Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2020/00807

 

Х.К-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/02257 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2149 дүгээр магадлалтай,

Х.К-гийн нэхэмжлэлтэй,

Нөхөн олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч Х.К-гийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б, п Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

 Нэхэмжлэгч Х.К шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний аав Чийн Х нь 1937 онд Дотоод явдлын яаманд баривчлагдаад, хувьсгалын эсэргүү хэрэгт ДЯ-ны онц бүрэн эрхт комиссын 1937 оны 11-р сарын 16-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 44, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн. Хэргийг хянаад БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1963 оны 10-р сарын 23-ны өдрийн 60 дугаар тогтоолоор цагаатгагдсан.

Миний аавыг баривчлах үеийн садан төрлийн холбоотой нэг ч хүн үлдээгүй, миний ээж, ах, бид 3 үлдсэн. Ах маань 1994 онд нас барсан тул хууль ёсоор өв залгамжлагч нь охин миний биеэс өөр хүн байхгүй болно.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн тул охин нь болох Хын Карма миний биед олгогдох 80 000 000 төгрөгийг олгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.М анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан бөгөөд Х.Кгийн төрсөн эцэг болох нь, мөн нэхэмжлэгч Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2.1 дэх хэсэгт заасны дагуу 80 000 000 төгрөгийн нөхөн олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 13.2.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн олговрыг олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/02257 дугаар шийдвэрээр: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан үндэслэлгүй тул нөхөх олговор 80 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Кгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан энэхүү нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2149 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/02257 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч Х.К хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.20-ны өдрийн 2149 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан “...шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...”, мөн хуулийн 172.2.2-т заасан “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлээр энэхүү хяналтын гомдлыг гаргаж байна.

Нэг. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай:

Давж заалдах шатны шүүх нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн гэр, орон сууцыг хурааж байсан, түүний улмаас эд хөрөнгийн эрх нь зөрчигдсөн хэлмэгдэгч /түүний эхнэр, нөхөр, хүүхэд/ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.1 дүгээр зүйлд заасан 80 сая төгрөгийн нөхөх олговрыг авах, нэхэмжлэх эрхтэй хэмээн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, улмаар хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй байна хэмээн үзэж буйд гомдолтой байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.1 дүгээр зүйлд заасан 80 сая төгрөгийн нөхөх олговрыг мөн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгохоор тус хуульд маш тодорхой заасан.

Нэхэмжлэгч Х.Кгийн төрсөн эцэг Ч.Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, 1937.11.16-ны өдрийн 3 дугаар хурлын тогтоолоор, шүүх цаазын бичгийн 44, 45 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, цаазаар авахуулсан, түүний дараа БНМАУ-ын Дээд шүүхийн бүгд хурлын 1963.10.23-ны өдрийн 60 дугаар тогтоолоор цагаатгагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд үүнийг ч анхан болон давж заалдах шатны шүүхүүд шийдвэр, магадлалдаа тогтоосон байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.1дүгээр зүйлд заасан 80 сая төгрөгийн нөхөх олговрыг олгохдоо мөн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан “хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл орон сууцгүй байгаа бол” гэх урьдчилсан нөхцөлийг хэрэглэх, шалгуур нөхцөл болгох талаар заагаагүй, хууль тогтоогч тэгж хуульчлаагүй, эрх бүхий этгээд тэгж тайлбарлаагүй байхад тус хуулийн 23.1-д заасан орон сууцыг олгохдоо дараалал харгалзахгүй олгож байх талаар заасан хамааралгүй нөхцөлийг хэрэглэж байгаа явдал нь үндэслэлгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн явдал болж байна.

Түүнээс гадна Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23.1-д заасан “хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууц хөлслөх гэрээний үндсэн дээр эзэмшиж байсан орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл орон сууцгүй байгаа бол” гэх нөхцөл нь орон сууц олгох эсэхийг шийдэхтэй холбоотой бус, харин орон сууцыг олгохдоо дараалал харгалзахгүй олгож байхтай холбоотой урьдчилсан нөхцөл гэж үзэж байна.

Хэлмэгдэгчийн гэр орон сууц, эд хөрөнгийг хурааж байсан бол Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13.2.1-д заасан 80 сая төгрөгийн нөхөх олговрыг олгохгүй байх талаар тус хууль болон холбогдох ямар ч хуульд заагаагүй байна.

Тийм байхад анхан болон давж заалдах шатны шүүх нь тус хуулийн 23.1-д заасан дээр дурдсан нөхцөлийг мөн хуулийн 13.2.1-д заасан 80 сая төгрөгийн нөхөх олговрыг олгох нөхцөл болгон хэрэглэж байгаа нь “...шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” явдал нь гэж үзэж байна.

Хоёр: Хэлмэгдэгч Ч.Хын эзэмшлийн гэр, орон сууц болон эд хөрөнгийг хураасан тухай:

1937 онд Ч.Хыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн баривчилж, цаазаар авах үедээ түүний гэр бүлийн хамтаар амьдарч байсан Үйлдвэр комбинатын ажилчдын орон сууцыг дотор нь байсан бүх эд хөрөнгийнх нь хамтаар бүгдийг нь битүүмжлэн хураасан байдаг.

Мөн түүнээс гадна хуучнаар 5 дугаар халуун усны арын дэнж дээр Ч.Х өөрөө барьсан байсан 3 өрөөтэй, доороо зоорьтой, 2 давхар хувийн эзэмшлийн хашаа байшинг нь ч хүртэл битүүмжлэн хурааж байжээ.

Дээрх хураагдсан бүх гэр, орон сууц, эд хөрөнгүүдээс алийг нь ч Ч.Хын гэр бүлийн гишүүдэд буцаан өгөөгүй.

Ч.Хыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авч, улмаар гэр, орон сууц, эд хөрөнгийг нь хурааж байсантай холбогдуулан түүний эхнэр, үр хүүхдүүдэд нь төрөөс орон сууц олгож байгаагүй юм.

Дээрх байдлаар нэхэмжлэгч Х.Кгийн эцэг Ч.Х нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, амь насаа алдаж, эд хөрөнгөөрөө хохирч, энэ зовлон хохирлыг түүний гэр бүл үр хүүхэд нь давхар амссан байхад анхан болон давж заалдах шатны шүүхүүдээс зөвхөн Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын газрын ганц албан бичгийг үндэслэн Х.Кгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

Гурав. Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухай:

Нэхэмжлэгч Х.Кгийн эцэг Ч.Х нь Өвөр Монголын Бараг хүн, эх нь Герман хүн байсан. Х.К нь Монгол улсад төрсөн, тус улсын иргэн хүн боловч багаасаа Монгол хэл сайн сураагүй тул Монгол хэлээрээ сайн ойлгодоггүй, сайн ярьж чаддаггүй. Х.К нь 1937 онд төрсөн, өдгөө 83 настай.

Энэ шалтгааны улмаас нэхэмжлэгч Х.К нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо өөрийн эрх, үүргийн талаар сайн мэдээгүй, шүүхээс өөрт нь эрх үүрэг тайлбарлаж өгсөн эсэх, улмаар өөрийн эрх үүргийн талаар огт ойлгож мэдээгүй.

Мөн анхан шатны шүүх хуралдаанд Х.К нь өөрийн бэр Т.Алимаагаас Монгол хэлний орчуулагчийн туслалцаа авч, шүүх хуралдаанд хамт орохоор дагуулж ирсэн боловч шүүхээс Т.Алимааг шүүх хуралдаанд орчуулагчаар оролцуулаагүй, орчуулга хийлгээгүй.

Тиймээс Х.К нь анхан шатны шүүх хуралдааны талаар бүрэн дүүрэн сайн ойлгоогүй, өөрийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ч шүүх хуралдаан дээр бүрэн дүүрэн илэрхийлж чадаагүй, улмаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтуудаа өөрөө бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээ авч чадаагүй байна.

Гэтэл анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49.1 дүгээр зүйлд “Хэргийн оролцогч монгол хэл мэддэггүй, эсхүл хэлгүй, дүлий бол түүний хүсэлтээр орчуулагч, хэлмэрчийг шүүгч захирамж гарган томилно.” гэж заасныг зөрчиж, Х.Кг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчгүй оролцуулсан явдлыг давж заалдах шатны шүүх анхаарч, уг хуулийн зөрчлийг засах, нэхэмжлэгчийн эрхийг хангах арга хэмжээ аваагүйд гомдолтой байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.08-ны өдрийн 181/ШШ2019/02257 дугаартай шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.12.20-ний өдрийн 2149 дугаартай магадлалыг тус тус хүчингүйд тооцож, Х.Кгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Х.К өөрийн эцэг Ч.Хыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан үндэслэлээр нөхөх олговор 80 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй боловч, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасан байх тул хяналтын шатны шүүхээс алдааг засч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ч.Х нь ял шийтгүүлэхдээ гэр, орон сууцаа хураалгасан нь баримтаар тогтоогдоогүй гэх үндэслэл зааж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2., 13.2.1. дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргажээ.

Х.К нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1.-д заасныг үндэслэн нөхөх олговорт 80 сая төгрөгийг олгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9-17 дугаар зүйлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд учирсан хохирлыг нөхөн төлөх агуулгатай зохицуулалтууд хамрагдсан байх бөгөөд хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.-д улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тогтоогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө гэжээ.

Нөхөх олговрыг 2 үндэслэлээр нөхөн төлөхөөр зохицуулжээ.

1. Хуулийн 10 дугаар зүйлд заасан хэлмэгдэгч өөрөө, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр, хэлмэгдэгийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан хүүхэд, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд, эдгээр хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач зээд нь, хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.-д зааснаар улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч нас барсан бол 1 000 000 төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500 000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгохоор,

2. Нэхэмжлэгч нь хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл түүний хүүхэд байхаар хязгаарлаж, хэлмэгдэгч улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн бол 80 000 000 төгрөгийн, хорих ялаар шийтгүүлсэн бол 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг олгохоор тус тус зохицуулжээ.

Хоёр дахь үндэслэлд заасан нөхөх олговрыг олгох үндэслэлийг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.-т заахдаа “энэ хуулийн 23.1. дэх заалтыг үндэслэл болгож тодорхойлсон нь шүүх хуулийг буруу хэрэглэх үндэслэл болжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 23 дугаар зүйл нь улс төрийн хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах бүлэгт хамаарсан зохицуулалт бөгөөд энд улс төрийн хилс хэрэгт эрүүгийн ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, нас барсан хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/ хэлмэгдүүлэлтийн улмаас гэр, орон сууцаа хураалгуулж, одоо хүртэл орон сууцгүй байгаа бол тэдний байнга оршин суугаа аймаг, нийслэлийн Засаг дарга орон сууц, гэр олгоно гэжээ.

Хоёр шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг үндэслэн гэр, орон сууцаа хураалгасан нь баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр нөхөх олговор нэхэмжилсэн шаардлагыг хэлмэгдүүлэлтийн үр дагаврыг арилгах шаардлагад хамаатуулж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлага,  хуулийн зорилго, агуулгад нийцээгүй байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль нь 1998 онд батлагдсан бөгөөд нөхөх олговор олгох хоёр дахь үндэслэл буюу хуулийн 13 дугаар зүйлийн 13.2., 13.2.1., 13.2.2.-т заасан зохицуулалт нь хуульд нэмэлт өөрчлөлт орсон 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэгдсэн, мөн тус хуулиар нөхөх олговрыг нэг удаа олгоно гэсэн хуулийн 9.2.-т заасан зохицуулалтыг хүчингүй болсонд тооцсон тул нэмэлт өөрчлөлт орсон үндэслэлээр нөхөх олговрыг олгохоор зохицуулсан гэж үзнэ.  

Иймд хуулийн 13 дугаар зүйлд заасан нөхөх олговрыг олгоход хэлмэгдэгчийн эд хөрөнгө хураагдсан эсэх, түүний үр дагаврыг арилгасан эсэх нөхцөл хамааралгүй болно.

Хэрэгт авагдсан баримтаар Чийн Х нь 1937 онд баривчлагдаж, хувьсгалын эсэргүү хэрэгт ДЯ-ны Онц бүрэн эрхт комиссын 1937 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 3 дугаар тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 44, 45 дугаар зүйлүүдээр хуулийн дээр хэмжээ заагдан шийтгэгдсэн, улмаар хувьсгалын эсэргүү хэрэгт хилсээр шийтгэгдсэн нь батлагдсан тул цагаатгуулахаар бичсэн эсэргүүцлээр БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын 1963 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 60 дугаар тогтоолоор ДЯ-ны 1937 оны 3 дугаар тогтоолын Ч.Хад  холбогдох хэсгийг хүчингүй болгож, Ч.Хын хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын Архивын лавлагаа, БНМАУ-ын Дээд шүүхийн Бүгд хурлын тогтоолоор нотлогдсон тул Ч.Хыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тогтоогдсон,

Мөн нэхэмжлэгч Х.К нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ч.Хын төрсөн охин болох нь Тагнуулын Ерөнхий газрын Архивын лавлагаа, 1989 оны хүн амын тооллогын бүртгэлийн Үндэсний Төв архивын лавлагаа, Зууны мэдээ сонины 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 134/6101 дугаарт нийтлэгдсэн нөхөх олговор авах нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтын 25-д зарлуулсан, тэрээр 1937 оны 07 дугаар сарын 26-нд төрснийг нотолсон иргэний үнэмлэхний хуулбар, Улсын бүртгэлийн төв архивын лавлагаагаар нотлогдож байх тул Х.К нь хуульд зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад үндэслэгдсэн, үйл баримтыг хуульд нийцүүлэн үнэлжээ.

Нэхэмжлэгч Х.Кгийн нөхөх олговор олгуулахыг хүссэн хүсэлт хууль зөрчөөгүй, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2., 13.2.1.-д зааснаар түүнд 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох үндэслэлтэй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, улсын төсвөөс 80 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2149 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2019/02257 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1., 16 дугаар зүйлийн 16.1.-д зааснаар улсын төсвөөс 80 000 000 төгрөгийг гаргуулж Х.Кд олгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч Х.Кгийн гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9.-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР   

                            ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД