Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 182/ШШ2022/03586

 

                                                                                                                                         

 

 

 

 

 

 

 

                                       2022       12         08

                   182/ШШ2022/03586

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хүсэлт гаргагч: “Ш” ХХК

 

“Ш” ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч “Ш” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч М.И,

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Ц.Б,

Нэхэмжлэгч ЧДТХ-ийнтөлөөлөгч Б.О,

Нэхэмжлэгч ЧДНДХ В.Эр,

Дампуурлын хэрэг гүйцэтгэгч Ж.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.                   

                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Хүсэлт гаргагч “Ш” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн 9*** дугаартай, регистрийн 5*** тоот дугаартай “Ш” ХХК нь 2005 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Шил никель хийцийн үйлдвэрлэл, Барилгын материалын худалдаа үйл ажиллааа явуулах чиглэлээр 19,770.0 мянган дүрмийн сантай, М.И гэсэн 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Манай компани татварын албанаас 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №352137 дугаартай актаар 10,542,800 төгрөгний торгууль алданги төлөхөөр болж, энэ мөнгийг төлж дуусгасан. Компани 2012 оноос барилгын захиалгын гэрээт ажил тэр бүр олдоогүй, орлого нь үйл ажиллагааны зардлаас давсан зэрэг шалтгаанаас алдагдалтай ажиллаж, алдагдалтай тайлан гарч ирсэн. Энэ талаар Татварын улсын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №352770 дугаартай актад тусгагдсан байдаг.

Манай компани 2015 оны 06 дугаар сараас хойш бараг үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд манай компанийн үндсэн ажлыг хийдэг байсан манай нөхөр Б.щ нь сахарын өвчтэй байсан бөгөөд 2015 оноос энэ өвчин нь хүндэрч эхэлснээр манай үйл ажиллагаа доголдож сүүлийн жилүүдэд ашиггүй, алдагдалтай ажиллах болсон. Багахан ажил хийсэн мөнгөөрөө нийгмийн даатгалын болон татварын өрөө төлж байсан. Нөхөр 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр нас барснаас хойш бараг үйл ажиллагаа явуулаагүй, нөхрөө нас барснаас хойш сэтгэл санааны хямралд орсон. “Ш” ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй алдагдалтай байгаа тул Нийгмийн даатгалын шимтгэл төлөх мөнгө байхгүй гэдгээ тайлбарлаад хэлсээр байхад ЧДНДХбайцаагч н.М нь тайлангаа өг гэж шахаж дарамталдаг, шүүхэд өгнө гэж айлгадаг байсан. Би 2017 оны 08 дугаар 09-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан байсан ч энэ дарамтын улмаас өмнөх нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй учир орлого байхгүй байсан ч зарим сард 1,600,000 төгрөгийн нийт цалин төлсөн мэтээр, учир мэдэхгүй улмаас нийгмийн даатгалын тайлан өгч, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг өөрийн тэтгэврийн мөнгөнөөс төлж байсан.

Манай компанийн энэхүү өр төлбөр, алдагдал нь биднийг өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн үүргээ хуульд заасан хугацаанд төлөх чадваргүй болгосон бөгөөд энэ хугацаанд татварын алба болон нийгмийн даатгалын албанааас удаа дараа өр төлбөр нэхэгдэж байсан ч би чухам яах ёстойг мэдэхгүй тэтгэврийн мөнгөнөөсөө аргаа бараад мөнгөө төлөөд явж байсан. Ингээд сая зөвлөгөө авахад шүүхээр энэ дампуурлын асуудлаа шийдүүл гэсэн тул би компанийн дампуурлыг шүүхээр зарлуулж, татан буулгах тухай нэхэмжлэл гаргасан. Компани нь цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул цаашид дахин хөрөнгөжүүлэх боломжгүй байна. Компани маань үйл ажиллагаа явуулаагүй, оффис түрээслэхгүй удсан бөгөөд үүсгэн байгуулагч 1 гишүүн болох Ш.Игийн гэрийн хаяг нь ***** тоот болно. Иймд манай “Ш” ХХК-д дампуурлын хэрэг үүсгэж, компанийг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү. Манай компанийн өмчлөлд одоо эд хөрөнгө байхгүй, анх компани байгуулж байх үед 19,770 мянган төгрөгийн эд хөрөнгө, шилний машин байсан ба эдгээр хөрөнгүүд элэгдэж хуучирсан учраас заримыг нь акталж, заримыг нь зарсан.

