Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2023/00105

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 133/ШШ2023/00105

Есөнбулаг сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Е сум Ж 0-р баг, 18-22 тоот М т з ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Д сумын З даргын Т г-рт холбогдох

Дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 2,762,100 төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 төгрөг нийт 4,143,150 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Д.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, гэрч С.Д, Л.Т, Ж.А, Ш.Б, Д.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 2,762,100 төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 төгрөг нийт 4,143,150 төгрөгийг гаргуулах тухай

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай байгууллага нь 2021 оны 03 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд 2021 оны 04 дүгээр сарын 13-нд бүртгэгдэж, Д сумын ард иргэдийг 2021 оны 10 дугаар сараас Дулааны Эрчим хүчээр хангаж ажиллахаар болж улмаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г-А аймгийн Д сумын Засаг даргын Тамгын газартай Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж ажилласан. Гэрээ байгуулсанаас хойш 1944 м3 талбайг дулаан халаалтаар тасралтгүй хангаж ирсэн. Сард дулааны төлбөрт 1 м3 1705 төгрөгийг манай компанийн Төрийн банк дахь ***** дугаар бүхий байгууллагын харилцах дансанд төлбөрөө хийдэг байсан. Гэрээ байгуулж дулаан эрчим хүчээр хангуулсан ЗДТГ нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны дулааны төлбөр болох 2,762,100 төгрөгийг дулаан эрчим хүчээр хангаж ажилласан манай байгууллагад төлөхгүй өдийг хүрлээ. Иймд гэрээнд заасны дагуу Дулаан эрчим хүчээр хангасан төлбөрт болох 2,762,100 төгрөгийг, мөн хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 төгрөг нийт 4,143,150 төгрөгийг Г-А аймгийн Д сумын З д-гын Т-ын газраас гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагчийн тайлбар: Д сумын Засаг даргын Т-гын газар төвлөрсөн уурын зуухны халаалттай болох барилга байгууламж, тоног төхөөрөмжийг аймгийн өмчийн газрын мэргэжилтэн Р.П, М г ХХК-ийн захирал С.Д нар нь Тамгын газарт хүлээлгэж өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр тогтоолоор С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулагдаж сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01 өдрийн захирамжаар С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар Д.Д-г томилж 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай Засаг даргын Тамгын газар гэрээ байгуулж тэрнээс хойших төлбөрийг нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн. 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх халаалтын төлбөрийг М Т з ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-М т з ХХК-ийн Г-А аймгийн Дсумын Засаг даргын тамгын газартай байгуулсан дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ-ний эх хувь,

-М т зам ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацааны Төрийн банкны 240029776509 дугаартай дансны хуулга,

-М т з ХХК-ийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан

-Д м т зам ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 04, 05 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт,

-Д м т зам ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 04, 05 дугаар сарын тайлан

5. Хариуцагч Г-А аймгийн Д сумын Засаг даргын тамгын газраас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Г-А аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б/03 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г-А аймгийн Д сумын И-ийн т-ийн хурлынн хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г-А аймгийн Д сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г-А аймгийн Д сумын Засаг даргын тамгын газар болон С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хооронд байгуулсан дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн Д сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Г-А аймгийн Д сумын З д-гын тамгын газарт хүргүүлсэн төлбөрийн нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-М т з ХХК-ийн 2022 дугаартай төлбөрийн нэхэмжлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Г-А аймгийн Д сумын Засаг даргын тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

6. Шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтээр бүрдүүлсэн нотлох баримт:

-С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Хаан банкны 5321162610 тоот дансны 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны хуулга

-С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төрийн банкны 240515557280 тоот дансны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны хуулга

-С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын Төрийн банкны 240515557156 тоот дансны 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацааны хуулга

-Х банкны Г-А салбарын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 20/117 дугаартай албан бичиг

ҮНДЭСЛЭХ нь:

1. Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

2.Нэхэмжлэгч М т зам ХХК нь Г-А аймгийн Д сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан Дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 2,762,100 төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 төгрөг нийт 4,143,150 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч тал ... Д сумын ард иргэдийг 2021 оны 10 дугаар сараас Дулааны Эрчим хүчээр хангаж ажиллахаар болж улмаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Г-А аймгийн Д сумын З д-ын Т-гын газартай Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж ажилласан. 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны дулааны төлбөр болох 2,762,100 төгрөгийг дулаан эрчим хүчээр хангаж ажилласан манай байгууллагад төлөхгүй өдийг хүрлээ. Иймд гэрээнд заасны дагуу дулаан эрчим хүчээр хангасан төлбөрт болох 2,762,100 төгрөгийг, мөн хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 төгрөг нийт 4,143,150 төгрөгийг Г-А аймгийн Д сумын З д-гын Т-гын газраас гаргуулж өгнө үү... гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлажээ.

4. Хариуцагч Г-А аймгийн Д сумын З д-гын т-гын газар нь Манай байгууллага 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай гэрээ байгуулж тэрнээс хойших төлбөрийг нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн. М т з ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй нэхэмжлэл гэж үзэж байгаа тул нэхэмжилсэн дүнг төлөх боломжгүй гэж тайлбарлаж татгалзжээ.

5. М тэгш зам ХХК болон Г-А аймгийн Д сумын Засаг даргын тамгын газрын хооронд 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулагдаж, гэрээнд халаалт эхлэх огноог 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, дуусах огноог 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэж, гэрээний сунгалт хэсэгт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар сунгасан талаар тэмдэглэгээ хийгдэж, талуудын гарын үсэг зурж тамга дарагдаж, талууд уг гэрээний талаар буюу үйл баримтын талаар маргаагүй болно.

Уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Г-А аймгийн Д сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаартай тогтоолоор Монгол Улсын Засгийн газрын сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд шинээр баригдсан төвлөрсөн уурын зуух, гадна шугам сүлжээг хариуцан ажиллах Сэрх дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулсан болох нь уг тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

Улмаар хариуцагч нь С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тухайн өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд дулаан эрчим хүчээр хангах тухай, хэрэглэх тухай гэрээг байгуулж, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр халаалтын төлбөрт 1,652,400 төгрөгийг шилжүүлсэн болох нь дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ, төлбөрийн хүсэлтийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбаруудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч М т з ХХК нь хариуцагчийн хариу тайлбартай танилцаад хамтран хариуцагчаар ажиллах С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг оролцуулах хүсэлт гаргасныг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШЗ2022/02241 дугаартай захирамжаар хангаж, хамтран хариуцагч С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Д.Д-д нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх үүрэг нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч нэхэмжлэгч тал хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэж үздэг.

Шүүх хөндлөнгийн байгууллагын хувьд хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлд дурдагдаж буй, нэхэмжлэгчийн заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулдаг.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоход нь хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж байх бөгөөд шаардлагын үндэслэлээ гэрээ дуусгавар болоогүй, гэрээний харилцаа үргэлжилж байсан гэжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан Иргэний тусгай зохицуулалтад гэрээг дуусгавар болох цуцлах талаар зохицуулаагүй байх тул Иргэний хуулийн ерөнхий анги дахь гэрээний эрх зүйн зохицуулалтуудыг хэрэглэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 15 дугаар бүлэгт иргэний эрх зүйн гэрээний харилцааг зохицуулсан байдаг. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана гэж тус тус заажээ. Мөн Иргэний хуулийн 236, 240 дүгээр зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэл бий болоогүй, мөн 221 дүгээр зүйлд заасан талууд гэрээнээс татгалзах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх гэрээний эрх зүйн харилцааны талаас хууль зүйн дүгнэлт хийсэн болно. Мөн нөгөө талаар тухайн уурын зуух, тоног төхөөрөмжийг С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлэн өгсөн гэх боловч үйлдвэрлэлийн бүхий л тоног төхөөрөмж, үйл ажиллагааг бодитой хүлээлгэн өгсөн гэх байдал тогтоогдохгүй буюу С дулаан аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь үйл ажиллагаа явуулж, дулаанаар хангасан гэх байдал баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан дулаан эрчим хүчээр хангах тухай гэрээний 4.5-д хэрэглэгч тал хэрэглэсэн дулаан эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хангагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож, сар бүрийн төлбөрт тус тусад нь ногдуулж байна гэж заажээ.

Иймд Г-А аймгийн Д сумын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны дулааны төлбөр, 2,762,100 төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 төгрөг нийт 4,143,150 төгрөгийг гаргуулан М т з ХХК-д олгох нь үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-А аймгийн Д с-ын З д-гын Т-гын г-аас 81,240 гаргуулан М т з ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Г-А аймгийн Д сумын З д-гын Т-гын газраас дулаан эрчим хүчээр хангасны төлбөр болох 2,762,100 /хоёр сая долоон зуун жаран хоёр мянга нэг зуу/ төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 /нэг сая гурван зуун наян нэгэн мянга тавь/ төгрөг, нийт 4,143,150 /дөрвөн сая нэг зуун дөчин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан М т з ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г-А аймгийн Д сумын З д-гын Т-гын г-аас 81,240 гаргуулан М т з ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН