Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 151/ШШ2023/00246

 

 

 

 

 

                        2023        03        13

               151/ШШ2023/00246

       

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Түвшинжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Зуунмод сум, Баруун Зуунмод, 6 дугаар баг, Төр захиргааны 2 дугаар байранд байрлах ТАТАГ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймаг, ... сум, Номт 1 дүгээр баг, ... тоотод оршин суух Ц.Б холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40,316,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч: Г.Сугармаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Саранцацрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Бадам

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ТАДТАГ нь Ц.Бад холбогдуулан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40,316,700 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч ТАДТАГ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

“Иргэн Ц.Б нь ТАДТАГ ахлах аудиторын албан тушаал эрхэлж байсан ба МУЕА-ын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон төрийн албанаас чөлөөлж, Ц.Бын ажлыг нь зохих журмын дагуу хүлээлцүүлэн, ээлжийн амралтын болон санхүү, хөрөнгийн  холбогдох тооцоо хийхийг Төв аймаг  дахь Төрийн аудитын газрын даргад үүрэг болгосон. Тус тушаалыг үндэслэн Төв аймаг  дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Ц.Бад төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж 40,316,700 төгрөгийг олгосон.

Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаалд Ц.Б нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаж 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байна.

Уг шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн Давж заалдах шатны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар магадлалаар “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 594 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т “Ц.Бын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 25,535,054.01 гэснийг Ц.Бад 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин, бусад нэмэгдлийг зохих журмын дагуу олгож” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Тус шийдвэрийг хэрэгжүүлж Монгол улсын Ерөнхий аудиторын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Ц.Быг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоосон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 594 дугаар шийдвэр,  Захиргааны хэргийн Давж заалдах шатны 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаар магадлалаар Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаалыг хүчингүй болгосон тул уг тушаалын дагуу  олгосон 40,316,700 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу ТАДТАГт буцаан олгуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

1.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Төв аймаг дахь Төрийн аудитын газраас хариуцагч Ц.Бад холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж болох 40,316,700 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндэслэл нь Ц.Быг Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн тул түүнийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс төрийн албанаас чөлөөлж, Ц.Бын ажлыг зохих журмын дагуу хүлээлцэн, ээлжийн амралтын мөнгө болон санхүүгийн тооцоо хийхийг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторт даалгасан байдаг. Тус тушаалыг үндэслээд Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар Ц.Бад төрийн албан хаагчийн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн буцалтгүй тусламж болох 40.316.700 төгрөгийг олгосон. Монгол улсын Ерөнхий аудиторын Б/192 дугаартай тушаалд Ц.Баас гомдол гаргаж улмаар 3 шатны шүүхээр явсан. Ингээд дээрх тушаалыг хүчингүй болгож, түүнийг ажилд нь эгүүлэн томилохоор болсон. Тэгэхээр Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Ц.Бын ажлыг хүлээлцүүлээд түүнд 40.316.700 төгрөгийг олгосон байсан. Нэгэнт 3 шатны шүүхийн шийдвэрээр Монгол улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаал хүчингүй болсон тул Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаал ч гэсэн хүчин төгөлдөр бус акт болно гэж үзэж байгаа. Тийм учраас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон…” гэж үзээд хариуцагчаас 40,316,700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байгаа” гэв.

2. Хариуцагч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гаргахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40,316,700 төгрөгийг Ц.Баас гаргуулж Төв аймаг дахь Төрийн аудитын газрын 100140024001 тоот дансанд буцаан тушаалгахаар шүүхэд гаргасан Төв аймаг дахь Төрийн аудитын газрын нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иргэн Ц.Б миний бие төрийн байгууллагад 38 жил тасралтгүй ажилласан учраас Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалт, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам"-д заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмж авах эрх бүрэн нээгдсэн, тухайн буцалтгүй тусламж нь нэгэнт олгогдсон тул намайг өндөр настны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж болох 40,316,700 төгрөгийг эргүүлэн төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Үүнд:

Миний бие Монгол улсын Үндсэн хууль, Төрийн албаны хуульд заасан эрхийн дагуу Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаалыг эс зөвшөөрч ажил албан тушаалаас хууль бусаар чөлөөллөө гэсэн гомдлыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргаснаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 0594 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны 22 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 01-ны 91 тоот шийдвэрүүдээр Ц.Быг төрийн албанаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/192 тоот тушаалыг хүчингүй болгосон нь үнэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу би Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны Б/67 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн томилогдсоноор 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор ажилдаа очиход ажилчдын шуурхай зөвлөгөөн хийж, намайг ажилд эгүүлэн томилогдсоныг зарлаж "Орон нутгийн хөгжлийн сангийн аудит огт хийгдээгүй үлдээд байгаа гүйцэтгэлийн аудит болгож Баянхонгор аймагт нэгтгүүлнэ.Мөн өөрийн санаачлагчаар хийсэн эрүүл мэндийн даатгалын" аудит дуусаагүй байгаа, түүнийг Загдсүрэн аудитортай элбэж дуусгах нь зүйтэй гэж танилцуулсан.

Үүнээс хойш ажлын 4 хоног ажиллахад ажил хүлээлцэх тушаал гараагүй, аудит хийхэд шаардагдах баримт материал нэхэхээр ажил хүлээлцэх тушаал гарсны дараа албан ёсоор хүлээлгэн өгнө гэж хүлээлгэх, дотоод сүлжээгээ ч нээж өгөхгүй байх зэргээр ажил гүйцэтгэх нөхцөлийг хангаагүй атлаа Үндэсний аудитын газраас хариуцсан ажлын гүйцэтгэл нэхэж байгаа тул Орон нутгийн хөгжлийн сан дээр юу хийсэн гэж мэдээлэх бэ/ гэж ажлын гүйцэтгэл нэхсэн тул миний бие захиргааны дарамт үзүүлж байна гэж үзсэн учраас цаашид хамтран ажилла боломжгүй болсныг ойлгож ажлаа албан ёсоор хүлээж аваагүй дээрээ өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдөл хүсэлтийг байгууллагын захиргаанд 2022 оны 5 дугаар сарын 5-ны өдөр гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэр гаргаж өгөхгүй байгаа нь "Төрийн албаны тухай" хууль, "Хөдөлмөрийн тухай" хууль, "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан, өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай" хуулийн холбогдох заалтуудыг миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон асуудал гэж үзнэ.

Миний бие нэгэнт өндөр настны тэтгэвэр тогтоогдсон, төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж авсан, нөгөөтээгүүр, дээр дурдсанаар байгууллагын захиргаа намайг цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах боломж олгоогүй үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ цаг тухайд нь албан ёсoop өгсөн, тус байгууллагад дахин ажиллахгүй болно.

Шүүхийн шийдвэр нь намайг Төрийн албанаас чөлөөлсөн 2020 оны Б/192 дугаар тушаалыг хүчингүй болгосон атал Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламж надад олгосон Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалыг хүчингүй болгосон мэтээр нэхэмжлэлд ташаарч бичсэн нь үндэслэлгүй. Буцалтгүй тусламж олгосон болон олгохоор гаргасан тушаал нь хүчинтэй, хууль, журамд заасан шаардлагын дагуу буцалтгүй тусламж нэгэнт олгогдсон.

Нэхэмжлэгч Төрийн аудитын газар нь өнөөг хүртэл миний албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэрийн дагуу олгох олговрыг олгохгүй байгаа атлаа, хууль, журмын дагуу олгогдсон буцалтгүй тусламжийг буцаан гаргуулахаар үндэслэлгүйгээр нэхэмжилсэн нь надад эдийн болон, сэтгэл санааны хохирол үргэлжлүүлэн учруулж байгаа үйлдэл гэж үзэхээр байна. Иймд надад Төрийн албан хаагчийн нэг удаагийн буцалтгүй тусламжид олгосон 40,3 16,700 / Дөчин сая гурван зуун арван зургаан мянга долоон зуун төгрөг/- ийг буцаан гаргуулахаар нэхэмжилсэн Төв аймаг дахь Төрийн аудитын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг ерөнхийдөө ойлгохгүй байна. Ц.Б гэх хүн төрийн жинхэнэ албан хаагч хүн байсан. Тэгэхээр 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн төрийн албан хаагчийн тухай хууль тухайн хүнд үйлчилнэ. Ц.Бын тухайн байгууллага буюу нэхэмжлэгч Төв аймаг дахь Төрийн аудитын байгууллага тэтгэвэрт гаргахаар хөөсөн. Тухайн үедээ өндөр насны тэтгэвэрт гарахгүй талаар хүсэлт, гомдлоо өгсөн боловч, албадан хөөж гаргасан байдаг. Мөн яагаад ийм нэхэмжлэл гаргах болсон бэ? гэхээр Монгол улсын Ерөнхий аудиторын тушаал шүүхийн шийдвэр, магадлалаар хүчингүй болсон тул эндээс үүссэн эрх зүйн үр дагаврыг үндэслээд Ц.Баас нэг удаагийн буцалтгүй тэтгэмжийг гаруулахаар болсон юм байна. Гэтэл шүүхийн шийдвэр, магадлалаар Монгол улсын Ерөнхий аудиторын тушаал, шийдвэрийг хүчингүй болгосон болохоос биш Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын тушаалыг хүчингүй болгоогүй. Гэтэл Төв аймаг дахь Төрийн аудитын газраас нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь зөв үү? буруу юу? нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн үү гэдэг асуудал яригдана. Хэрэв мөн гэж үзэх юм бол төрийн албан тухай хуульд зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжаа тухайн хүн нь авсан байх юм бол буцааж нэхэх хууль зүйн үндэслэл байдаггүй. Тус хуульд юу гэж заасан байдаг вэ? гэхээр эрх бүхий албан тушаалтын гаргасан тушаал, шийдвэр хүчингүй болсон тохиолдолд тушаал шийдвэр гаргасан этгээд түүнтэй холбоотой хариуцлагыг өөрөө хүлээхээр хуульчилсан байдаг. Гэтэл яагаад тушаал шийдвэр гаргасан албан тушаалтан буюу Монгол улсын Ерөнхий аудитороос дээрх мөнгөө нэхдэггүй юм бэ? ... Тэгэхээр уг асуудлыг хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар болж байгаа бол Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн тогтоол 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр гарсан. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж буй Хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн эрх зүйн маргаантай асуудлыг шийдвэрлэх талаар зохицуулалтууд байна. Тэгэхээр эрхээ зөрчигдсөнөө мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс эхлэн 90 хоногийн дотор гомдол гаргах ёстой байсан. Энэхүү хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Мөн дээр нь хөдөлмөрлөх эрхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ яах ёстой юм бэ? Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2. энэ хуулийн 129.2, 130.1-д зааснаас бусад ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл..” гэж заасан байна. Ажилтан тухайн байгууллагад хохирол учруулахтай холбоотой асуудал энд яригдаж байгаа юм. Гэтэл учруулсан хохирол гэхээр зүйл байхгүй. Энэ бол ажил олгогчийн өөрийнх нь гаргаж ирсэн асуудал. Ямар үндэслэлээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд байгаа юм бэ? Иргэний хуулийн 492 дугаар зүйлд Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг, тэр дундаа 492.2-д дараах тохиолдолд бусдад шилжүүлсэн хөрөнгийг буцаан шаардаж болохгүй. Үүнд: шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж заасан. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн юм биш үү. Нэгдүгээрт нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл гаргах эрх бүхий байгууллага биш гэж үзэж байгаа, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж харж байна. Яагаад нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлээгүй юм бэ? Мөн яагаад нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэж үзэж байна вэ? гэхээр хариуцагчийн хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчхөөд байхад өнөөдөр хүртэл тухайн хүсэлтийг нь н.Хишигжаргал гэх хүн шийдвэрлүүлээгүй. Ц.Бын шууд удирдах албан тушаалтан нь н.Хишигжаргал гэж хүн мөн. Гэтэл хүсэлтийг нь шийдвэрлэх болохоор ”...би шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш...” гэж байгаа юм. Тийм бол өнөөдөр нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд н.Хишигжаргал мөн үү? ... Тэгэхээр тухайн хүнийг төрд олон жил ажилласныг нь хүндэтгэх хэрэгттэй. Мөн ямар нэгэн хуулийн үндэслэл байж нэхэмжилнэ. Яагаад үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж байгаа юм бэ? Тушаал шийдвэр нь хүчингүй болсон тохиолдолд хэн буруутай этгээдээс нь төр хохирлоо гаргуулах хэрэгтэй. Тийм учраас өнөөдөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, мөн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3. Нэхэмжлэгчээс Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №Б/20 дугаартай тушаал (хх-4), Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаартай Ц.Быг төрийн албанаас чөлөөлөх тухай тушаал (хх-5), Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/02888 дугаартай шийдвэр (хх-6-14), Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №0594 дугаартай шийдвэр (хх-15-24), Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын албан тоот (хх-25), Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №22 дугаартай магадлал (хх-26-31), Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн аудитын газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-32) зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4. Хариуцагчаас 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-40), Ц.Бын ТАДТАГт гаргасан хүсэлт  (хх-55-56), Төв аймаг дахь Төрийн аудитын газрын албан тоот (хх-57-58), явуулсан бичгийн хуулбар (хх-59), Төв аймаг дахь Төрийн аудитын газрын албан тоот (хх-60-61, 63, 66), Төв аймаг дахь Төрийн аудитын газрын мэдэгдэл (хх-64),  явуулсан бичгийн хуулбар (хх-65), Монгол улсын Ерөнхий аудиторын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 дугаар Ц.Быг албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаал (хх-88), өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас (хх-89), Ц.Бын Хаан банкны дансны хуулга (хх-90-91), Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №91 дугаартай тогтоолын хуулбар (хх-92), Ц.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-93-96), Ц.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-97-101), Ц.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-102-105)  зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх Төв аймаг дахь Төрийн аудитын газрын нэхэмжилсэн Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40,316,700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаж үзээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч ТАДТАГ нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

“Ц.Б нь ТАДТАГт ахлах аудиторын албан тушаал эрхэлж байсан ба Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн тул төрийн албанаас чөлөөлсөн. Тус тушаалыг үндэслэн Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар Ц.Бад төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гаргахад нэг удаагийн буцалтгүй тусламж 40,316,700 төгрөгийг олгосон. Гэвч Ц.Б нь 2020 оны Б/192 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Энэхүү шүүхийн шийдвэр давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдөөгүй хүчин төгөлдөр болсон. Тус шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Ц.Быг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн томилсон. Иймд тухайн албан хаагчийг ажлаас чөлөөлсөн Б/192 дугаартай тушаал шүүхийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус болж ажилдаа эгүүлэн томилогдсон тул хариуцагчаас 40,316,700 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь иргэн Ц.Б нь төрийн байгууллагад 38 жил тасралтгүй ажилласан. Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр настны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-д заасны дагуу 40,316,700 төгрөгийг тухайн байгууллагын даргын тушаалаар авсан нь үнэн. Гэхдээ 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн томилогдсон бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлаа хүлээж аваад 05 дугаар сарын 05-ны өдөр ажлаасаа гарах өргөдлөө албан ёсоор байгууллагадаа гаргасан боловч миний өргөдлийг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөхгүй хохироож өргөдөл гомдлын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчиж байна. Мөн энэхүү мөнгөн тэтгэмж нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох төрийн албан хаагчдад хуулиар зөвхөн нэг л удаа олгогддог хуультай дахин авах эрх зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн маргаан нь Иргэний хуулиар шийдэгдэх маргаан биш Хөдөлмөрийн эрх зүйн харилцааны маргаан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна гэж...” маргав.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:

Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн №Б/20 дугаартай тушаал (хх-4), Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаартай Ц.Быг төрийн албанаас чөлөөлөх тухай тушаал (хх-5), Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 182/ШШ2022/02888 дугаартай шийдвэр (хх-6-14), Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн №0594 дугаартай шийдвэр (хх-15-24), Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын албан тоот (хх-25), Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №22 дугаартай магадлал (хх-26-31), Үндэсний аудитын газрын харьяа Төв аймгийн аудитын газрын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-32) 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүхэд гаргасан хариу тайлбар (хх-40), Ц.Бын ТАДТАГт гаргасан хүсэлт  (хх-55-56), Төв аймаг дахь Төрийн аудитын газрын албан тоот (хх-57-58), явуулсан бичгийн хуулбар (хх-59), Төв аймаг дахь Төрийн аудитын газрын албан тоот (хх-60-61, 63, 66), Төв аймаг дахь Төрийн аудитын газрын мэдэгдэл (хх-64), явуулсан бичгийн хуулбар (хх-65), Монгол улсын Ерөнхий аудиторын 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 дугаар Ц.Быг албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаал (хх-88), өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас (хх-89), Ц.Бын Хаан банкны дансны хуулга (хх-90-91), Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн №91 дугаартай тогтоолын хуулбар (хх-92), Ц.Бын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-93-96), Ц.Бын хөдөлмөрийн дэвтрийн хуулбар (хх-97-101), Ц.Бын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар (хх-102-105) зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

6. Ц.Б нь ТАДТАГт ахлах аудиторын албан тушаал эрхэлж байсан ба Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаалаар тэтгэвэрт тогтоолгох насанд хүрсэн гэх үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар төрийн албанаас чөлөөлсөн.

7. Тус тушаалыг үндэслэн Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалын 3-т Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны Б/192 дугаар тушаалын 2 дугаар заалтын дагуу Ц.Бад ээлжийн амралтын болон холбогдох санхүүгийн тооцоог хийх, хуулийн дагуу төсөвт батлагдаж ирсэн 40,316,700 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг байгууллагын төсвийн тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн мөнгөн тэтгэмжийн зардлаас олгохыг нягтлан бодогч /Т.Хүрэлбаатар/-т үүрэг болгож шийдвэрлэжээ.

8. Ийнхүү тус тушаалыг үндэслэж 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн №00000196 дугаартай төлбөрийн хүсэлтээр Ц.Бын “ХААН” банк 5721248379 дугаартай дансанд 40,316,700 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

9. Хариуцагч Ц.Б нь 40,316,700 төгрөгийг хүлээж авсан үнэн гэж тайлбарлаж энэ талаар талууд маргаагүй болно.

10. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Нийслэл дэх  захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0594 дугаартай шийдвэрээр хариуцагч Ц.Быг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоосон. Энэхүү шүүхийн шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөгдөөгүй хүчин төгөлдөр болсон.

11. Тус шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Ц.Быг Төв аймаг дахь Төрийн аудитын газрын ахлах аудиторын албан тушаалд эгүүлэн томилсон байна.

12. Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/192 дугаар тушаал нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тул тус тушаалыг үндэслэж гаргасан Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай тушаал мөн адил хүчин төгөлдөр бус болсон тул тухайн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сугармаа тайлбарлаж байна.

13. Гэвч Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай тушаалыг хүчингүй болгосон гэх шүүхийн шийдвэр болон Төв аймаг дахь Төрийн аудитын газрын даргын тушаал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

13.1. Өөрөөр хэлбэл 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай тушаал нь өнөөдрийг хүчин төгөлдөр үйлчилж байна гэж дүгнэхээр байна.

14. Нэхэмжлэгч нь нэг удаагийн буцалтгүй тусламж 40,316,700 төгрөгийг буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар шаардсан.

15. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай бол гэсэн нөхцөлийг заажээ.

16. Дээрх нөхцөлөөс үзэхэд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэхэд үндсэн 3 нөхцөл бүрдсэн байх шаардлагатай. Үүнд:

    1.Эд хөрөнгө олдсон, эсхүл хадгалагдсан байх. Эд хөрөнгийг олж авсан этгээдийн хувьд өөрийнх нь эд хөрөнгийн үнэ нэмэгдсэн байх, эсхүл эд хөрөнгийнх нь бүрэлдэхүүнээс зайлшгүй гарах байсан хэсэг хадгалагдсан байх.

      2. Эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, эсхүл хадгалсан байх. Хохирч буй талын эд хөрөнгө түүнээс тодорхой хэсэг нь гарснаар, эсхүл олох байсан орлого ороогүйгээр багасдаг бол эд хөрөнгийг олж буй этгээдийн эд хөрөнгө нэмэгдсэн байдаг боловч ийнхүү нэмэгдсэн хэсгийн хэмжээ нөгөө талын эд хөрөнгө багассан хэмжээтэй заавал тэнцүү байх шаардлагагүй.

     3. Эд хөрөнгө олсон, хадгалсан явдал хууль болон гэрээнд үндэслэгдээгүй байх. Эд хөрөнгө олж авах үед эрх зүйн үндэслэл байсан боловч хожим үгүй болсон.

17. Эдгээр нөхцөлүүдэд нэг этгээдийн эзэмшил ашиглалтад байх ёстой хөрөнгө, бусдын эзэмшил ашиглалтад үндэслэлгүй шилжсэн, улмаар тухайн эд хөрөнгийг олж авсан этгээдэд ашиг, давуу байдал олгосон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд буцаан нэхэмжилж болно.

18. Гэвч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээс үзвэл талуудын маргаан нь Иргэний хуульд заасан хэм хэмжээгээр бус Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан байх тул Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн зохицуулалт үйлчлэхээр байна.  

19. Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан байна. Тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-т “хууль тогтоомжид заасан бусад маргаан” гэж заажээ.

19.1. Хариуцагч Ц.Б нь Төрийн албаны тухай хуулийн 3.1.2-т “төрийн албан хаагч” гэж төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг хэлнэ” зааснаар төрийн жинхэнэ албан хаагч байна.

19.2. Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаар ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заажээ.

20. Дээрх хуульд зааснаар хариуцагч Ц.Бад 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №7 тоот Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралтаар төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журамд заасны дагуу 40,316,700 төгрөгийг олгосон бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д “Иргэнийг эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэр гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.

21. Үүнээс дүгнэвэл нэхэмжлэгч ТАДТАГ нь тухайн нэхэмжлэлийн шаардлагыг гаргах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхойгүй байна.

21.1. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т “Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учирсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж зааснаар Төрийн албаны төв байгууллагад эрх нь бүрэн нээлтэй байхаар хуульд зохицуулагдсан байна.

22. Мөн хэрэгт авагдсан баримтаар хариуцагч Ц.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудсаар тэтгэврээ тогтоолгож өнөөдрийг хүртэл авч байгаа нь тогтоогдож байна. (хх-66 хуудас, хх-89 хуудас)

23. Түүнчлэн 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №7 тоот Журам батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хавсралт төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмын 5.1.-т “Төрийн алба хаагчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход шаардагдах хөрөнгийг тухайн байгууллага жил бүр төсөвтөө тусгана” 5.3-т “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.

24. Харин дээрх журамд заасан нөхцөлөөр нэг удаагийн буцалтгүй тусламжийг буцаан олгох нөхцөл нь төрийн албан хаагчийн сарын дундаж цалин хөлсийг буруу тодорхойлох, хуурамч бичиг баримт бүрдүүлэх зэргээр нэг удаагийн буцалтгүй тусламжийн хэмжээг буруу тогтоож олгосон албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулна гэж зөвхөн олгосон албан тушаалтанд хариуцлага тооцохоор зохицуулсан.

25. Үүнээс дүгнэвэл тухайн байгууллагад Ц.Б хохирол учруулсан эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй зөвхөн хуульд заасан үндэслэл журмаар нэг удаагийн буцалтгүй тусламжаа авсан болох нь тогтоогдож байна.   

26..Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар “энэ хуулийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор холбогдох байгууллагад хандах эрхтэй байна.

27..Хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл 2020 оны Б/192 дугаар тушаалыг хүчингүй болсон үйл явдлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0594 дугаартай шийдвэр гарах үед мэдэж байсан болох нь шийдвэрийн 9-р хуудсанд бичигдсэн “Харин энд тэмдэглэхэд, Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 дугаар тушаалын 3 дахь заалтаар Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу Ц.Бад нэг удаагийн буцалтгүй тусламж олгосон байх ба уг мөнгө /буцалтгүй тусламж/-ийг нэхэмжлэгчээс буцаан нэхэмжлэх асуудал нь энэ маргаанд хамааралгүй, хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд тусдаа /жич/ шийдвэрлэх асуудал болно гэж хариуцагч байгууллага сөрөг нэхэмжлэл гаргахад хүлээж аваагүй дүгнэлт хийсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн маргааныг мэдсэн буюу мэдэх эрх нь энэхүү шүүхийн шийдвэр гарсан өдрөөс эхэлж хуулийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэхээр байна.

28. Гэвч нэхэмжлэгч байгууллага нь тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр үйлчлэхээр Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 91 дугаартай тогтоолоор хүчин төгөлдөр болсон гэж үзвэл 9 сарын /180 хоног/-н дараа шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар “энэ хуулийн 154.2.1-т зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор холбогдох байгууллагад хандах эрхтэй гэсэн заалтыг зөрчиж хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

29. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бад холбогдох Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40,316,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Төв аймаг дахь Төрийн аудитын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.   

30. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ТАДТАГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Бад холбогдох төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгосон нэг удаагийн буцалтгүй тусламж 40,316,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Төв аймаг дахь Төрийн аудитын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч ТАДТАГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

           

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ТҮВШИНЖАРГАЛ