Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2023/00250

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ2023/00250

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол баг, Баянзамын ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт баг Толгодын ******* тоот хаягт оршин суух, ******* овогт******* ******* /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэж хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов. 

 

Уг хэрэгт томилогдсон иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд зохигч иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.******* нь Б.*******од холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 5,145,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

 

2. Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...Миний төрсөн ах 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө миний эзэмшлийн Приус-30 маркийн ОРО улсын дугаартай авто машиныг маань бариад Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өндөр наран нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын хатуу хучилттай замын баруун гар талд түр зогсох явцад нь эгц өөдөөс нь бор шаргал зүсний хоёр морь маш хурдтай давхиж ирээд машины урд талын копутан дээр урд хоёр хөлөөрөө гишгээд машины дээврийг цөмлөж цааш буухдаа хойд цонхны шилийг үйрүүлж машинд маань их хэмжээний хохирлыг учруулсан. Тухайн үед Орхон аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч болсон үйл явдлыг цагдаа ирж үзлэг хийж зургаар бэхжүүлж авсан. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр машинд маань эвдрэл гэмтэл учруулсан хоёр тооны адууг хайгаад сураглаж яваад олоод адууны эзэн болох Б.*******той уулзаад учир байдлаа хэлээд машинаа засуулахаар засварын газруудаар явж судалгаа хийгээд төлбөр тооцоог төлөх тухай тохиролцсон боловч хэлсэн амандаа хүрэхгүй эцэст нь шүүхэд өг гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх хоёр морь машин дээгүүр харайсны улмаас машинд маань учирсан эвдрэл гэмтлүүд гэвэл, машины улсын дугаар унаж хагарсан 40,000 төгрөг, копут цөмөрч панейл төмөр нь тахийсны зэрэгцээ машины дотор талын хөгжим зэрэг эд ангиуд хоногоосоо сугарч гарч ирсэн, урд талын салхины шил хагарч шил арчигч салж унасан, машины дээвэр 4-5 газар хонхойж цөмөрч базсан цаас шиг болсон, хойд талын цонх хагарч багаж цөмөрсөн, зүүн талын шатахууны савны дээд тал цөмөрсөн зэрэг гэмтлүүд учирсан тул Б.*******оос машинд учруулсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Н.******* иргэн Б.*******оос гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Приус-30 маркийн ОРО улсын дугаартай суудлын авто машины эвдрэл гэмтлийн хохирлыг 5,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан бөгөөд машины эвдрэл гэмтлийг үнэлүүлэхэд 4.845.000 төгрөгөөр үнэлэгдэж, 300.000 төгрөгийг үнэлгээний төлбөрт төлжээ. Анх авто машины эвдрэл гэмтлийн үнэлгээ гэж 5,000,000 төгрөг шаардсан шаардлагаа 4,845,000 төгрөг болгон багасгаж үнэлгээний төлбөрт төлсөн 300,000 төгрөгөө нэмж нийт 5,145,000 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2018 оны 239 дугаартай тогтоолоор баталсан дүрмийн 26.6-д зааснаар харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана гэж заасан байхад адуунууд нь сул чөлөөтэй явж байсан. 26.8-д Ердийн хөсгөөр хөдөлгөөнд оролцох, замаар мал туухад дараах зүйлийг хориглоно. Үүнд а/ уналга, эдэлгээнд гүйцэд сургаагүй (номхроогүй) ердийн хөсгөөр замын хөдөлгөөнд оролцох; б/ ердийн хөсгийн овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх; в/ суурин газрын доторх замд ердийн хөсгийг давхиулах; г/ согтуурсан буюу мансуурсан үедээ замаар мал туух; д/ зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхих гээд тус тус заасан байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 5-д мал бүхий иргэн хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй бол бусад хохирол нөхөн төлбөрийг гаргуулж торгоно гэсэн зохицуулалт байгаа. Гэвч ******* тохиръё гээд Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлээгүй. Энэ нь хэний адуу юм бэ гэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээрээ бичсэн байгаа хаягт *******ынх байдаг юм байна лээ. Мөн *******ын 2021-2022 оны малын А дансанд тухайн адуу тоологдсон байгаа. ******* ч гэсэн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн газарт тухайн адуунаас болж машинд гэмтэл учирсан тухай бичсэн бичиг байгаа. Өмнөх шүүх хуралдаанд машин жолоодож явсан хүн машин жолоодох эрхтэй байсан эсэхийг тодруулсан. Тэгвэл машин жолоодох эрхийн лавлагаа ирсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

 

5.Хариуцагч Б.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.******* нь бусдад жолоо шилжүүлсэн байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолооч жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн байх ёстой байтал даатгал хийлгээгүй. Хэрвээ даатгалд хамрагдсан байсан бол энэ тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн мөнгийг даатгалаас нөхөн төлөх байсан. Машин хатуу хучилттай зам дээр зогсоогүй, зогссон бол гэрлээ унтраах ёстой, гэрлээ унтраагаагүйгээс болоод тухайн адуу юм харж чадахгүй байсан учраас дээгүүр нь харайсан. Тухайн осол гарсан газар нь мянганы зам биш, Наран багийн замд адуу мал зорчдог, хотын захад байдаг, хуульд мянганы зам дээр шөнийн цагаар малчин малаа 1000 метрийн дотор хариулахыг хориглосон. Мөн хариуцагчийг буруу тодорхойлсон. Тухайн адууг эзэмшигч нь Төрөө Төрмөнх гэх залуугийн азарга байдаг. Цагдаа дээр асуудал үүсээд гомдол гаргаад явахад ******* над дээр байж байгаад ийм юм болчихлоо, тийм учраас хоорондоо ярилцаж тохироод 1.400.000-1.800.000 төгрөгийн хохирол нэхсэнийг төлөхөөр тохирч байсан боловч үнэлгээгээр 5.100.000 төгрөг нэхэмжилж байгаа учраас энэ адуу нь хүний адуу, мөн шөнийн цагаар болсон асуудал учраас төлөх шаардлагагүй гэж үзсэн. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно гэсэн малыг туухтай холбоотой заалт байгаа. Тухайн үед малыг тууж яваагүй. Тэгэхээр шөнийн цаг учраас хариулаагүй явж байсан. Өөрсдөө машиныхаа гэрлийг унтраагаагүйгээс болж морь дээгүүр нь давж гарсан нөхцөл байдал үүссэн. Тухайн үед байсан камерын бичлэгт машины гэрэл асаалттай байсан нь харагддаг. Нохойд хөөгдсөн юм уу, хүнд хөөгдсөн юм уу маш хурдтай явж байгаад урдаас нь гэрэл тусангуут машин дээгүүр харайгаад гарсан. Тухайн машинд их хэмжээний цахилгааны гэмтэл учирсан гэж хэлээд байгаа. Цагдаа иртэл ямар нэгэн зүйлээр бүтээгээд өөрийн эд хөрөнгөө хамгаалах үүргээ давхар гүйцэтгээгүй байна. Иймээс их хэмжээний хохирол төлүүлэх гээд байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн малыг хариуцагч ******* тууж яваагүй гэдэг нь тодорхойлогддог. Замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д мал зориуд зам руу тууж авч очоогүй, зам руу явуулаагүй энэ нь шөнийн цагаар байсан. Мөн малын А дансанд машин шиг тийм маркийн тийм машин гэж байгаа юм шиг тийм зүсмийн, тийм адуу гэсэн зүйл огт байхгүй. Малын А дансыг шүүгээд үзэх юм бол ******* энэ адууны эзэн биш. Мөн тухайн цагдаагийн байгууллагад 2-3 удаа харилцан тохирч гараар бичсэн бичиг байсан. Гэхдээ ямар нэгэн дардас, тамга, тэмдэг байдаггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 4.845.000 төгрөгийг хэтэрхий өндөр гарсан гэж үзэж байна. Хэрвээ нэхэмжлэгч тээврийн хэрэгслээ даатгуулсан, жолоочийн хариуцлагын даатгалтай байсан бол хохирол бүрэн төлөгдөх боломжтой байсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

7. Нэхэмжлэгчээс: ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, машины гэрэл зураг, адууны гэрэл зураг, итгэмжлэл, Б.*******ын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, тайлбар, машины гэрэл зургууд, Цагдаагийн газарт гаргасан хүсэлтүүдийн хуулбарыг,

 

8. Шүүхээс: зохигчийн хүсэлтээр Халиун капитал ХХК-ийг шинжээчээр томилж гаргуулсан 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22129 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 40/666 дугаартай албан бичиг, Орхон аймаг Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газраас 2023 оны 01 сарын 24-ний өдрийн 02/83 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.*******ын 2021, 2022 оны малын А дансны хуулгыг нотлох баримтаар бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                                   

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний төрсөн ах 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө миний эзэмшлийн Приус-30 маркийн ОРО улсын дугаартай авто машиныг маань бариад Орхон аймаг Баян-Өндөр сумын Наран багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өндөр наран нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын хатуу хучилттай замын баруун гар талд түр зогс ч байхад бор шаргал зүсний хоёр морь маш хурдтай давхиж ирээд машины урд талын копутан дээр урд хоёр хөлөөрөө гишгээд машин дээгүүр харайж гарахдаа дээврийг цөмлөж, буухдаа хойд цонхны шилийг үйрүүлж машинд маань их хэмжээний учирсан тул морины эзэн Б.*******оос машинд учруулсан хохирол 4845,000 төгрөг, хохирлын үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 300000 төгрөг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3.Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ ... тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч хариуцлагын даатгал хийлгээгүй байсан, мөн тээврийн хэрэгсэл түр зогсохдоо гэрлээ унтраагаагүй байсан, малыг зам дээр тууж яваагүй, шөнийн цаг байсан, тухайн үед 1.400.000-1.800.000 төгрөгийн хохирол нэхсэнийг төлөхөөр тохирч байсан боловч үнэлгээгээр 5.100.000 төгрөг нэхэмжилж байгаа учраас энэ адуу нь Б.*******ын адуу биш, хүний адуу, мөн шөнийн цагаар болсон асуудал учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй... гэсэн.

 

4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Н.*******гийн өмчлөлийн Приус-30 маркийн ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний төрсөн ах жолоодож 2022 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн үед Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өндөр наран хүнсний дэлгүүрийн урд талын хатуу хучилттай замын баруун гар талд түр зогсож байхад нь хариуцагч Б.*******ын өмчлөлийн сартай хонгор зүсний азарга, хул зүсний гүү /байдас/ машин дээгүүр харайж гарсны улмаас, уг тээврийн хэрэгслийн копут цөмөрч, панейл төмөр тахийж, урд талын салхины шил, хойд талын цонхны шил хагарч, машины дээвэр 4-5 газар хонхойж, зүүн талын шатахууны савны дээд тал цөмөрсөн эвдрэл гэмтэл учирсан болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, машинд учруулсан эвдрэл гэмтлийг харуулсан гэрэл зургууд, морьдын гэрэл зураг, хариуцагч Б.*******ын Цагдаагийн газарт бичгээр гаргасан хүсэлтүүд, төлбөр төлөх талаар илэрхийлж гараар бичсэн бичиг, Орхон аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 40/666 дугаартай албан бичгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.8-ын д-д зам дээр ...малыг хараа хяналт, эзэнгүй орхих-ыг хориглосон, Зөрчлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 5-д мал бүхий иргэн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол бусад хохирол нөхөн төлбөрийг гаргуулж торгоно гэж заасанд үндэслэсэн бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг ...уг моринууд хариуцагч Б.*******ынх биш, Төрөө гэх хүний морь, хариуцагч зам дээр адууг тууж яваагүй, шөнийн цаг байсан... гэж маргасан.

 

6. Гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан морины гэрэл зургууд, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02/83 дугаартай Б.******* нь Яргуйт багийн Толгодын ******* тоотод оршин суудаг, 2021 оны тооллогод адуу -41, 2022 оны тооллогод адуу-32 толгойг тус тус тоолуулсан байна. гэх албан бичиг, Б.*******ын малын А дансаар уг адуунууд хариуцагчийн өмчлөлийнх болох нь тогтоогдож байгаа бөгөөд тэрээр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.8-ын д-д заасан зам дээр ...малыг хараа хяналт, эзэнгүй орхих-ыг хориглосон заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан байна.

 

7. Иймд нэхэмжлэгч Н.******* нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасны дагуу гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй байна.

 

8. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3-т Мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй. гэж заасан.

9. Мөн Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1-д амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна., 501.2-т гэрийн тэжээвэр амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтны өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй гэж заасан.

10. Хэргийн нөхцөл байдлаас үзвэл хариуцагч Б.******* нь өөрийн өмчлөлийн адууг гэр хорооллын доторх зам дээр хараа хяналтгүй, эзэнгүй орхисны улмаас нэхэмжлэгчийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл дээгүүр харайн гарч, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан, түүний улмаас Халиун капитал ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 22/029 дугаартай дүгнэлтээр Приус-30 маркийн ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 4,845,000 төгрөгийн хохирол учирсан, энэ нь хариуцагчийн анхаарал болгоомжгүй эс үйлдэлтэй шалтгаант холбоотой, хариуцагч гэм буруутай байна гэж дүгнэлээ.

11. Харин хариуцагч өөрийн буруугүй болохоо мөн маргаж буй үндэслэлээ ямар нэг баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэл болж байна.

12. Нэхэмжлэгч шүүхэд эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн хохирлын үнэлгээ 4,845,000 төгрөг гарснаар эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг 4,845,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 300,000 төгрөг, нийт 5,145,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, нэмэгдүүлсэн.

13. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хохирлын үнэлгээ хийх шинжээчээр Халиун капитал ХХК-ийг томилж, үнэлгээ хийхэд гарсан зардалд нэхэмжлэгч 3000,000 төгрөг төлж, уг мөнгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үнэлгээ хийлгэх зардалд төлсөн 300000 төгрөг нь гэм хорын хохиролд шууд хамаарахгүй юм.

14. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Б.*******оос эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4,845,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

15. Нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 92,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.*******оос эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4,845,000 /дөрвөн сая найман зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.*******оос 92,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                     Б.БЯМБАСҮРЭН

 

Б.ХИШИГДАВАА