Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 207/МА2023/00031

 

2023 04 06 207/МА2023/00031

 

 

 

Н.Э-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Б.О-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Б.О даргалж, Ерөнхий шүүгч Б.Б, шүүгч С.У нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/..... дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.О-д холбогдох,

Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын гаргасан давж заалдсан гомдлын үндэслэн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-, нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний төрсөн ах Н.Г 2022 оны 08 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө миний эзэмшлийн П маркийн ...... ОРО улсын дугаартай авто машиныг маань бариад О аймаг Б сумын Н багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Өндөр Н нэртэй хүнсний дэлгүүрийн урд талын хатуу хучилттай замын баруун гар талд түр зогсох явцад нь эгц өөдөөс нь бор шаргал зүсний хоёр морь маш хурдтай давхиж ирээд машины урд талын копутан дээр урд хоёр хөлөөрөө гишгээд машины дээврийг цөмлөж цааш буухдаа хойд цонхны шилийг үйрүүлж машинд маань их хэмжээний хохирлыг учруулсан. Тухайн үед О аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч болсон үйл явдлыг цагдаа ирж үзлэг хийж зургаар бэхжүүлж авсан. Маргааш нь буюу 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр машинд маань эвдрэл гэмтэл учруулсан хоёр тооны адууг хайгаад сураглаж яваад олоод адууны эзэн болох Б.О-той уулзаад учир байдлаа хэлээд машинаа засуулахаар засварын газруудаар явж судалгаа хийгээд төлбөр тооцоог төлөх тухай тохиролцсон боловч хэлсэн амандаа хүрэхгүй эцэст нь шүүхэд өг гэсний дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Дээрх хоёр морь машин дээгүүр харайсны улмаас машинд маань учирсан эвдрэл гэмтлүүд гэвэл, машины улсын дугаар унаж хагарсан 40,000 төгрөг, копут цөмөрч панейл төмөр нь тахийсны зэрэгцээ машины дотор талын хөгжим зэрэг эд ангиуд хоногоосоо сугарч гарч ирсэн, урд талын салхины шил хагарч шил арчигч салж унасан, машины дээвэр 4-5 газар хонхойж цөмөрч базсан цаас шиг болсон, хойд талын цонх хагарч багаж цөмөрсөн, зүүн талын шатахууны савны дээд тал цөмөрсөн зэрэг гэмтлүүд учирсан тул Б.О-ос машинд учруулсан хохиролд 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч Н.Э иргэн Б.О-ос гэм хорын хохиролд 5,000,000 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд П маркийн ...... ОРО улсын дугаартай суудлын авто машины эвдрэл гэмтлийн хохирлыг 5,000,000 төгрөгөөр тооцож нэхэмжлэл гаргасан бөгөөд машины эвдрэл гэмтлийг үнэлүүлэхэд 4.845.000 төгрөгөөр үнэлэгдэж, 300.000 төгрөгийг үнэлгээний төлбөрт төлжээ. Анх авто машины эвдрэл гэмтлийн үнэлгээ гэж 5,000,000 төгрөг шаардсан шаардлагаа 4,845,000 төгрөг болгон багасгаж үнэлгээний төлбөрт төлсөн 300,000 төгрөгөө нэмж нийт 5,145,000 төгрөг гаргуулан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

......Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2018 оны 239 дугаартай тогтоолоор баталсан дүрмийн 26.6-д зааснаар харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно. Харин зам хөндлөн тууж гаргах зайлшгүй тохиолдолд замын дагуу хоёр тийш тээврийн хэрэгсэл ирэх зүгт гэрэл (дэнлүү) буюу гэрэл ойлгуур барьсан хүн хашиж гаргана гэж заасан байхад адуунууд нь сул чөлөөтэй явж байсан. 26.8-д Ердийн хөсгөөр хөдөлгөөнд оролцох, замаар мал туухад дараах зүйлийг хориглоно. Үүнд а/ уналга, эдэлгээнд гүйцэд сургаагүй (номхроогүй) ердийн хөсгөөр замын хөдөлгөөнд оролцох; б/ ердийн хөсгийн овроос уртаашаа буюу өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачаа тээвэрлэх; в/ суурин газрын доторх замд ердийн хөсгийг давхиулах; г/ согтуурсан буюу мансуурсан үедээ замаар мал туух; д/ зам дээр ердийн хөсөг, малыг хараа хяналт, эзэнгүй орхих гээд тус тус заасан байгаа. Мөн Зөрчлийн тухай хуулийн 13.4 дүгээр зүйлийн 5-д мал бүхий иргэн хуулиар хүлээсэн бусад үүргээ биелүүлээгүй бол бусад хохирол нөхөн төлбөрийг гаргуулж торгоно гэсэн зохицуулалт байгаа. Гэвч О тохиръё гээд Зөрчлийн тухай хуулиар шийтгүүлээгүй. Энэ нь хэний адуу юм бэ гэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээрээ бичсэн байгаа хаягт Оынх байдаг юм байна лээ. Мөн Оын 2021-2022 оны малын А дансанд тухайн адуу тоологдсон байгаа. О ч гэсэн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр цагдаагийн газарт тухайн адуунаас болж машинд гэмтэл учирсан тухай бичсэн бичиг байгаа. Өмнөх шүүх хуралдаанд машин жолоодож явсан хүн машин жолоодох эрхтэй байсан эсэхийг тодруулсан. Тэгвэл машин жолоодох эрхийн лавлагаа ирсэн байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.О- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Нэхэмжлэгч Н.Э нь бусдад жолоо шилжүүлсэн байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг жолоодож байгаа жолооч жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн байх ёстой байтал даатгал хийлгээгүй. Хэрвээ даатгалд хамрагдсан байсан бол энэ тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн мөнгийг даатгалаас нөхөн төлөх байсан. Машин хатуу хучилттай зам дээр зогсоогүй, зогссон бол гэрлээ унтраах ёстой, гэрлээ унтраагаагүйгээс болоод тухайн адуу юм харж чадахгүй байсан учраас дээгүүр нь харайсан. Тухайн осол гарсан газар нь мянганы зам биш, Н багийн замд адуу мал зорчдог, хотын захад байдаг, хуульд мянганы зам дээр шөнийн цагаар малчин малаа 1000 метрийн дотор хариулахыг хориглосон. Мөн хариуцагчийг буруу тодорхойлсон. Тухайн адууг эзэмшигч нь Төрөө Төрмөнх гэх залуугийн азарга байдаг. Цагдаа дээр асуудал үүсээд гомдол гаргаад явахад О над дээр байж байгаад ийм юм болчихлоо, тийм учраас хоорондоо ярилцаж тохироод 1.400.000-1.800.000 төгрөгийн хохирол нэхсэнийг төлөхөөр тохирч байсан боловч үнэлгээгээр 5.100.000 төгрөг нэхэмжилж байгаа учраас энэ адуу нь хүний адуу, мөн шөнийн цагаар болсон асуудал учраас төлөх шаардлагагүй гэж үзсэн. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд малыг замын дагуу тууж явахыг хориглоно гэсэн малыг туухтай холбоотой заалт байгаа. Тухайн үед малыг тууж яваагүй. Тэгэхээр шөнийн цаг учраас хариулаагүй явж байсан. Өөрсдөө машиныхаа гэрлийг унтраагаагүйгээс болж морь дээгүүр нь давж гарсан нөхцөл байдал үүссэн. Тухайн үед байсан камерын бичлэгт машины гэрэл асаалттай байсан нь харагддаг. Нохойд хөөгдсөн юм уу, хүнд хөөгдсөн юм уу маш хурдтай явж байгаад урдаас нь гэрэл тусангуут машин дээгүүр харайгаад гарсан. Тухайн машинд их хэмжээний цахилгааны гэмтэл учирсан гэж хэлээд байгаа. Цагдаа иртэл ямар нэгэн зүйлээр бүтээгээд өөрийн эд хөрөнгөө хамгаалах үүргээ давхар гүйцэтгээгүй байна. Иймээс их хэмжээний хохирол төлүүлэх гээд байгаа нь үндэслэлгүй байна. Тухайн малыг хариуцагч О тууж яваагүй гэдэг нь тодорхойлогддог. Замын хөдөлгөөний дүрмийн 26.8-д мал зориуд зам руу тууж авч очоогүй, зам руу явуулаагүй энэ нь шөнийн цагаар байсан. Мөн малын А дансанд машин шиг тийм маркийн тийм машин гэж байгаа юм шиг тийм зүсмийн, тийм адуу гэсэн зүйл огт байхгүй. Малын А дансыг шүүгээд үзэх юм бол О энэ адууны эзэн биш. Мөн тухайн цагдаагийн байгууллагад 2-3 удаа харилцан тохирч гараар бичсэн бичиг байсан. Гэхдээ ямар нэгэн дардас, тамга, тэмдэг байдаггүй, нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтээр гарсан 4.845.000 төгрөгийг хэтэрхий өндөр гарсан гэж үзэж байна. Хэрвээ нэхэмжлэгч тээврийн хэрэгслээ даатгуулсан, жолоочийн хариуцлагын даатгалтай байсан бол хохирол бүрэн төлөгдөх боломжтой байсан гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/..... дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч Б.О-ос эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол 4.845.000 /дөрвөн сая найман зуун дөчин таван мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О-ос 92.470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Эд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э- давж заалдсан гомдолдоо:

...Адуу болон малыг шөнийн цагг хариулага шаарддаг МУ-ын замын хөдөлгөөний гол дүрэм бол хот хооронд буюу мянганы гэх тодотголтой хатуу хучилттай хурдны замруу малчин малыг ЮООм ойртуулахгүй зам гаргах бол дүрэм журмыг баримтлан тууж гаргах ёстой байдаг. Гэхэд нэхэмжлэгчийн хэлснээр хотын захад хатуу хучилттай зам дээр ч биш замын хажууд тухайн тээврийн хэрэгсэл зогсож байхад уг үйл явдал болжээ. Адуу нь бусад малыг бодвол шөнийн цагг хашдаггүй, хотолдоггүй, хариулага шаарддаггүй онцлогтой мал билээ. Гэтэл ажил амралтын цагт заасны дагуу гэртээ амарч байсан Б.О- нь тухайн болсон үйл явдалд ямар нэгэн үйлдэл эс үйлдэхүй байхгүй билээ. Өөрөөр хэлбэл автомашин дээгүүр харайсан гэх адуу нь өөрийн дураар идээшилж хондог бөгөөд хэдэн уул дамнаж бэлчих хотын захруу орох зэрэг нь өөрийнх нь дурын асуудал юм. Хэрэв өдрийн цагт хариулагагүй байлгаж байгаад малчны зүгээс хараа хяналтгүй эзэнгүй зам дээр орхиж буруутай үйлдэл гаргасан бол хариуцлага хүлээх нь заалшгүй юм. Гэвч нэхэмжлэгч уг автомашиныг зээлээр авсан гэх бөгөөд автомашины даатгалд 100% хамруулсан байх учиртай. Даатгалын газраас ямар нэгэн төлбөр авсан байх учиртай энэ талаар анхан шатны шүүх анхааран үзсэнгүй. Хариуцагч нь нэхэмжлэгчийг анх өөр дээр нь ирэхэд үнийн дүн бага хэлж дээр нь цагдаагийн байгууллагаас шахаж шаардаж эрх зүйн ойлголтгүйн улмаас цагдаагийн байгуулагад төлбөр төлөх талаар бичсэн байдаг. Гэвч уг нотлох баримтуудыг хавтас хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд гаргаагүй байдаг. Анхан шатны шүүхээр шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Эрдэнэжавхлан нь бусдад жолоо шилжүүлсэн асуудлыг огт хөндөөгүй байдаг бөгөөд замын хөдөлгөөний дүрэм журамд 26.6 26.8 д зааснаар үндэслэн нэхэмжлэлийг гаргаж байсан бөгөөд тэдгээр нь зөвхөн замыг хөндлөн тууж гарах тапаар үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Уг адууны эзэн нь хариуцагч Б.О-ын эзэмшлийнх биш Т.Т гэх хүнд зарагдсан мал бөгөөд энэ талаар анхан шатны шүүхэд мэтгэлцэж удаа дараа хэлсэн боловч А дансаар нотлогдож байна гэх хэрхэн нотлогдож байгааг шүүх тодруулж харгалзан үзсэнгүй. Иймд гомдолыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т заасан үндэслэлээр хянав.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх тухай хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлснээр шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Б.О-ос гэм хорын хохиролд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй тээврийн хэрэгслээ гэрлийг нь унтраагаагүй зогсоосноос адуу гэрэлд гялбаж машин дээгүүр харайж гарсан, шөнийн цаг байсан, малаа зам дээр тууж яваагүй, Б.О-ын адуу биш хүний адуу гэсэн татгалзсан тайлбар гаргаж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхэд 2022 оны 08 дугаар сарын 17-ны шөнө 01 цагийн үед нэхэмжлэгч Н.Э-ийн өмчлөлийн машиныг түүний төрсөн ах Н.Г жолоодож яваад О аймаг Б сум Н багийн нутаг дэвсгэрт байрладаг Өндөр Н хүнсний дэлгүүрийн урд талын засмал замын баруун талд түр зогсож байхад нь Б.О-ын өмчлөлийн хонгор зүсмийн азарга, хул зүсний гүү харайж гарснаар уг тээврийн хэрэгслийн копут цөмөрч панейл төмөр тахийж, урд салхины шил, хойд цонхны шил хагарч, машины дээвэр хэд хэдэн газар хонхойж, зүүн талын шатахууны савны дээд тал цөмөрсөн зэрэг эвдрэл гэмтэл учирсан, тухайн адуунууд хариуцагч Б.О-ын адуу болох нь мал тооллогын А дансаар болон гэрэл зургуудаар тогтоогдсон зэрэг үйл баримт тогтоогдсон байна.

Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд малыг замд ойрхон хараа хяналт, эзэнгүй орхихыг хориглосон байдаг ба хэдийгээр адуу нь шөнийн цагаар бэлчээрлэдэг хариулга шаарддаггүй мал боловч малын эзэн нь төв суурин газраар бэлчээрлүүлэхгүйгээр, хөдөө хээр газраар тууж гаргах үүрэгтэй. Энэ үүргийг хэрэгжүүлээгүйгээс адуу мал нь төв суурин газарт орж ирж зогсож байсан машины дээгүүр харайн гарч тээврийн хэрэгсэлд гэм хор учруулсан байх тул Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1.-д заасан амьтны үйлдлээс хүний амь, эрүүл мэндэд учирсан хохирлыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж зааснаар тухайн адууны өмчлөгч Б.О- учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э- тухайн зүйл заалтанд эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж байхгүй байгаа гэж маргаж байгаа хэдий ч иргэний эрх зүйд хуулийн зүйл заалтыг төсөөтэй хэрэглэх боломжтой юм. Нөгөө талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх зарчимтай. Хариуцагч Б.О- түүний төлөөлөгч М.Э- нарын маргаж буй татгалзлын үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, татгалзлаа нотлоогүй байна.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж, хэргийн шийдлийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э- нь хууль хэрэглээний талаар давж заалдсан гомдолд дурдаагүй ба давж заалдах шатны шүүх хэргийг давж заалдсан гомдолд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах үүргийн хүрээнд хянаж хуулийн хэрэглээг өөрчилсөн тул давж заалдсан гомдолд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 142/ШШ2022/..... дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтанд ...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д гэснийг Иргэний хуулийн 510.1. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.О

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б

ШҮҮГЧ С.У