Анх компани байгуулахад авсан сандал ширээ нь элэгдэж хуучирсан, гадаа айлын хашаанд ил байлгасны улмаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас акталсан. Мөн компьютер нь хоцрогдож, хэрэглээнд ашиглагдхааргүй болсон байсан тул акталсан. 2015 онд компаниа татан буулгах гэж нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12.2.5-д заасны дагуу эд хөрөнгийн тооллого хийсэн. Ингэхэд шилний машин 1 ширхэг тоологдсон ба энэ хөрөнгийг Амгалан дахь айлын хашаанд гадаа ил байлгасны улмаас зэвэрч, гинж нь тасарч цаашид ашиглах боломжгүй болсон тул уг хөрөнгийг 1,000,000 төгрөгөөр иргэн Б.Чулуунбатад худалдан борлуулж, олсон орлогоор нийгмийн даатгалын өрөө төлөхөөр шийдвэрлэж байсан. Компаниа татан буулгая гэсэн боловч татварын өртэй компани өрөө төлөхгүй бол татан буулгах боломжгүй, та эхлээд өрөө төл гэж Татварын албаныхан хэлдэг байсан.

Компанийн дүрмийн санг 2013 онд 250,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн тухайд, талийгаач нөхөр Б.Ж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэргэд байрлах компанийн бүртгэлийн талаар үйлчилгээ үзүүлдэг хувь хүмүүс дээр очиход танай компанийн дүрмийн санг нэмэгдүүлээд өгье гэж хэлээд гэрчилгээн дээр энэ өөрчлөлтийг хийж өгсөн байдаг. Гэхдээ энэхүү дүрмийн санг нэмэгдүүлсэн үйл ажиллагаа нь бодитой явагдаагүй юм. Ийм зүйл болсон талаар манай компанийн санхүүгийн тайланг гаргадаг нягтландаа хэлэхэд ингэж болохгүй гэж байсан. Ийм ч учраас санхүүгийн тайланд тусгагдаагүй юм. Уг нь зээл авах, хийх ажил олж авах зэрэгт хэрэгтэй гэж бодсон. Сүүлд  дүрмийн сангаа 250,000,000 төгрөгөөр буцааж бууруулахаар шийдвэр гаргаж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхээр хандсан боловч татварын өртэй учраас ямар ч бүртгэл өөрчлөлт хийх боломжгүй гэсэн. Мөн компанийн бүртгэлд ямар нэгэн өөрчлөлт хийлгэхэд 2022 оны санхүүгийн тайланг авч ирэх шаардлагатай гэж хэлсэн. Би 2015 оны 1-р улирлаас хойш санхүүгийн тайлан өгөөгүй бөгөөд одоо тайлан батлуулъя гэвэл 4,000,000 гаруй төгрөгийн торгууль төлсний дараа тайланг баталгаажуулж өгнө гэсэн.

Манай компанийн хамгийн сүүлийн тайлан дээр өөрийн хөрөнгө нь 10,836.0 мянган төгрөгөөр тусгагдсан байгаа. ЧДТХ-ийнманай компанид 2013 онд тавьсан татвар, торгууль, алдангийн хэмжээ нь нийт 27,296,247.65 төгрөг, мөн ЧДНДХт 11,440,000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн өртэй бөгөөд энэ өрийн талаар шүүхийн шийдвэр 2020 оны 10 сарын 27-ны өдөр гарсан болно. Манай компани нь бусдаас 8,162.7 мянган төгрөгийн дансны авлагатай байдаг боловч “ДФ” ХХК-аас Мишээл экспо төвд хийсэн павилоны үнийн үлдэгдэл 2,300,000 төгрөг, Дархан-Уул аймгийн “ӨХ” ХХК-аас мөн ажлын хөлс 5,862,700 төгрөгийг авах байсан боловч тэдгээр нь төлж чадахгүй удсан, захИл нь нас барсан байсан гэв.

 

  1. Шүүх хүсэлт гаргагчаас ирүүлсэн “Ш” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Ш” ХХК-ийн дүрэм, “Ш” ХХК-ийг татан буулгах тухай үүсгэн байгуулагчийн шийдвэр, Татварын өр тооцоолол, Үндсэн хөрөнгө актлах тухай тушаал, хавсралтын хамт, Дүрмийн санг 250,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн, бууруулсан шийдвэр, Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө өөрчлөх/нэмэх, хасах/ зөвлөмж, Чингэлтэй дүүргийн Татварын улсын байцаагчийн актуудын хуулбар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлүүлэхээр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02654 дугаар шийдвэр, Компанийн санхүүгийн тайлан, “Ш” ХХК-ийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний Санхүүгийн байдлын зарим үзүүлэлтүүд, шүүхээс бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Автотээврийн үндэсний төв, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба, Ашигт малтмал, газрын тосны газар, арилжааны банкууд, Гаалийн Ерөнхий газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн лавлагаа, тодорхойлолт зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

  1. “Ш” ХХК нь анх 1 үүсгэн байгуулагчтай, 19,770,000 төгрөгийн дүрмийн сантай, үндсэн үйл ажиллагааны чиглэл нь шил никель хийцийн үйлдвэрлэл, гадаад худалдаа, барилгын материалын худалдаа чиглэлээр байгуулагдан 2005 оны 08 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба 2010 оны 03 дугаар сарын 31-нд Барилгын засвар, засал чимэглэл эрхлэх туслах үйл ажиллагааг шинээр нэмж бүртгүүлэн захирлаар М.Иг томилж нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлсэн байна.

Хүсэлт гаргагч “Ш” ХХК нь 2010 оноос 2015 оны санхүүгийн тайланг шүүхэд ирүүлсэн ба түүнээс хойш компани тогтвортой үйл ажиллагаа явуулж тайлан гаргаагүй байдал харагдаж байна.

 

Хэрэгт ирүүлсэн баримтуудаас харахад ЧДТХ-ийнтатварын байцаагчийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 352137 дугаар актаар 10,542,800 төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги, хүү тавигдсаныг төлсөн байх ба дахин татварын байцаагчийн 2013 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 352770 дугаартай актаар нөхөн татвар, торгууль, алданги нийт 10,787,200 төгрөгийн төлбөр тавигдсаныг одоо хүртэл төлөөгүй байна. Мөн ЧДНДХнэхэмжлэлээр нийгмийн даатгалын шимтгэлийн өр 11,440,000 төгрөгийг “Ш” ХХК-иар төлүүлэхээр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2654 дугаартай шийдвэр биелэгдээгүй байгаа байдал тогтоогдож байна.

 

Компанийн хувьцаа эзэмшигчийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэрээр компанийн дүрмийн санг 250,000,000 төгрөгөөр нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, компанийн гэрчилгээнд өөрчлөлт тэмдэглэгдсэн боловч дүрмийн санг ямар байдлаар нэмэгдүүлсэн нь тодорхойгүйн зэрэгцээ энэ өөрчлөлт санхүүгийн тайланд тусгагдаагүй байна. Компанийн хувьцаа эзэмшигчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр компанийн дүрмийн санг 250,000,000 төгрөгөөр бууруулах тухай шийдвэр байх боловч энэ нь мөн бүртгэгдээгүй байна.

 

Компанийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 02 дугаар тушаалаар үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, элэгдлээрээ өртгөө нөхсөн, ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж ширээ сандал, компьютер, принтер зэрэг 4,590,000 төгрөгийн эд зүйлийг актлах, мөн өдрийн 01 дугаар тушаалаар 15,130,000 төгрөгийн анхны өртөгтэй, 8,072,400 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй Шилний машин FZM 8325-1-ийг ашиглалтын хугацаа дууссан, хуучирч хоцрогдсон, цаашид ашиглагдах боломжгүйг харгалзан 1,000,000 төгрөгөөр худалдан, нийгмийн даатгалын шимтгэлийн өрөө төлөхөөр тус тус шийдвэрлэжээ.

 

Дээрх баримтуудыг үндэслэн “Ш” ХХК нь Дампуурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дах хэсэгт заасны дагуу буюу үүргээ биелүүлж чадахгүй болсноо өөрөө мэдэгдэж, дампуурсанд тооцон, татан буулгахыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

  1. Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүйд тооцно” гэж заасан ба тус компанийн санхүүгийн тайлан болон бусад нотлох баримтыг шинжлэн,  компани өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй, цаашид биелүүлэх боломжгүй байдалд хүрсэн гэж үзэж, шүүхээс 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШЗ2022/07733 дугаар захИмжаар “Ш” ХХК-ийг төлбөрийн чадваргүй болсонд тооцож, 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх, 07 дугаар сарын 18-ний өдрийн 14 цагт нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулахаар шийдвэрлэж, өдөр тутмын сонин болох Өдрийн сонины 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн №112(6985) дугаарт тус компаниас авлагатай нэхэмжлэгч нар нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргахыг нийтэд мэдээлж зарласан байна.

 

  1. Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30 хоногийн дотор шүүх нэхэмжлэгчдийн анхны хурлыг зохион байгуулна гэж, мөн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт түр хэрэг гүйцэтгэгч нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулна гэж тус тус заасан байх ба “Ш” ХХК-ийн дампуурлын хэргийн нэхэмжлэгчдийн анхны хурал 2022 оны 07 дугаар сарын 18-нд болж 27,296,247.65 төгрөгийн авлага бүхий Чингэлтэй үүргийн татварын хэлтэс, 11,440,000 төгрөгийн авлага бүхий ЧДНДХ тус тус нэхэмжлэгчээр оролцож, Дампуурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар хэрэг гүйцэтгэгчээр Ж.Эрдэнэбилэгийг батлуулахаар шүүхэд санал болгон, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ний өдрийн 182/ШЗ2022/09443 дугаар захИмжаар хэрэг гүйцэтгэгчээр Ж.Эрдэнэбилэгийг баталж томилжээ.

Хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн, тус компанийн үйл ажиллагаанд дүгнэлт хийж 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Ш” ХХК-ийн дампуурлын хэргийн хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийг гарган шүүхэд ирүүлж, нэхэмжлэгч нарт танилцуулсан нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.,13.3 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцжээ.

 

Хариуцагчийг төлбөрийн чадваргүйд тооцсоноос хойш Дампуурлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5., 23 дугаар зүйлийн 23.1., 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч “Ш” ХХК болон нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгч нарын хэн алинаас нь шүүхэд ирүүлээгүй бөгөөд харин хэрэг гүйцэтгэгч “Ш” ХХК-ийг дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг гаргаж байна. Дампуурлын хэргийн оролцогчдоос хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол, хүсэлт гаргаж байгаагүй болно.

 

Дээрх байдлууд нь Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт зааснаар “Ш” ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах үндэслэлийг бүрдүүлж байна.

 

Иймд хүсэлт гаргагч “Ш” ХХК-ийг дампуурсанд тооцон, татан буулгах тухай нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, компанийг татан буулгахтай холбоотой ажиллагааг Дампуурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 34., 35., 36 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл журмын дагуу явуулж, энэ талаарх тайлангаа шүүхэд ирүүлэх, улмаар бүртгэлийн байгууллагад мэдэгдэж хариуцагч “Ш” ХХК-ийг улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгчид даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.10 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ш” ХХК /улсын бүртгэлийн дугаар 9***, регистрийн дугаар 5***/-ийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

 

2.Дампуурлын тухай хуулийн 14., 18., 34., 35 дугаар зүйлүүдэд заасан журмын дагуу хүсэлт гаргагч “Ш” ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгасугай.

 

3.Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1., 36.2., 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Ш” ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэгт даалгасугай.

 

4.Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсэгт зааснаар Татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1., Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах Б.Энхболор, хэрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбилэг нарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч “Ш” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба 14 хоногт бэлэн болох шийдвэрийг талууд 14 хоногийн дотор гардан авах үүрэгтэй ба уг үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ                                       С.БУД