Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 182/ШШ2022/03402

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

                                      2022       11        22

                     182/ШШ2022/03402

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд явуулж

 

Нэхэмжлэгч: Х.ББ

Хариуцагч:  НШШГГ,

 

*** ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3250 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Х.Б мөн болохыг тогтоож, НШШГБ-аасдээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Х.Б

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Х.Б нь 2019 оны 02 дугаар сарын 25-нд Sinotruk ZZ3255M4345B маркийн *** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан юм. Тэгээд 2021 оны 1 сард тээврийн хэрэгслийн улсын дугаарыг солихоор очоод миний тээврийн хэрэгслийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас бусдад шилжүүлэхийг хориглосон байна гэж мэдсэн. Ингээд бусдад ямар нэг өр шир байхгүй, банкинд зээлгүй учраас яагаад тээврийн хэрэгслийг битүүмжилсэн учрыг нь олох гэж явж дараах байдлыг олж мэдээд энэхүү нэхэмжлэлийг гаргасан.

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Г нарын 4 хүнд холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ тогтоох хэсгийн 8 дахь заалтаараа шүүгдэгч Д.Гын нэр дээр бүртгэлтэй...*** ОРА улсын дугаартай Sinotruck ZZ3255 маркийн...эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна.

Дараа нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2020/ДШМ/586 дугаартай магадлалд Д.Гын өмгөөлөгч Г.Д гэдэг хүн бусдын нэр дээр байгаа тээврийн хэрэгслүүдийг хохиролд тооцсон нь буруу гэж гомдол гаргасны дагуу дээрхи шийтгэх тогтоолыг 8 дахь заалтад “...*** ОРА улсын дугаартай Sinotruck ZZ3255 маркийн ...эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах мөрдөгчийн саналд зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрөл хүчинтэй байгааг дурьдсугай...” гэсэн өөрчлөлт оруулжээ. Үүний дараа Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 563 дугаартай тогтоолд давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд оруулсан өөрчлөлт үндэслэлтэй байна гэж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ашиг сонирхол нь хөндөгдөж буй гуравдагч этгээд... шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд гаргаж болно гэсэн байна. Нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг яагаад огт танихгүй Д.Г гэдэг хүний өмч гэж үзэн бусдад шилжүүлэхийг хянаж хязгаарласан байна вэ гэдэг дээр Нийслэлийн Прокурорын газар, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсан боловч зөвхөн шүүхээр таны өмч гэж үзсэн тохиолдолд энэ асуудал шийдэгдэх байх, шүүхэд ханд гэсэн.

Д.Г нарын 4 хүнд холбогдох 19020034301165 дугаартай эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б гэдэг хүн зөвшөөрөл олгосны дагуу мөрдөгч машиныг бусдад шилжүүлэхийг хязгаарласан тогтоол үйлдсэн байна. Энэ талаар огт мэдээгүй. Шүүгдэгч Д.Г гэдэг хүн ч өөрөө мэдэхгүй болох нь түүний өмгөөлөгч Г.Д гэдэг хүний гомдолд дурдагдсан байна. Иймд *** ОРА улсын дугаартай Sinotruck ZZ3255 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Х.Б мөн болохыг тогтоож НШШГБ-аасдээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа, хариуцагчаас ирүүлсэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 2020/ДШМ/586 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 сарын 09-ний 563 тогтоол, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 31-ний өдрийн 796, 799 дугаар гүйцэтгэх хуудас, зөвшөөрөл хүссэн мөрдөгчийн санал, Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2019 оны 09 сарын 06-ны өдрийн 3076 дугаар зөвшөөрөл зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны бусад бичгийн баримт, шүүхээс бүрдүүлсэн Эрүүгийн хэргийн тусгай архиваас ирсэн баримтууд, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х.Б *** ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3250 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч мөн болохыг тогтоолгон, НШШГБ-аасдээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч НШШГГ нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, шийтгэх тогтоолыг үндэслэн уг тээврийн хэрэгсэлд холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

 

2.Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Гын нэр дээр бүртгэлтэй...*** ОРА улсын дугаартай Sinotruck ZZ3255 маркийн...эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгож хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 сарын 12-ны өдрийн 2020/ДШМ/586 дугаартай магадлалаар “...*** ОРА улсын дугаартай Sinotruck ZZ3255 маркийн ...эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах мөрдөгчийн саналд зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрөл хүчинтэй байгааг дурьдсугай...” гэсэн өөрчилжээ. Улсын дээд шүүхийн Хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 сарын 09-ний 563 тогтоолоор дээрх магадлалын заалтыг хэвээр үлдээж, үүнийг үндэслэхдээ прокурорын зөвшөөрлөөр мөрдөгчийн битүүмжилсэн шүүгдэгч нарын зарим эд хөрөнгө хууль ёсны гэрээ хэлцлийн дагуу бусдад шилжиж хариу төлбөрийг шүүгдэгч нарт шилжүүлсэн, мөн зарим үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ гараагүйн улмаас өмчлөл тодорхойгүй байхаас гадна дундаа хамтран өмчлөх эрхээр баталгаажсан тохиолдолд оногдох хувь хэмжээг тогтоогоогүй асуудлууд байгааг харгалзан шууд хураан төлбөрт тооцуулах бус, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар дээрх асуудлуудыг шийдвэрлэж, шүүгдэгч нарын бодит эзэмшил, өмчлөлд буй хэсгийг гаргуулах зорилготой гэж тайлбарлажээ. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ашиг сонирхол нь хөндөгдөж буй бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэсэн иргэний нэхэмжлэлийн талаарх шүүхийн шийдвэрийг үндэслэн явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаарх гомдлоо хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд, эсхүл гүйцэтгэх хуудас олгосон шүүхэд гаргаж оролцох талаар зааж өгсөн байна.

                                                                                          

3.Нэхэмжлэгч Х.Б нь 2019 оны 02 дугаар сарын 25-нд Sinotruk ZZ3255M4345B маркийн *** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдаас худалдаж авсан байх боловч НШШГГ дээрх шийтгэх тогтоолын дагуу уг тээврийн хэрэгслийг Д.Гын төлбөрт тооцохоор холбогдох ажиллагааг явуулж буй байдал тогтоогдож байна.

 Ахлах шийдвэр гүйцэтгэгчээс 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4-186/12510 дугаар албан бичгээр Шийдвэр гүйцэтгэх албаны мэдээлэл лавлагаа, дүн шинжилгээний хэлтсийн даргад Sinotruk ZZ3255M4345B маркийн *** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлж, тээврийн хэрэгслийн эзэмшигчийн мэдээлэл цахим бүртгэлийн программаас илрэхгүй байх тул эзэмшигчийг тодруулж өгөх, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргаас Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст болон Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэст тус тус дээрх тээврийн хэрэгслийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн тул журамлан саатуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2-165/7919, 2-165/7918 дугаар албан бичгүүдийг хүргүүлсэн байна. Ахлах шийдвэр гүйцэтгэгч тээврийн хэрэгслийн эзэмшигчийг тодруулахаар хандсан боловч түүний хариу хэрхэн өгөгдсөн нь тодорхойгүй байна.

Х.Б 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өөрийн өмчлөлийн автомашины захиран зарцуулах эрхийг хууль бусаар хязгаарласан тухай гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж, 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийтгэх тогтоолын дагуу ажиллагаа явагдаж байгаа учир захиран зарцуулах эрхийг сэргээх боломжгүй тухай хариу өгсөн, Х.Б шүүхэд хандсан байна.

 

4.Эрүүгийн цагдаагийн албаны мөрдөгчийн саналын дагуу Нийслэлийн прокурорын газрын прокурор 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр яллагдагч Д.Гын нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, тээврийн хэрэгслүүдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих тухай 3076 дугаар зөвшөөрлийг олгосон байх ба түүн дотор Sinotruk ZZ3255M4345B маркийн *** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл орсон байна.

Гэтэл уг тээврийн хэрэгсэл 2012 онд иргэн Д.Гын өмчлөлд байж, 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр иргэн Д.Бд шилжсэн, улмаар уг тээврийн хэрэгслийн өмчлөл 5 хүнд 5 удаа шилжиж, эцэст нь иргэн Д.Бээс 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчийн өмчлөлд шилжсэн болох нь тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаагаар тогтоогдож байна.

 

5. Ийнхүү Sinotruk ZZ3255M4345B маркийн *** ОРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Д.Гыг 2018 онд гэмт хэрэг үйлдэхээс өмнө 2012 онд түүний өмчлөлөөс гарч бусдад шилжсэн, одоо уг тээврийн хэрэгсэл иргэн Х.Бийн өмчлөл, эзэмшилд байгаа нь тогтоогдож байх тул НШШГГ уг тээврийн хэрэгслийг Д.Гын төлбөрт тооцох ажиллагааг явуулж буй нь үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлүүдээр *** ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3250 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Х.Б мөн болохыг тогтоож, НШШГБ-аасдээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

6.Хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцсэн болно.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1, 122.5-д зааснаар *** ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3250 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Х.Б-ийг тогтоож, уг тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчээс холбогдох албан тушаалтанд явуулсан 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 4-186/12510 дугаар албан бичиг, тээврийн хэрэгслийг журамлан саатуулах тухай  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргаас Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст болон Замын хөдөлгөөний удирдлагын хэлтэст явуулсан 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2-165/7919, 2-165/7918 дугаар албан бичгүүдийг хүчингүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг 7 хоногт гардан авах үүрэгтэй, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                           С. БУД