Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 182/ШШ2023/00828

 

                                                                                                           

 

 

 

 

 

 

                                    2023       02        28

             182/ШШ2023/00828

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Буд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ц.Б

 

Хариуцагч: “ДМ” ХХК

 

18,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Ц.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Б нь ном автоматаар худалдаалдаг автомат машин эзэмшдэг. Уг машин нь зөвхөн бэлэн мөнгөөр тооцоо хийдэг учир QPay системтэй холбуулах хэрэгцээ гарсан. Ингээд 2021 оны 12 дугаар сард “ДМ” ХХК-тай холбогдож автомат машиныхаа төлбөр тооцооны системийг шинэчлүүлэхээр тохиролцсон. Тус компанийн захирал Р.Э  уг ажлыг 7-10 хоногийн дотор гүйцэтгэж надад хүлээлгэн өгнө гэж тохиролцон, Драгон төв дээр ажиллаж байсан уг машиныг задлан ажиллахгүй болгосон. Гэвч одоог хүртэл буюу 7 сарын хугацаанд гүйцэтгэж дуусаагүй байна. 2022 оны 05 сард ажил дээр нь очиж уулзан, машиныг хэзээ ажиллуулах талаар бичиг хийлгэе гэхэд маргааш и-мэйл явуулна гээд явуулаагүй. Дараа нь дахин 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр очиж уулзахад Р.Э  байсан танай машин маргааш гэхэд ажилд орно гэж хэлээд бичиг хийж өгсөн. Р.Э ын хариуцлагагүй байдлын улмаас миний машин ажиллагаагүй болж надад дараах хохирлууд учраад байна. Үүнд: Драгон худалдааны төвд сар бүр 250,000 төгрөгийн түрээсийн төлбөрийг төлж байгаа ба одоогоор 750,000 төгрөгийн түрээс хий төлсөн байна. Сар бүрийн борлуулалтын 1,000,000 орчим төгрөгөө алдаж байгаа ба одоогоор 7,000,000 орчим төгрөгийн борлуулалтын орлогоо алдсан. Тус машины лед дэлгэц дээр явагддаг компанийн танилцуулга, рекламны боломжоо алдсан. Уг рекламыг мөнгөн дүнгээр илэрхийлбэл 7 сарын хугацаанд нийт 2,100,000 төгрөгийн боломжит алдагдал хүлээсэн. 2022 оны 05 сарын 23-ны өдөр Р.Э ын данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус автомат машиныг 7,500,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоогоор уг машин дахин ажиллах эсэх нь тодорхойгүй байна. Одоо түрээсийн талбайгаас авч яваад хашаанд байрлуулсан байгаа. Иймд надад учирсан нийт 18,850,000 төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх 2021 оны 12 сард ном автоматаар зарах машины төлбөрийг QR болон банкны ПОС уншдаг болгож программыг нь өөрсдийн зохиосон программ хангамж, компьютер нэмж байршуулан солихоор нэхэмжлэгчтэй ярж, үнээ 1,500,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед бид очиж Хятад улсад үйлдвэрлэсэн автомат машины эд ангийг задалж, сольж тохируулах ажиллагаанд бэлдээд, компьютер, банкны ПОС, модем зэрэг материаллаг зүйл авах тал дээр Ц.Бт ийм зүйлүүд хэрэгтэй гээд компьютер болон ямар операторын модем тавих мөн аль банкны ПОС тавих хүсэлтэй байна, холбогдох материалаа авч өгсөнөөр үйл ажиллагаа явагдах боломжтойг хэлж ярьсан. Үүнээс хойш манайд шаардсан зүйлүүдээс нэгийг нь ч авч өгөөгүй бөгөөд 2022 оны 05 сарын 22-ны өдөр ирж уулзан, албан ёсоор бичиг үйлдэн дахин тохиролцон үнийн дүнг нь 1,000,000 төгрөг болгож хямдруулан урьдчилгаа төлбөр 500,000 төгрөг төлж, манайх компьютер худалдан авахаар, Ц.Б нь модем болон банкны ПОС авахаар, ажлыг 2022 оны 06 сарын 01-ний өдөр дуусгахаар болсон.

Уулзалтын дараа 2022 оны 05 сарын 24-ний өдөр урьдчилгаа мөнгө 500,000 төгрөг шилжүүлж тэр өдөр нь бид компьютер 450,000 төгрөгөөр худалдан авч программаа суулгаад бэлдээд орхисноос хойш нэхэмжлэгч тал дахиж холбогдоогүй бөгөөд ямар ПОС тавих болон ямар модем холбож ажиллуулах нь тодорхойгүй, хэлэлцэн тохирсон үүргээ огт биелүүлээгүй. Банк болгоны ПОС холболт өөр, Модем болгоны компьютерт таниулах нь өөр өөр байдаг тул тэд нарыг нь ирэхээр суулгаж таниулж хүлээлгэн өгөхөөр өөрийн зүгээс шалтгаалах бүх ажлаа дуусгаад хүлээж байсан болно. Гэтэл нэг ч холбоо барихгүй номын автомат машиныг ажиллагаанд оруулахад зайлшгүй шаардлагатай зүйлсийг бидэнд хүлээлгэн өгөхгүй өдийг хүрээд байгаа нь номын автомат машиныг ажиллуулах гэхээсээ илүүтэйгээр биднээс мөнгө нэхэмжлэх нь Ц.Бийн сонирхол юм уу гэж үзэж байна. Бид урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй шаардлагатай зүйлүүдийг нь авахуулан ажлаа дуусгаж үлдэгдэл төлбөрөө авах хүсэлтэй байгаа. Хятад автомат машин дээр дотоодын төлбөрийн системүүдийг суулгаж ажиллуулахад тодорхой хэмжээний судалгааны болон программ хангамжийн ажил хийгдсэн тул нэхэмжлэгч тал шаардлагатай зүйлүүдийг авч өгөх эсэхээс үл хамааран үлдэгдэл 500,000 төгрөгийг гаргуулан авах хүсэлтэй байна гэв.

 

3. Шүүх нэхэмжлэгчээс ирүүлсэн нэхэмжлэл, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн мэдэгдэл, мэдэгдэл дээр тэмдэглэсэн тэмдэглэл, мөнгө шилжүүлсэн дансны хуулга, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай түрээслэх гэрээ, төлбөрийн нэхэмжлэх, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ц.Б нь “ДМ” ХХК-тай 2021 оны 12 дугаар сард ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ном худалдах автомат машины төлбөр тооцоог бэлэн мөнгөөр төлөх системийг QPay системтэй болгон өөрчлүүлэх, ажлын хөлсөнд 1,500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч “ДМ” ХХК-аас тохирсон хугацаанд ажлаа хийж гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлагдсан, хохирол учирсан гэж үзэж Драгон худалдааны төвд автомат машиныг байршуулж төлсөн түрээсийн төлбөрт 750,000 төгрөг, борлуулалтын орлогоо алдсан гэж 7,000,000 төгрөг, автомат машины лед дэлгэц дээр явагддаг компанийн танилцуулга, рекламны төлбөрт авах байсан 2,100,000 төгрөг, урьдчилгаанд 2022 оны 05 сарын 23-ны өдөр Р.Э ын данс руу шилжүүлсэн 500,000 төгрөг, автомат машины үнэ болох 7,500,000 төгрөг, нийт 18,850,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж байна.

 

2. Хариуцагч ажлыг хугацаандаа хийж чадаагүй тул хөлсийг 1,000,000 төгрөг болгож хямдруулсан ба нэхэмжлэгч холбож ажиллуулах интернэт модем, банкны төлбөрийн данс зэрэг шаардлагатай зүйлсээ гаргаж өгөөгүйгээс ажил дуусаагүй,  ажлыг дуусгах боломжтой гэж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

3. Ажил гүйцэтгэгдэхгүй байсан тул нэхэмжлэгч 2022 оны 05 сарын 22-ны өдөр хариуцагчтай ажил дээр нь очиж уулзан, ажил гүйцэтгэхгүй хугацаа хэтэрч, алдагдал хүлээж буй тухай ярилцан, хариуцагч буюу ажил гүйцэтгэгч дээрх байдлыг харгалзан ажлын хөлсний үнийн дүнг 1,000,000 төгрөг болгож хямдруулж, урьдчилгаа аван ажлыг 2022 оны 06 сарын 01-ний өдөр дуусгахаар болсон нь энэ тухай тэмдэглэсэн бичиг, талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч 2022 оны 05 сарын 23-ны өдөр хариуцагч компанийн захирал Р.Э ын дансанд 500,000 төгрөгийг шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн боловч хариуцагч ажлын үр дүнг бэлэн болгох үүргээ гүйцэтгээгүй байна.

 

5. Нэхэмжлэгч хариуцагчийг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд нэмэлт хугацааг 2022 оны 06 дугаар сарын 01 хүртэл тогтоож өгсөн боловч ажил гүйцэтгэгдээгүй, үр дүн гараагүй тул гэрээг цуцалсан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т нийцэж байх тул гэрээгээр шилжүүлсэн зүйл, хохирол шаардах эрх үүссэн байна.

 

6. Нэхэмжлэгчийн гэрээ цуцалсан нь үндэслэлтэй тул гэрээгээр хариуцагчид шилжүүлсэн 500,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасны дагуу хангагдана.

 

7. Талууд 2022 оны 05 сарын 22-ны өдөр уулзахдаа анх ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсоноос хойш хугацааны ажлыг ярилцан дүгнэж, хугацаа хэтэрсэн, нэхэмжлэгчид алдагдал гарсан гэх байдлыг тооцон гүйцэтгэгч ажлыг хөлсийг 500,000 төгрөгөөр хассан нь захиалагчийн алдагдлыг 500,000 төгрөгөөр тооцож тохиролцсон байна гэж үзэх үндэслэлтэй тул энэ хэмжээний мөнгийг хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулах нь зүйтэй байна.

 

8. Нэхэмжлэгч хариуцагчийн үүрэг гүйцэтгэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 01 гэж тогтоосон боловч үүрэг гүйцэтгэгдээгүй тул 06 дугаар сарын 13-ны өдрөөр гэрээг цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргасан тул энэ хугацааны автомат машины түрээсийн төлбөрт 100,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй гэж үзнэ. Автомат машиныг байршуулсан талбайн талаар талууд тайлбарладаг ба түрээслүүлэгчийн түрээсийн төлбөрийн нэхэмжлэхийг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна.

 

9. Хариуцагч нэхэмжлэгчийг холбож ажиллуулах интернэт модем, банкны төлбөрийн данс зэргээ өгөөгүй гэж тайлбарлах боловч энэ нь 2022 оны 05 сарын 22-ны өдөр талууд уулзахад яригдсан асуудал байх ба нэхэмжлэгч удалгүй хариуг өгсөн тухай тайлбарласан, энэ нь гүйцэтгэгчийг ажлаа гүйцэтгэхгүй байх нөхцөл болохгүй.

 

10. Нэхэмжлэгч автомат машин ажиллагаагүй болсон гэдгийг нотлоогүй бөгөөд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн зарим шаардлага буюу 1,100,000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1-ийг баримтлан “ДМ” ХХК-аас 1,100,000 төгрөгийг гаргуулж Ц.Бт олгож, нэхэмжлэгчийн 17,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 30,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 252,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногт бэлэн болох шийдвэрийг 14 хоногт гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

            

 

 

                        ДАРГАЛАГЧ                                         С. БУД