Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхбатын Зоригтбаатар |
Хэргийн индекс | 158/2017/0004/з |
Дугаар | 221/MA2017/0396 |
Огноо | 2017-06-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 221/MA2017/0396
2017 оны 06 сарын 06 өдөр | Дугаар 221/МА2017/0396 | Улаанбаатар хот |
Г.Болормаагийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Г.Болормаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Тулга нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Г.Болормаагийн нэхэмжлэлтэй, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.4, 17.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн сул ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг ажил, албан тушаалд Г.Болормааг томилохыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгаж,
2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ийн 5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үлдэх хэсэг “ажилгүй байх хугацааны цалинг магадлагч эмчийн цалингийн сүлжээ шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Булган аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Aнхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/03 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан ...бүтэц орон тоонд “Магадлагч эмч”-ийн ажлын байр байхаар тусгагдсан. Энэ ажлын байр байгаа болохоор хариуцагч нарын тайлбар ... зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн Г.Болормаа нь уг ажлын байранд төрийн албаны шалгалт өгч төрийн жинхэнэ албан тушаалд анх орох жагсаалтад орсон, одоо нөөцөд бүртгэлтэй байхад Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлээгүй, ажлын байрны тодорхойлолтыг Ч.Нямчимэг томилогдсоноос хойш шинэчилсэн, магадлагч эмч нь дотрын эмч байх шаардлагатай гэсэн атлаа хяналтын байцаагчаар тус ажлыг хавсран гүйцэтгүүлж байгаа зэрэг нь хариуцагчийн тухайн ажил албанд томилохоос татгалзсан хууль бус үйлдэл ... гэж үзлээ гэжээ.
Г.Болормаа нь тухайн албан тушаалд ажиллаж байгаад Соёл, спорт аялал жуулчлалын газрын даргаар томилогдсон, 2015 оны 08 дугаар сард тус хэлтсийн даргаар томилогдсон байдаг. Хэлтсийн даргыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас шууд томилдог тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “Бололцооны” дагуу өөр ажил олж өгөх үүрэг түүнд байх тул Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга ажилд томилоогүй эс үйлдэл нь хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Мөн тухайн ажлын байрыг нийтэд мэдээлээгүй, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар сонгон шалгаруулаагүй гэж байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Төрийн албаны зөвлөлийн Булган аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттуяагийн ирүүлсэн тайлбар, нотлох баримтад уг ажлын байрны захиалгыг 2015 оны 09 дүгээр сард ирүүлж, 11 дүгээр сард мэргэшлийн шалгалт зохион байгуулсан боловч “Магадлагч эмч”-ийн ажлын байранд иргэд бүртгүүлээгүй тул ажлын байрны нэгдсэн судалгаанд бүртгэгдэн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байнга байршуулах зард нийтлэгдсэн байгаа бөгөөд одоогоор тус ажлын байранд томилогдох боломжтой иргэний нөөцөд бүртгэлгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Иймд энэ ажлын байрны нөөцөд бүртгэлгүй Төрийн албаны салбар зөвлөлөөс томилуулах талаар дүгнэлт ирээгүй байсан тул томилох боломжгүй. Нэгэнт Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байнга байрлах зард нийтлэгдсэн тул нийтэд мэдээлээгүй гэж үзэхгүй.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 12 дугаар сарын 20-ны 1/1110 тоотоор “Г.Болормаагийн боловсрол мэргэжил ур чадварыг харгалзан тохирох ажлын байраар хангах асуудлыг судлан үзэж, хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу мэдэгд” гэсний дагуу Г.Болормаагийн ажил байдлыг судлан үзэхэд албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа удаа дараалан эрх мэдлээ хэтрүүлэн бусдыг хэл амаар доромжлох, дарамтлах, бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр Төрийн захиргааны болон нийгмийн даатгалын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэлдээ сахилгын, архидан согтуурч ажилтнаа зодож танхайрсан үйлдэлдээ Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулах арга хэмжээ авагдсан мөртлөө түүнийгээ танилцуулаагүй. Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгөгдсөн үүргийг биелүүлээгүй, хамт олны эв эеийг эвдрэлцүүлсэн зэргээс цаашид хамтран ажиллах боломжгүй байсан талаар хариу мэдэгдсэн.
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар бүтэц орон тоо, цалингийн сандаа багтаан ажилтныг томилох эрхийнхээ хүрээнд магадлагч эмчийн оронд тэтгэмжийн байцаагчийг ажлын ачааллыг тэнцвэржүүлэхээр авч ажиллуулсан. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/504 тоотоор “Шаардлагатай ажилтан албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажлын давхардал гаргахгүй байх зорилгоор батлагдсан орон тооны хязгаарт багтаан шаардлагатай ажил албан тушаалд ажилтныг томилон ажиллуулахад татгалзах зүйлгүй болно” гэсэн.
Мөн магадлагч эмчийн ажлын байрны тодорхойлолтод дотрын эмч байх шаардлагыг Г.Болормаа өөрөө дарга байхдаа оруулж баталсан бөгөөд манай хэлтсээс ажлын байрны тодорхойлолт шүүхийн хавтаст хэрэгт 2 өгөгдөөд, илүү хувь гэж шүүхээс буцаагдахдаа түүний гарын үсэгтэй хувь буцсаныг сүүлд мэдсэн. Г.Болормаа нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын тушаалаар томилогдох болон чөлөөлөгдөх албан тушаалтан, харин Төрийн албаны тухай хуулийн 17-ийн 8-д зааснаар ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх нь тухайн албан тушаалтныг томилох эрх бүхий этгээдэд хамааралтай тул энэ шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргав” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б/198 дугаар тушаалаар Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан Цэдэв овогтой Баярмааг ажилд эгүүлэн томилохоор шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Ганбат овогтой Болормааг 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Г.Болормаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тус байгууллагын магадлагч эмчийн ажлын байранд ажиллах хүсэлтээ 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Булган аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтэст, 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн албаны зөвлөлд болон Булган аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тус гаргажээ.
Дээрх хүсэлтийг хариуцагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хариу өгөхгүй байсан тул “Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн сул ажлын байранд томилохыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгах, ажилгүй байх хугацааны цалинг магадлагч эмчийн цалингийн сүлжээ, шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Булган аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн сул ажлын байранд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг ажил, албан тушаалд томилохыг тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Нямчимэгт даалгаж, ажилгүй байх хугацааны цалинг магадлагч эмчийн цалингийн сүлжээ шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгуулах” гэж тодруулжээ.
Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, гээд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж тус тус заажээ.
Мөн Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 33 дугаар тогтоолын 16-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэсэн заалт нь хөдөлмөрийн гэрээ нь цуцлагдаж байгаа шинээр томилогдсон ажилтны зөвшөөрлөөр, хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцэд ажлын байр байгаа нөхцөлд хэрэгжих боломжтой гэж үзнэ” гэжээ.
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Бүтэц орон тоо батлах тухай” А/03 дугаар тушаалын 6 дугаар хавсралтаар Булган аймгийн Эрүүл, мэнд нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсан байна. Уг жагсаалтаас үзэхэд магадлагч эмчийн орон тоо 1 байна. Одоогоор энэхүү орон тоонд Булган аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/16 дугаар тушаалаар И.Тулгыг эрүүл мэндийн даатгалын албаны даргаар томилон магадлагч эмчийн ажлыг хавсран гүйцэтгүүлж байгаа болох нь тогтоогджээ.
Нэхэмжлэгч Г.Болормаа нь 2008 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2013 оны 07 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл магадлагч эмчээр ажиллаж байжээ.
Гэтэл хариуцагч цалингийн сан 10 хувь багассан, тус ажлыг хавсруулан гүйцэтгүүлэх боломжтой, Г.Болормаа нь магадлагч эмчээр ажиллах ёс зүйгүй, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр Г.Болормааг тухайн ажил, албан тушаалд томилохоос татгалзаж, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албанд ажиллах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар “Г.Болормаа нь уг ажлын байранд төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгсөн, нөөцөд бүртгэлтэй, хариуцагчаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/22 дугаар тушаалын хавсралт зэрэг бусад бичгийн баримтаас үзвэл цалингийн сан багасаагүй, нэхэмжлэгчид Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/146б тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан асуудал нь дээрх албан тушаалд томилохоос татгалзах үндэслэл болохгүй” гэж зөв дүгнэжээ.
Харин нэхэмжлэлийн “ажилгүй байх хугацааны цалинг магадлагч эмчийн цалингийн сүлжээ шатлалаар нийгмийн даатгалын шимтгэлийн хамт тооцож олгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбоотой гомдлыг хариуцагч болон нэхэмжлэгчээс гаргаагүй тул хянан үзэх шаардлагагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүчингүй болгох нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР