсгийн заалт нь хөрөнгийн эзэмшигч байхдаа арчлах, засан сайжруулах зэрэг зарцуулсан зардлыг хэлнэ. Гэтэл тавилга, абжурыг байрыг засан сайжруулсан зардал гэж үзэхгүй. Энэ тавилгыг нэхэмжлэгч байрыг худалдан авах төлөвлөгөөтэй байранд зориулж авсан. Байрнаас гарахдаа аваад гарах эрх нь нээлттэй, саад учруулсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч  гэрчээр асуулгах хүмүүстэй тохиролцоод 2 000 000 төгрөгөөр зарахаар болсон тул тавилга, эд хогшлоо авч яваагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ө.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгч банкны зээл хөөцөлдсөн, түүнтэй холбоотой нотлох баримт банкнаас ирээгүй. Банкны зээл бүтэхгүй болж нэхэмжлэгч төлбөрийг төлөх боломжгүй болсон тул 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр байрыг хүлээлгэж өгч, хариуцагчид шилжүүлсэн 16 800 000 төгрөгийн 10 000 000 төгрөгийг буцаан авсан. Нэхэмжлэгч байранд 7 сар амьдарсан, энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлөх саналыг тавихад нэхэмжлэгч боломжгүй гэдгээ илэрхийлсэн учраас орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн төлбөрөөс 6 800 000 төгрөгийг авч үлдсэн. Нэхэмжлэгч тал гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнээс татгалзсанаас 7 сар өмчлөлийн хөрөнгөө бусдад ашиглуулаагүй нь нэхэмжлэгчийн буруугаас болсон тул энэ хохирлыг шаардаж байна. А.О-гаас 7 сар орон сууцанд амьдарсаны төлбөрт 4 900 000 төгрөг нэхэмжилж байгаа ба сар бүр  700 000 төгрөгөөр бусдад орон сууцаа түрээслэх болон хөлслүүлэх боломжтой байсан. Мөн байранд амьдарч байх хугацаандаа том, жижиг өрөөний коридорын хэсгийн обой хуурч, урагдсан, том өрөөний тааз цоорсон, жижиг өрөөний хаалга сэнсэрч хагарсан, коридор хэсгийн шалны гарниз алга болсон зэрэг миний эд хөрөнгөд 687 500 төгрөгийн хохирол учруулсан, байрны 10, 11 дүгээр сарын байрны ус, цахилгааны төлбөр төлөөгүй, байранд үнэлгээ хийлгэхэд 55 000 төгрөгийн зардал гарсан.

Иймд нийт 850 000 төгрөгийн бодит хохирол учруулсан байсан ба байрнаас гарахдаа акт үйлдсэн. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гэрээний 7 дах заалтад алданги тооцох нөхцлийг заасан. Нэхэмжлэгчийн буруугаас гэрээний үүрэг биелэгдээгүй учир алданги тооцож  гэрээнд зааснаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой 20 000 000 төгрөгөөс 10 888 000 төгрөг төлсөн тул 20 000 000-10 888 000 төгрөгийг хасч 9 120 000 төгрөг болно. Үүнээс дараагийн төлөлт хийгдсэн хугацаа буюу 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх алдангийг хоногийн 45 600 төгрөг*4 182 400 төгрөгөөр тооцож, мөн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 120 000 төгрөг төлснийг төлөх 9 120 000 төгрөгөөс хасч, 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хүртэлх 5 сарын алдангийг 9 000 000 төгрөгөөс бодож өдрийн 45 000 төгрөгийг*150 хоногоор тооцоход 6 750 000 төгрөг болно.

Нэхэмжлэгчээс дээрх алдангийг багасгаж нийт алдангид 2 000 000 төгрөг нэхэмжилж, А.О-гийн 2018 оны 7 дугаар сарын 8-ны өдөр төлсөн 1 000 000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 200 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 600 000 төгрөгийг дээрх алданги тооцсон төлбөрт оруулаагүй. Иймд нийт 7 721 098 төгрөгийг гэрээ цуцалсан хохирол болон зардалд гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Должинсүрэн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан зохицуулалт нь гэрээний нэг тал гэрээний үүргээ зөрчсөн байх шаардлагыг хангасан байх ёстой. А.О гэрээний үүргээ зөрчөөгүй. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний 2.2-т ...үлдэгдэл 45 000 000 төгрөгийг банкны зээлээр төлнө гэж тодорхой заасан. Хэрэв банкны зээл бүтэхгүй бол 45 000 000 төгрөг төлөгдөхгүйг талууд мэдэж байсан. Талуудаас үл хамаарах шалтгаанаар банкны зээл бүтээгүй учраас гэрээний нөхцөл биелэгдээгүй тул Иргэний хуулийн 227 дах заалтыг баримтлах боломжгүй.

2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлсэн гэж ямар агуулгаар тайлбарлаж байгаа нь тодорхойгүй тул хууль зүйн үндэслэлгүй. Цаг хугацааны хувьд нэг нь 5 дугаар сар, нөгөө нь 9 дүгээр сар буюу 5 дугаар сард байгуулсан гэрээнээс 9 дүгээр сард татгалзаж, шинэ нөхцөлтэй гэрээ байгуулсан гэж үзнэ. Мөн 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан гэрээг нотариатаар батлуулсан. Анх 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр байрны түлхүүрийг гардаж авсан. Авахдаа 1 000 000 төгрөгийг бэлнээр Ө.Ц-ын хүү Ц.Анхбаярт хүлээлгэж өгөөд байрны түлхүүрийг авсан байхад мөнгө өгөөгүй байхад байрны түлхүүрээ өгсөн мэтээр тайлбарлаж байна. Бэлнээр баримтгүй өгсөн мөнгийг өгөөгүй мэтээр тайлбарлаж байгаад харамсаж байна. 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хариуцагчийн эхнэрт 300 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Энэхүү нийт 1 300 000 төгрөгийг тооцоонд оруулахгүй, үүнийг Ө.Ц сайн мэдэж байгаа.

Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ, энэхүү эрх шилжүүлэх гэрээ нь 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан. Талууд нөхцлөө 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ болгон өөрчлөөд нотариатаар батлуулсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гэрээг цуцалсан гэж үзнэ. Гэрээ цуцлагдсан учир энэ гэрээний агуулгаар анз шаардах эрхгүй. Хэрэв гэрээг цуцалсан бол гэрээний үүргээс үүсэх үр дагавар буюу гэрээний үүргээс шаардах эрх үүсэхгүй. Иймд 2 000 000 төгрөгийн анз нэхэмжлэх боломжгүй. Хариуцагч тал Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2 дах заалтыг үндэслэн түрээсийн гэрээний хохирол 4 900 000 төгрөгийг нэхэмжилж байгаа ч талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй учраас шаардах эрх тодорхойгүй. Иргэний хуулийн аль зүйл заалтаар хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй. 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээ А.О-гаас болж цуцлагдаагүй, банкны зээл гараагүй учраас гэрээ биелэгдэх боломжгүй болсон учраас хохирол шаардахгүй. А.О нь Ө.Ц-тай түрээсийн гэрээ байгуулаагүй тул түрээсийн гэрээнд үндэслэсэн 4 900 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Мөн эд хөрөнгөнд учирсан 821 000 төгрөгийг гэрч асуулгаж тодруулах нь зүйтэй байх.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага ямар хуулийн шаардлага хангаж байгаа нь тодорхойгүй, нэхэмжилж байгаа зүйл нь хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.7, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ө.Ц-аас 6 835 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.О-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 783 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 227 дугаар зүйлийн 227.1, 228 дугаар зүйлийн 228.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.О-гаас 771 098 төгрөг гаргуулан хариуцагч Ө.Ц-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6 950 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226 040 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138 490 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 124 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 23 056 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ө.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэгдээгүй, маргааны үйл баримт, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, шаардах эрх үүссэн гэрээний эрх зүйн харилцааг зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болоогүй байна. Нэхэмжлэгч 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр гэрээ байгуулахаас өмнө орон сууцанд амьдарч эхэлсэн ба 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гэрээг байгуулж, гэрээний дагуу нэхэмжлэгч 16 800 000 төгрөгийг хариуцагчид төлсөн үйл баримтын талаар талууд мараагүй.

Нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гэрээний дагуу төлөх урьдчилгаа төлбөр мөн cap бүр хэсэгчлэн төлөх гэрээний төлбөрийг төлөөгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр, хариуцагч түүнтэй 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Орон сууц худалдах, худалдан авах” гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний хүсэл зориг, гэрээ байгуулах болсон шалтгаан нь нэхэмжлэгч 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн гэрээний үүргээ банкнаас зээл авч, биелүүлэх зорилгоор байгуулагдсан ба энэ нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, бичгийг гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдох юм. Харин дээрх 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээний дагуу банкны зээл гараагүй тул гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж орон сууцыг 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр өгч, гэрээнээс татгалзаж орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн төлбөрийг шаардан нэхэмжилсэн тул хариуцагч нь нэхэмжлэгчээс орон сууцанд 7 cap амьдарсан хугацааны төлбөрийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт заасантай нийцэх ба шүүх дээрх үйл баримтыг зөв дүгнээгүйгээс энэхүү хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүхийн нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнээс таггалзсан шалтгаан нь банк зээл олгоогүйтэй холбон гэрээнээс татгалзахад нэхэмжлэгч буруугүй гэж дүгнэж буй нь шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцаа, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглээгүй гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээнээс татгалзсанд хариуцагч буруугүй ба гэрээний төлбөрийг хэрхэн төлөх нь нэхэмжлэгчийн үүрэг юм. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хариуцагчаас нэхэмжлэгчид үүргээ биелүүлэх боломжит хугацаа олгосон ч үр дүн гараагүй талууд гэрээнээс татгалзсанд нэхэмжлэгч буруутай тул энэхүү гэрээнээс татгалзсантай холбоотой, хариуцагчид учруулсан хохирлыг төлөх үүргтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 4 900 000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А.О- нь хариуцагч Ө.Ц-т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13 618 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 7 721 098 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Талуудын хооронд 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ”-гээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 98 айлын орон сууцны 28в байрны 20 тоот, 48 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч А.О-д шилжүүлж, орон сууцны үнэ 77 000 000 төгрөгөөс урьдчилгаа 5 000 000 төгрөгийг төлж, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор 20 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 52 000 000 төгрөгийг 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцжээ. /хэргийн 9 дүгээр тал/

Дээрх гэрээг талууд дуусгавар болгож, 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г байгуулан орон сууцыг 60 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцон, урьдчилгаа 15 000 000 төгрөгийг байршуулж, үлдэх 45 000 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр банкны зээлээр төлөхөөр тохиролцсон боловч нэхэмжлэгч банкны зээлээр 45 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч гэрээнээс татгалзсан, орон сууцыг нэхэмжлэгч А.О 2018 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хэргийн 7 дугаар тал/

Талууд төлбөр төлөх хугацааг бичгээр тохиролцож, маргааны зүйл болох орон сууцыг нэхэмжлэгч хүлээн авсан тохиолдолд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд “...орон сууцны урьдчилгаа төлбөрт 18 300 000 төгрөг, орон сууцны ашиглалтын зардалд 178 000 төгрөг тус тус төлсөн” гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй.

Тиймээс анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэл болох тул орон сууцны урьдчилгаа төлбөрт 6 800 000 төгрөг төлсөн, ашиглалтын зардалд 35 000 төгрөг төлсөн гэх хариуцагчийн тайлбарт үндэслэн нийт 6 835 000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаадлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Харин хариуцагч нь “нэхэмжлэгчтэй 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу банкны зээл бүтээгүй тул гэрээнээс татгалзаж, 7 сарын түрээсийн төлбөр 4 900 000 төгрөг, учруулсан хохирол 687 500 төгрөг, үнэлгээний зардал 50 000 төгрөг, ашиглалтын зардал 83 598 төгрөг, алдангид 2 000 000 төгрөг нийт 7 721 098 төгрөг гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан байна.

Талууд гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр байгуулагдсан гэрээ нь шинээр 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр дахин гэрээ байгуулагдсанаар дуусгавар болсон  байхад Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.2 дах хэсэгт зааснаар олох байсан ашиг 4 900 000 төгрөг, гэрээний дагуу тооцох алданги 2 000 000 төгрөг, үнэлгээний тайланд төлсөн 50 000 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарт үндэслэн үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзэж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 183/ШШ2019/00786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 93 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ИЧИНХОРЛОО

                                                  ШҮҮГЧИД                                            Э.ЗОЛЗАЯА

                                                                                                               Д.БАЙГАЛМАА.