Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2023/00013

 

 

“МТЗ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2023/00105 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн .......... сум ................ баг, ... -... тоот “МТЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн .............. сумын ЗДТГ-т холбогдох

Дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 2,762,100 төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 төгрөг нийт 4,143,150 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э, Ж.Д, хариуцагчийн төлөөлөгч Г.М, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 2,762,100 төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 төгрөг нийт 4,143,150 төгрөгийг гаргуулах тухай

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай байгууллага нь 2021 оны 03 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд 2021 оны 04 дүгээр сарын 13-нд бүртгэгдэж, ...................... сумын ард иргэдийг 2021 оны 10 дугаар сараас Дулааны Эрчим хүчээр хангаж ажиллахаар болж улмаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГтай Дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж ажилласан. Гэрээ байгуулсанаас хойш 1944 м3 талбайг дулаан халаалтаар тасралтгүй хангаж ирсэн. Сард дулааны төлбөрт 1 м3 1705 төгрөгийг манай компанийн Төрийн банк дахь ................... дугаар бүхий байгууллагын харилцах дансанд төлбөрөө хийдэг байсан. Гэрээ байгуулж дулаан эрчим хүчээр хангуулсан ЗДТГ нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны дулааны төлбөр болох 2,762,100 төгрөгийг дулаан эрчим хүчээр хангаж ажилласан манай байгууллагад төлөхгүй өдийг хүрлээ. Иймд гэрээнд заасны дагуу Дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 2,762,100 төгрөгийг, мөн хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 төгрөг нийт 4,143,150 төгрөгийг Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГгаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн тайлбар: ...................... сумын ЗДТГ төвлөрсөн уурын зуухны халаалттай болох барилга байгууламж, тоног төхөөрөмжийг аймгийн өмчийн газрын мэргэжилтэн Р.П, “МГ” ХХК-ийн захирал С.Д-д нар нь Тамгын газарт хүлээлгэж өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр тогтоолоор “СД”аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулагдаж сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар “СД” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар Д.Д томилж 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс “СД”аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай ЗДТГ гэрээ байгуулж тэрнээс хойших төлбөрийг нэхэмжлэлийн дагуу шилжүүлсэн. 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх халаалтын төлбөрийг “МТЗ”ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэжээ.

 

4. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГ дулаан эрчим хүчээр хангасны төлбөр болох 2,762,100 /хоёр сая долоон зуун жаран хоёр мянга нэг зуу/ төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 /нэг сая гурван зуун наян нэгэн мянга тавь/ төгрөг, нийт 4,143,150 /дөрвөн сая нэг зуун дөчин гурван мянга гурван зуун тавь/ төгрөгийг гаргуулан “МТЗ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,240 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГ 81,240 гаргуулан “МТЗ” ХХК-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн төлөөлөгч Г.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2023/00105 дугаар шийдвэрийг хэт нэг талыг барьсан, хэргийн бодит байдалд нийцээгүй гарсан гэж хариуцагч талаас үзэж дараах гомдлыг гаргаж байна.

 

Үүнд: Нэхэмжлэгч “МТЗ”ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны дулааны мөнгийг нэхэмжилсэн. Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот тогтоолоор “СД” ААТҮГ-ыг байгуулж сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжаар “СД” ААТҮГ-ын даргаар Д.Д томилж төвлөрсөн уурын зуухыг хариуцуулж ажиллахаар болсон. Энэ захирамжийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ний өдөр “СД” ААТҮГ-тай гэрээ байгуулан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны дулааны мөнгийг шилжүүлсэн.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дүгээр зүйлд Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ. Иймд Засаг даргаас гаргасан шийдвэрийн дагуу халаалтын мөнгөө шилжүүлсэн. Төсвийн мөнгө халаалтын мөнгө нэг л төлөгдөх ёстой. Манай сумд дээрх Хурал, Засаг даргын шийдвэрийн дагуу “СД” ААТҮГ уурын зуухыг ажиллуулж дулаанаар хангаж байсан.

Иймд тус шүүхийн дулааны мөнгө, алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2023/00105 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “МТЗ” ХХК нь Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГ-т холбогдуулан дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 2,762,100 төгрөг, хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,381,050 төгрөг нийт 4,143,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГ нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд дулааны эрчим хүчээр хангагдсан талаар маргаагүй боловч уг хугацааны төлбөрийг  “МТЗ” ХХК, “СД” ААТҮГ-ын алинд төлөх тухайд маргаан үүсчээ. Дээрх 2 аж, ахуйн нэгж нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл алинд нь ч олгогдоогүй байна.

 

4. Говь-Алтай аймгийн ...................... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2022 оны 03 дугаар сарын 31-нд байгуулагдсан “СД” ААТҮГ-ын эрх зүйн чадамжийг дээд шатны байгууллага болох тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор аймгийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлсэн ба тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумд эрх мэдэл олгож, шийдвэрлээгүй гэж буруутгажээ.

 

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж хуульчилжээ.

 

Маргаан бүхий үйл баримтын нотлогдсон байдал:

6. Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГ “МТЗ” ХХК-ий хооронд Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдаж, (хэргийн 3-15 дахь тал) дулааны эрчим хүчээр хангасан нь дараах нотлох баримтаар нотлогджээ.

6.1 Говь-Алтай аймгийн ...................... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2022 оны 03 дугаар сарын 31-нд байгуулагдсан (хэргийн 28 дахь тал) “СД” ААТҮГ нь 2022 оны 4, 5 сарын галлах нүүрс татан авсан баримт хэрэгт авагдаагүй.

6.2 Анхан шатны шүүх хуралд оролцсон гэрч Ж.А, Ш.Б нар 4 галч, 4 слесарьтай 4 ээлжээр “МТЗ” ХХК нь ...................... сумыг халаалтаар хангасан, цалингаа уг компаниас авсан гэжээ

6.3 “МТЗ” ХХК 2022 оны 4, 5 сард 9 ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, тайлан, цагийн бүртгэл, уг компаниас “МА” ХХК-аас 2022 оны 03-05 сарын нүүрсний авлага 7.475.0 сая төгрөг нэхэмжилсэн тоот, нүүрсний зарлагын 2022 оны 4, 5 сарын баримтууд, шүүхийн нотлох баримт гаргуулах захирамж, нотлох баримтад үзлэг хийсэн тэмдэглэл  (хэргийн 85-133 дахь тал) зэрэг баримтуудаар тогтоогджээ.

 

Хууль хэрэглээний хувьд:

7. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.14-т заасан “эрчим хүч, худалдах худалдан авах гэрээ” нь тус хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлд заасан “дулаан үйлдвэрлэх”, “дамжуулах” тусгай зөвшөөрөл бүхий бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах үйл ажиллагааг заажээ.

7.1 “МТЗ” ХХК, “СД” ААТҮГ-т аль алинд нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрөл олгогдоогүй, тул албан ёсны үйлдвэрлэгч буюу бараа, бүтээгдэхүүнээ худалдагч тал бус. Гэрээнд зааснаар дулаан үйлдвэрлэгч болох эрх үүсч, гэрээний дагуу дулаан үйлдвэрлэн, нийлүүлжээ.

 

7.2 Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн (биежсэн) ажлын үр дүн буюу үйлдвэрлэн нийлүүлсэн дулаан байгаа бол худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл нь биет байдлын доголдол, эрхийн зөрчилгүй хөрөнгө, байдаг, өмчлөлийн зүйл шилжих шинжтэй.

7.3 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил үйлчилгээ, ажлын үр дүнг хүлээн авч үнийг төлдөг бол худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийг хүлээн авч үнийг төлөх үүрэгтэй байна.

 

7.4 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчлэхээр заажээ. Энэхүү маргааны тухайд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжээс илүүтэйгээр, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж өөрчлөлт оруулсан болно.

 

 Шийдвэрлэсэн байдал:

 8. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГ “МТЗ”ХХК дулааны эрчим хүчээр хангасан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийлүүлсэн дулааны үнийг “МТЗ”ХХК нь нэхэмжлэх эрхтэй, Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГ нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна.   

        

9. Зохигчдын хооронд байгуулсан “Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний” 4.5-д зааснаар хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 2.762.100 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй зөрчилд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцон, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлэн багасгаж 1.381.050 төгрөгийг хариуцагчаас анхан шатны шүүх гаргуулан шийдвэрлэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГ нь гэрээний үүргийг биелүүлсэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, удирдлагаас өгсөн үүргийн дагуу “СД”ААТҮГ-т шилжүүлсэн гэж ( хэргийн 30, 31 дэх талд) баримтаа гаргажээ.

Хариуцагч байгууллага болох ...................... сумын ЗДТГ нь гэрээний үүргийг биелүүлж, төсөвлөсөн дулааны төлбөрийг шилжүүлсэн боловч гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж дулаанаар хангасан “МТЗ”ХХК -д бус, “СД”ААТҮГ-т шилжүүлсэн байдал нь аймаг, сумын нутгийн өөрөө удирдах байгууллагуудын шийдвэрээс шалтгаалсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг бууруулж 381.050 төгрөгөөр тогтоолоо.

 

Анзын хэмжээг 1.000.000 төгрөгөөр бууруулсан байдал нь нэхэмжлэгч “МТЗ”ХХК нь дулааны эрчим хүчээр хангахдаа төсвийн хөрөнгөөр баригдсан дулааны шугам сүлжээг ашиглаж, төсөвт байгууллагыг дулаанаар хангаж байсан байдал, төлбөр саатсанаас “МТЗ”ХХК нь гэрээгээр тогтоосон төлбөр төлөгдөөгүйгээс шалтгаалж, бусад нүүрс, цахилгаанаар хангагч харилцагч нарын өмнө гэрээний үүргээ зөрчиж, төлөх төлбөртөө анз тооцуулж буй байдлыг харгалзан үзлээ.

 

10. Анзын хэмжээг шүүхээс багасгаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.240 төгрөгөөс 65.240 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, 16.000 төгрөгийг хариуцагч тус аймгийн ...................... сумын ЗДТГт шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 133/ШШ2023/00105 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэснийг “343 дугаар зүйлийн 343.1” болгон өөрчилж, алданги болох “1.381.050 төгрөг” гэснийг “381.050 төгрөг” гэж өөрчлөн 1.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хариуцагч Говь-Алтай аймгийн ...................... сумын ЗДТГ давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.240 төгрөгөөс 65.240 төгрөг улсын орлогод хэвээр үлдээж, 16.000 төгрөгийг хариуцагч тус аймгийн ...................... сумын ЗДТГт шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

           ШҮҮГЧИД                            Ч.ЭНХТӨР

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