Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2022/03695

 

                                                                                         

 

 

 

 

 

 

 

 

                                      2022        12         20

                                182/ШШ2022/03695

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, У.Сайнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Д.Б

 

Хариуцагч: ТЕГ,

 

Хариуцагч: ЦЕГ,

 

эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгах явцад хураан буцаан өгөөгүй эд зүйлийн үнэ гэж 82,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц, С.Ц

хариуцагч ТЕГ-ын төлөөлөгч Н.Т

хариуцагч ЦЕГ-ынтөлөөлөгч Х.Н

иргэдийн төлөөлөгч Ё.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч 1963 оноос Улаанбаатар хот орчмын байгалийн ногоон бүсийн ой мод, горхи, булаг, шанд, рашаан, усыг хамгаалах хүсэлт өргөдлийг Засаг дарга нарт өгч, ихээхэн тэмцэл хийж байсан. Өширхсөн албан тушаалтнууд нэхэмжлэгчийг янз бүрийн гэмт хэрэгт гүтгэн баривчлуулж хорьж хохироон хэлмэгдүүлсэн юм. 1976 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн орой бүрийгээр иргэн би ажлаасаа гэрийн зүг явж байтал гэнэт үл таних энгийн хувцастай 3 хүн гарч ирэн дээшээ тэнгэр рүү “хий” буудаж, намайг гавлан баривчилж “Ганц худаг”-ийн шоронд хүч хэрэглэн хорьж, хүн амины хэрэгт гүжирдэн тулгаж 24 хоног зогсоо зайгүй байцааж, дараагийн сар, хоногуудад энд тэндхийн миний огт мэдэгдэхгүй лам, шашны мэргэ, төлөг тавьдаг төвчингүүдийн нэр усыг тодруулан асуун байцааж, мөн миний мэдэхгүй контрабандын наймаачдын нэр усыг асууж, Улаанбаатар хотод амьдарч байгаа япон хүнийг “чи мэдэх учиртай”, “нэрийг хэл” гэх зэргээр 5 сар гаруй хорьж байгаад нэг өдөр чи их азтай муу нохой юм даа, одоо нэр төр чинь цэвэр сайхан боллоо гэж доромжлон 1977 оны 6 дугаар сарын эхээр “Ганц худаг”- ийн шоронгоос 7 сар хорьж байгаад гаргасан түүхтэй.

 

            Иргэн Быг 1982 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18 цагт ажил дээрээ байж байтал гэнэт Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Жамсранжавын тусгай даалгавраар, Улсын прокурорын тогтоол шийдвэрээр “Таныг Япон, Франц, Англи Улсын элчин сайдын яамны тагнуулын нөхдийн гар хөл” болж, “ах дүү Зөвлөлт холбоот улсын цэргийн объектын зургийг авч өгдөг”, мөн хуучны “ном, судар, түүхийн үнэт зүйлүүдийг хөрөнгөтнүүдэд олж өгдөг”, “эх орныхоо дайсан” болсон чамайг баривчилж байна” гэж дахин баривчилсан юм. “Чи ганц худгийн шоронд ясаа цайтлаа сууж цаазаар авхуулах ялтай” гэж бодоорой гэж хэлсэн. Хоригдож байх үед гэрийн эд хогшлыг хурааж, унших ном, уух аяга, унтах хөнжлөөс бусад 34 нэр төрлийн эд зүйлийг хурааж авсан болно. Тагнуулынхан, шоронгоос гарах үед гэрийн хоол цай шоронд удаан сараар суусан их хэмжээгээр зориудаар идүүлж, 20,30 минутын дараа гэдэс дүүрч гүйлгэж, удаан сууж чадахгүй болсон үед хурдан эд зүйлээ хүлээн ав гэж өгч байсан. Эд зүйлээ буцаан авахад хамгийн содон сонирхол татах хуучны мөнгөн тоног чимэгтэй цахир буу товгор бичигтэй, Манжийн үеийн 30 литрийн ваар, цоо шинэ калибр буу/ 1976 онд худалдаж авсан/, Өндөр гэгээний урлалын Цагаан дарь эх, Ногоон дарь эх бурхан зэрэг эд зүйлс байхгүй байсан. Би тэдгээр эд зүйлсийг нэрсээр нь хэлэхэд, “чи түүхийн эд зүйл хулгайчидтай нийлж авсан байж мэднэ, шалгах хугацаа дуусаагүй, чиний хүн алах зэвсэг байж мэдэх бууг ер нь хүн айлгах хэрэгсэл болгодог хүн” гэж үзэж байгаа гээд өгөөгүй. Мөн Нийгмийг аюулаас хамгаалах яамны чекистүүд “...чамайг одоо шоронгоос гаргачихаад зүгээр дураар чинь орхихгүй шүү. Ер нь манай яамны сайд, дарга нар чамайг их харж, үзэж байгаа шүү. Чи одоо шоронгоос гараад энэ асуудлыг элдвийн хүмүүст нууц алдан элдвээр ярьж явбал шоронд буцаж орохоо мэдэж байгаа биз, чи эд зүйлийнхээ баримт авна гэж юу хэлж, хуцаад байна вэ, үлдсэн зүйлийг чинь нарийн сайтар шалгах асуудал дуусаагүй байна, чамайг шоронд чинь өт болтол нь суулгаж байгаад шалгах байсан ч харин чамайг гаргаж, өршөөл үзүүлээд байхад даварч хурааж авсан эд зүйлийн бичиг баримт авъя гэж биднээс шаардах эрх чамд байхгүй шүү. Чи одоо эд зүйлээ авсан гэсэн гарын үсэг зурж авахгүй юм бол буцаагаад одоо шоронд чинь хийнэ шүү” гэж сүрдүүлж байсан.

 

            Тэр үед хурандаа Б, хурандаа Ч, хурандаа С, хурандаа Д нар байсан. Зарим эд зүйл дутуу, ан цав сууж эвдэрсэн байхыг хараад хэлэхэд, ....хуцаад бай, чиний юмыг санаатай эвдээгүй, машинаар ачиж явахад ан цав суугаа биз” гэсэн. Нэр бүхий зүйлсийг өгөөгүй. Шалгаж дуусаагүй гэж хэлсэн учраас хэсэг хугацаанд чимээгүй орхисон. Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас нэхэмжлэгчийг удаа дараа “эх орноосоо урвасан”, “гадаадын тагнуул”-тай холбоотой, хүн амины хүнд гэмт хэрэгт гүтгэн шалгах нэрээр олон хоногоор цагдан хорьж, түүхийн хосгүй дурсгалт үнэт зүйлс болох цахиур буу 1 ширхэг /1911 оноос Улиастай-Ховдын чөлөөлөх байлдаанд шархадсан цэргүүдийг эмчилж байсан гэлэн Аоос удам угсааны 33 хүүхдүүдээр дамжиж ирсэн/, сэлэм /манж үсэгтэй, луу ороосон, алтан шармал, бариул нь мөнгөн тоногтой/, калибр буу 1 ширхэг, Өндөр гэгээний бүтээл ногоон дарь эх бурхан 1 ширхэг, цагаан дарь эх бурхан 1 ширхэг, манжийн хааны үеийн 30 литр багтаамжтай, гадна талдаа товгор хээ үсэгтэй, эрэгтэй, эмэгтэй хүмүүс бие рүүгээ харж тэвэрсэн зурагтай ваар 1 ширхэг /уг ваар нь гэлэн Аоос удамшин дамжиж ирсэн бөгөөд мөн хошуу Лу Л/ ноёноос гэлэн Аыг 9 олбогоор шагнаж байсан түүхтэй/ хурааж аваад одоо болтол өгөөгүй, ор сураггүй алга болгосон уу, эсвэл хэн нэгний гарт орсон байж болзошгүй. Нэхэмжлэгчийг холбогдуулсан хэргийг Прокурорын байгууллага хянаж үзээд 2006 онд цагаатгаж хэрэгсэхгүй болгосон бөгөөд эд зүйлээ олж авах гээд олон жил хөөцөлдсөн боловч Нийгмийг аюулаас хамгаалах яам, одоогийн ТЕГ өнөөг хүртэл бодитой арга хэмжээ авахгүйгээр барахгүй, гэр бүлийн амьдралд түүхийн дурсгалт өлгийн зүйл, эд материал эзэмших эрхийг санаатайгаар зөрчиж, эд материалын хохирол учруулж, хувийн, амины өмчтэй байх эрхийг зөрчсөөр байна. Мөн хилс хэрэгт хэлмэгдүүлэн хохироох явцдаа бүрдүүлсэн хэргийн баримтууд, хавтас хэргийн материалуудыг ч үзүүлэхгүй байна. Тухайн үед нэхэмжлэгчийг шалгаж, гүйцэтгэх ажиллагаа хийж, түүнд оролцож байсан хүмүүстэй цагаатгагдсаныхаа дараа нэхэмжлэгч уулзахад тухайн үед таньд хилс хэрэг тулгаж, үнэхээр хэлмэгдүүлсэн, муухай юм болсон гэж хэлээд зарим нь өөрийн гараар сэтгэл гарган өөрсдийн санаачилгаар тодорхойлолт бичиж өгсөн. Монгол Улсын Үндсэн хуулийн Хүний эрхийн 2 дугаар бүлгийн 16 дугаар дугаар зүйлийн 3 дахь хэсэгт: “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.” 13 дахь хэсэгт: “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй...” гэж заасныг ноцтой зөрчсөн ба хүнлэг бус харьцаж, цуглуулсан түүхэн ховор эд материал, өлгийн эд зүйл, өмч хөрөнгийг нь үрэгдүүлж хохироосон байна. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.” гэж заасан байдаг.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. дэх хэсэгт: “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 498 дугаар зүйлийн 498.1. дэх хэсэгт: “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт: "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагч ТЕГ, Цагдаагийн ерөнхий газраас цахиур буу /товгор бичигтэй/-1 ш, манжийн үеийн дарь эх бурхан тус бүр 1 ш, манжийн үеийн 30 литрийн багтаамжтай бие бие рүүгээ харсан хүний зурагтай ваар 1 ширхэг ваар, 1982 онд хурааж авсан бурхад болох Өндөр гэгээн Г.Занабазарын мутрын хийцийн бурхан, Өндөр гэгээн Г.Занабазарын сургууль хийцийн бурхан, буу, ваарны үнэ болох нийт 82,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

  1. Хариуцагч ТЕГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Баас ТЕГт холбогдуулан гаргасан “... цахиур буу, манжийн үеийн дарь эх бурхан, манжийн үеийн 30 литрийн багтаамжтай бие биерүүгээ харсан хүний зурагтай ваар зэрэг нийт 82.000.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг гаргуулж, иргэн Д.Бт олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэн Д.Б нь Нийгмийг аюулаас хамгаалах яамны Улсын цагдан сэргийлэх газар /хуучин нэрээр/-т 1982 оны 02 дугаар сард эхнэрээ зодож, танхайрсан хэргээр баривчлагдан мөрдөгдөж байгаад суллагдаж байсан тухай баримт тус газрын тусгай архивт байх ба энэхүү хэрэгт Улсыг аюулаас хамгаалах газар /одоогоор Тагнуулын байгууллага/-ын зүгээс Д.Бт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй бөгөөд түүний эд хөрөнгийг хураан аваагүй байна.

 

              ТЕГ-ын тусгай архивын санд тухайн иргэнтэй холбоотой баримт материалыг шүүн үзэхэд иргэн Д.Б нь 1990 оноос эхлэн хууль хяналтын байгууллагуудад хилс хэрэгт холбогдож хэлмэгдсэн гэж удаа дараа гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн албан даалгаврын дагуу Тагнуулын ерөнхий газраас 2001-2003 онд мөрдөн байцаалтын хэрэг нээн, шалгалт явуулж байсан байх ба тус хэргийн материалд 1985 онд Улаанбаатар хотын Сүхбаатарын районы шүүхийн Иргэний шүүх, Улаанбаатар хотын шүүхийн шүүх коллегийн давж заалдах шатны Иргэний шүүх, БНМАУ-ын Дээд шүүхэд Улсын цагдан сэргийлэх газарт холбогдуулан “Эд хөрөнгө гаргуулж, хохирол барагдуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган шийдвэрлүүлж байсан тухай шүүхийн шийдвэр, магадлал, мэдэгдэх хуудас авагдсан байх бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохоор байна. Тухайн үеийн нийгмийг аюулаас хамгаалах яам нь бүтцийн хувьд улсыг аюулаас хамгаалах газар, Улсын цагдан сэргийлэх газар, Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс, Хамгаалах тусгай батальон, Хилийн байцаан өнгөрүүлэх нэгжтэй байсныг дурдах нь зүйтэй бөгөөд үүнийг дан ганц ТЕГ гэж тодорхойлох нь буруу бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хариуцагч байгуулагыг буруу тодорхойлсон гэж үзэхээр байна.

 

            Мөн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэл болгон эд хөрөнгө шаардаж буй нь үндэслэлгүй буюу мөн хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх ерөнхий болон тусгай хугацаа хэтэрсэн байна. Иймд иргэн Д.Баас Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ТЕГт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

  1. Хариуцагч ЦЕГ-ынитгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчаар тодорхойлогдсон Цагдаагийн ерөнхий газраас 1982 онд хурааж авсан бурхад болох өндөр гэгээн Занабазарын мутрын хийцийн бурхан, сургууль хийцийн бурхан, бурхны үнэ болох 81,000,000 төгрөгийг нэхэмжилжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалтад хэргийн оролцогчид “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэгтэй байхаар заасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж байгаа зарим баримтууд хуулийн болоод нотолгооны шаардпага хангахгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж заасан шаардлагыг хангахгүй байна. Эд зүйлийг зургаар үнэлсэн, зураг дахь эд зүйл нэхэмжлэгчийнх мөн эсэх нь тодорхойгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.” гэж тус тус зохицуулсны дагуу тухайн маргааны хувьд хөөн хэлэлцэх хугацаа дуусжээ. Түүнийг хэлмэгдсэн гэж 2006 онд цагаатгасан, тэр үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          4. Иргэдийн төлөөлөгч Ё.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хариуцагч тал нэхэмжлэгч Д.Бт нэхэмжилж байгаа эд зүйлийг нь гаргаж өгөх нь зүйтэй байна гэв.

 

5. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, нэхэмжлэгчийг баривчилж хорьсон, эд зүйлийг хураахад байлцсан, цагдан хорих байранд ажиллаж байсан хувь хүмүүсийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 11 сарын 27-ны өдрийн 1126 дугаар шийдвэр, хариуцагч Тагнуулын Ерөнхий газраас ирүүлсэн Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр шийдвэр, Улаанбаатар хотын шүүхийн шүүх коллегийн 1985 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр магадлал, Дээд шүүхийн 1990 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 3/323 дугаар мэдэгдэх хуудас, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 203 дугаар таслан шийтгэх тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2003 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/1815 дугаар мэдэгдэх хуудас, гэрч Д.Аийн мэдүүлэг, шүүхийн журмаар гаргуулсан Тагнуулын Ерөнхий газраас ирүүлсэн баримтууд, ТЕГ-ын тусгай архив, Эрүүгийн хэргийн төв архив, Шүүхийн тусгай архив, Үндэсний төв архиваас тус тус ирүүлсэн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Б нь ТЕГ болон Цагдаагийн ерөнхий газраас эрүүгийн хэрэгт холбогдуулж шалгах явцдаа хураан аваад буцаан өгөөгүй гэж Өндөр гэгээн Г.Занабазарын мутрын хийцийн бурхан, Өндөр гэгээн Г.Занабазарын сургууль хийцийн бурхан, цахиур буу, 30 литрийн багтаамжтай товгор зурагтай шаазан ваарны үнэ нийт 82,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна. Соёлын өвийн үндэсний төвөөс “Цагаан дара эх”, “Ногоон дара эх” бурхныг Өндөр гэгээн Г.Занабазарын мутрын хийцийнхийг 50,000,000 төгрөгөөр, Г.Занабазарын сургууль хийцийнхийг 30,000,000 төгрөгөөр, цахиур бууг 1,000,000, төгрөгөөр, шаазан ваарыг 1,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.

 

Хариуцагч ТЕГ-ын зүгээс Д.Бт холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, түүний эд хөрөнгийг хураан аваагүй, шүүх урьд энэ нэхэмжлэлийг цагдаагийн байгууллагад холбогдуулан шийдвэрлэсэн гэж, хариуцагч ЦЕГ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй нотлох баримт шаардлага хангахгүй, эд зүйлийг зургаар үнэлсэн ба зураг дээрх эд зүйл Д.Бынх мөн эсэх нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй марган мэтгэлзэж байна.

 

2.Нэхэмжлэгч Д.Быг хуучнаар Нийгмийг аюулаас хамгаалах яамнаас 1976-1978, 1982 онуудад тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 46, 54, 128, 168, 169 дүгээр зүйлүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан баривчлан шалгаж, ингэхдээ түүний эд зүйлийг хураан авсан, буцаан өгч байсан байдлууд байдаг байна. Тухайн үед Нийгмийг аюулаас хамгаалах яаманд Улсыг аюулаас хамгаалах газар /одоогийн ТЕГ/, Улсын цагдан сэргийлэх газар /одоо ЦЕГ/, Засан хүмүүжүүлэх ерөнхий хэлтэс, Хамгаалах тусгай батальон, Хилийн байцаан өнгөрүүлэх нэгж гэсэн газар хэлтсүүд байсан байна.

 

3.Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 203 дугаар таслан шийтгэх тогтоолоор Д.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн Б-д заасан танхайрах гэмт хэрэгт 2 жил хорих ял шийтгэн, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж ялаас чөлөөлж байжээ.

 

Харин түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 46, 54 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт холбогдуулж шалгасан материал олдоогүй ба Д.Б холбогдох газруудад өргөдөл гомдол гаргасны эцэст 2001-2003 онд хэрэг нээж улс төрийн хилс хэрэгт мөрдөгдөж байсан эсэхийг шалган, улмаар Улсын Ерөнхий прокурорын газрын прокурорын 2006 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 5/14 тоот тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 6-г баримтлан Д.Бт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг хэлмэгдсэнд тооцсон ба Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1126 дугаар шийдвэрээр Д.Бт нөхөх олговорт 1,000,000 төгрөг гарган олгож шийдвэрлэсэн байна.

 

4.Д.Бын нэхэмжлэлээр, Улаанбаатар хотын Сүхбаатарын районы ардын шүүхийн 1985 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1 дүгээр шийдвэрээр Цагдан сэргийлэх ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсээс 6808 төгрөг төлүүлэх тухай түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Улаанбаатар хотын шүүхийн шүүх коллегийн 1985 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 14 дүгээр магадлалаар хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Тэрээр хариуцагч нэхэмжлэгчийг хэрэгт холбогдуулан шалгахдаа хураан аваад буцаан өгөөгүй гэж пянз тоглуулагчийн алмазан зүү, хүүхдийн пялтан буу, алтан бөгж, Мао зэ дуний 5 ш сор тэмдэг, люкстер гэрлийн шил, босоо гэрэл, мөн эвдсэн гэр халаагч, сэнж бариулыг хагалсан шаазан ваар, зургийн раам зэрэг эд зүйлийн үнийг нэхэмжилсэн байх ба шүүх Д.Б нь өөрийн эд зүйлийг 1983 оны 2 дугаар сард Улсын цагдан сэргийлэх газраас хүлээн авч эд зүйл хүлээлцсэн протоколд гарын үсэг зурсан, ямар нэг гомдолгүй, эд аж ахуйгаа бүрэн хүлээн авлаа гэж бичсэн, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтгүй гэж нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгосон байна.

 

5.Нэхэмжлэгчийн үнийг нь нэхэмжилж буй эд зүйлүүдийг хариуцагч түүнээс хураан аваад буцаан өгөөгүй гэх байдал тогтоогдохгүй байна. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний цагаатгалын хэрэг, эрүүгийн хэрэг, иргэний хэргүүдээс эрүүгийн хэрэгт шалгагдах үед хураан авсан болон буцаан өгсөн эд зүйлийн талаарх баримтыг авахаар холбогдох бүхий л ажиллагааг явуулсан боловч зөвхөн таслан шийтгэх тогтоол, шийдвэр байгаад хэргийн материалууд байхгүй, устгалд орсон болох нь ТЕГ-ын тусгай архив, Эрүүгийн хэргийн төв архив, Шүүхийн тусгай архив, Үндэсний төв архивын лавлагаа баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгчийн хөрөнгийг хураасан, хураахад байлцсан, мөн цагдан сэргийлэх болон засан хүмүүжүүлэх байгууллагын ажилтан хүмүүсийн өөрийнх нь талаар тодорхойлсон тодорхойлолтыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн боловч тэд гэрчээр байцаагдаагүйн гадна тэдний тодорхойлсон байдлыг нотлох өөр бусад баримт байхгүй байна. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх Д.Аг гэрчээр асуусан боловч хураагдсан эд зүйлийг музей маягаар тавьж үзүүлэхэд нь үзсэн, эд зүйлийн шинжийг нарийн хэлж мэдэхгүй, фото зургаас танихгүй, эд зүйлээс буцаан өгсөн эсэхийг мэдэхгүй байна.

 

Нэхэмжлэгч хураагдсан эд зүйлээс буцаан өгөөгүй болон эвдэж гэмтээсэн эд зүйлийн үнийг Цагдан сэргийлэх ерөнхий газраас нэхэмжилж 1985 онд шүүхээр шийдвэрлүүлэхдээ дээрх эд зүйлүүдийг, тухайлбал, цагаан, ногоон дарь эх бурхныг нэхэмжилж байгаагүй байх ба тухайн үед нэхэмжлэх боломж байсан гэж үзнэ.

 

6.Мөн түүнчлэн нэхэмжлэгчийн энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна.”, 76 дугаар зүйлийн 76.1-т “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж дууссан үеэс шаардах эрх үүссэн гэж үзэх боломжтойн гадна 2006 онд нэхэмжлэгчийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож цагаатгасан үеэс тоолсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

 

7.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

8.Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэсэн дүгнэлт үндэслэл муутай байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-ийг баримтлан ТЕГ болон Цагдаагийн ерөнхий газраас 82,000,000 төгрөг нэхэмжилсэн Д.Бын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 567,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн

119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                       С.БУД

 

                     ШҮҮГЧИД                                       Ч.ДАВААСҮРЭН

 

                                                                           У.САЙНБИЛЭГ