Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2023/00052

 

Е.Ж нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00074 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч ****оршин суух Е.Ж, Т.К- нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ***** оршин суух, Зэвсэгт хүчний **** ангид жолооч ажилтай Т.Ка-, тус аймгийн ***** оршин суух Т.П-, П. нарт холбогдох,

 

“Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө УАЗ-469 маркийн автомашин буюу 5,000,000 төгрөг, Мустанг-150 маркийн мотоцикл буюу 1,200,000 төгрөг, 5 толгой адуу буюу 7,500,000 төгрөг, 12 толгой үхэр буюу 9,600,000 төгрөг, 80 толгой хонь буюу 12,000,000 төгрөг, 60 толгой ямаа буюу 4,800,000 төгрөг, нийтдээ 40,100,000 төгрөгийн эд хөрөнгө гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Е.Жийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар А.Бахытбек, нэхэмжлэгч Е.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.Сьезд, хариуцагч Т.Ка- /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Х.Зулхаш, орчуулагч М.Нурасыл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Миний бие 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр сайн дурын үндсэн дээр Ш.Т-тай гэр бүл болсон. Өнгөрсөн хугацаанд бид хоёрын дундаас охин К- 2002 оны 3 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Ш.Т- бид 21 жил хамт амьдарч байсан ба нөхөр Ш.Т- 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өвчний учир гэнэт нас барсан. Ш.Т- надтай суухаас өмнө Н- гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж байсан. Н- 1998 онд нас барсан байна. Ш.Т-, Н- нарын дундаас Т.Н, Т.Е, Т.Б, Т.Ка- нар төрсөн. Т.Е нь Сагсай суманд нөхөрт гарч, тэндээ амьдардаг, Т.Н Улаанхус сумын Хөх хөтөл багийн төвд, Т.Ка- Улаанбаатар хотод амьдардаг. Тэд өрх тусгаарлаж гэр бол болж тус тусдаа амьдралтай болсон. Харин Т.Б-, эхнэр Б.Ш-ы хамт, мөн хадам ээж Б.П- бидэнтэй хамт нэг гэрт амьдардаг боловч хадам ээж Б.П-, Т.Б- нар тусдаа өрх болж тоологдож, мал хөрөнгө тустаа тоолуулдаг.

1.2. Гэтэл нөхөр Ш.Т- нас барсны дараа нөхрийн урьдах эхнэрээс төрсөн Т.Б-, Т.Е нар намайг гадуурхаж, талийгаач бид хоёрын 21 жил хөдөлмөрлөж олсон мал, хөрөнгийг өгөхгүй, надад захиран зарцуулах эрх олгохгүй нөхцөл байдал бий болж миний бие хадмын талын хүмүүстэй тааламжгүй харилцаатай болж нэг газарт, нэг гэрт хамт амьдрах боломжгүй болсон. Иймээс 2022 оны 5 дугаар сарын 15-ны өдөр аймагт ирээд одоо Өлгий сумын 6 дугаар багт төрсөн ах Е.Т, бэр эгч З нарын гэрт охин Т.К-ы хамт түр амьдарч байна. Ингээд нөхөр амьд сэрүүн байх үед бид хоёрын хөдөлмөрөөр бий болсон мал, хөрөнгүүдийг тайван замаар өөрийн эзэмшилдээ авъя гэж хэд хэдэн удаа Өлгий сумаас Улаанхус сумын 2 дугаар багт байдаг хадмынх руу зорьж очсон боловч Т.Б-, Т.Е- нар хэл ам гаргаж, намайг доромжилж, ...та бидний ээж биш, танд манай аавын хөрөнгө, мал машин хамаагүй... гэдэг байдлаар миний хууль ёсоор эзэмшиж байсан мал хөрөнгийг өгөхөөс татгалзсан.

1.3.Иймээс охин бид хоёрын манай өрхийн хууль ёсны хөрөнгө малыг бидний эзэмшилд сайн дураар шилжүүлэхгүй байгаа буюу захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байгаа учраас хариуцагч Т.Ка-, П.Ш-, Т.П- нараас 5,000,000 төгрөгийн үнэтэй **** БӨА улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдсэн, Уаз-469 маркийн автомашин, 1,200,000 төгрөгийн үнэтэй Мустанг-150 маркийн мотоцикл, 5 толгой адуу буюу 7,500,000 төгрөг 12 толгой үхэр буюу 9,600,000 төгрөг, 80 толгой хонь буюу 12,000,000 төгрөг, ямаа 60 толгой буюу 4,800,000 төгрөг буюу нийтдээ 40,100,000 төгрөгийн үнэтэй хөрөнгө болох автомашин, мотоцикл, малыг гаргуулан нэхэмжлэгчид Е.Ж, Т.К- нарт олгож өгнө үү.

 

2. Хариуцагч Т.Ка-ийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Эцэг Ш.Т-, эх Н- нараас ах дүү Т.Н, Т.Е-, Т.Б-, Т.Ка- бид дөрөв төрсөн бөгөөд ээж Н- нь 1998 онд нас барж, бага насны 4 хүүхэд хагас өнчин байдалтай, эмээ Т.П-, эцэг Ш.Т- нарын асрамжид үлдсэн.

2.2. Эцэг Ш.Т- нь 2001 онд нэхэмжлэгч Е.Ж-тэй гэр бүл болсон ба нэхэмжлэгч Е.Ж нь миний хойд эх болно. Эцэг Ш.Т-, хойд эх Е.Ж нарын дундаас 2002 онд дүү Т.К- төрж, бид бүгд нэг гэр бүлд эцэг Ш.Т-, хойд эх Е.Ж, эмээ Т.П-, ах Т.Б-, бэр эгч Б.Ш-, дүү Б.А-, дүү Т.К- нарын хамт нийт 8 гэр бүлийн гишүүн амьдарч байсан.

2.3. Гэтэл уг гэр бүлийн 8 гишүүнээс эцэг Ш.Т- 2022 оны 3 дугаар сард, ах И.Б- нь 2022 оны 10 дугаар сард тус тус нас барсан учраас гэр бүлийн гишүүдээс хасагдсан. Одоогийн байдлаар манай гэр бүлд Е.Ж (хойд эх), Т.К- (дүү), Т.П- (эмээ), Б.Ш- (бэр эгч), Б.А (дүү) нарын хамт намайг оролцуулаад 6 хүн амьдарч байна.

2.4.Миний бие хугацаат цэргийн албыг хааж, улмаар гэрээт цэргээр улиран алба хааж байгаа учир Иргэний хуулийн 129 дугаар зүйлийн 129.5-д заасан үндэслэлээр цэргийн алба хаах хугацаанд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс өөрийн ногдох хувийг авах эрхтэй.

2.5. Нэхэмжлэгч Е.Ж, Т.К- нарын нэхэмжлэлийн шаардлага болох Улаанхус сумын 2 дугаар багт байршилтай 42,958,238 төгрөгийн үнэтэй 100 м.кв талбайтай өвөлжөөний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн ******** дугаарын гэрчилгээтэй хувийн сууц (байшин) Улаанхус сумын 2 дугаар багт байршилтай 460 м.кв талбайтай эзэмшлийн газар бол гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн хамгийн гол бүрдэл хэсэг юм. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгө бол нэхэмжлэгч Е.Ж, Т.К- нарт олгогдсон нөхцөлд бусад гишүүдийн амьдрах орчин, орон байрны асуудал хүндрэх төлөв ажиглагдаж байна.

2.6.Гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгөд байгаа мал, тээврийн хэрэгсэл зэрэг хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч нарт тогтоогдсон үнэ ханшаар хуваарилан олгох боломжтой. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д зааснаар гэр бүлийн гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болно гэж заасан учраас Улаанхус сумын 2 дугаар багт байршилтай өвөлжөөний сууц (байшин) хашаа хороо, эзэмшил газар, Уаз-469 маркийн машин, мотоцикл зэрэг хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх хөрөнгө нь гэр бүлийн бүх гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө мөн болно.

2.7.Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар Гэр бүлийн бүх гишүүнд адил хэмжээгээр хуваарилагдаг журамтай гэж үзэж байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

3.Хариуцагч Т.П-, Б.Ш- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.А-ын хариу тайлбар, татгалзал:

3.1. Т.П-ын төрсөн хүү Ш.Т- нь өмнө Н- гэх хүнтэй гэр бүл болж, түүнээс Т.Н, Т.Е-, Т.Б-, Т.Ка- гэх 4 хүүхэдтэй болсны дараа эхнэр Н- нь 1998 онд нас барж, багас насны 4 хүүхэд хагас өнчин байдалтай Т.П-ын асрамжид үлдэж байсан.

3.2. Дараа нь хүү Ш.Т- нь 2001 онд Е.Жтэй гэр бүл болж, 2002 онд тэдний дундаас охин Т.К- төрсөн. Энэ хүмүүс бүгд нэг гэр бүлд хамтран амьдарч байсан бөгөөд хүү Ш.Т-ы өмнөх эхнэрийн хүүхдүүдээс Т.Н, Т.Е-, Т.Ка- нар насанд хүрч, өрх тусгаарлагдсан ба хүү Ш.Т-, хоёр дахь эхнэр Е.Ж нарын гэр бүлд 2001 оноос хойш 21 жилийн хугацаанд болон одоо хүртэл Т.П-, хүү Т.Б-, охин Т.К-, бэр П.Ш-, ач А- нарын хамт амьдарч байгаа.

3.3. Гэтэл гэр бүлийн гишүүдээс Ш.Т- нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр, Ш.Б- 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус тус нас барсан болно. Одоогийн байдлаар тухайн гэр бүлийн гишүүд болох Т.П-, П.Ш-, ач охин Б.А- нар Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар гэр бүлийн гишүүд гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж хуулиар тодорхойлсон учраас тэд нэг гэр бүлийн гишүүд билээ.

3.4.Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д заасан гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ гэсэн заалт, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсгийн 126.2.1-д заасан гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, хуулийн 126.4-д заасан гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүдийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө зэрэг нь тухайн гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм.

3.5. Нэг гэр бүлд бид бүхний хамтын амьдралтай байх хугацаанд буй болсон үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгө бол талийгаач болсон (нас барсан) Ш.Т-, Т.Б- нарын нэр дээр бүртгэлтэй байгаагаас үл шалтгаалан гэр бүлийн гишүүд болох Т.П-, П.Ш-, ач охин Б.А-, нэхэмжлэгч Е.Ж, Т.К- нар бүгд хамтран өмчлөх дундын хөрөнгө болох бөгөөд тэд бүгд эзэмших, захиран зарцуулах, адил тэгш эрхтэй, бүгд адил тэгш хувь хүртэх ёстой гэж үзэж байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00074 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-ийг баримтлан хариуцагч Т.Ка-, Т.П- нараас адуу 4 толгой буюу 6,000,000 төгрөг, үхэр 7 толгой буюу 5,600,000 төгрөг, хонь 40 толгой буюу 6,000,000 төгрөг, 30 толгой ямаа буюу 2,400,000 төгрөг, нийтдээ 20,000,000 (хорин сая) төгрөгийн эд хөрөнгийг, мөн зөрүү бэлэн мөнгө 50,000 (тавин мянган) төгрөгийг хариуцагч Т.Ка-, Т.П- нараас гаргуулан нэхэмжлэгч Е.Ж, Т.К- нарт олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 20,050,000 (хорин сая тавин мянган) төгрөг болон хариуцагч П.Ш- нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Е.Ж, Т.К- нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 577200 (таван зуун далан долоон мянга хоёр зуун) төгрөгөөс 358450 (гурван зуун тавин найман мянга дөрвөн зуун тавин мянган) төгрөгийг улсын орлого болгож, илүү төлсөн 218750 (хоёр зуун арван найман мянга долоон зуун тавин) төгрөгийг тус аймгийн Төрийн сан дахь Улсын тэмдэгтийн хураамжийн орлогын 100020000941 дугаартай данснаас буцаан гаргуулан, мөн хариуцагч Т.Ка-, Т.П- нараас 258200 (хоёр зуун тавин найман мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Е.Ж, Т.К- нар тус тус олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч Е.Ж-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх Е.Ж, Т.К- нарын нэхэмжлэлтэй,Т.П-, Т.Ка- нарт холбогдох гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

4.2. Энэ нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т “дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй", 520.1.1-т “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг” гэж зохицуулсан байна. Гэтэл анхан шатны шүүх талийгаач Т-ы төрүүлсэн хүүхэд болох Ка- нь өрх тусгаарлаад 5 жил болсон, Улаанбаатар хотод байнга амьдарч байгаа, гэр бүлтэй хүнд бидний олон жилийн турш ариун цагаан хөдөлмөрийн үр дүнд бий болсон дундын өмч хөрөнгөөс хувь хүртэхээр хувааж өгч байгаа явдал нь маш шударга бус асуудал гэж үзэж байна. Иймээс Т.Ка- нь бидэнтэй сүүлийн 5 жил хамт амьдарч байгаагүй, Улаанбаатар хотод байнга оршин сууж амьдарч байгаа учраас талийгаач Т-ы бусад өрх тусгаарлан гарсан хүүхдүүдийн нэгэн адил бидний дундын хөрөнгөнөөс хувь хүртэх эрхгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Т.Ка- нь Улаанхус сумын 2 дугаар багт амьдарч байгаагүй, өрх тусгаарлан гарч Улаанбаатар хотод явсан зэрэг нөхцөл байдлуудыг нэхэмжлэгч Е.Ж би сайн мэднэ.

4.3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч Т.Ка-т ноогдсон дундын өмчийг хасаж өгөх тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

 

5. Хариуцагч Т.Ка-ийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. 2019 оноос гэрээт цэргийн алба хаасан. Хараахан ажил хийгээгүй, одоо ажиллах гээд явж байгаа. 2019 оноос хөрөнгө авч, тусдаа гараагүй. Нэхэмжлэгчээс юу ч аваагүй. Үүнд би гомдолтой явдаг. Хэдийгээр тусдаа гарсан ч гэсэн гэр бүлээсээ хөрөнгө аваагүй тул хотод түрээсийн байранд түрээсийн төлбөр төлж амьдрах надад ч бас хэцүү байна. Ааваасаа үлдсэн эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг яагаад авч болдоггүй юм бэ? би тусдаа гарахдаа хэдэн мал, өөр бусад хөрөнгө өгсөн байсан бол гомдолгүй байх байсан.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгч Е.Ж-ийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж үзээд, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан боловч Иргэний хуулийн холбогдох заалтуудыг баримтлаагүй орхигдуулсан байх тул шүүхийн шийдвэрт энэ үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Е.Жийн  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            7. Нэхэмжлэгч Е.Ж, Т.К- нар хариуцагч Т.Ка-, Б.П-, П.Ш- нарт холбогдуулан гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө буюу УАЗ-469 автомашин /5,000,000 төгрөг/, Мустанг-150 маркийн мотоцикл /1,200,000 төгрөг/, 5 толгой адуу /7,500,000 төгрөг/, 12 толгой үхэр /9,600,000 төгрөг/, 80 толгой хонь /12,000,000 төгрөг/, 60 толгой ямаа /4,800,000 төгрөг/, нийт 40,100,000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нар уг нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

           

8. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан судалбал:

- нэхэмжлэгч Е.Ж 2001 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Ш.Т-тай гэр бүл болж, гэрлэлтээ 2002 оны 02 дугаар сарын 06-ны өдөр бүртгүүлсэн, тэдгээрийн дундаас 2002 оны 3 дугаар сарын 23-ны өдөр охин Т.К- төрсөн;

- нэхэмжлэгч Е.Ж-ийн нөхөр Ш.Т- 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр нас барсан нь Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Улсын бүртгэгчээс 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр олгосон №8334000011 дугаартай нас барсны гэрчилгээгээр тогтоогдсон;

- нөхөр Ш.Т- нас барах хүртэл түүний ээж Б.П-, Т.Ка-, эхнэр Е.Ж, охин Т.К- болон хүү Т.Б-, түүний эхнэр П.Ш-, ач охин Б.А- нарын хамт нэг байшинд амьдран суудаг байсан боловч Ш.Т-ыхан ээж Б.П-, Т.Ка-, эхнэр Е.Ж, охин Т.К- нарын хамт тусдаа нэг өрхийн бүртгэлтэй, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө нь тусдаа байсан нь зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтуудаар тогтоогджээ.

- Ш.Т-ы хүү Т.Б- нь эхнэр П.Ш-, охин Б.А- нарын хамт Ш.Т-ыхтай нэг байшинд амьдарч байсан боловч өрхийн бүртгэл, эд хөрөнгийн хувьд тусдаа бүртгэлтэй байсан нь тогтоогдсон бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Т.Б- нас барснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч Т.Ка-ийг татан оролцуулсан байна.

-Талийгаач Ш.Т- нь 2001 онд Е.Ж-тэй гэр бүл болохоос өмнө Н-тай гэр бүл болж байсан бөгөөд тэдгээрийн дундаас Т.Б-, Т.Н, Т.Е-, Т.Ка- нар төрсөн, Н- 1998 онд нас барсны дараа Т.Б- /хэдийгээр Ш.Т-ыхтай хамт нэг байшинд амьдардаг боловч өрх тусгаарласан/, Т.Н, Т.Е- нар гэр бүлийн гишүүнээс гарч өрх тусгаарласан бол Т.Ка- нь 2021 оноос эхлэн Улаанбаатар хотод цэргийн алба хаах, ажил хөдөлмөр эрхлэх зэргээр түр оршин суудаг хэдий ч эцэг Ш.Т- нас барахаас өмнө гэр бүлийн гишүүнээс гарч, өрх тусгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

-Нэхэмжлэгчийн нөхөр өрхийн тэргүүн Ш.Т- нас барсны дараа түүний хүүхдүүд болох Т.Б-, Т.Ка-, Т.Е- нар нэхэмжлэгч нарыг гадуурхаж, нэхэмжлэгч нарын талийгаач Ш.Т-тай хамт амьдарч байх хугацаанд бий болсон мал, эд хөрөнгийг захиран зарцуулах эрх олгоогүй ба гэр бүлийн гишүүдийн дунд тааламжгүй харилцаа үүсэж, тэдгээр нь нэг гэр бүлд хамт амьдрах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас нэхэмжлэгч Е.Ж, Т.К- нар гэр бүлийн гишүүнээс гарч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрсдөд нь ногдох хөрөнгийг авахыг хүсэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрсөн байна.  

 

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д “... нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй” гэж үзэж нас барагч Ш.Т-тай хамт нэхэмжлэгч  Е.Ж (талийгаачийн эхнэр), талийгаачийн төрсөн охин  Т.К- (нэхэмжлэгч), талийгаачийн төрсөн хүү  Т.Ка- (хариуцагч), хариуцагч Т.П- (талийгаачийн эх), талийгаачийн хүү Т.Б-, хариуцагч П.Ш- (талийгаачийн хүү Т.Б-ы эхнэр) нар нь нэг гэрт хамт амьдардаг болох нь талуудын тайлбар болон Улаанхус сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтоор нотлогдсон, тэд нэг гэрт (нэг байшинд) хамт амьдардаг боловч Ш.Т- болон Е.Ж, Т.К-, Т.Ка- нар нь тусдаа нэг өрх болж бүртгэгдэж, мал хөрөнгөө тусдаа тоолуулдаг болох нь, мөн талийгаачийн хүү Т.Б, хариуцагч П.Ш- (Т.Б-ы эхнэр) нар нь тусдаа нэг өрх болж бүртгэгдэж, тусдаа мал хөрөнгөө тоолуулдаг болох нь нотлох баримтаар нотлогдож байна гэж хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг зөв тогтоосон байна.

Талийгаач Ш.Т-ы эх Т.П- түүний гэр бүлийн гишүүнд харьяалагдаж хамт  амьдарч байсан гэдэгт талууд маргаагүй бөгөөд Ш.Т-ы хууль ёсны өвлөгч түүний эхнэр нэхэмжлэгч Е.Ж, төрсөн охин нэхэмжлэгч Т.К-, төрсөн хүү хариуцагч Т.Ка-, төрүүлсэн эх хариуцагч Т.П- нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох УАЗ-469 маркийн ****БӨА улсын дугаартай автомашин буюу 5,000,000 төгрөг, Мустанг-150 маркийн мотоцикл буюу 1,200,000 төгрөг, 5 толгой адуу буюу 7,500,000 төгрөг, 12 толгой үхэр буюу 9,600,000 төгрөг, 80 толгой хонь буюу 12,000,000 төгрөг, 60 толгой ямаа буюу 4,800,000 төгрөг, нийтдээ 40,100,000 төгрөгийн эд хөрөнгийг адил хэмжээгээр өвлөх эрхтэй тул 40,100,000 төгрөгийн хөрөнгийг гэр бүлийн 4 гишүүнд тэнцүү хэмжээгээр хуваахад нэг хүнд 10,025,000 төгрөгийн хөрөнгө оногдож байгаа тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс нэг бүрийн үнэ 1,500,000 төгрөгийн үнэтэй адуу 4 толгой буюу 6,000,000 төгрөг, нэг бүрийн үнэ 800,000 төгрөгийн үнэтэй үхэр 7 толгой буюу 5,600,000 төгрөг, нэг бүрийн үнэ 150,000 төгрөгийн үнэтэй хонь 40 толгой буюу 6,000,000 төгрөг, нэг бүрийн үнэ 80,000 төгрөгийн үнэтэй 30 толгой ямаа буюу 2,400,000 төгрөг, нийтдээ 20,000,000 төгрөгийн эд хөрөнгийг, мөн зөрүү бэлэн мөнгө 50,000 төгрөгийг хариуцагч Т.Ка-, Т.П- нараас гаргуулан нэхэмжлэгч Е.Ж, Т.К- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,050,000 төгрөг болон хариуцагч П.Ш- нарт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

10. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, гэж 128 дугаар зүйлийн 128.1 “Гэр бүлийн гишүүд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрх эдэлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр эд хөрөнгөө эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Е.Ж, Т.К-, хариуцагч Т.Ка-, Т.П- нар нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар тэгш эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нар тодорхой шалтгааны улмаас гэр бүлийн гишүүнээс гарч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хөрөнгийг тасалж авах талаар нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх гагцхүү Иргэний хуулийн өвлөх эрхийн харилцаатай холбоотой зохицуулалтыг маргааны зүйлд баримталсан нь учир дутагдалтай болжээ.

 

11. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх заалтад “гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүрэлдэхүүнээс гарахад ногдох хэсгийн талаар маргавал” гэж заасан нөхцөл байдал үүссэн учраас талийгаач Ш.Т-, түүний ээж Б.П-, хүү Т.Ка-, эхнэр Е.Ж, охин Т.К- нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэр бүлийн гишүүн бүрд ноогдох хэсгийг тодорхойлсон анхан шатны шүүхийн шийдвэр мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6 дахь хэсэгт нийцсэн бөгөөд өрхийн тэргүүн Ш.Т- нас барсны дараа гэр бүлийн гишүүдийн хооронд таарамжгүй байдал үүсэж, эхнэр Е.Ж, охин Т.К- нар гэр бүлийн гишүүнээс гарах нөхцөл шалтгаан болсон тул талийгаач Ш.Т-д гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гэр бүлийн бусад гишүүдэд хуваарилсан анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах, энэ хэсгийг өөрчлөх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

12. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасныг баримталж хуульд зааснаар өвлөх эрхтэй гэж маргаж буй эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүд болох 4 хүнд тэнцүү хувааж нэг хүнд ногдох эд хөрөнгийг 10.025.000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч Иргэний хуулийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гишүүн бүрд ногдох хэсгийг тодорхойлох, хуваахтай холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй орхигдуулсан байх тул шийдвэрт энэ үндэслэлээр хууль хэрэглээний нэмэлт  өөрчлөлт оруулав.

 

13. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан, талуудын маргаж буй хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар  хуваарилж, УАЗ-469 маркийн ****БӨА улсын дугаартай автомашин буюу 5,000,000 төгрөг, Мустанг-150 маркийн мотоцикл буюу 1,200,000 төгрөг, 5 толгой адуу буюу 7,500,000 төгрөг, 12 толгой үхэр буюу 9,600,000 төгрөг, 80 толгой хонь буюу 12,000,000 төгрөг, 60 толгой ямаа буюу 4,800,000 төгрөг, нийтдээ 40,100,000 төгрөгийн эд хөрөнгийг талийгаач Ш.Т-ыг оруулан 5 хуваахад, нэг хүнд 8.020.000 төгрөгийн эд хөрөнгө оногдох ба талийгаач Ш.Т-д оногдох 8.020.000 төгрөгийн эд хөрөнгийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д зааснаар түүний эхнэр Е.Ж, охин Т.К-, хүү Т.Ка-, эх Т.П- нарт тэнцүү 4 хувааж, нэг хүнд 2.005.000 төгрөгийн эд хөрөнгө нийт гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийг /8.020.000+2.005.000/  10.025.000 төгрөгөөр тооцох нь үндэслэлтэй. Энэхүү тооцоолол нь эцсийн дүндээ анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэлд маргаж буй эд хөрөнгийг гэр бүлийн 4 гишүүнд шууд хувааж шийдвэрлэсэнтэй   адилхан боловч шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс эхлээд гэр бүлийн гишүүн бүрд ногдох хэсгийг хуваарилж, дараа нь нас барсан гэр бүлийн гишүүнд ногдох хэсгийг тухайн гэр бүлийн бусад гишүүдэд хуваарилаагүй нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

            14. Нэхэмжлэгч Е.Ж “...анхан шатны  шүүх талийгаач Ш.Т-ы хүү болох Т.Ка- нь өрх тусгаарлаад 5 жил болсон, Улаанбаатар хотод амьдарч байгаа гэр бүлтэй хүнд дундын эд хөрөнгөөс хувь хүртэхээр хувааж өгч байгаа явдал шударга бус...” гэх давж заалдах гомдол гаргасан боловч хариуцагч Т.Ка- нь гэр бүлийн бүрэлдэхүүнээс гараагүй, хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгээ аваагүй болох нь  хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн тодорхойлолт /хавтаст хэргийн 116 дахь тал/, зохигчдын тайлбараар тогтоогджээ. Хариуцагч Т.Ка-ийн хувьд цэргийн алба хаах болон бусад шалтгааны улмаас гэр бүлийн гишүүдтэйгээ удаан хугацаанд хамт амьдраагүй хэдий ч тухайн гэр бүлийн гишүүний хувьд өрх тусгаарласан буюу гэр бүлийн гишүүнээс гарч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг авсан гэсэн нөхцөл байдал хэргээс тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.5 дахь хэсэгт зааснаар мөн зүйлийн 129.4 дэх хэсгийг шүүх хэрэглэх үндэслэлгүй байна.

 

15. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр өөрчлөлт оруулах боломжтой байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 130/ШШ2023/00074 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1” гэсний дараа “129 дүгээр зүйлийн 129.1.1 дэх заалт, 129.2 дахь хэсэг, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэг” гэсэн нэмэлт өөрчлөлт  оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

                                                                                                          

                        ШҮҮГЧ                                                                        Д.КӨБЕШ