Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/01001

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023 о      02 с       27 ө

Дугаар           101/ШШ2023/01001

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...................гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ...................-д холбогдох,

 

3,652,046 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 

366,778.11 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц , хариуцагч О, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие ............ хаягт байрлах 3 ороо орон сууцны  өмчлөгч билээ. Би 2021 оны 8-р сарын 9-ний өдөр иргэн Ганпүрэвийн Оргилболдтой 21/1 дугаартай Орон сууц түрээслүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, өөрийн өмчлөлийн орон сууцаа түрээслүүлсэн. Орон сууцыг Оод хүлээлгэн өгөх үедээ 21/1 дугаартай 3 өрөө орон сууцыг гэрээний дагуу бүрэн бүтэн хүлээлгэн өгөх болон хүлээн авах акт үйлдсэн. Тус актад 25 нэр зүйлийн түрээсийн 11 байрны тоноглол эд зүйлийн 23 нь онц үнэлгээтэй байсан ба 2 зүйл /ханын обойнууд, ванны өрөөний плитанууд/ нь сайн гэх үнэлгээтэй байсан. Тодруулбал ванны өрөөний плитанууд сайн гэх үнэлгээтэй бөгөөд бага зэрэг цууралтгүй байсан ба бусад төрлийн эд хөрөнгийн элэгдэлгүй байсан болох нь харагддаг. О нь орон сууцанд гэрээгээр тохиролцсон 1 жилийн хугацаанд суусны дараа утсаар холбогдож дараагийн байраа олтлоо барьцаа мөнгөндөө дахин 1 сар сууя гэсэн тул түүний гуйлтыг зөвшөөрч  орон сууцыг 9-р сарын 6 -д суллаж өгөх талаар өдөр тохирч орон сууцыг хүлээлцэхдээ акт үйлдэхээр тохиролцсон. Гэвч О түрээслүүлэгч надад мэдэгдэхгүйгээр дээрх хугацаа дуусгавар болохоос орон сууцыг гэр бүлийн хамт орхин явсан талаараа утсаар шидэгдэж түлхүүрээ ав гэсэн. Нэгэнт орон сууцанд байсан хүмүүс гарсан тул орон сууцыг хүлээлцэх гэрээний заалтыг сануулж Ооос түлхүүрээ авахаар хамт орж шалгахад:

- Бүх өрөөний ханын цаасыг арчиж цэвэрлээд арилахгүй өнгийн бал фламастераар зурж гэмтээснээс  гадна дахин нааж болохгүйгээр урж цаад хана нь харагдаж байсан, ханын гоёлын 11 плитануудыг хагалж хаясан. Гал тогооны өрөөний 2 багана хананы будаг халцарч, ханын плита хагарсан, тавилгын чулуун тавцангууд хагарсан. Гал тогооны өрөөний хаалганы аркны гоёлын хүрээг хугалаад хаясан, плитка шарах шүүгээг ажиллагаагүй болгож том ширмийг шатааж ажиллагаагүй болгосон, цонхны жалюзан хөшгийг урж углуургаар нь эвдээд балкон дээр гаргаж хаясан, 2 жижиг өрөөний ханын цаас урагдаж хаалга хөшиж эвдлэн цоожнуудыг эвдсэн, цонхны жалюзан хөшгийг урж углуургаар нь эвдээд балкон дээр гаргаж хаясан, том өрөөний ханын цаас урагдсан. хаалганы аркны гоёлын хүрээг хугалаад хаясан. Ванны угаалтуур хагарсан, ванны крант дүшний холигчуудыг хугалснаас ус гоожоод тогтохгүй болгосон. Гэрлүүд бүгд шатсан. Түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бүх өрөөний вакум цонхонд хамгаалалтын төмөр тор хүчээр өрөмдөж суулгасан. 3 сарын СӨХ болон байр цахилгааны мөнгө төлөөгүй байсан тул Оод хохирлыг барагдуулах тухай хэлэхэд маргааш дахин уулзаад мөнгөн хохирлыг нарийн тооцоод барагдуулъя би яарч байна гээд явсан. Маргааш нь утасдахад хохирол барагдуулж чадахгүй заргалдаад аваарай гээд эхнэрийн хамт утсаа авахгүй санаатай зугтааж эхэлсэн. Ингээд албан ёсоор үнэлгээний байгууллагад хандаж учирсан бодит хохирлын үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээний тайлангаар 3,136,949 төгрөгийн хохирол учирсан болохыг тодорхойлсон. Мөн О нь орон сууцыг түрээслэн суусан сүүлийн 2 сарын хугацаанд нийт 122.876.78 төгрөгийн цахилгаан, контор, СӨХ-ийн төлбөрийг төлөхгүйгээр орхиж явсан. Тодруулбал, цахилгааны төлбөрт 2022 оны 8 сард 6,270 төгрөг, 8 сард 29,071 төгрөг конторын 8-р сарын төлбөрт 32,335.99 төгрөг 2022 оны 7.8.9 дүгээр саруудын СӨХ-ны төлбөрт тус д ус 18,400 төгрөг буюу 55,200 төгрөг төлөх ёстой байсан эдгээр төлбөрөө төлөхгүйгээр түрээслүүлэгчийн намайг ашиглалтын өр төлбөр үлдээгээд явсан. Талуудын байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.1-д Түрээслэгч нь энэхүү гэрээнд заасан зориулалт, нөхцөлийн дагуу ариг гамтай эзэмшин ашиглаж, бүрэн бүтэн байдал, чанар, өнгө үзэмжийг хэвийн хэмжээнд байлгах үүрэгтэй гэж, мөн 3.4.8-д өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас болон гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас түрээсийн байр, барилга болон бусад эд хөрөнгөд хохирол учруулбал учирсан хохирлыг нэн даруй тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр бүрэн төлж барагдуулах, эсвэл ижил төрлийн эд хөрөнгөөр солих үүрэгтэй, 3.4.13-д барилгын ашиглалт тохижилт, үйлчилгээнд сөрөг нөлөөлөх үйлдэл гаргахгүй байх үүрэгтэй гэж тус тус заасан бөгөөд О нь эдгээр үүргээ зөрчсөн тул орон сууцыг түрээслэн суусан хугацаандаа миний орон сууц болон өмчид учруулсан хохирол, орон сууцны 3 сарын СӨХ-ийн мөнгө, байр, цахилгааны мөнгө, мөн миний шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гаргасан зардлыг барагдуулж өгөх учиртай. Иймд Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2-д "Түрээслүүлэгч өөрт учирсан хохирол, хэтэрсэн хугацааны түрээсийн төлбөрийг нөхөн төлөхийг шаардаж болно гэж талуудын байгуулсан түрээсийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.2-д түрээслүүлэгч нь "Түрээслэгчийн буруутай үйл ажиллагаанаас барилга түүнд хамрагдах бусад тоног төхөөрөмж, эд анги түрээсийн байр болон талбайд   талбайд байрлах түрээслүүлэгчийн эд хөрөнгөд эвдрэл гэмтэл учирсан тохиолдолд учирсан хохирлын хэмжээг баримтад үндэслэн тогтоож, түрээслэгчээр хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж тус тус заасныг үндэслэн Ооос орон сууцанд учруулсан хохиролд 3.136,949 төгрөг үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-д төлсөн 245,280 төгрөг, цахилгаан контор СӨХ-ийн төлбөрийн үлдэгдэл 122,876.78 төгрөг буюу нийт 3,505,105.78 төгрөгийг гаргуулан иргэн Ц  надад олгуулж өгөхийг хүсье.

2021.08.10-наас 2022.08.10 хүртэл 1 жилийн хугацаатай гэрээ байгуулсан, барьцаанд мөнгө 1,000,000 төгрөг, сард 1,000,000 нийт 13,000,000 төгрөг авсан, хариуцагч 2022.09.08-нд нүүсэн байсан, би утасдаж байж түлхүүрээ 2022.09.09-нд авсан. Манайх 1993 онд байрандаа орсон, 2018 онд их засвар хийсэн байр...” гэв.

 

Хариуцагч О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие эхнэр 4 хүүхдийн хамтаар (2 том 8 настай ихэр, 2 бага 3 настай ихэр) 2021 оны 8-р сарын 9-ний өдөр иргэн Ц гийн ............ жилийн хугацаатай түрээсэлж байсан.Анх түрээслүүлэгч талаас багадаа 2 жилээр түрээслүүлнэ, гэрээгээ 1 жилээр хийгээд сунгана гэж тохиролцсон. Байр хүлээлгэж өгөхдөө байрны ерөнхий засвар маш муу сан болон обой олон жил болсон, засвар хийх шаардлагатай байсан ба түрээслүүлэгч талд учирлан хэлэх гэсэн боловч огт хүлээж аваагүй ба бүх ид зүйлсээ онц сайн гэж хүчээр тэмдэглээд гэрээ байгуулсан. Учир нь манай хүүхдүүдийн сургуультай ойрхон байсан тул нэг их маргалдалгүй нүүж өрсөн юм. Мөн анх орохдоо олон жоохон хүүхэдтэй учир обой дээр зурах, хуулж магадгүй та хүлээн зөвшөөрөх үү гэж тохиролцож зөвшөөрлийг нь авч орсон. Тухайн үед миний ээж Бэххуягийн Болор хажууд гэрчээр зогсож байсан. 2022 оны 8 сарын 9-ний өдөр буюу гэрээ дуусах ба түрээс төлөх өдөр үргэлжлүүлэн түрээс төлж сунгахаар утсаар холбоо барьсан боловч, “түрээслэхээ больж байгаа гэсэн ба учрыг асуухад их засвар хийж гэр бүлийн хүн нь өөрөө амьдрахаар болсон гэж хариу өгсөн ба биднийг гэнэт байраа суллаж өгөхийг шаардсан. Гэвч биднийг гаргаад илүү өндөр үнээр түрээслэхээр вэбсайт дээр зар тавьсан байсан. Нэхэмжлэлдээ, ”барьцааны мөнгө болох 1 сая төгрөгөөр нэг сар сууя” гэж гуйсан нь ор үндэслэлгүй мөн би тэгж утсаар тохиролцоогүй. Бидэнд нүүхэд багадаа 14-30 хоног хэрэгтэй дараагийн байраа олтол хугацаа өгнө үү гэж ярьсан тохиролцсон. Орон сууц түрээслэх 21/1 дугаартай гэрээний 3.2.2. “Барилгыг бүхэлд нь буюу хэсэгчлэн түрээсийн байрыг шүүхийн шийдвэрээр төлбөрт хураалгах болсон, битүүмжлүүлсэн, зээлийн барьцаанд тавьсан, өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн, эдгээртэй адилтгах бусад нөхцөл байдал бий болсон, мөн байранд их засвар хийх шаардлагатай болсон зэрэг түрээслэгчийн ашиг сонирхлыг хөндсөн аливаа үйл явдлын талаар түрээслэгчид албан ёсоор урьдчилан 1 /нэг/ сарын өмнө мэдэгдэх гэсэн заалтыг зөрчин санаатайгаар гэрээ дуусгавар болсон өдөр их засвар хийж өөрсдөө амьдрах болсон гэх нэрийдлээр биднийг нүүхийг шаардсан ба дараагийн байраа олох хугацаанд барьцааны мөнгийг санаатайгаар буцаан олгоогүй. Бид 2022 оны 9 сарын 2-д байраа чөлөөлөн хүлээж авахыг хүссэн боловч ажилтай байна гэх нэрийдлээр санаатайгаар хойшлуулан 9 сарын 9-д буюу гэрээ дууссанаас яг нэг сарын дараа хүлээж авсан байдаг. Нэхэмжлэлд бичсэнчлэн “түрээслүүлэгч надад мэдэгдэхгүйгээр дээрх хугацаа дуусгавар болохоос өмнө орон сууцыг гэр бүлийн хамт орхин явсан талаараа утсаар мэдэгдэж түлхүүрээ ав гэсэн” гэсэн нь барьцааны 1 сая төгрөгийг санаатайгаар 1 сарын хугацаа болгож, барьцааны мөнгийг өгөхгүй гэсэндээ манайхыг хугацаанаасаа эрт нүүсэн гэж хэлсэн байна. 2022 оны 9 сарын 9-д байраа хүлээлцсэн ба орж ирэв үү гүү юү огт миний тайлбарыг хүлээн авахгүй мөн харилцан яриа байхгүй бүх юм эвдэрсэн байна бүтэн засвар хийж өг гэж тулгасан. Анх орохдоо хүүхдүүд учраас обойн дээр зурдаг шүү гэдгийг хүлээн зөвшөөрөөд орсон гм. тайлбар хэлэх гэсэн боловч огт миний байр суурийг хүлээж авахгүй байсан. Мөн бидний буруугаас болж эвдрээгүй эд зүйлсийг төлж өгөхийг шаардан дайрсан. Миний бие танайх угаасаа засвар хийх гэж байгаа юм чинь материалын мөнгөө бодоод надад хэлээрэй тохиролцъё гэсэн боловч, намайг өөрөө гардан манай байрыг засаж өгөхийг шаардан бүрэн засвар хийсэн байр хүлээж авна гэсэн учир тохиролцож чадаагүй. Би ажил ихтэй зав гарахгүй, танайх засвараа өөрсдөө хий би эвдэрсэн материалын мөнгийг төлье гэсэн боловч “танай хэрэглэсэн муухай зүйлд бид гар хүрэхгүй арчаагүй заваан айл, эхнэр чинь урлагийн хүн байж хүүхдүүдээ захирч хянаж чанахгүй” гм. доромжилсон. “ Бүх өрөөний ханын цаасыг арчиж цэвэрлээд арилахааргүй өнгийн бал, фламастераар зурж гэмтээснээс гадна дахин нааж болохгүйгээр урж цаад хана нь харагдаж байсан.” Анх орохдоо бага насны хүүхдүүдтэй учраас тийм зүйл гарна гэдгийг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн. “Ханын гоёлын плитануудыг хагалж хаясан. Хүлээн зөвшөөрч байна 4 ширхэг Тал тогооны өрөөний 2 багана хананы будаг халцарч, ханын плита хагарч, тавилгын чулуун тавцангууд хагарсан.“ Хүлээн зөвшөөрөхгүй, гал тогооны будаг анх байсан тэр чигээрээ байгаа, ханын плита хагараагүй мөн тавилгын чулуун тавцан анх ороход л хоорондоо салдаг байсан. Тал тогооны өрөөний хаалганы аркны гоёлын хүрээг хугалаад хаясан.” Хүлээн зөвшөөрч байна. Плитка шарах шүүгээг ажиллагаагүй болгож том ширмийг шатааж ажиллагаагүй болгосон.” Хүлээн зөвшөөрөхгүй шарах шүүгээ хэвийн ажиллаж байгаа, анхнаасаа сэнс нь чимээтэй байсан. Том ширэм нь эвдэрсэн нь үнэн, олон жил болсон тул хугацаа нь манайх түрээсэлж байхад дууссан. “Цонхны жалюзан хөшгийг урж углуургаар нь эвдээд балкон дээр гаргаж хаясан” Ямар хүнд хэрцгий үг сонгодог юм бэ. Хүнийг буруутгахын тулд худал мэдүүлсэн байна. Хөшиг нь нар хаахгүй эвдэрхий бидний хэрэгцээнд нийцэхгүй байсан тул шрүпээр нь тайлан авч хадгалсан ба өөрсдийн хөшгийн зам тогтоож хөшиг хийсэн. Ямар ч хүн хүний түрээсийн байрны хөшгийг углуургаар нь хүчээр эвдээд балкон дээр хаяхгүй. “2 жижиг өрөөний ханын цаас урагдаж, хаалга хөшиж эвдлэн цоожнуудыг эвдсэн.” Обой дээр анх орохдоо хэлж тохиролцсоны үндсэн дээр нүүж орсон. Жижиг өрөөнийх нь цоож хаагдахаараа гаднаасаа онгойдоггүй хаалганы бариул нь ажилладаггүй анхнаасаа эвдрэлтэй байсан. Анх орсон өдрөө манай 2 настай хүүхэд ороод түгжигдсэн. Тухайн үед түрээслүүлэгч руу залган учир байдлыг хэлэхэд хүүхэд гацсан бол эвдлээд ор гэж зөвшөөрөл өгч байсан. Гэвч бид эвдлээгүй халбагаар түгжээг хөшиж онгойлгон, түүнээс хойш халбагаар хөшиж онгойлгодог болсон.  “Том өрөөний ханын цаас урагдсан, хаалганы аркны гоёлын хүрээг хаясан.” Хаалганы гоёлын хүрээ нь 20-с дээш жил болсон маш муу материалаар хийгдсэн одоо ашиглалтаас гарсан хүрээ байдаг. Маш мөчидхөн тогтоосон байсныг миний бие шингэн хадаасаар нааж тогтоож засаж байлаа. “Ванны угаалтуур хагарсан, ванны крант дүшний холигчуудыг хугалснаас ус гоожоод тогтохгүй болсон.” Ванны угаалтуур хагараагүй байгаа энэ бол гүтгэлэг, ванны крант холигч эвдэрсэн хүлээн зөвшөөрч байна.

-Гэрлүүд бүгд шатсан” юуны гэрэл вэ? Хэдэн ширхэг гэрэл вэ? Биднийг гарахад бүх гэрэл асаж байсан, энэ бол гүтгэлэг.

-“Түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бүх өрөөний вакум цонхонд хамгаалалтын төмөр тор хүчээр өрөмдөж суулгасан.” Хүүхдүүдийнхээ аюулгүй байдлын төлөө хүүхдийн хамгаалалт мөн хогийн цэг цонхон доор байдаг учраас ялааны торыг мэргэжлийн баЙ1ууллагаар 210,000 төгрөгөөр хийлгэж байсан. Дараагийн түрээслэгчид хэрэгтэй, харин ч баярламаар юм.

Миний бие, түрээслүүлэгч тал илтэд миний буруугаас болж эвдрээгүй зүйлийг түлүүлэх зорилготой, магадгүй 20-с дээш жил засвар үйлчилгээ хийгээгүй, хүний ая тух аюулгүй амьдрах шаардлагад нийцээгүй байраа манай гэр бүлээр засуулах гэж байгаад санал нийлэхгүй байна. Мөн санаатайгаар барьцааны мөнгө завшиж засвар үйлчилгээндээ оруулан тооцохгүйгээр бүтэн засварын мөнгө нэхэж байгаа нь өөрөө шунахай сэдэлтэй байгаад санал нийлэхгүй байгаа тул үнэн зөвөөр шүүж өгнө үү.

Анх 2 жил түрээсэлнэ гэж ярьж байсан, 1 жилээр гэрээ хийсэн, анх ээжтэйгээ хамт хүлээж авсан, плита зарагдахаа больсон олон жил болсон плита байсан, 4 хүүхэдтэй гэдгээ хэлж байсан, обой дээр зурна гэж хэлж байсан. Хуучин, засваргүй байр байсан. Угаалтуурын бохирын хоолой эвдэрсэн байсан. Анх хүлээлгэж өгч байхдаа өөрөө онц сайн гээд зураад, надаар гарын үсгээр зуруулсан. Би хүүхдийн сургуультай ойр байсан учир ийм зүйл болно гэж бодолгүй зурсан. Гал тогооны чулуун тавцан хагарсан байсан, өмнө нь байсан бүх хохирлоо нэхэж, гүтгэж байгааг зөвшөөрөхгүй. 2 холигч 105,000 төгрөг, плита 4 ширхэг, 36,000 төгрөг, 4 ширхэг ханын гоёлын плита 8,000 төгрөгөөр 32,000 төгрөг, хаалганы аркны хүрээ 150,000 төгрөг, суултуурын таг 18,750 төгрөг, 8 сарын цахилгааны төлбөр болох 6,270 төгрөг, 8 сарын хэрэглээний зардал 32,335.99 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 7, 8 сарын төлбөр 36,800 төгрөг, нийт 417,156 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тааз, ханын эмульс хэвийн байсан. Байрандаа засвар хийж зарах зорилгоор гэрээгээ сунгаагүй, үнэгүй зар дээр байраа зарах зар тавьсан байна лээ, одоо болтол тэр зар нь байж байгаа. Хуучин байранд шинэ засвар хийх зорилготой бидэнд байраа хөлслүүлсэн гэж үзэж байна, бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Ц гийн иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Орон сууц түрээслэх гэрээ болон өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар 4 хуудас, ............ өрөө орон сууцыг гэрээний дагуу бүрэн бүтэн хүлээлгэн өгөх болон хүлээн авах акт 2 хуудас, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан 4 хуудас, бэлэн мөнгөний орлогын баримт 1 хуудас, төрийн банкны байрны төлбөрийн баримт 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, фото зураг 2 хуудас, зарлагын баримт 1 хуудас, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга 1 хуудас, хөшиг засварын газар үйлчилгээ хийлгэсэн гэх зураг 1 хуудас, хими цэвэрлэгээ №393-395 дугаартай төлбөрийн баримт 1 хуудас, фото зураг 17 хуудас, Ашид билгүүн ХХК-ийн албан бичиг 1 хуудас, ОСНААУГ-ийн төлбөрийн нэхэмжлэх 7 хуудас.

 

Хариуцагчаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл баримт 1 хуудас, Төрийн банкны төлбөрийн баримт 1 хуудас, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын тайлан 1 хуудас,

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц  хариуцагч Оод холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол болох 3,505,106 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 146,940 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 3,652,046 төгрөг нэхэмжилсэн ба энэ шаардлагаа дэмжиж байна.

 

Хариуцагч “бага насны хүүхдүүдтэй учир обойг урах, зурах магадлалтай гэдгээ хэлсэн, зарим зүйлийн чанарыг муутгасан нь үнэн, бүгдийг муутгаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 417,156 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бусад хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Ц  ................. тоот орон сууцны өмчлөгч болох нь орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-9 ар тал/

 

 

 

Ц , О нар 2021 оны 08 сарын 09-ний орон сууц хөлслөх гэрээг 2021 оны 08 сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 сарын 10-ны өдөр хүртэлх хугацаатай байгуулсан байх бөгөөд хөлслүүлэгч өөрийн өмчлөлийн ........... тоот байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг хөлслөгчид гэр бүлээрээ амьдрах зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлэн өгөх, хөлслөгч нь хүлээн авч эзэмших, сард 1,000,000 төгрөг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахаар заасан байна. /хх-6-10/

 

Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Гэрээний дагуу хөлслүүлэгч тал болох Ц  өөрийн орон сууцыг хөлслөгчид гэр бүлээрээ амьдрах зориулалтаар шилжүүлэн өгсөн, хөлслөгч тал болох О 2021.08.10-ны өдрөөс 2022.08.10-ны өдрийг хүртэлх хөлсөнд дансаар 12,000,000 төгрөгийг төлсөн, талууд барьцаанд 1,000,000 төгрөг өгсөн байх ба гэрээг 1 сараар амаар сунгаж, 2022.09.10 хүртэл барьцааны мөнгийг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт төлж, хөлслөгч тал 2022.09.08-нд тус байрнаас нүүсэн, 2022.09.09-нд хөлслүүлэгч байрны түлхүүрээ авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэн аль нь маргаагүй.

 

Хариуцагч тал ...гэрээг 2 жилээр байгуулахаар амаар тохирсон, 2 жил болоогүй байхад байрнаасаа гаргасан... гэж тайлбарлаж байх боловч гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан байх тул уг тайлбар үндэслэлгүй ба гэрээг сунгах талаар хөлслүүлэгч талд санал гаргасан баримтгүй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ... амьдрах хугацаандаа гэрээний үүргээ зөрчиж, орон сууцыг ердийн хэмжээнээс илүү муутгаж, эд зүйлийг гэмтээсэн.. гэж тайлбарлаж байна.

 

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т Орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.2-т хөлслөгч энэ хуулийн 289.1.3, 289.1.4-т заасан үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах, мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.3-т хөлслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгө болон түүний хийц, зохион байгуулалтыг өөрчлөх буюу засахгүй байх, 289.1.4-т хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх гэж тус тус заажээ.

 

Хариуцагч хүүхдүүдийн аюулгүй байдлыг үүднээс цонхонд төмөр хамгаалалт хийсэн нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх боловч уг үйлдлийг орон сууцны хийц, зохион байгуулалтад нөлөөлөх өөрчлөлт гэж үзэхээргүй, хөлслөгч буюу О гэрээний 3.3.2-т зааснаар салган авах боломжтой аливаа эд зүйл суурилуулах эрхтэй байх тул хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалж төмөр хамгаалалт суурилуулсныг буруутгах боломжгүй.

 

Хариуцагч О шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт ... 2 холигч 105,000 төгрөг, плита 4 ширхэг, 36,000 төгрөг, 4 ширхэг ханын гоёлын плита 8,000 төгрөгөөр 32,000 төгрөг, хаалганы аркны хүрээ 150,000 төгрөг, суултуурын таг 18,750 төгрөг, 8 сарын цахилгааны төлбөр болох 6,270 төгрөг, 2022 оны 8 сарын ус, дулаан, хогны зардал болох 32,335.99 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны 7, 8 сарын төлбөр 36,800 төгрөг, нийт 417,156 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасан хохиролд гаргуулах нь зүйтэй.

 

Орон сууцны өрөөнүүдийн обой урагдсан, балаар зурсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар хариуцагч маргаагүй.

 

Хариуцагч ... бага насны 4 хүүхэдтэй, обойн дээр зурах, урах магадлалтай гэснийг хөлслүүлэгч зөвшөөрсөн... гэж тайлбарлаж байх боловч гэрээнд энэ талаар тусгаагүй, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байх тул обойг ердийн элэгдлээс илүү муутгасан гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн, шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн обой 390,000 төгрөг, обой наах хөлс 845,000 төгрөг, нийт 1,235,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

Талууд орон сууцыг хүлээлцэхдээ гал тогооны тавилгыг онц үнэлгээтэй гэж тэмдэглэсэн байх ба одоо чулуун тавцан хагарсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх  тул хариуцагчаас чулуун хавтангийн үнэд 142,324 төгрөг гаргуулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч орон сууцанд учирсан хохирлоо үнэлүүлэхээр Ашид билгүүн ХХК-д 245,280 төгрөг төлж дүгнэлт гаргуулсан болох нь түүний тайлбар, нэхэмжлэл, Ашид билгүүн ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, НӨАТ-ын буцаан олголттой ибаримт зэргээр тогтоогдож байх тул орон сууц хөлслөх гэрээний улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэгчээс гарсан зардалд тооцож хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй.

 

2022 оны 9 сард О орон сууцанд амьдраагүй тул 2022 оны 9 сарын СӨХ-нд төлөх 18,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хана тааз, тосгуур холигч, шалны плита, тагтны цонх, гэрэл зэргийг хариуцагч ердийн элэгдлээс муутгасан гэж үзэх нөхцөл байдал баримтаар болон зохигчийн тайлбараар тогтоогдохгүй байх ба Ашид билгүүн ХХК-ийн дүгнэлтэд дурдагдаж, шаардсан ажлын хөлс болох хана тааз хусаж цэвэрлэх зардал 128,000 төгрөг, замаска хийх 715,000 төгрөг, будаг хийх 20,000 төгрөг, хаалганы түгжээ солих 64,000 төгрөг, тосгуур, холигч солих 64,000 төгрөг, плита наах 10,000 төгрөг, тагтны цонх засварлах 50,000 төгрөг, материалын үнэ болох замаск 22,500 төгрөг, будаг 12,750 төгрөг, хаалганы цоож бариул 56,250 төгрөг, тосгуур 90,000 төгрөг, 2 холигч 52,500 /холигч 157,500 төгрөг нэхэмжилснээс хариуцагч 2 холигчид 105,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тул зөрүү 52,500/, хөшигний зам татуурга 30,000 төгрөг, нүдэн гэрэл 24,375 төгрөг, бусад туслах материал 50,000 төгрөгийг тус тус хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч жалюзан хөшиг хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх ба орон сууц хүлээлгэн өгөх актад хөшигнүүд гэснийг нэг бүрчлэн тодорхой тусгаагүй байх тул жалюзан хөшигтэй холбоотой 146,940 төгрөгийг хариуцагчид хариуцуулах үндэслэлгүй.

 

Иймд хариуцагч Ооос нэхэмжлэлээс хүлээн зөвшөөрсөн хохирол болох 417,156 төгрөг, орон сууцны эд зүйлийг ердийн элэгдэл хорогдлоос илүү муутгасан хохиролд 1,622,604 төгрөг, нийт 2,039,760 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,612,286 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “өөрийн амьдраагүй үеийн ус, дулаан, хогны зардалд 366,778.11 төгрөгийг төлснөө гаргуулах”-аар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ... орон сууцанд амьдарч байхад ОСНААУГ-ын байцаагч хэрэглээний зардалд 366,778.11 төгрөгийг төл гэсний дагуу төлсөн, 2021 оны 8 сарын 10-ны өдрөөс өмнө хэрэглэсэн цэвэр ус, дулаан, хогтой холбоотой учир миний бие хариуцахгүй... гэж тайлбарлаж байна.

 

О 2021 оны 08 сарын 10-ны өдөр орон сууцанд амьдарч эхэлсэн байх ба 2022.10.01-нээс 2022.10.31-ний байдлаар ванны халуун усны заалт 525, гал тогооны халуун ус 273, гал тогооны хүйтэн уч 186, ванны хүйтэн ус 933 байсан болох нь төлбөрийн нэхэмжлэхээр тогтоогдож байна. /хх-93/

           

            Хариуцагчийн төлсөн гэх 194,694.37 төгрөг нь 2022.04.01-нээс 2022.04.30-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах, 145,800 төгрөг нь 2022.03.01-нээс 2022.03.31-ний өдрийг хүртэлх хугацаанд хамаарах хэрэглээний зардлын төлбөр болох нь төлбөрийн нэхэмжлэх, шилжүүлгийн мэдээлэл, төрийн банкны баримтаар тогтоогдож байна. /хх-87-93/

 

Иймд хариуцагчийг орон сууцыг хөлслөх хугацаанд буюу өөрийн хэрэглэсэн дулаан, ус, хогны зардлыг төлсөн гэж үзэж, 366,778.11 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчээс төлсөн 76,160 төгрөг, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагчаас төлсөн 12,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийг хангасан 2,039,760 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 47,586 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Хариуцагч өмгөөлөгч Б.Наранцэцэгтэй гэрээ байгуулсан боловч өмгөөлөгчөөсөө татгалзсан болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Ооос 2,039,760 /хоёр сая гучин есөн мянга долоон зуун жар/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц д олгож, нэхэмжлэлээс 1,612,286 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Оын  хариуцагч Ц д холбогдуулан гаргасан “366,778.11 төгрөгийг гаргуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 76,160 төгрөг, хариуцагчаас төлсөн 12,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ооос 47,586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                 Д.БАТЦЭЦЭГ