Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 1254

 

Ц.Б-ийн нэхэмжлэлтэй,

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01099 дүгээр шийдвэртэй Ц.Б-ийн нэхэмжлэлтэй АШУҮИС-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Наранбулаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батзоригт, Б.Баатарсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр АШУҮИС-ийн Хангамж Үйлчилгээний Газарт менежер, 2015 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс тус газрын даргын үүрэгт ажилд томилогдон ажилласан. 2018 оны 7 дугаар сард АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Ж.Цолмон ээлжийн амралтын үед дуудаж, “өмнө нь чи намайг цахимаар муулсан, чи бид 2 дайсан, чи надтай хамтарч ажиллахгүй биз дээ ажлаа өг” гэхэд нь зөвшөөрөөгүй. Ээлжийн амралтаа дуусгаад 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ажилдаа ирэхэд АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн нарийн бичгийн дарга Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан дэд захирал Д.Отгонбаяртай уулз гэсний дагуу өрөөнд нь ороход тэрээр “...“Хай ресурс” ХХК-ийн удирдлагатай тохиролцон гүйцэтгэлийн баталгааг хуурамчаар үйлдсэн байна” гэж гүтгээд зогсохгүй “ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн” гэж гүтгэсэн. Тэгээд ажлаас чөлөөлсөн тушаалаа ав гэсэн боловч Захиргаа, хяналт шинжилгээ, үнэлгээний албаны дарга М.Жаргалсайхан нь ажлын байрандаа байгаагүй. Д.Отгонбаяр, М.Жаргалсайхан нар 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хангамж үйлчилгээний газрын ажилтнуудын өрөөнд 2018 оны 8 дугаартай сарын 15-ны өдрийн Б/79 тоот дугаар ажлаа хүлээлгэн өгөхийг ажил хүлээлцэх комиссын дарга Д.Отгонбаярт даалгасан тушаалыг танилцуулсан. Уг тушаалд ажлын байранд согтууруулах ундааны зүйл хэрэглэж, зүй бус үйлдэл гаргасан гэжээ. Би архи хэрэглэдэггүй. Энэ бол гүтгэлэг. Ажлаас халсан 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/79 тоот тушаал нь миний эрх ашгийг ноцтой зөрчсөн, хууль бус, нэр төрд халдсан тушаал гарсан. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тул урьд эрхэлж байсан АШУҮИС-ийн Хангамж үйлчилгээний газрын даргын ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Б-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.2-д Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, согтуугаар ажилд ирэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг. Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 3.1.13-д ажлын байранд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтныг тухайн өдөр ажиллуулахыг хориглож, хөдөлмөрийг гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар заасан.

Ажлаас халсан тушаалд Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2-т заасныг баримталсан. Төрийн ашиг сонирхлыг дээдлэх гэсэн зарчим байдаг. Төрийн ашиг сонирхлыг дээдлэх нь төрийн албан хаагчийн үүрэг юм. Хангамж, үйлчилгээний газар нь сургуулийн цогцолбор барилга барихтай холбоотой бүхий л ажлыг хариуцдаг. Ц.Б нь төрийн өмчийг зүй зохистой захиран зарцуулах болон Төрийн өмчөөр бараа үйлчилгээ худалдан авахад баримтлах ёстой хэд хэдэн журмын заалтыг зөрчсөн учир Төрийн ашиг сонирхлыг дээдлээгүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Төрийн албан хаагчийн үндсэн зарчим нь төрд хоёргүй сэтгэлээр зүтгэхээс гадна ёс зүйн дүрмийг сахих шаардлагатай. Төрийн үйлчилгээний албан тушаалтан нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу ёс зүйн дүрмийг баримтлах үүрэгтэй. Ажил үүргийн хуваарийн дагуу төрийн өмч хөрөнгийг зүй зохистой ашиглах, хамгаалах учиртай.

2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоолд Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн цогцолбор сургуулийг барихдаа сургуульд хохирол учруулсан гэдгийг тогтоосон. Төрийн бодлого зохицуулалтын газраас АШУҮИС-д 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн нэгдсэн шалгалт орсон. Энэ шалгалтаар төрийн өмчийн хөрөнгөөр баригдаж байгаа сургуулийн цогцолбор барилгыг барихад нэлээдгүй санхүүгийн асуудал илэрсэнтэй холбоотой шалгаж эхэлсэн. Шалгалтаар хангамж үйлчилгээний газартай холбоотой хэд хэдэн зөрчил илэрсэн. Ц.Б нь Төрийн албаны чиг үүргээ зөрчиж санхүүгийн зөрчил гаргасан, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан. Уг зөрчилтэй холбоотой Төрийн бодлого зохицуулалтын газрын тушаал албан даалгавруудыг хэргийн материалд хавсаргасан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээ, сургуулийн дотоод дүрэм, журамд заасныг үндэслэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/79 дугаар Ц.Б-ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан болно. Иймд Ц.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Ц.Б-ийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хангамж үйлчилгээний газрын даргын ажилд нь эгүүлэн тогтоож, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас 16 679 348 төгрөгийг гаргуулж Ц.Б-т олгож, Ц.Б-ийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих бичилт хийхийг хариуцагч АШУҮИС-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ийн ажлаас буруу халсан талаарх нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас 241 347 төгрөгийг гаргуулж Улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн давж заалдах гомдолдоо: Ц.Б- нь АШУҮИС-д холбогдуулан “ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоох, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Шүүх 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 181/Ш32018/10333 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах” нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлага, агуулгыг өөрчилж иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулсан. Тодруулбал, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээр шаардсан зүйлүүдийг хасаж, шинээр найруулан, даалгуулах шаардлага гаргасан мэтээр зохиож байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь шүүхэд 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэл гаргаагүй, шүүхэд ирсэн нэхэмжлэлд нэхэмжлэгч өөрөө гарын үсгээ зураагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад хэргийг хэрэгсэхгүй болгоогүй, улмаар гарын үсэг үнэн зөв эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг хүлээн аваагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт "нэхэмжлэлийг шүүхэд бичгээр гаргах бөгөөд нэхэмжлэгч, эсхүл түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлж буй этгээд гарын үсгээ зурсан байна” гэж заасан. Нэхэмжлэлд нэхэмжлэгч эсхүл түүний төлөөлөгч гарын үсгээ зурсан байхыг хуулиар шаардсан нь нэхэмжлэлээр илэрхийлж буй хүсэл зориг, нэхэмжлэлийн шаардлага нь тухайн этгээдийн өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр илэрхийлэгдсэн гэдгийг нотлох ач холбогдолтой ба нэхэмжлэлд нэхэмжлэгч өөрөө гарын үсгээ зураагүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байхад нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ц.Б гаргасан гэж бодит байдлыг шүүгч гуйвуулан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Улмаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, нотлох баримтыг хууль бусаар цуглуулсан гэж үзвэл шалгуулах замаар шинжээч томилуулах хүсэлтийг хангаагүй.

Хариуцагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг удаа дараа татгалзаж, хүлээн аваагүй атлаа хариу татгалзлаа нотлоогүй гэж дүгнэлт хийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Тодруулбал, АШУҮИС-ийн захирлын 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Б/79 дүгээр тушаалаар “Хангамж үйлчилгээний газрын дарга” Ц.Б-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тухайгаа нотлох ач холбогдол бүхий хариуцагчийн татгалзалтай холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг хангаагүй.

Нэхэмжлэгч Ц.Б-ийг ажлын байран дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэрэглэсэн байдалтай ажилд ирсэн эсэх талаар хэргийн оролцогчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр Б.Лхагвадорж, Д.Отгонбаатар, Б.Ганхуяг, Б.Хүрэлбаатар, Б.Ганбат, Ю.Ганбаатар, Д.Ичинхорлоо, Г.Гантулга нараас гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байсан учир зөрүүг арилгахаар зайлшгүй шаардлагатай гэж үзээд хариуцагч талаас М.Жаргалсайханаас мэдүүлэг авахуулах хүсэлтийг гаргасан боловч шүүх хүлээн аваагүй атлаа хэргийг шийдвэрлэхдээ дээрх гэрчүүдийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, нотлох баримтаар үнэлсэнд гомдолтой байна. Монгол улсын Үндсэн хуулиар хүнийг хийж буй ажил албан тушаалтайн холбогдуулан ялгаварлан гадуурхахыг хориглоно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцохоор хуульд заасан. Анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч байгууллагын төлөөлөгч миний зүгээс өмгөөлөгч Б.Баатарсайхан, Ж.Батзоригт нарын хамтаар оролцохоор гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй. Өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дах хэсгийг зөрчиж, өмгөөлөгч нарыг байлцуулаагүй нь мэтгэлцэх зарчмыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч АШУҮИС-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг холбогдох байгууллагуудаас гаргуулах хүсэлт гаргах эрхтэй.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага  хангаагүй хөдөлмөрийн гэрээг хэрэгт гаргаж өгсөн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн талаас  хөдөлмөрийн гэрээг хариуцагч байгууллагаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулах хүсэлт гаргасан, уг хүсэлтийг шүүхээс хангаж, хариуцагчид ирүүлэхийг даалгасан байна. /1хх-ийн 61-63/

Гэвч тухайн баримт хэрэгт авагдаагүй, шүүгчийн захирамжийн биелэлт биелэгдээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 дахь хэсэгт нийцээгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт нь хөдөлмөрийн эрх зүйн маргааныг эцэслэн шийдвэрлэхэд хангалтгүй байгааг анхаараагүй буюу эсрэг талаас нотлох баримт гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлт биелэгдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан “шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэсэн заалтыг зөрчжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...өмгөөлөгч оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх мэтгэлцэх зарчмыг хангаагүй” гэх гомдол үндэслэлгүй. Учир нь өмгөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй  тухай бичгээр хүсэлт ирүүлээгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээ нотолсон баримтыг гаргаагүй байна. Өмнө нь удаа дараа хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаан хойшлогдож байсан тул өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй юм.

Анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлийг дутуу буюу нэмж тодорхойлсон гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн найруулсан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Шүүх нэхэмжлэлийг агуулгаар нь тодорхойлж иргэний хэрэг үүсгэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй юм.

Харин анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлийн 38.3, 38.6 38.9 дэх  хэсэгт тус тус заасныг зөрчиж, нотлох баримт бүрдүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэснээс давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/01099 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241 347 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ТУЯА

                              ШҮҮГЧИД                              Э.ЗОЛЗАЯА

                                                                             Н.БАТЗОРИГ