| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цээлийн Амаржаргал |
| Хэргийн индекс | 166/2021/0095/Э |
| Дугаар | 2021/ДШМ/43 |
| Огноо | 2021-06-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2021/ДШМ/43
Д.Мөнхсайханд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 166/2021/0095/Э
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Т.Дэлгэрмэнд /онлайн/
Нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нарыг оролцуулан
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолтой Дэчинжамцын Мөнхсайханд холбогдох 2118000000122 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, Микрийн 10-11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, ДМ81042815 регистрийн дугаартай Бөхийхэн овогт Дэчинжамцын Мөнхсайхан.
Шүүгдэгч Д.Мөнхсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймаг, Дархан сумын 8 дугаар баг, Микрийн 10-11 тоотод гэртээ Б.Нэргүйтэй маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь дээд эрүүний баруун хэсгийн болон баруун талын нүдний ухархай, баруун хацар ясны хугарал, нэг шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор:
-Шүүгдэгч Бөхийхэн овогт Дэчинжамцын Мөнхсайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар шүүгдэгч Д.Мөнхсайханыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхсайханд оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Мөнхсайхан нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
-Шүүгдэгч Д.Мөнхсайхан нь хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн, хохирогч Б.Нэргүй нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдаж,
-Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мөнхсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор эсэргүүцэлдээ:
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “тогтоох” хэсэгт шүүгдэгч Д.Мөнхсайханыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасан ноцтой зөрчилд хамаарч байна.
Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолын “тогтоох" хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээ, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгуулсан өөрчлөлт оруулж зөвтгүүлэх саналтай байна гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолын “тогтоох" хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээ, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох”-ыг тусгуулсан өөрчлөлт оруулж зөвтгүүлэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Мөнхсайханд холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч Д.Мөнхсайханыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Нэргүйг зодож биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримт, болсон үйл баримтаас үзвэл 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүгдэгч Д.Мөнхсайхан нь гэртээ хохирогч Б.Нэргүйтэй архи ууж, улмаар хоорондоо маргалдан, түүний нүүрэн тус газарт гараараа цохисноос хохирогчийн биед дээд эрүүний баруун хэсэгт болон баруун талын нүдний ухархай, баруун хацар ясны хугарал, нэг шүдний хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Нэргүйгийн мэдүүлэг, хэрэг үйлдэгдэх үед хамт байсан гэрч Э.Бат-Эрдэнэ, Ж.Санчир, Ч.Төмөртогоо нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021.04.19-ний өдрийн 246 дугаар дүгнэлт, хохирогч Б.Нэргүйгийн биед хүндэвтэр гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.
Анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Д.Мөнхсайхан нь хохирол төлбөрт 2.000.000 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Мөнхсайханд холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон, шүүх гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн шинж, байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.1.т зааснаар шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг бичээгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг:
-Шүүгдэгч Бөхийхэн овогт Дэчинжамцын Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай., гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАНЛАЙБААТАР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
Ц.АМАРЖАРГАЛ