Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/00277

 

 

 

 

 

 

 

2023 01 30 210/МА2023/00277

 

 

*** ХХК-ийн хүсэлттэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/03586 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч: *** ХХК-ийн дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлттэй,

Нэхэмжлэгч: *** ийн татварын өр 27,296,248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч: *** ийн нийгмийн даатгалын өр 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Дампуурлын хэргийг нэхэмжлэгч *** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч *** ХХК-ийн төлөөлөгч ***, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч ***, нэхэмжлэгч *** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, нэхэмжлэгч *** ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, дампуурлын хэрэг гүйцэтгэгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Хүсэлт гаргагч хүсэлтдээ: Тус компани нь 2005 оны 08 сарын 23-ны өдөр шил никель хийцийн үйлдвэрлэл, барилгын материалын худалдаа үйл ажиллагаа явуулах чиглэлээр 19,770,000 дүрмийн сантай, *** гэсэн 1 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Татварын албаны 2012 оны 03 сарын 29-ний өдрийн *** дугаар актаар 10,542,800 төгрөгийн торгууль, алданги төлөхөөр болж, энэ мөнгийг төлж дуусгасан. Компани 2012 оноос барилгын захиалгын гэрээт ажил тэр бүр олдоогүй, орлого нь үйл ажиллагааны зардлаас давсан зэрэг шалтгаанаар алдагдалтай ажиллаж, алдагдалтай тайлан гаргаж ирсэн. Энэ талаар татварын улсын байцаагчийн 2013 оны 05 сарын 16-ны өдрийн *** дугаар актад тусгагдсан. Манай компани 2015 оны 06 сараас хойш бараг үйл ажиллагаа явуулаагүй. Манай компанийн үндсэн ажлыг хийдэг байсан нөхөр *** нь чихрийн шижингийн өвчтэй, 2015 оноос энэ өвчин хүндэрч эхэлснээр манай үйл ажиллагаа доголдож алдагдалтай ажиллах болсон. Багахан ажил хийсэн мөнгөөрөө нийгмийн даатгалын болон татварын өрөө төлж байсан. Нөхөр 2018 оны 02 сарын 02-ны өдөр нас барснаас хойш бараг үйл ажиллагаа явуулаагүй. *** ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй, алдагдалтай байгаа тул нийгмийн даатгалын шимтгэл төлөх мөнгө байхгүй гэдгээ тайлбарлаад хэлсээр байхад *** ийн байцаагч *** нь тайлангаа өг гэж шахаж дарамтлан шүүхэд өгнө гэж айлгадаг байсан. Би 2017 оны 08 сарын 09-ний өдөр өндөр насны тэтгэвэрт гарсан ч энэ дарамтын улмаас өмнөх нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй учир орлого байхгүй байсан ч зарим сард 1,600,000 төгрөгийн нийт цалин төлсөн мэтээр, учир мэдэхгүй улмаас нийгмийн даатгалын тайлан өгч, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг өөрийн тэтгэврийн мөнгөнөөс төлж байсан. Манай компанийн энэхүү өр төлбөр, алдагдал нь биднийг өөрийн хөрөнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн үүргээ хуульд заасан хугацаанд төлөх чадваргүй болгосон. Компани нь цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул цаашид дахин хөрөнгөжүүлэх боломжгүй. Компани маань үйл ажиллагаа явуулаагүй, оффис түрээслэхгүй удсан бөгөөд үүсгэн байгуулагч 1 гишүүн болох ***гийн гэрийн хаяг нь *** тоот болно. Иймд *** ХХК-д дампуурлын хэрэг үүсгэж, компанийг татан буулгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

2.   Нэхэмжлэгч *** нэхэмжлэл, тайлбартаа: *** ХХК 2013 онд байгуулагдаж, барилгын материалын худалдаа, шил никель хийцийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгэгдсэн. *** ийн хяналт шалгалтын тасгаас *** ХХК-ийн 2012 оны татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж, 2013 оны 05 сарын 16-ны өдрийн 352770 дугаар актаар оногдуулсан нийт 27,296,248 төгрөгийн татварын өрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд *** ХХК-аас нийт 27,296,248 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.   Нэхэмжлэгч *** нэхэмжлэл, тайлбартаа: *** ХХК нь ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 8,800,000 төгрөгийг төлөлгүй өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн тэтгэмж, жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах, түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч, даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Иймд *** ХХК-аас нийт 13,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.   Хэрэг гүйцэтгэгч дүгнэлт, тайлбартаа: Дампуурлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Өөрийн хөрөнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний үүргээ хууль буюу гэрээнд заасан хугацаанд биелүүлэхгүй бол төлбөрийн чадваргүй тооцно гэж заасан байдаг. Тус компанийн санхүүгийн тайланд хийсэн шинжилгээгээр энэхүү *** ХХК нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болсон байна гэж дүгнэж байна. Миний бие нь тус хэрэгт томилогдон ажиллахдаа Дампуурлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийн дагуу *** ХХК-ийн хуваарилагдах эд хөрөнгийн талаар болон хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах гэрээ хэлцэл бий эсэхийг тогтоох зорилгоор дараах лавлагаануудыг холбогдох газруудаас шүүхээр уламжлан гаргуулан авч хавтаст хэрэгт хавсаргасан. Миний бие хэрэг гүйцэтгэгчийн ажлын хүрээнд *** ХХК-ийн захирал ***, өмгөөлөгч *** нартай 2022 оны 10 сарын 26-нд уулзаж, Дампуурлын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан хуваарилагдах эд хөрөнгө байгаа эсэх, мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан хариуцагчийн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байгаа эсэхийг тус тус тогтоохоор үзсэн боловч лавлагааны нотлох баримтаар болон харилцан ярилцлагын уулзалтын тэмдэглэлээр "*** ХХК-ийн хөрөнгийн талаар нэмэлт мэдээлэл гарсангүй. Тэмдэглэлээс: 2014 оны санхүүгийн тайланд 74,380,500 төгрөгийн бараа материалын талаар асуухад "*** ХХК-ийн захирал *** Шилэн бэлдцээр юм хийхэд даавуу, цаас шиг үлдэгдлийг нь ашиглаж болдоггүй, шууд хаягдал болдог. Манай санхүүгийн тайлан гаргаж байсан хүн элэгдэл хорогдол тооцохгүй, зардал болгон хасахгүй явсаар хуримтлагдсан дүн юм. Шилний хаягдал нь 100 айлын түрээсийн хашаанд байж байгаад хашаа нь газарт орж, хаягдал нь хогонд ачигдсан байсан. Банкнаас зээл авч байсан. ***т 11,440,000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 27-ны 181/ШШ2020/02654 тоот шийдвэр гарч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжин ирсэн. Ингээд 2020 оны 10 сараас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан боловч төлбөр төлөх ямар нэгэн эд хөрөнгө "*** ХХК-аас тогтоогдоогүй өнөөдрийг хүрсэн болно. Хэргийн материалд тус компанийн ирүүлсэн санхүүгийн баримт бичиг, хавтаст хэрэгт байгаа бусад байгууллагуудаас ирүүлсэн лавлагааны баримтууд болон хариуцагчийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтэд үндэслэн тус "*** ХХК нь 2012 оноос төлбөрийн чадваргүй болж өр төлбөрөө төлөх боломжгүй болсон ба Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасан этгээд болох хариуцагч, нэхэмжлэгч, хэрэг гүйцэтгэгчээс тус компанийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт ирүүлээгүй тул мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасны дагуу татан буулгах үндэслэл бий болсон гэж үзэж хариуцагчийг татан буулгах санал оруулж байна гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Дампуурлын тухай Монгол улсын хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг баримтлан *** ХХК-ийг дампуурсанд тооцож, татан буулгаж, Дампуурлын тухай хуулийн 14, 18, 34, 35 дугаар зүйлд тус тус заасан журмын дагуу хүсэлт гаргагч *** ХХК-ийг татан буулгахтай холбоотой бүх ажиллагааг явуулахыг хэрэг гүйцэтгэгч ***т даалгаж, Дампуурлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.3 дахь хэсэгт заасныг баримтлан *** ХХК-ийг татан буулгах тухай шүүхийн шийдвэрийг биелүүлж, тайлангаа ирүүлсний дараа холбогдох бүртгэлийн байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах ажиллагааг гүйцэтгэхийг хэрэг гүйцэтгэгч ***т даалгаж, Дампуурлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар татан буулгах ажиллагаа дуусгавар болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагүй шаардлагын үүргээс чөлөөлөгдөж, түүний нэхэмжлэгчдийн өмнө хүлээсэн үүрэг дуусгавар болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэхийг шүүгчийн туслах ***, хэрэг гүйцэтгэгч *** нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч *** ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.   Нэхэмжлэгч *** давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: *** ХХК-д холбогдох дампуурлын хэрэгт хэрэг гүйцэтгэгчийн 2022 оны 10 сарын 27-ны өдрийн 01 дүгнэлтэд санхүүгийн тайланг харьцуулсан тооцоололд дурдсан нийт хөрөнгийн дүн 2012 онд 83,944,700 төгрөг, 2013 онд 110,567,300 төгрөг, 2014 онд 84,498,700 төгрөгийн үлдэгдэлтэй байх бөгөөд эргэлтийн хөрөнгөд дурдсан нийт 254,156,000 төгрөгийн үлдэгдэл хөрөнгө байсан нь тогтоогдож байна. *** ийн нэхэмжилсэн 2013-2018 онд үүссэн татварын хяналт шалгалтын актын өр, тус компанийн өөрсдийн тайлагнасан тайлангийн нийт 27,296,247.65 төгрөгийн өр төлбөрийг төлөх бүрэн боломжтой байхад төлөлгүй 2022 он хүртэл дампуурлаа зарлаж байгааг татвар төлөхөөс зайлсхийж байна гэж үзэж байна. Мөн *** ХХК нь төлбөрийн чадамжгүй болсон шалтгаан нь бусдын буруутай үйл ажиллагаанаас бус өөрийн буруутай үйл ажиллагаанаас үүссэн болох нь хэрэг гүйцэтгэгчийн дүгнэлтийн 4 дүгээр талд дурдсан байна. Түүнчлэн, татвар төлөгч нь 2013 онд эргэлтийн хөрөнгийн үлдэгдэлтэй тайлагнасан атлаа татварын өр төлбөрийг барагдуулаагүй байгааг шүүх тодорхойлсон боловч *** ХХК-ийг дахин хөрөнгөжүүлэх хүсэлт, төлөвлөгөөг шүүхэд гаргаагүй байдал зэргийг үндэслэн хариуцагч компанийг дампуурсанд тооцсон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цугларсан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь, тал бүрээс нь бодитойгоор харьцуулсан үзсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7.   *** ХХК давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гомдолд эргэлтийн хөрөнгөд дурдсан нийт 254,156,000 төгрөгийн үлдэгдэл хөрөнгө байсан гэж бичсэн нь үндэслэлгүй. Манай компани 2012 болон 2013 онуудад удаа дараа татварын акт тавигдаж, данс битүүмжлэгдэж байсан бөгөөд бид Чингэлтэй дүүргийн Татварын албанд 2,750,000 гаруй төгрөгийн шилэн хана, хаалганы ажил хийж өгч татварын өр төлбөрөөсөө хасуулж байсан. Миний хувьд анх энэ компанийг байгуулахдаа банкнаас 20,000,000 төгрөгийн зээл авч, шилний машин, компьютер зэргийг аваад үйл ажиллагаа эхэлж байсан. Миний хувьд санхүүгийн мэдлэг муутай учраас санхүүгийн тайлангаа өөр хүмүүсээр мөнгө төлж гаргуулдаг байсан. Тэдгээр хүмүүс сэтгэлээсээ тайлан хийдэггүй, тухайлбал 2005 онд авсан хуучин компьютерийг гэхэд л элэгдэл хорогдлыг нь тооцдоггүй, хоцрогдсон хуучирсан байхад нь актлаагүй гэх зэргээр бүх зүйлийг дутуу хийсэн. Ингээд сүүлд аудиторч хүнээс зөвлөгөө авч эд хөрөнгийн тооллого, эд хөрөнгө акталсан баримтуудыг хийлгэсэн. Ийнхүү банкны зээл, татвар, нийгмийн даатгалын өрөө чадах ядахаараа төлж, үйл ажиллагаа явуулж байхад 2012 онд татварын хэлтсээс акт тавьж компанийн данс хаасан. Ингээд 2015 оноос манай нөхөр хүндээр өвчилж, бид компанийн өр төлбөр төлөх байтугай, өвчнийг нь эмчлүүлэх гэж эмнэлгээр явсаар 2018 оны 02 сарын 02-ны өдөр нөхөр нас барсан. Бидний хувьд татвар төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй. Би өндөр насны тэтгэвэрт гарсан ба нөхөр *** 2018 онд нас барсан тул дахин үйл ажиллагаа явуулах, компанийг дахин хөрөнгөжүүлэх боломжгүй. Дампуурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.2-т зааснаар хариуцагчаас нэхэмжилсэн нийт төлбөрийн гуравны нэг буюу түүнээс дээш хувийг нэхэмжилж байгаа нэхэмжлэгч нь дахин хөрөнгөжүүлэх хүсэлт гаргах эрхтэй тул гомдол гаргаад байгаа *** ч дахин хөрөнгөжүүлэх хүсэлтийг гаргах эрхтэй боловч тийм хүсэлт гаргаагүй. Татварын тайлангийн системд ч сүүлийн жилүүдэд манай үйл ажиллагааны байдлыг татварын алба хуулийн этгээд дампуурсан" гэж бичсэн байгаа. Шүүх болон дампуурлын хэрэг гүйцэтгэгч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүрэн үнэлж дүгнэн, бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж, үндэслэлтэй шийдвэр гаргасан ба давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.   Хүсэлт гаргагч *** ХХК нь дампуурсанд тооцож, татан буулгах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

3.   Дампуурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт Харилцагч тал харилцагчтай холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон тухай нийтэд мэдээлсэн өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд гаргана гэж заасны дагуу *** татварын өр 27,296,248 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг, *** нийгмийн даатгалын шимтгэлийн өр 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус тус шүүхэд гаргасан байна. /хх 91-92, 105-106/

 

4.   Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын шаардсан татварын өр, нийгмийн даатгалын шимтгэлийн өр үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг огт шийдвэрлээгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна.

 

5.   Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/03586 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Д.НЯМБАЗАР