Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 130/ШШ2023/00074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын 2 дугаар багт оршин суудаг, Х овогт Е.Ж,

Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын 2-р багт оршин суух, О овогт Т.К,

Хариуцагч: У хотын Б дүүргийн 8 дугаар хороо, 00-00 тоотод оршин суудаг, Зэвсэгт хүчний дугаар ангид жолооч ажилтай, О овогт Т.К;

Хариуцагч: Б аймгийн У сумын 2 дугаар багт оршин суудаг, Б овогт Т.П,

Хариуцагч: Б аймгийн У сумын 2 дугаар багт оршин суудаг, С овогт П.Ш,

Нэхэмжлэлийн шаардлага: 2002 онд үйлдвэрлэгдсэн, УАЗ-469 маркийн 00-00БӨА улсын дугаартай автомашин буюу 5,000,000 төгрөг, Мустанг-150 маркийн мотоцикл буюу 1,200,000 төгрөг, 5 толгой адуу буюу 7,500,000 төгрөг, 12 толгой үхэр буюу 9,600,000 төгрөг, 80 толгой хонь буюу 12,000,000 төгрөг, 60 толгой ямаа буюу 4,800,000 төгрөг, нийтдээ 40,100,000  төгрөгийн үнэтэй автомашин, мотоцикл, мал хөрөнгө гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч: Т.Кы итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Ж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Я.С,

Хариуцагч: Т.К (У хотоос цахимаар),

Хариуцагч Б.П, П.Ш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А,

Хариуцагч нарын өмгөөлөгч: К.З,

Орчуулагч: Б.Жанерке,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Е.Ж, Т.К нар нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч Т.Б, Т.Е нарт холбогдуулан Б аймгийн У сумын 2 дугаар багт байрлалтай, 42,958,238 төгрөгийн үнэтэй 100 м.кв талбайтай өвөлжөөний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 000163203 тоот эрхийн гэрчилгээтэй хувийн сууц, Б аймгийн У сумын 2 дугаар багт байрлалтай 690,000 төгрөгийн үнэтэй 460 м.кв талбайтай 031100512 тоот талбарын дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газар, 2002 онд үйлдвэрлэгдсэн, УАЗ-469 маркийн 00-00БӨА улсын дугаартай автомашин буюу 5,000,000 төгрөг, Мустанг-150 маркийн мотоцикл буюу 1,200,000 төгрөг, 5 толгой адуу буюу 7,500,000 төгрөг, 12 толгой үхэр буюу 9,600,000 төгрөг, 80 толгой хонь буюу 12,000,000 төгрөг, 60 толгой ямаа буюу 4,800,000 төгрөг, нийтдээ 83,748,238 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө, автомашин, мотоцикл, мал хөрөнгийг гаргуулан Е.Ж, Т.К нарт олгуулах тухай гэж тодорхойлсон;

Хоёр дахь удаагаа, хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нар хамтран хариуцагчаар Т.К, Ш.Б нарыг нэмж тодорхойлон, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр Т.П, П.Ш нарыг татан оролцуулан, нэхэмжлэлийн шаардлагыг Б аймгийн У сумын 2 дугаар багт байрлалтай, 42,958,238 төгрөгийн үнэтэй 100 м.кв талбайтай өвөлжөөний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 000163203 тоот эрхийн гэрчилгээтэй хувийн сууц, Б аймгийн У сумын 2 дугаар багт байрлалтай 690,000 төгрөгийн үнэтэй 460 м.кв талбайтай 031100512 тоот талбарын дугаартай эзэмших эрхийн гэрчилгээтэй, 60 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн газар, 2002 онд үйлдвэрлэгдсэн, УАЗ-469 маркийн 00-00БӨА улсын дугаартай автомашин буюу 5,000,000 төгрөг, Мустанг-150 маркийн мотоцикл буюу 1,200,000 төгрөг, 5 толгой адуу буюу 7,500,000 төгрөг, 12 толгой үхэр буюу 9,600,000 төгрөг, 80 толгой хонь буюу 12,000,000 төгрөг, 60 толгой ямаа буюу 4,800,000 төгрөг, нийтдээ 83,748,238 төгрөгийн үнэтэй үл хөдлөх хөрөнгө, автомашин, мотоцикл, мал хөрөнгийг гаргуулан Е.Ж, Т.К нарт олгуулах тухай гэж тодорхойлсон байсан.

Гурав дахь удаагаа, хэрэг хянан хэлэлцэх явцад нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг багасган өөрчилж, эцсийн байдлаар хариуцагчаар Т.К, Т.П, П.Ш нарыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг 2002 онд үйлдвэрлэгдсэн, УАЗ-469 маркийн 00-00БӨА улсын дугаартай автомашин буюу 5,000,000 төгрөг, Мустанг-150 маркийн мотоцикл буюу 1,200,000 төгрөг, 5 толгой адуу буюу 7,500,000 төгрөг, 12 толгой үхэр буюу 9,600,000 төгрөг, 80 толгой хонь буюу 12,000,000 төгрөг, 60 толгой ямаа буюу 4,800,000 төгрөг, нийтдээ 40,100,000  төгрөгийн үнэтэй буюу автомашин, мотоцикл, мал хөрөнгө гаргуулахаар тодорхойлсон болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр сайн дурын үндсэн дээр Ш.Ттай гэр бүл болсон. Өнгөрсөн хугацаанд бид хоёрын дундаас охин К 2002 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Ш.Т бид 21 жил хамт амьдарч байсан ба нөхөр Ш.Т 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өвчний учир гэнэт нас барсан. Ш.Т надтай суухаас өмнө Н гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж байсан. Н 1998 онд нас барсан байна. Ш.Т, Н нарын дундаас Т.Н, Т.Е, Т.Б, Т.К нар төрсөн. Т.Е нь С суманд нөхөрт гарч, тэндээ амьдардаг, Т.Н У сумын ХХ багийн төвд, К У хотод амьдардаг. Тэд өрх тусгаарлаж гэр бол болж тус тусдаа амьдралтай болсон. Харин Т.Б, эхнэр Б.Шы хамт, мөн  хадам ээж Б.П бидэнтэй хамт нэг гэрт амьдардаг боловч хадам ээж Б.П, Т.Б нар тусдаа өрх болж тоологдож, мал хөрөнгө тустаа тоолуулдаг юм.

1.2.Гэтэл нөхөр Ш.Т нас барсны дараа нөхрийн урьдах эхнэрээс төрсөн Т.Б, Т.Е нар намайг гадуурхаж, талийгаач бид хоёрын 21 жил хөдөлмөрлөж олсон мал, хөрөнгийг өгөхгүй, надад захиран зарцуулах эрх олгохгүй нөхцөл байдал бий болж миний бие хадмын талын хүмүүстэй тааламжгүй харилцаатай болж нэг газарт, нэг гэрт хамт амьдрах боломжгүй болсон. Иймээс 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр аймагт ирээд одоо Өлгий сумын 6 дугаар багт төрсөн ах Е.Т, бэр эгч Зоя нарын гэрт охин Т.Кы хамт түр амьдарч байна. Ингээд нөхөр амьд сэрүүн байх үед бид хоёрын хөдөлмөрөөр бий болсон мал, хөрөнгүүдийг тайван замаар өөрийн эзэмшилдээ авъя гэж хэд хэдэн удаа Өлгий сумаас У сумын 2 дугаар багт байдаг хадмынхад зорьж очсон боловч Т.Б, Т.Е нар хэл ам гаргаж, намайг доромжилж, “...та бидний ээж биш, танд манай аавын хөрөнгө, мал машин хамаагүй...” гэдэг байдлаар миний хууль ёсоор эзэмшиж байсан мал хөрөнгийг өгөхөөс татгалзсан болно.

1.3.Иймээс охин бид хоёрын манай өрхийн хууль ёсны хөрөнгө малыг бидний эзэмшилд сайн дураар шилжүүлэхгүй байгаа буюу захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байгаа учраас хариуцагч Т.К, П.Ш, Т.П нараас 5,000,000 төгрөгийн үнэтэй 00-00 БӨА улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, Уаз-469 маркийн автомашин, 1,200,000 төгрөгийн үнэтэй Мустанг-150 маркийн мотоцикл, 5 толгой адуу буюу 7,500,000 төгрөг 12 толгой үхэр буюу 9,600,000 төгрөг, 80 толгой хонь буюу 12,000,000 төгрөг, ямаа 60 толгой буюу 4,800,000 төгрөг буюу нийтдээ 40,100,000  төгрөгийн үнэтэй хөрөнгө болох автомашин, мотоцикл, малыг гаргуулан нэхэмжлэгчид Е.Ж, Т.К нарт олгож өгнө үү гэжээ

2.Хариуцагч Т.К  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

            2.1.Эцэг Ш.Т, эх Н нараас ах дүү Т.Н, Т.Е, Т.Б, Т.К бид дөрөв төрсөн бөгөөд ээж Н нь 1998 онд нас барж, бага насны 4 хүүхэд хагас өнчин байдалтай, эмээ Т.П, эцэг Ш.Т нарын асрамжид үлдсэн юм.

            2.2.Эцэг Ш.Т нь 2001 онд нэхэмжлэгч Е.Жтэй гэр бүл болсон ба нэхэмжлэгч Е.Ж нь миний хойд эх болно. Эцэг Ш.Т, хойд эх Е.Ж нарын дундаас 2002 онд дүү Т.К төрж, бид бүгд нэг гэр бүлд эцэг Ш.Т, хойд эх Е.Ж, эмээ Т.П, ах Т.Б, бэр эгч Б.Ш, дүү Б.А, дүү Т.К нарын хамт нийт 8 гэр бүлийн гишүүн амьдарч байсан болно.

2.3.Гэтэл уг гэр бүлийн 8 гишүүнээс эцэг Ш.Т 2022 оны 3 дугаар сард, ах Т.Б нь 2022 оны 10 дугаар сард тус тус нас барсан учраас гэр бүлийн гишүүдээс хасагдсан болно. Одоогийн байдлаар манай гэр бүлд Е.Ж (хойд эх), Т.К (дүү), Т.П (эмээ), Б.Ш (бэр эгч), Б.А (дүү) нарын хамт намайг оролцуулаад 6 хүн амьдарч байна.

2.4.Миний бие хугацаат цэргийн албыг хааж, улмаар гэрээт цэргээр улиран алба хааж байгаа учир Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.5-д заасан үндэслэлээр цэргийн алба хаах хугацаанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрийн ногдох хувийг авах эрхтэй байгаа билээ.

2.5.Нэхэмжлэгч Е.Ж, Т.К нарын нэхэмжлэлийн шаардлага болох У сумын 2-р багт байршилтай 42,958,238 төгрөгийн үнэтэй 100 м.кв талбайтай өвөлжөөний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 000163203 дугаарын гэрчилгээтэй хувийн сууц (байшин) У сумын 2 дугаар багт байршилтай 460 м.кв талбайтай эзэмшлийн газар бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хамгийн гол бүрдэл хэсэг юм.

Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө бол нэхэмжлэгч Е.Ж, Т.К нарт олгогдсон нөхцөлд бусад гишүүдийн амьдрах орчин, орон байрны асуудал хүндрэх төлөв ажиглагдаж байна.

2.6.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд байгаа мал, тээврийн хэрэгсэл зэрэг хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нарт тогтоогдсон үнэ ханшаар хуваарилан олгох боломжтой. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар “гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно” гэж заасан учраас У сумын 2 дугаар багт байршилтай өвөлжөөний сууц (байшин) хашаа хороо, эзэмшил газар, Уаз-469 маркийн машин, мотоцикл зэрэг хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн бүх гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болно.

2.7.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар “Гэр бүлийн бүх гишүүнд адил хэмжээгээр хуваарилагдаг” журамтай гэж үзэж байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

            3.Хариуцагч Т.П, Б.Ш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

3.1.Т.Пын төрсөн хүү Ш.Т нь өмнө Н гэх хүнтэй гэр бүл болж, түүнээс Т.Н, Т.Е, Т.Б, Т.К гэх 4 хүүхэдтэй болсны дараа эхнэр Н нь 1998 онд нас барж, багас насны 4 хүүхэд хагас өнчин байдалтай Т.Пын асрамжид үлдэж байсан.

3.2.Дараа нь хүү Ш.Т нь 2001 онд Е.Жтэй гэр бүл болж, 2002 онд тэдний дундаас охин Т.К төрсөн юм. Энэ хүмүүс бүгд нэг гэр бүлд хамтран амьдарч байсан бөгөөд хүү Ш.Ты өмнөх эхнэрийн хүүхдүүдээс Т.Н, Т.Е, Т.К нар насанд хүрч, өрх тусгаарлагдсан ба хүү Ш.Т, хоёр дахь эхнэр Е.Ж нарын гэр бүлд 2001 оноос хойш 21 жилийн хугацаанд болон одоо хүртэл Т.П, хүү Т.Б, охин Т.К, бэр П.Ш, ач А нарын хамт амьдарч байгаа.

3.3.Гэтэл гэр бүлийн гишүүдээс Ш.Т нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, Ш.Б 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус нас барсан болно. Одоогийн байдлаар тухайн гэр бүлийн гишүүд болох Т.П, П.Ш, ач охин Б.А нар Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар гэр бүлийн гишүүд гэж “гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ” гэж хуулиар тодорхойлсон учраас тэд нэг гэр бүлийн гишүүд билээ.

3.4.Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан “гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ” гэсэн заалт, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн 126.2.1-д заасан “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө”, хуулийн 126.4-д заасан “Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” зэрэг нь тухайн гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юмаа.

3.5.Нэг гэр бүлд бид бүхний хамтын амьдралтай байх хугацаанд буй болсон үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө бол талийгаач болсон (нас барсан) Ш.Т, Т.Б нарын нэр дээр бүртгэлтэй байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүд болох Т.П, П.Ш, ач охин Б.А, нэхэмжлэгч Е.Ж, Т.К нар бүгд хамтран өмчлөх дундын хөрөнгө болох бөгөөд тэд бүгд эзэмших, захиран зарцуулах, адил тэгш эрхтэй, бүгд адил тэгш хувь хүртэх ёстой гэж үзэж байна.

4.Нэхэмжлэгч нараас Б аймгийн У сумын Иргэний бүртгэлийн ажилтнаас 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олгосон ПА№04 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”, Б аймгийн У сумын Улсын бүртгэгчээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр олгосон №8334000011 дугаартай “Нас барсны гэрчилгээ”, Т.Кы “Монгол Улсын иргэний үнэмлэх”-ний хуулбар, Е..Жийн  “Монгол Улсын иргэний үнэмлэх”-ний хуулбар, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон №000163203 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, Б аймгийн У сумын Засаг даргаас 2005 оны 06 дугаар сарын 8-ны өдөр олгосон №0068776 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Б аймгийн У сумын 2-р багийн Засаг даргын 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №182 дугаартай тодорхойлолт, мөн Баян-Өлий аймгийн У сумын 2-р багийн иргэн Ш.Ты ”Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллого”-ын “А” дансны хуулбар, “АБ” ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №ҮХХ/22-0801 дугаартай  “Үнэлгээний тайлан” 16 хуудас зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн болно.

4.Хариуцагч нараас УАЗ-3119 маркийн, БӨА улсын дугаартай машины №03912232 дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ”, Т.Б, П.Ш нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Байсолтаны Азизагийн №833400100 дугаартай “Төрсний гэрчилгээ”, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон №228301005640 дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа”, Ш.Бы “Монгол Улсын Иргэний үнэмлэх”-ийн хуулбар, Б аймгийн У сумын 2-р багийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, Баян-Өлий аймгийн У сумын 2-р багийн иргэн Т.Бы ”Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллого”-ын “А” дансны хуулбар зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн болно. 

5.Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Дугаар 130/ШЗ2022/03396 дугаартай захирамжийн дагуу Б аймгийн авто тээврийн төвийн даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 262 дугаартай албан бичиг, Авто тээврийн Үндэсний төвийн “Тээрийн хэрэгслийн лавлагаа”, Б аймгийн архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №01 дугаартай лавлагаа тус тус хэрэгт авагдсан болно. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

2.Нэхэмжлэгч Е.Ж, Т.К нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... миний нөхөр Ш.Т нас барсны дараа нөхрийн урьдах эхнэрээс төрсөн Т.Б, Т.Е нар намайг гадуурхаж, талийгаач бид хоёрын 21 жил хөдөлмөрлөж олсон мал, хөрөнгийг өгөхгүй, надад захиран зарцуулах эрх олгохгүй нөхцөл байдал бий болж миний бие хадмын талын хүмүүстэй тааламжгүй харилцаатай болж нэг газарт, нэг гэрт хамт амьдрах боломжгүй болсон. Нөхөр амьд сэрүүн байх үед бид хоёрын хөдөлмөрөөр бий болсон мал, хөрөнгүүдийг тайван замаар өөрийн эзэмшилдээ авъя гэж хэд хэдэн удаа Өлгий сумаас У сумын 2 дугаар багт байдаг хадмынхад зорьж очсон боловч Т.Б, Т.Е нар хэл ам гаргаж, намайг доромжилж, “...та бидний ээж биш, танд манай аавын хөрөнгө, мал машин хамаагүй...” гэдэг байдлаар миний хууль ёсоор эзэмшиж байсан мал хөрөнгийг өгөхөөс татгалзсан тул шүүхэд хандаж байна.

3.Хариуцагч Т.К нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт зааснаар гэр бүлийн бүх гишүүнд адил хэмжээгээр хуваарилагдаг журамтай. Мөн миний бие хугацаат цэргийн албыг хааж, улмаар гэрээт цэргээр улиран алба хааж байгаа учир Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.5-д заасан үндэслэлээр цэргийн алба хаах хугацаанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрийн ногдох хувийг авах эрхтэй болно. Иймд энэхүү маргааныг зохих хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

4.Хариуцагч Т.П, П.Ш нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Нэг гэр бүлд хамтын амьдралтай байх хугацаанд буй болсон үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө бол талийгаач болсон (нас барсан) Ш.Т, Т.Б нарын нэр дээр бүртгэлтэй байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүд болох Т.П, П.Ш, ач охин Б.А, нэхэмжлэгч Е.Ж, Т.К нар бүгд хамтран өмчлөх дундын хөрөнгө болох бөгөөд тухайн хөрөнгийг гэр бүлийн гишүүд бүгд адил тэгш эзэмших, захиран зарцуулах, эрхтэй ёстой гэж үзэж байна.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

5.1.Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч Е.Ж 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Ттай гэрлэж, гэрлэлтээ 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн, хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь Б аймгийн У сумын Иргэний бүртгэлийн ажилтнаас 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдөр олгосон ПА№04 дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”-ээр,

Гэрлэгчид (Е.Ж, Ш.Т)-ийн дундаас 2002 оны 3 дугаар сарын 23-ны өдөр охин О овогт Ты К төрсөн болох нь түүний “Монгол Улсын Иргэний үнэмлэх”-ээр,

Мөн нэхэмжлэгч Е.Ж-ийн нөхөр Ш.Т 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нас барсан болох нь Б аймгийн У сумын Улсын бүртгэгчээс 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр олгосон №8334000011 дугаартай “Нас барсны гэрчилгээ”-ээр тус тус нотлогдож байна.

5.1.Б аймгийн У сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №182 дугаартай тодорхойлолтод: Тус багийн иргэн Ш овогтой Т нь 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан, ам бүл 3, эхнэр Жтэй хамт 22 жилийн турш дөрвөн улиралд хөдөө мал маллаж амьдардаг байсан. 2021 оны эцсээр нийт 157 толгой мал тоолуулсан. Үүнд: адуу-5, үхэр-12, хонь-80, ямаа-60. Ш.Ты нэр дээр Монгол голын “шанырах хороо” гэх газарт өвөлжөөний, уш хуйган “бастау басы” гэх газарт хаваржаа, намаржааны зориулалттай хашаа байшинтай, 00-00БӨА дугаартай бор өнгийн Уаз-469 машин, улаан Мустанг-150 маркийн мотоциклтэй болох нь үнэн гэсэн байна.

5.2.Баян-Өлий аймгийн У сумын 2 дугаар багийн иргэн Ш.Ты ”Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллого”-ын “А” дансанд малчин өрх, малчдын тоо 2, малчдын мэдээлэл Ш Т, Е Ж, бэлэн тоологдсон малын тоо гэдэгт: адуу-5, үхэр-12, хонь-80, ямаа-60 бүгд 157 гэж бүртгэгдсэн байна.

5.3.Б аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 0000БӨА улсын дугаартай УАЭ-31519 маркийн бор өнгийн тээврийн хэрэгсэл нь Ш овогтой Ты нэр дээр бүртгэлтэй байсан ба 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Т овогтой Байсолтаны нэр дээр шилжүүлсэн гэсэн байна. Энэ нь Авто тээврийн үндэсний төвийн “Тээврийн хэрэгслийн лавлагаа” болон №03912232 дугаартай “Тээврийн хэрэгслийн гэрчилгээ”-ээр тус тус давхар нотлогдож байна.

5.4.Нэхэмжлэгч нарын гаргаж өгсөн “АБ” ХХК-ний 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн №ҮХХ/22-0801 дугаартай “Үнэлгээний тайлан”-гийн 4.3-д: Машин, мотоциклийн үнэлгээ (зах зээлийн хандлагын аргаар)-гэдэгт: 1) 2022 онд үйлдвэрлэсэн, 2002 онд Монгол Улсад орж ирсэн, Уаз-31514 маркийн машин 5,000,000 төгрөг; 2) Мустанг-150 маркийн мотоцикл - 1,200,000 төгрөг; мөн 4.4.-д Малын үнэлгээ (зах зээлийн хандлагын аргаар)-гэдэгт: 1) Адуу-5, нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөг, нийтдээ 7,500,000 төгрөг; 2) Үхэр-12, нэг бүрийн үнэ 800,000 төгрөг, нийтдээ 9,600,000 төгрөг; 3) Хонь-80, нэг бүрийн үнэ 150,000 төгрөг, нийтдээ 12,000,000 төгрөг; 4) Ямаа-60, нэг бүрийн үнэ 80,000 төгрөг, нийтдээ 4,800,000 төгрөг гэж тус тус үнэлсэн байна.

6.Тухайн үед нас барагч Ш.Ттай хамт нэхэмжлэгч (талийгаачийн эхнэр)   Е.Ж,  талийгаачийн төрсөн охин (нэхэмжлэгч) Т.К, талийгаачийн төрсөн хүү (хариуцагч) Т.К, хариуцагч (талийгаачийн эх) Т.П, талийгаачийн хүү Т.Б, хариуцагч (талийгаачийн хүү Т.Бы эхнэр) П.Ш нар нь нэг гэрт хамт амьдардаг болох нь талуудын тайлбар болон У сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдож байна.

Тэд нэг гэрт (нэг байшинд) хамт амьдардаг боловч нас барагч Ш.Т болон Е.Ж, Т.К, Т.К нар нь тусдаа нэг өрх болж бүртгэгдэж, мал хөрөнгөө тусдаа тоолуулдаг болох нь, мөн талийгаачийн хүү Т.Б, хариуцагч (Т.Бы эхнэр) П.Ш нар нь тусдаа нэг өрх болж бүртгэгдэж, тусдаа мал хөрөнгөө тоолуулдаг болох нь доорх нотлох баримтаар нотлогдож байна.

  6.1.Б аймгийн У сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолтод: Тус багийн иргэн талийгаач Ш.Т нь эхнэр Е.Ж, хоёр хүүхэд нь Т.К, Т.К нар 2021 оны жилийн эцсийн байдлаар нэг өрхөд бүртгэлтэй. Т.К нэг өрхөд бүртгэлтэй боловч өрхийн мэдээллийн санд хаягтаа амьдардаггүй гэсэн үзүүлэлттэй. Талийгаач Т.Бы эхнэр нь П.Ш 2021 оны эцсийн байдлаар тусдаа мал тоолуулж шинэ өрхөөр бүртгүүлсэн болно. Эмээ Т.П нь өрхийн мэдээллийн санд ач хүү нь болох Т.Н-ы өрхөд бүртгэлтэй. Гэвч эдгээр хүмүүс мэдээллийн санд болон өрхийн бүртгэлд тус тусдаа бүртгэлтэй боловч амьдралдаа бүгдээрээ талийгаач Ш.Ты гэрт амьдарч ирсэн нь мөн болохыг тодорхойлов гэсэн байна.

6.2.Б аймгийн У сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолтод: Тус багийн иргэн Т.П нь ХАӨМС болон өрхийн бүртгэлд ач хүү Т.Нурсолтаны өрхөд бүртгэлтэй, Т.Б эхнэр Б.Ш хоёулаа аав ээжтэйгээ хамт амьдарч байгаад 2021 оны эцсийн мал тооллогоор шинэ өрх үүсгүүлж мал тоолуулсан болно. Гэхдээ амьдралдаа түүнээс өмнө Т.П, Т.Б эхнэрийн хамт бүгдээрээ Ш.Ты гэрт цуг амьдарч байсан нь үнэн гэсэн байна.

6.3.Баян-Өлий аймгийн У сумын 2-р багийн иргэн Т.Бы ”Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн 2021 оны тооллого”-ын “А” дансанд ам бүл 2, малчин өрх, малчдын тоо 2, малчдын мэдээлэл гэдэгт: Ты Б, П Ш, бэлэн тоологдсон малын тоо гэдэгт: үхэр-1, хонь-5, ямаа-3 бүгд 9 гэж бүртгэгдсэн байна.

6.4. Хариуцагч П.Ш, талийгаач Т.Б нар нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр олгосон “Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа”-аар, мөн тэдний дундаас 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр охин Б-ы А төрсөн болох нь №833400100 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр, мөн Т.Б нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нас барсан болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр олгосон №228301005640 дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа”-аар тус тус нотлогдож байна.

7.Эдгээр У сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтод нас барагч Ш.Ты эх Т.П нь ач хүү Т.Н-ы өрхөд бүртгэлтэй гэж тодорхойлсон боловч хөдлөнгийн бусад нотлох баримтаар  тогтоогдохгүй байна.

Харин Т.П нь нас барагч Ш.Т-тай хамт амьдарч байсан гэдэгт талууд маргаагүй, Мөн У сумын мал тооллогын “А” дансны 2021 оны баримтыг архивд шилжүүлээгүй болох нь Б аймгийн Архивын тасгийн сан хөмрөгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №01 дугаартай албан бичгээр нотлогдож байгаа тул Т.П нь тустаа мал хөрөнгөө тоолуулсан тухай нотлох баримт байхгүй болно.

8.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй”, 520.1.1-д “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүний нас барсан хойно төрсөн хүүхэд нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” гэж тус тус заасан байна.

 Дээрх нотлох баримтуудыг үндэслэн нас барагч Ш.Ты хууль ёсны өвлөгч түүний эхнэр (нэхэмжлэгч) Е.Ж, төрсөн охин (нэхэмжлэгч) Т.К, төрсөн хүү (хариуцагч) Т.К, төрүүлсэн эх (хариуцагч) Т.П нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 2002 онд үйлдвэрлэгдсэн, УАЗ-469 маркийн 00-00БӨА улсын дугаартай автомашин буюу 5,000,000 төгрөг, Мустанг-150 маркийн мотоцикл буюу 1,200,000 төгрөг, 5 толгой адуу буюу 7,500,000 төгрөг, 12 толгой үхэр буюу 9,600,000 төгрөг, 80 толгой хонь буюу 12,000,000 төгрөг, 60 толгой ямаа буюу 4,800,000 төгрөг, нийтдээ 40,100,000 төгрөгийн эд хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй болно.

Иймд 40,100,000 төгрөгийн хөрөнгийг гэр бүлийн 4 гишүүнд тэнцүү адил хэмжээгээр хуваахад нэг хүнд 10,025,000 төгрөгийн хөрөнгө оногдож байгаа тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөгийн үнэтэй адуу 4 толгой буюу 6,000,000 төгрөг, нэг бүрийн үнэ 800,000 төгрөгийн үнэтэй үхэр 7 толгой буюу 5,600,000 төгрөг, нэг бүрийн үнэ 150,000 төгрөгийн үнэтэй хонь 40 толгой буюу 6,000,000 төгрөг, нэг бүрийн үнэ 80,000 төгрөгийн үнэтэй 30 толгой ямаа буюу 2,400,000 төгрөг, нийтдээ 20,000,000 төгрөгийн эд хөрөнгийг, мөн зөрүү бэлэн мөнгө 50,000 төгрөгийг хариуцагч Т.К, Т.П нараас гаргуулан нэхэмжлэгч Е.Ж, Т.К нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 20,050,000 (хорин сая тавин мянган) төгрөг болон хариуцагч П.Ш нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

9.Хавтаст хэрэгт талуудын гаргаж өгсөн Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон №000163203 дугаартай “Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, Б аймгийн У сумын Засаг даргаас 2005 оны 6 дугаар сарын 8-ны өдөр олгосон №0068776 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээ”, Ш.Бы “Монгол Улсын Иргэний үнэмлэх”-ийн хуулбар зэрэг бичгийн баримтууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Е.Ж, Т.К нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577200 төгрөгөөс нэхэмжлэлийн шаардлага 40,100,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 358450 төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 218750 төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан, мөн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох 258200 төгрөгийг хариуцагч Т.К, Т.П нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-ийг баримтлан хариуцагч Т.К, Т.П нараас адуу 4 толгой буюу 6,000,000 төгрөг, үхэр 7 толгой буюу 5,600,000 төгрөг, хонь 40 толгой буюу 6,000,000 төгрөг, 30 толгой ямаа буюу 2,400,000 төгрөг, нийтдээ 20,000,000 (хорин сая) төгрөгийн эд хөрөнгийг, мөн зөрүү бэлэн мөнгө 50,000 (тавин мянган) төгрөгийг хариуцагч Т.К, Т.П нараас гаргуулан нэхэмжлэгч Е.Ж, Т.К нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 20,050,000 (хорин сая тавин мянган) төгрөг болон хариуцагч П.Ш нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Е.Ж, Т.К нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577200 (таван зуун далан долоон мянга хоёр зуун) төгрөгөөс 358450 (гурван зуун тавин найман мянга дөрвөн зуун тавин мянган) төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 218750 (хоёр зуун арван найман мянга долоон зуун тавин) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан, мөн хариуцагч Т.К, Т.П нараас 258200 (хоёр зуун тавин найман мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е.Ж, Т.К нар тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК