Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/00899

 

 

 

 

 

 

2023 04 28 210/МА2023/00899

 

 

Ө.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/01001 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Ө.Ц-

Хариуцагч: Г.О-

Нэхэмжлэлийн шаардлага: 3,652,046 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 366,778.11 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Ц-, хариуцагч Г.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний бие Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 10 дугаар байр 304 тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцны өмчлөгч. 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Г.О-той 21/1 дугаартай орон сууц түрээслүүлэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, орон сууцаа түрээслүүлсэн. Орон сууцыг Г.О-од бүрэн бүтэн хүлээлгэн өгч, акт үйлдсэн. Тус актад 25 нэр төрлийн эд зүйлийн 23 нь онц үнэлгээтэй, ханын обойнууд, банны өрөөний плитанууд нь сайн гэх үнэлгээтэй байсан.

1.2 Г.О- нь орон сууцыг 09 дүгээр сарын 06-ны өдөр суллаж өгөх тохиролцсон боловч надад мэдэгдэхгүйгээр уг хугацаа дуусгавар болохоос өмнө гарсан. Орон сууцыг хүлээн авахад хананы цаасанд арилахгүй өнгийн фломастераар зурж гэмтээсэн, урж цаад хана нь харагдаж байсан. Ханын гоёлын 11 плитануудыг хагалсан. Гал тогооны өрөөний 2 багана хананы будаг халцарч, ханын плита хагарсан, тавилгын чулуун тавцангууд хагарсан. Гал тогооны өрөөний хаалганы аркны гоёлын хүрээг хугалсан, плитка шарах шүүгээг ажиллагаагүй болгож, том ширмийг шатааж ажиллагаагүй болгосон, цонхны жалюзан хөшгийг урж углуургаар нь эвдээд балкон дээр гаргасан, 2 жижиг өрөөний ханын цаас урагдаж хаалга хөшиж эвдлэн цоожнуудыг эвдсэн, цонхны жалюзан хөшгийг урж углуургаар нь эвдээд балкон дээр гаргасан, том өрөөний ханын цаас урагдсан, хаалганы аркны гоёлын хүрээг хугалсан. Банны угаалтуур хагарсан, крант дүшний холигчуудыг хугалснаас ус гоожиж тогтохгүй болгосон. Мөн бүх гэрлүүд шатсан. Түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр бүх өрөөний вакум цонхонд хамгаалалтын төмөр тор өрөмдөж суулгасан. 3 сарын СӨХ болон байр цахилгааны мөнгө төлөөгүй байсан тул Г.О-од хохирлыг барагдуулах талаар мэдэгдсэн. Үнэлгээний байгууллагаар дээрх хохирлыг үнэлүүлэхэд 3,136,949 төгрөгийн хохирол учирсан болохыг тодорхойлсон.

Мөн Г.О- нь орон сууцыг түрээсэлсэн сүүлийн 2 сарын хугацаанд нийт 122,876 төгрөгийн цахилгаан, контор, СӨХ-ийн төлбөрийг төлөөгүй байсан. Цахилгааны төлбөрт 2022 оны 8 сард 6,270 төгрөг, 8 сард 29,071 төгрөг конторын 8 дугаар сарын төлбөрт 32,335.99 төгрөг, 2022 оны 7, 8, 9 дүгээр саруудын СӨХ-ны төлбөрт тус тус 18,400 төгрөг буюу 55,200 төгрөг төлөх байсан.

1.3 Иймд гэрээ болон Иргэний хуулийн 326 дугаар зүйлийн 326.2 дахь хэсэгт зааснаар Г.О-оос орон сууцанд учруулсан хохиролд 3,136,949 төгрөг, үнэлгээний АБ ХХК-д төлсөн төлбөр 245,280 төгрөг, цахилгаан, контор, СӨХ-ийн төлбөрийн үлдэгдэл 122,876 төгрөг, нийт 3,505,105.78 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Миний бие эхнэр, 4 хүүхдийн хамтаар 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр О.Ц-гийн өмчлөлийн, Сүхбаатарын дүүрэг, 7 дугаар хороо, 110 дугаар байр, 304 дугаар хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг 1 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ байгуулсан. Байр хүлээлгэж өгөхдөө байрны ерөнхий засвар маш муу, засвар хийх шаардлагатай байсан. Нэхэмжлэгчид энэ талаар хэлсэн боловч хүлээж аваагүй ба бүх эд зүйлсээ онц, сайн гэж хүчээр тэмдэглээд гэрээ байгуулсан. Мөн түрээслэхдээ олон жоохон хүүхэдтэй учир обой дээр зурах, хуулж магадгүй, та хүлээн зөвшөөрөх үү гэж тохиролцож зөвшөөрлийг нь авч орсон.

2.2 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр буюу гэрээ дуусах байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс орон сууцыг суллаж өгөхийг шаардсан тул 2022 оны 09 дүгээр сарын сарын 09-ний өдөр орон сууцыг хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж өгөхөд нэхэмжлэгч нь бүх юм эвдэрсэн байна, бүтэн засвар хийж өг гэж тулгасан. Мөн бидний буруугаас болж эвдрээгүй эд зүйлсийг төлж өгөхийг шаардсан. Бид нэхэмжлэлд дурдсан хохирлыг учруулаагүй. Харин ханын цаас урагдсан, зурагдсан, зарим зүйлийн чанар муутгасан буюу 417,156 төгрөг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

3.1 Орон сууцыг түрээсэлж байхад ОСНААУГ-ын байцаагч хэрэглээний зардалд 366,778.11 төгрөгийг төл гэсний дагуу төлсөн. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс өмнө хэрэглэсэн цэвэр ус, дулаан, хогтой холбоотой буюу өөрийн амьдраагүй үеийн ус, дулаан, хогны зардалд төлсөн 366,778.11 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:

4.1 Хариуцагч нь тус орон сууцанд амьдарч байхдаа хэрэглэсэн усны төлбөрөө өөрөө төлөх үүрэгтэй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч Г.О-оос 2,039,760 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ц-д олгож, нэхэмжлэлээс 1,612,286 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.О-ын хариуцагч Ө.Ц-д холбогдуулан гаргасан 366,778.11 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 76,160 төгрөг, хариуцагчаас төлсөн 12,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.О-оос 47,586 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Ц-д олгож шийдвэрлэсэн байна.

6. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүх АБ ХХК-ийн тайланд тусгагдсан материалын хөлс 22,500 төгрөг, хана бэлтгэж цэвэрлэх 128,000 төгрөг, замаск татах 715,000 төгрөг, нийт 865,500 төгрөгийн хохирлын үнэлгээ тогтоосныг үндэслэлгүй гэж үзсэн нь обойтой холбоотой гол засварын ажлын хөлсийг нэхэмжлэгч тал дахин төлөх нөхцөл үүсгэж байна.

6.2 Гал тогооны доторх модон аркан хаалганы 2 баганын доод талын бүгдийг ховхолж модыг нь гаргаж эвдсэн тул хуучин будгийн жинхэнэ өнгө кодыг гаргаж тэр хэсгийг будаж сэргээх боломжгүй. Тиймээс аркийг бүхэлд нь шинэчилж будах шаардлага гарсан. АБ ХХК хохирлын үнэлгээний зардлыг хамгийн бага өртгөөр буюу зөвхөн гэмтсэн хэсгийн м.кв-аар тооцож ажлын хөлс 20,000 төгрөг, будаг 12,500 төгрөг, нийт 32,500 төгрөгөөр тогтоосон. Гэтэл анхан шатны шүүх уг хөлсийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэсэн нь нэхэмжлэгчийг хохироож байна.

6.3 Хариуцагч түрээслүүлэгчид бага насны хүүхдүүдтэй гэдгээ хэлэлгүй худал хэлж орон сууцыг түрээсэлсэн нь, орон сууцнаас гарахдаа өрөөнүүдийн хаалгануудыг хөшиж онгойлгож байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Хаалганы цоож ашиглах боломжгүй болсон, цэвэр модон хаалга сэнсэрч хаагдахаа больсон тул хороп болон найлейшиктай нь бүтэн солих болсон. Энэ зардал хохирогчид нэмэгдэл хохирол болно. Иймээс хохирлын үнэлгээгээр элэгдэл хорогдол тооцож тогтоосон хаалганы түгжээ солих ажлын хөлс 64,000 төгрөг, материалын хөлс 56,250 төгрөг, нийт 120,250 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

6.4 Тосгуур холигч солих ажлын хөлс 64,000 төгрөг, холигчийн хөлс 157,500 төгрөг, тосгуурын хөлс 90,000 төгрөг, нийт 211,500 төгрөгийн 105,000 төгрөгийг хариуцагч төлнө гэж хүлээн зөвшөөрсөн нь энэ эвдрэлийг хүлээн зөвшөөрснийг нотолж байна. Иймд зөрүү 106,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

6.5 Жалюзан хөшигтэй холбоотой хими цэвэрлэгээний төлбөрт төлсөн 81,040 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт, засвар үйлчилгээ хөлс 65,900 төгрөг, нийт 176,940 төгрөг төлсөн баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй нь буруу.

6.6 Хариуцагч түрээсийн байранд амьдрах хугацааныхаа 2022 оны 6, 7, 8 дугаар сарын орон сууц ашиглалт болон СӨХ-ийн 122,846 төгрөгийг төлөөгүй. СӨХ болон орон сууцны ашиглалтын төлбөр дараа сарын 15-ны өдрөөс хойш гардаг. Шүүх үүнийг анхаарахгүй уг төлбөрийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

 

6.7 Ажлын багажаас эхлээд бусад туслах материалын хөлс, чулуун тавцангаа зөөлгөж суурилуулах хөлс гэх мэт ажлын хөлс 50,000 төгрөг, унааны 100,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

7.1 Би нэхэмжлэгчийн байрыг түрээслэх үедээ түүнд эхнэр, 4 хүүхдийн хамт тухайн орон сууцанд амьдрах талаар хэлсэн. Манайх олон бага насны хүүхэдтэй учраас ханын цаас дээр зурах асуудал гарна гэдгийг амаар тохиролцсон. Би байрнаас гарахдаа хохирлыг төлөх талаар хэлсэн бөгөөд тухайн үед надаас хэдэн төгрөг нэхэмжлэхээ хэлэхгүй байсан. Тухайн үед би өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн эвдрэл гэмтлийн хохирлыг төлөх талаар хэлж байсан. Үүнээс харахад, тухайн үед тохиролцохгүй байж байгаад одоо олон сая төгрөг авах санаа байсан байна. Түрээсийн байрыг хүлээж авахдаа зураг авч баримтжуулаагүй. Нэхэмжлэгч надаас хохирол нэхэмжлэх бус ашиг хонжоо олох зорилготой. 9 дүгээр сард тус байранд амьдраагүй тул шүүх энэ талаарх төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ө.Ц- нь хариуцагч Г.О-од холбогдуулан түрээсийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 3,652,046 төгрөг гаргуулахаар үндсэн, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан орон сууцанд амьдраагүй хугацааны ус, дулаан, хогны зардалд төлсөн 366,778.11 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан. Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг болон нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан.

3. Талууд 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 21/1 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээгээр Ө.Ц- нь Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороолол, 7 дугаар хороо, 10 дугаар байр, 304 дугаар хаягт байрлалтай, 3 өрөө орон сууцыг Г.О-од 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаагаар, сарын 1,000,000 төгрөгөөр түрээслүүлэх, мөн түрээслэгч барьцааны төлбөр 1,000,000 төгрөг болон эхний хагас жилийн түрээсийн төлбөр 6,000,000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд байршуулахаар харилцан тохиролцсон. Г.О- нь гэрээний зүйл болох орон сууцыг 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хөлсөлж, Ө.Ц-д хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх 6-11/

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

5. Дээрх гэрээнд орон сууцанд хөлслөгч Г.О- ганцаараа оршин суух талаар тусгайлан заагаагүй байх тул тэрээр гэр бүлийн гишүүдийн хамт оршин суусныг гэрээний зөрчил гэж үзэхгүй.

5.1 Талууд орон сууц хөлслөх гэрээний хавсралтаар 25 нэр төрлийн эд зүйлсийг хүлээлгэн өгсөн баримт үйлдсэн /хх 10/. Уг баримтад дурдсанаар орон сууцны ханын цаасыг сайн, дотор модон хаалга, цоож, түгжээг онц, банн, душ, тоноглолуудыг онц, хөшигнүүдийг онц гэж чанар байдлыг тус тус заасан. Харин гал тогооны өрөөний доторх модон аркан хаалганы чанар байдлыг заагаагүй байна.

5.2 АБ ХХК-ийн үнэлгээний тайланд хана, тааз хусаж цэвэрлэх ажлын хөлсийг 128,000 төгрөг, замаскийн үнийг 22,500 төгрөг, будаг хийх ажлын хөлсийг 20,000 төгрөг, будгийн үнийг 12,500 төгрөг, хаалганы түгжээ солих ажлын хөлсийг 64,000 төгрөг, хаалганы цоож, бариулын үнийг 56,250 төгрөг, тосгуур, холигч солих ажлын хөлсийг 64,000 төгрөг, холигчийн үнийг 157,500 төгрөг, тосгуурын үнийг 90 төгрөг, хөшигний зам, татуургын үнийг 30,000 төгрөг гэж тус тус тусгагдсан байна. /хх 12-15/

Анхан шатны шүүх АБ ХХК-ийн үнэлгээний тайланд тусгагдсан дээрх эд зүйлсийн үнэ болон зардлыг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Учир нь, Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.1.4-т зааснаар хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй. Хэрэгт авагдсан баримтаар дээрх эд зүйлсийн чанар байдал ердийн элэгдлээс илүү муудсан гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байхаас гадна АБ ХХК-ийн үнэлгээний тайлан нь тухайн эд зүйлсийг хариуцагч нь ердийн элэгдлээс илүү муутгасан гэж үзэх үндэслэлийг бүрэн нотлохгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.3 Орон сууц хөлслөх гэрээний хавсралтад нэхэмжлэгчээс хариуцагчид жалюзан хөшиг хүлээлгэн өгсөн тухай тусгаагүй байхаас АБ ХХК-ийн үнэлгээний тайланд тусгасан хөшигний зам, татуургын үнэ 30,000 төгрөг гэснийг жалюзан хөшигтэй шууд холбоотой гэж үзэхгүй. Иймд анхан шатны шүүх жалюзан хөшигтэй холбоотой 146,940 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул жалюзан хөшигтэй холбоотой хохирол 176,940 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.4 Хариуцагч нь 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тухайн орон сууцыг хөлсөлсөн тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас уг хугацаанд хамаарах цахилгаан, ус дулаан хэрэглэсний төлбөр болон СӨХ-ны төлбөрт нийт 75,406 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.5 Түүнчлэн, тээврийн зардал 100,000 төгрөг, бусад туслах материалын үнэ 50,000 төгрөг, нийт 150,000 төгрөгийг бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд үндэслэн давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2023/01001 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН