Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 372

 

Д.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 493 дугаар магадлалтай, Д.Т-д холбогдох 201724000258 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1969 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Д-ийн Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь нас хохироосон” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Т-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, бусдын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч Авто терминал ХХК-иас 3,830,589 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-д, 424,490 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-д тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...бусдын амь насыг хохироосон...” гэснийг “...бусдын амь нас хохирсон...” гэж, 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч Автотерминал ХХК-иас 4,345,646 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Д-д, 424,490 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч С.М-д тус тус олгосугай” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Т гаргасан гомдолдоо “...Миний бие Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан явган хүний гарцтай зам дээр явган зорчигчийг мөргөөгүй гэдгээ мөрдөн байцаалтын үед ч, прокурор, шүүхийн шатанд ч үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр С.М-аар заалгаж явган хүний гарцтай зам дээр хийсэн нөхөн үзлэгийг худал гэдгийг олон удаа мөрдөгч И.А-т тайлбарлан хэлж анх хэрэг болсон А цэгийг зааж өгөхөд хүлээж аваагүй, үзлэгт тэмдэглээгүй. 48 хоногийн дараа С.М-ийн зааснаар үзлэг хийснийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлж, гарын үсэг зураагүй. Тухайн үед тэд биеэ хянах чадваргүй хүнд согтолттой явцгаасан, худлаа зааж байна гэдгийг ч хэлсэн. Би 22 цагийн үед явган хүний гарц өнгөртөл замын голд нэг бөөрөнхий хар юм харагдахаар нь тоормосоо гишгэж зайлуулж дараад байхад автобусны баруун урд буланг ирж мөргөсөн. Буугаад хартал урд хоёр хүн хэвтэж байсан, би шууд ТҮЦ-нд сууж байсан эмэгтэйд хэлж цагдаа, түргэн тусламжид дуудлага өгсөн. Тухайн үед би хурдтай яваагүй, тоормосны мөр гарсан, техникийн хэвийн ажиллагаатай байсан. Гэрч С.А шүүх хуралд мэдүүлэг өгөхдөө эмнэлгийн харуул гарч ирж харчихаад манай сургуулийн урд архи ууж байсан хоёр хүн мөн гэж таньсан гэсэн, уг мэдүүлгээр талийгаач болон С.М нар зүүн талаасаа баруун тийш явган хүний гарцаар зам хөндлөн гараагүй гэдэг нь нотлогдож байгаа бөгөөд ууж байсан архи нь зам дээр хагараагүй байсныг хэргийн газрын үзлэгт тэмдэглэгдсэн байгаа. Энэ хэргийг будлиантуулж намайг хэрэгт буруутгасан хүн нь мөрдөгч И.Азбаяр гэж үзэж байна. Яагаад гэвэл гэрч С.А автобус явган хүний гарц гараад ирж байхад гэж ярьж хэлэхэд мөрдөгч И.Азбаяр олон юм ярьж өөрийгөө ороогоод яах гээд байгаа юм, хараагүй гэж хэл гээд явган хүний гарц гараад ирж байхад замын голд хоёр хүн явж байсан, автобусны буудал биш зогсоол гэж хэлж ярьсан үгнүүдийг бичиж авалгүй зориуд орхиж, хуурамч нотлох баримт бүрдүүлж хууль зөрчсөн. Би энэ талаар дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах, шалгуулах хүсэлтийг олон удаа мөрдөгч, прокурор, шүүхийн шатанд гаргасан боловч хүлээж аваагүй. Нэг талд хэт хөтлөгдөж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлж, намайг хохироож байгаад нь гомдолтой байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Энх-Амгалан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан шатны шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн гэрчийн мэдүүлэг, нотлох баримтуудыг шүүх үндэслэн шийдвэр гаргаагүй, ганцхан С.М-ийн мэдүүлгээр яллаж байгаа нь буруу юм. 2017 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө гэрч С.А-ийн дуудлагаар очиж хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, зураг, схем үйлдсэн Замын цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүний ажиллагааг ямар үндэслэлээр нотлох баримтад тооцоогүй, үгүйсгэж байгаа талаараа шүүх шийдвэртээ тусгаагүй. Хохирогч С.М-ийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зааж хийлгэсэн хэргийн газрын нөхөн үзлэгээр шүүгдэгч Д.Т-ийн гэм буруу нотлогдоогүй бөгөөд нотлох баримтуудын эргэлзээ бүхий нөхцөл байдлууд арилаагүй байхад ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй юм. Талийгаач Г.Б-ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 805 дугаар дүгнэлтэд “суурь ясны зүүн их далавч, чамархай” гэж дандаа зүүн талаараа мөргөсөн гэмтлүүд үүссэн нь шүүгдэгч Д.Т-ийн жолоодож явсан автобусны баруун урд талын салхины шил, гэрлийг талийгаач зүүн талын толгойн хэсгээрээ баруун талаас зүүн тийш явган хүний гарцгүй замын голд мөргөж ойчсон нь хэргийн газрын үзлэг, гэрчийн мэдүүлэг, шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр давхар батлагдсан байдаг. Гэрч С.А-ийн тос зардаг ТҮЦ нь С.М-ийн зааж үзлэг хийлгэсэн явган хүний гарцнаас баруун талдаа 12 метрийн зайд ил байрладаг, уг ТҮЦ-ний цонхоор явган хүний гарцны хөдөлгөөн шууд ил тод харагддаг юм. Мөн гэрч С.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн эмнэлгийн харуул ах гарч ирж харчихаад манай сургуулийн урд архи ууж байсан хоёр хүн мөн гэж таньсан гэсэн мэдүүлгээр талийгаач, С.М нарыг зүүн талаасаа баруун тийш явган хүний гарцаар зам хөндлөн гараагүй гэдгийг нотолж байгаа. Шүүгдэгчийг “явган” хүний гарцтай зам дээр хүн мөргөж осол гаргасан гэж яллаад байгаагаас биш талийгаач биеийнхээ аль хэсгээр автобусны хаана мөргөсөн, мөргөгдсөн, ямар гэмтэл авсан, яаж гэмтсэн гэдгийг огт тодруулаагүй, зөрүүтэй байгааг шалгаж тогтоогоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн. Хохирогч зүүн талаасаа баруун тийш зам хөндлөн гарч яваад автобусанд мөргөгдсөн гэвэл талийгаач болон С.М нар биеийнхээ баруун тал, толгойн баруун хэсгээрээ мөргөгдөх байсан боловч ийм гэмтлүүд үүсээгүй, тухайн үед тэд биеэ хянах чадваргүй хүнд согтолттой явцгаасан бөгөөд хохирогчийн буруутай үйлдлээс болж энэ хэрэг гарсан гэж үзэж байна. 40.4 км цагийн хурдтай явсан тээврийн хэрэгсэлд мөргөгдсөн хоёр хүн яаж 23.4 м, 18.6 м цаана хол очиж унах бэ, унахдаа 2 тийшээ солбиж унадаг нь ямар учиртай, яаж мөргөгдсөн гэдгийг мөрдөн байцаалтын туршилт хийлгэж тогтоолгох гэж удаа дараа хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Мөрдөгч И.Азбаяр гэрч С.А-ийн мэдүүлгийн “гарцаар гараад ирж байхад хоёр согтуу хүн манай ажлын доод талд замын голд явж байсан, автобусны буудал биш, зогсоол” гэсэн үгнүүдийг бичилгүй орхиж нотлох баримтыг хуурамчаар үйлдэж, гэрчид “олон  юм ярьж өөрийгөө ороогоод яахав, хараагүй гэж хэл” хэмээн зааж зориуд худал мэдүүлэг авсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон прокурорын хяналт, шүүх хуралдааны үйл ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан зарчмыг зөрчиж, хэт нэг талд хөтлөгдөж, гэм буруугүй хүнд ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгавал зохих зүйлүүдийг хангалттай шалгаж тодруулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгчийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын журмыг зөрчсөний улмаас нэг хүний биед хүнд хохирол, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Харин шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлаагүй орхигдуулсан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 жилийн хугацаагаар хасахаар хуульчилсан байхад шүүх 2 жилийн хугацаагаар жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь буруу юм. Түүнчлэн нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссаны дараагаас эхэлж тоолох талаар шийтгэх тогтоолд дурдах ёстой байтал дурдаагүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Д.Т нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний орой 22 цагийн үед Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр 32-ын автобусны буудлын замд DAEWOO BS106 загварын 74 31 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч С.М, Г.Б нарыг мөргөж, Г.Б-ийн амь насыг хохироож, С.М-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Д.Т-ийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас нэг хүний биед хүнд гэмтэл учруулсан, нэг хүний амь насыг хохироосон үйлдэл нь тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан “Жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж, тогтоодог ба энэхүү нийтлэг зарчимд хамаарахгүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль нь урьд мөрдөгдөж байсан хуультай харьцуулахад “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” нөхцөлийг бий болгож байгаа үед шинэ хуулийг хуучин хуулийн оронд буцаан хэрэглэх буюу хуулийг буцаан хэрэглэх зарчим эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг юм.

Энэхүү хууль буцаан хэрэглэх зарчим нь Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болон үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдан хуульчлагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Д.Т-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Харин 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасах” нэмэгдэл ялыг хуульчилсан байхад шүүх уг ялын хугацааг хоёр жилээр тогтоон оногдуулж алдаа гаргасан байх тул Д.Т-д оногдуулсан нэмэгдэл ялын хугацааг гурван жил болгож, уг ялыг тоолж эхлэх хугацааг тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар “...явган хүний гарцтай зам дээр явган зорчигчийг мөргөөгүй, гарцгүй газар явган зорчигч нар тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн, энэ байдлыг шалгуулах” талаар гомдол гаргасан боловч явган зорчигч С.М, Г.Б нар нь явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан талаарх нотлох баримт хуульд заасан журмын дагуу цугларч бэхжигдээгүй, анхан болон давж заалдах шатны шүүх ийм нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хяналтын шатны шүүхийн эрх хэмжээг “...анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй” хэмээн тодорхойлсон тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж...” гэснийг “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж...” гэж өөрчилж, “Д.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 493 дугаар магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Д.Т, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                                                  Б.ЦОГТ

                                      ШҮҮГЧ                                                           Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН