Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 123/ШШ2023/0007

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Д,

Хариуцагч: Төв аймгийн Х сумын Засаг дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У, хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга Д.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэлийн шаардлага:
    1. Нэхэмжлэгч Б.Д нь Х сумын Засаг даргад холбогдуулан Х сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн Б/40 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
    2. Нэхэмжлэгч Б.Д нь 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхээр 2022 оны  04 сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.

 

  1. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:
    1. Нэхэмжлэгч Б.Д нь Х сумын Засаг даргын 2018 оны 01 сарын         02-ны өдрийн Б/01 тоот захирамжаар Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон.
    2. Маргаан бүхий акт болох хариуцагч Х сумын Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/40 дүгээр захирамжаар “Төрийн албан хаагчийн зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахих үүргээ зөрчиж 12 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө постод хариуцлагатай жижүүрээр ажиллаж байхдаа, архи ууж, 12 сарын 08-ны өдөр Засаг даргын орлогчийн өрөөнд үргэлжлүүлэн ууж, хоорондоо марган ажлын байраа орхиж, албан үүргээ гүйцэтгээгүй, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй зөрчлийн улмаас 2021 оны 07 сарын 29-ны өдрийн Б/15 тоот захирамжаар шийтгэгдсэн боловч 09 сарын 13, 11 сарын 11, 12-ны өдрүүдэд уг зөрчлийг дахин гаргаж, чөлөө авах зарчмыг баримталдаггүй, цаг бүртгүүлдэггүй, Х сумын Ерөнхий боловсролын сургуулийн орчинд согтуугаар зүй бус харилцаа хандлага гаргасан, сургуулийн нийгмийн ажилтан Пыг хувийн ашиг сонирхлын үүднээс дарамталсан зөрчил гаргасан” гэсэн үндэслэлүүдийг гарган нэхэмжлэгч Б.Дыг ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулсан.
    3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-т “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж зааснаар 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

3. Нэхэмжлэгч Б.Д тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн албанд анх 2013 татварын байцаагчаар, 2015 нийгмийн даатгалын байцаагч болж тушаал дэвшиж байсан. 2018 тамгын газрын даргаар томилогдсон. Өмнөх ажлаа 90 дээш хувьтай дүгнүүлдэг ямар нэг алдаа дутагдалгүй хийж гүйцэтгэж байсан. Намайг ажлаас халсан асуудал нь бидний хоорондын асуудлаас үүдэлтэй. Засаг дарга томилогдох үедээ 13 төрийн албан хаагчийг тэтгэврийн насанд суутал Засаг даргаар ажиллуулах хүсэлтэй байна гэсэн гарын үсэг зуруулсан би тэрийг нь эсэргүүцсэн. Тухайн хүсэлт гаргасан хүмүүст төрийн албаны зөвлөлөөс арга хэмжээ авсан тэгэхэд Засаг дарга намайг арга хэмжээ авхуулахад нь хамгаалсангүй гэсэн зүйл ярьсан. Албан хаагчийн дунд Дагважамц та нарын тухай төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан гэсэн зүйл ярьсан. Надаас үл шалтгаалах зүйлээс болж, чи энэ ажлыг хийж чадахгүй юм байна, чи өөр албан тушаалд оч гэсэн зүйл удаа дараа хэлж байсан. Би 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би шүлхий өвчний хяналтад гарсан. Би өөрөө үлгэр жишээ үзүүлэх байдлаар өөрөө эхэлж гарсан, тэр үед улс даяар мал тооллого явуулж байсан, тэгэхэд Засаг даргын орлогч, хууль эрх зүйн мэргэжилтэн 2 над дээр согтуу ирээд надад агсам тавьсан. Тэр үеэр Төв аймгаас хяналт шалгалтаар хүмүүс ирсэн байсан, тэгэхэд намайг гадны хүн хараад томорч байна гэсэн зүйл яриад байсан. Би 24 цаг пост дээр гарсны дараа амрах ёстой байсан. Санхүүгийн хэлтсээс цахим хуралд суу гэсэн албан бичиг ирсэн тул би ажил руугаа явсан, намайг очиход Засаг даргын орлогч би ажлаа өгөх гэж байна. Би эхнэрээ хөөгөөд явуулсан надад айх юм байхгүй хоёулаа одоо үзэлцье гээд намайг заамдаад авсан. Би тайвшруулах гэж үзсэн, ширээн дээр 0.5 хэмжээтэй архи тал шил архи байсан, орлогч намайг үнэхээр надтай эвлэрсэн бол энэнээс нэг татчих гэсэн. Тэгээд цаасан аяганы талаар надад архи хийж өгсөн, тэгээд байж байтал Засаг дарга орж ирээд та 2 чинь юу хийж байгаа юм гэхэд, орлогч ажлаасаа гарах юм чинь гэсэн байдлаар хандаж байсан. Манай эхнэр эмнэлэгт үзүүлчхээд манай ажлаар орж ирсэн, тэгээд би эхнэртэйгээ цуг гэртээ очоод, орлогч даргын ээж рүү нь, хүүхдээ авахгүй бол агсам тавиад байна гэж хэлэхэд, миний дүү ухаантай шүү наадхыгаа хээр ч хамаагүй унтуулаарай гэж хэлсэн одоо ч мессеж нь байгаа. Засаг дарга намайг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхдаа, тэрийг ав гэдэг байсан, тэгэхэд нь би шаардлага хангаагүй бол авахгүй гэдэг байсан, тэгээд чамайг зайлуулна гэдэг байсан. Гэрч нар худал мэдүүлэг өгөөд байна. Би тэр хүмүүсийг хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн гэж ойлгож байна. Нэг их зодолдсон зүйлгүй. Чамайг Засаг дарга болох гэж байна гэж хэлсэн. Шүүхэд миний талаарх материал нөхөгдөж ирж байна. Шүүгчдээс хүсэхэд үнэн зөвийг тунгаан урьд эрхэлж байсан ажилд томилж өгнө үү. Тамгын газарт архидан согтуурсан зүйл байхгүй. Архидан согтуурсан гэдгийг гэрчлэх гэрчгүй би тэр өрөөнд 25 минут орчим суусан. Бид хоёрыг 2 шил архи уусан гэж байна, орлогч согтуу байсан намайг ороход уусан байх, би тэр шилийг хараагүй. Орлогч Засаг дарга руу агсам тавиад түлхүүр шидээд, тэр өдрөөс хойш 3 хоног ажилдаа ирээгүй. Би эхнэртэйгээ муудсан зүйлгүй манай гэр бүлийг үлгэр жишжээ гэр бүл гэдгийг хүн болгон мэднэ. Төрсөн нутгаа нутгийн хүн нь л хөгжүүлдэг би нутагтаа амьдарна, төрсөн нутгаа хөгжүүлнэ, энэ байдлыг харгалзан үзнэ үү. Би архидан согтуураагүй тэр нөхцөл байдлаас өөрийгөө эвтэйхэн аваад гарсан гэв.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн Б/40 тоот захирамжийг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 19.890.000 төгрөгөөс тодорхой шимтгэл суутгал хасан төлүүлж, үлдэх хэсгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Төрийн жинхэнэ албан хаагчийг  ажлаас халахдаа тусгай зохицуулалт хэрэглэдэг. Ёс зүйн зөрчил, сахилгын зөрчил өөр ойлголт байдаг. Эрх зүйн акт хэлбэрийн болон зөрчлийг шалгасан хяналтын дагалдах хуудас байгаагүй. Энэ захиргааны акт нь эрх зүйн үндэслэл муутай, эрх зүйн зөрчилтэй байна. Төрийн албаны тухай хуулиар гурваас дээш удаа алдаа гаргасан бол ажлаас халдаг. Архи уусан гэдгийг нотлох баримт байхгүй. Гэрэлсайхан, Майдар нар анх сургуулийн орчинд нийгмийн хэв журам зөрчсөн бол эрх бүхий этгээдээс тогтоогоогүй, ёс зүйн зөвлөлөөс энэ асуудлыг хэлэлцээгүй, тамгын даргыг ажлын цаг бүртгэдэггүй байсан мөн энэ зөрчил тогтоогдоогүй гэж үзэж байна, тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

5. Хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг дарга Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дандаа худлаа ярих зохимжгүй байна. Анхан шатны шүүх хуралд ч 13 төрийн албан хаагчийн тухай ярьсан, төрийн албан хаагч Засаг дарга сонгодоггүй юм. Чи тэр үед байгаагүй хуучин Засаг дарга хийж байсан хүнийг Засаг дарга хийлгэж, ажлын үүрэг сайжруулъя гэсэн хүсэлт гаргасан байсан. Б.Д нийгмийн даатгалын газарт ажиллаж байхдаа халагдах дээрээ тулж байхдаа сумын иргэдийн хуралдаа нэр дэвшиж байсан тэр үед нам эвслээс ажлаар хангаж байсан удаа олон байгаа. Би чамд хувийн асуудлаар хандаж байсан түүх байхгүй. Би чиний нам эвслээр явж байсан, алдаа дутагдал гаргаж байсан асуудлыг чинь сөхөөгүй шүү. Чи миний өрөөнд орж ирээд таныг буруу ойлгож байсан байна, хоёулаа хамтран ажиллая гэсэн зүйл ярьж байсан. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, энэ хүн архи уугаагүй гэдэг боловч гэрч Нын мэдүүлгээр, чи араас яваад очоорой гээд очиход онцгой байдлын нөхцөлд архи уугаад эхэлчихсэн байсан, энийг хамт байсан төрийн албан хаагч нар хүртэл баталдаг. Орлогчтой 2 шил архи уусан байсныг нягтлангаар цэвэрлүүлсэн. Архи уугаад байхаар нь эхнэр нь ирсэн, эхнэрийнхээ ч үгэнд орохгүй байсан тэгэхэд нь би чамд эхнэр чинь дутуу төрөх гээд байна гэсэн яасан гэж хэлэхэд эхнэртэйгээ гараад явсан. Тэгээд удаагүй сургууль дээр очиж сургуулийн нягтлантай улс төр ярьж муудалцсан, сургуулийн захирлыг зодсон байсан. Сургуулийн хүүхдүүдийн дэргэд богино майктай согтуу зодоон хийсэн байсан, би энэ асуудлыг ганц Майдараас тодруулсан биш тэнд байсан хүмүүсээс тодруулж байж энэ шийдвэрийг гаргасан. Би энэ хүнд ойлгохоор хэлсэн, өөрийн буруутай үйлдлээ ойлгохгүй байгаа нь саяны тайлбараас хүртэл харагдаж байна. Архи уусан гэдгийг нь бүгдээрээ харсан. Тэр өрөөнд 25 минутаас дээш байсан цахим хурал эхлэхэд байж байсан, гэр бүлийн хүн чинь цайны цагийн үеэр ирээд хашхираад байсан. Нягтлан Дагважамц дарга намайг архинд явуулсан гэж хэлсэн. Хорио цээрийн дэглэмтэй байхад шөнөжин ийш тийшээ явж архидсан байдаг. Дагважамц эхэлж санаачилгаараа постод гарсан юм. Манай сумын 2 газар шүлхий гарсан урд талын постод бүх байгууллагын дарга нар эхэлж постод гарсан. Өмнө нь ажил тасалсан шалтгаанаар сахилгын шийтгэл оногдуулсан, энийг ч өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн эхнэр өвчтэй гэдэг шалтгаанаар маш олон удаа ажил тасалж байсан байдаг. Энэ хэргийг онцгой нөхцөл байдал болон ажлын байранд архи уусан, 12 сарын 07-ны өдөр олон иргэд байсан нөхцөлд архидан согтуурсан зөрчил гаргасан боль гэсэн шаардлага тавихад биелүүлээгүй мөн иргэдээс гомдол ирсэн Болд гэсэн хүн дарга нар чинь архи уугаад байна намайг хүртэл архиар дайллаа гэсэн, тэгээд сургуулийн хүүхдүүдийн дэргэд хүртэл согтуу очсон байсан гэв.

 

6. Хариуцагчийн өмгөөлөгч Б.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Х сумын засаг дарга нь 2021 оны  Б40  гэсэн захирамжаар Дагважамцыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн байдаг ийнхүү ажлаас чөлөөлөхдөө  төрийн албаны тухай хууль, засгийн газрын тогтоолын холбогдох заалтыг удирдлага болгосон энэхүү захирамжийн захирамжлах хэсэгт дурдагдсан Дагважамц гэж хүний гаргасан зөрчил нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж харж байна. 2021 оны 12 дугаар сарын 7-8 шилжих шөнө хариуцлагатай жижүүр буюу  хорио цээрийн постод гарч байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох хэргийн материалд авагдсан гэрч На болон Б нарын мэдүүлгээр тогтоогддог мөн 2021 оны 12 дугаар сарын 08 –ны өдөр ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь өнөөдөр шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн тайлбар мэдүүлгээрээ болон тухайн архи уусан асуудлыг хэлэлцэхээр ёс зүйн зөвлөлийн хурал дээр засаг даргын орлогч Б гэдэг хүнтэй хагас шил архи уусан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. Захирамжлах хэсгийн хоёрт дурдсан ажил тасалсан гэдэг нөхцөл байдал хэргийн материалд авагдсан цагийн бүртгэлийн дэвтрээр тогтоогдоно, тухайн ажил тасалсан гэх өдрүүдээр Дагважамцыг бүртгэсэн эсэх асуудал маш тодорхой харагддаг, цагийн бүртгэлд бүртгээгүй нь ажилдаа ирээгүй гэсэн үг юм гэсэн  тухайн засаг даргын тамгын газрын жижүүрийн мэдүүлэг байдаг. Дагважамц тухайн үед чөлөө авахаар хандсан боловч чөлөө олгох боломжгүй байна гэсэн хариу өгөнгүүт ажлаа хаяад явдаг. Захирамжлах хэсгийн гурав дахь хэсэгт заасан төрийн албаны тухай хуулийн 37, 38-р зүйлийг зөрчсөн үйлдэл нь Майдар гэдэг хүний мэдүүлэг болон сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд гаргаж өгсөн тайлбар, сургуулийн захирал Гэрэлсайхан гэдэг хүний албан бичгээр гаргасан хүсэлт гэрчээс асуусан тэмдэглэл, тухайн маргаан гарах үед Майдар гэдэг хүнтэй хамт байсан сургуулийн нярав Үржинханд гэдэг хүний гэрчээр өгсөн мэдүүлгээр  тогтоогддог. 2019 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 36/32 дугаартай төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах журмын 3.3 дугаар 4 дэх хэсэгт сахилгын шийтгэл оногдуулахдаа нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл, урьд зөрчил гаргаж байсан эсэх, гаргасан зөрчлөө ухамсарласан байдлыг харгалзан үзнэ гэсэн байдаг. Дагважамцад өмнөх гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ноогдуулсан байхад ахин зөрчил гаргаж байгаа нь өмнөх зөрчлөө ухамсарлаагүй байна гэдгийг нь харуулж байна. Захирамжид дурдсан зөрчлүүд нь хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогдсон гэж үзэж байна. Тиймээс засаг даргын захирамж үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

  1.  Нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Х сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэргийн оролцогчдын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

  1. Төв аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын 2022 оны 12 сарын 29-ний өдрийн А/74 дугаар тушаалын дагуу шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр Цэрэндэндэвийн Очирбат сонгогдсон бөгөөд тус шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудас болон ажил олгогчид албан бичиг хүргүүлэн мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Нэхэмжлэгч болон хариуцагч талаас “шүүхийн иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн саналыг гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно” гэж заасны дагуу иргэдийн төлөөлөгчийг оролцуулалгүйгээр хэргийг хянан хэлэлцсэн болно.

 

  1.  Хэргийн оролцогчид нь дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:

3.1. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд дараах үндэслэлээр. Би 2021 оны 12 сарын 07-ны орой шүлхийн постод гарахдаа архидан согтуураагүй, Засаг даргын орлогч Б.Б цаасан аяганы талаар архи хийж өгсөн, эвлэрсэн бол нэг татчих гэсэн, өөрөөр би Тамгын газарт архидан согтуурсан зүйлгүй, Пын хувьд сургуулийн захирлыг байлцуулан асуудлаа шийдчихээд гарсан, түүнээс хүүхдүүдийн дэргэд ёс зүйгүй авирласан зүйл байхгүй, Засаг дарга намайг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга байхдаа хүн ажилд ав гэдэг байсан тэгэхэд нь би шаардлага хангаагүй бол авахгүй гэдэг байсан, тэгээд чамайг зайлуулна гэдэг байсан. Төв аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн Б/40 тоот захирамж нь хууль бус байх тул хүчингүй болгож, Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 01 дүгээр сараас эхлэн хэрэг шийдвэрлэгдэх хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж өгнө үү гэж,

 

3.2. Хариуцагч талаас Б.Д нь 2021 оны 12 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа архи ууж улмаар 2021 оны 12 сарын 08-ны өдөр тус сумын Засаг даргын орлогч Б.Бтой ажлын байран дээрээ архи ууж, хоорондоо маргаж ажлын байраа орхиж, албан үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан, 2021 оны 07 сарын 29-ний өдрийн Б/15 дугаар захирамжаар ажлаа тасалсан тул “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан байсан ба 2021 оны 09 сарын 13-ны өдөр, 11 сарын 11, 12-ны өдрүүдэд дахин зөрчлөө давтаж, ажлаа тасалсан, 2021 оны 12 сарын 08-ны өдөр  мөн сургуулийн орчинд согтуугаар зүй бус харилцаа хандлага гарган, хувийн ашиг сонирхлын үүднээс Пыг доромжилж, дарамталсан зэрэг төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж  тус тус маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан байдлын талаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

  1. Нэхэмжлэгч нь Төв аймгийн Х сумын Засаг даргын 2018 оны 01 сарын 02-ны өдрийн Б/01 дугаар “Б.Дыг ажилд томилох тухай” захирамжаар[1]  Х сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажилласан ба энэ албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.3, 12 дугаар зүйлийн 12.1.7-д тус тус зааснаар “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд” хамаарах төрийн жинхэнэ албан хаагч болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч талаас маргаагүй болно.  

 

  1. Харин маргаан бүхий актын үндэслэлүүдэд холбогдуулан маргаж байх  бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн 2021 оны 12 сарын 22-ны өдрийн “Б.Дыг үүрэгт ажлаас нь халах тухай” Б/40 дугаар захирамж[2]-ийг гарах хүртэл тус албан тушаалд  4 жил ажилласан байна.

 

  1. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дах заалт, Засгийн газрын Төрийн албаны сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай 258 дугаар тогтоолын 1.7 дах хэсэгт заасныг тус тус үндэслэн Б.Дыг дараах зөрчилд холбогдуулан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Үүнд:
    1. 2021 оны 12 сарын 07-ноос 08-нд шилжих шөнийн 02 цагаас эхлэн малын гоц халдварт шүлхий өвчний онц байдлын хорио цээр тогтоосон Холбоо толгойн гэх газарт байрлах хяналтын цэг /цаашид пост гэх/-д хариуцлагатай жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхдаа архи ууж, улмаар 2021 оны 12 сарын 08-ны өдрийн ажлын цаг эхэлсэн үеэс сумын Засаг даргын орлогч Б.Бын хамт өрөөнд нь үргэлжлүүлэн архи ууж хоорондоо маргалдсан, мөн ажлын байраа орхиж албан үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргасан гэх,
    2. Б.Д нь албан үүргээ биелүүлээгүй буюу ажил тасалсан гэх зөрчлийн улмаас 2021 оны 07 сарын 29-ний өдрийн Б/15 дугаартай захирамжаар сахилгын шийтгэл авч байсан боловч 2021 оны 09 сарын 13, 11 сарын 11,12-ны өдрүүдэд уг зөрчлийг дахин гаргаж удирдлагаас урьдчилан чөлөө зөвшөөрөл авах зарчмыг баримталдаггүй, албан байгууллагын цаг бүртгэлд бүртгүүлдэггүй зэрэг зөрчлийг удаа дараа гаргасан гэх,
    3. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хурлын 2021 оны 12 сарын 16-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр өгсөн хариуцлага тооцох үүрэг, Ерөнхий боловсролын сургуулийн захирал Ры 2021 оны 12 сарын 08-ны өдрийн 09/34 тоот мэдэгдлээр Б.Д нь сургуулийн орчинд согтуугаар зүй бус харилцаа хандлага гарган хурлын төлөөлөгч, сургуулийн нийгмийн ажилтан Пыг удирдлага болон байгууллагын багш ажилчид, сурагчдын өмнө улс төрийн үзэл санааг нь гутаах зорилгоор доромжилж, хувийн ашиг сонирхлын үүднээс дарамталсан зэрэг зөрчил гаргасан гэх шалтгаан үндэслэлд холбогдуулан үүрэгт ажлаас нь халах шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч Б.Дын гаргасан зөрчил, түүнд ногдуулсан хариуцлагын  талаар:

  1. Төв аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 03-ны өдрийн А/172 дугаар “Хорио цээрийн дэглэм тогтоох тухай” захирамж, түүний хавсралтад дурдсанаар “Б.Д нь хяналтын пост-д 2021.02.07-ны өдөр” 24 цагаар гарах хуваарьтай байж тэндээ гарч байх үедээ буюу албан үүрэг гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн нь мал тооллогод явсан гэх сумын Засаг даргын орлогч, хууль эрх зүйн мэргэжилтэн 2 нар мөн тэнд согтуугаар очиж,  маргаан гарсан гэх зөрчлийн асуудал гарсан гэх бөгөөд энэ талаар маргаан бүхий актын үндэслэлд холбогдуулан зөрчлийн талаар шалган тогтоосон гэх баримт байхгүй байна.
  2.  Харин дараа өдөр нь буюу 2021 оны 12 сарын 08-ны өдөр Засаг даргын орлогч Б.Б, нэхэмжлэгч Б.Д нар ажлын байранд архидан согтуурч, хоорондоо муудалцан, ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл гаргасан гэсэн зөрчлийн асуудал байх ба зөвхөн энэ асуудлаар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Х сумын Засаг даргын тамгын газрын ёс зүйн зөвлөлийн хуралдаан болж, зөрчлийн талаар хэлэлцсэн тэмдэглэл[3] гаргасан, үүнээс хойш 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр нь Х сумын Засаг даргын тамгын газрын ёс зүйн зөвлөлийн хурлын 01 дугаар тогтоол[4] гарахдаа “...Засаг даргын орлогч Б.Б, ЗДТГ-н дарга Б.Д нар нь ажлын байран дээрээ архи согтууруулах ундаа хэрэглэж ...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг алдагдуулсан” гэж үзэж, “удирдах албан тушаалтан, хамт олноосоо уучлал гуйхыг үүрэг болголоо” гэж тогтоол гарган шийдвэрлэсэн байгаагаас үзвэл хариуцагч Засаг дарга нь энэхүү зөвлөлийн тогтоол шийдвэр гарахаас өмнө маргаан бүхий актыг гаргасан болох нь тогтоогдож байна.
  3. Харин маргаан бүхий актын 2, 3 дах зүйлд тодорхойлсон зөрчил буюу удаа дараа ажил тасалсан, дээрх зөрчил гарсан гэх 2021 оны 12 сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Б.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сумын сургууль дээр очиж, сургуулийн нийгмийн ажилтан Пыг сургуулийн багш, ажилчид, сурагчдын өмнө доромжилж, дарамтлах зэргээр төрийн албан хаагчийн ёс зүйг зөрсөн үйлдэл гаргасан гэх асуудлуудаар ямар нэгэн шалган шийдвэрлэсэн баримтгүй байна.

10. Харин шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асууж тодруулсан гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл, гэрч Ж.Нын /сумын хууль, эрх зүйн мэргэжилтэн/ “тэр өдөр малын тоонд явсан ... орлогч дарга, Тамгын газрын дарга, хөдөө аж ахуйн 1 хүнтэй цуг 1 шил архи, 1 пиво уусан” гэх мэдүүлэг[5],  гэрч Н.Гүнтэвийн /Х сумын оршин суугч/ “Б.Д постод хонолоо гэж хэлсэн мөртөө архи үнэртүүлсэн орж ирсэн” гэх мэдүүлэг[6], гэрч З.Доржийн /Төв аймгийн мал эмнэлгийн газрын мэргэжилтэн, гоц халдварт өвчний хорио цээрийн үед тус суманд томилогдон ажиллаж байсан/ “... Засаг даргын орлогч нь малын тооллогоос ирсэн гээд жоохон халамцуу байсан. Бусад хүмүүс нь зүгээр байсан. Засаг даргын орлогч, Тамгын дарга нар эхлээд ярьж байснаа сүүлдээ маргалдаад ирсэн. ... маргалдаад ирэхээр нь би явсан” гэх мэдүүлэг[7], гэрч А.Батхонгорын /Төв аймгийн мал эмнэлгийн газрын мэргэжилтэн, гоц халдварт өвчний хорио цээрийн үед тус суманд томилогдон ажиллаж байсан/ “... ойролцоогоор 10 цаг 30 минутын үед очсон. Намайг очиход пост-д Тамгын дарга нь нэг хүнтэй хамт байсан. Нэг нь бүртгэл хийж, нөгөөх нь ариутгал хийж байсан. Намайг очиход архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан” гэх мэдүүлгүүд[8] хэрэгт авагдсан байх бөгөөд эдгээр гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй, нэхэмжлэгч Б.Дыг шүлхий өвчний хяналтын постод ажиллаж байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг эдгээр гэрчийн мэдүүлгээр тогтоох боломжгүй, харин маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагч зөрчил тус бүрийг зохих хууль, журамд заасны дагуу шалган тогтоосон байх үүрэгтэй тул шүүхээс хариуцагчийн маргаан бүхий актыг гаргахдаа үндэслэлийг шалган тогтоож шийдвэрлэсэн байвал зохих баримтын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй байна.

11. Дээрх зөрчлүүдийг хянан шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах зорилго бүхий захиргааны акт гаргасан байх ба Төв аймгийн Х сумын Засаг дарга нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт (2017 оны хууль, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс зүйл заалт өөрчлөгдсөн) “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” гэж хуульчилснаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 36/32 дугаар “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.6-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байна” гэж заасныг хэрэгжүүлээгүй байхаас гадна төрийн албан хаагчийн сахилгын шийтгэлийн асуудлыг төрийн алба хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тодорхойлсон, тусгайлан зохицуулалт бүхий хуульд зааснаар шийдвэрлээгүй гэж үзэхээр байна.

Мөн түүнээс гадна Захиргааны ерөнхий хуулийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус хуульчилсныг дээрх журмыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс зөрчсөн байна.

12. Маргаан бүхий актын зорилгодоо нийцсэн эсэхэд холбогдуулан үзвэл, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрт гомдол гаргахад энэ журмыг мөрдөнө”, 1.3-т “Төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна”, 2 дугаар зүйлийн 2.1-д “Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхуйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно” гэж тус тус заасан бөгөөд маргааны үйл баримтыг хариуцагч нь энэ журам улмаар Төрийн албаны тухай хуульд зааснаар шийдвэрлээгүй, зохих ёсоор шалган тогтоогоогүй буюу албан ёсоор шалган шийдвэрлээгүй, албан бусаар бусдын хэлсэн тайлбар, яриаг үндэслэн өөрт төрсөн сэтгэгдлээр шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байх тул маргаан бүхий актыг зорилгодоо нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, маргаан бүхий актад дурдсанчлан удаа дараа ажил тасалсан гэх асуудал нь сүүлд хариуцагчаас шүүхэд ирүүлсэн баримтаас үзэхэд, хариуцагч Засаг дарга Д.Б, Засаг даргын орлогч Б.Б,  нэхэмжлэгч Б.Д нарын 2021 оны 11 дүгээр сарын ажилласан цагийн бүртгэлд 3 албан тушаалтны ирцийн бүртгэл нь 11 дүгээр сарын 17-ны өдрөөс бүртгэгдсэн байгаа нь адил байхад нэхэмжлэгч Б.Дыг 2021 оны 11 дүгээр сарын 11, 12-ны өдөр ажил тасалсан гэдэг нь тодорхойлох боломжгүй, 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөн ажил тасалсан гэх боловч хариуцагчаас баримт гаргаагүй, улмаар ажилтны ажлын ирцийн бүртгэлээс гадна ажил тасалснаас гарсан аливаа асуудал, цалин олгохдоо ажилласан цагийн тооцоо гаргасан санхүүгийн баримт зэргээр тодорхойлогдохгүй байх тул энэхүү үндэслэл нь нотлогдох боломжгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр сумын ИТХ-ын төлөөлөгч Паас ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд, асуудлыг хууль, журмын хүрээнд хянан үзэх, хариуцлага тооцох, хариу мэдэгдэх гэсэн байдлаар Засаг даргад үүрэг болгосон нь түүнд холбогдох асуудлыг хариуцагч зохих ёсоор шалгаж, шийдвэрлэхийг даалгасан гэж үзэхээс, нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж тогтоосон асуудал биш болох нь тогтоогдож байна. 

 

  1. Харин Төв аймгийн Х сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн захирал болон П нар нь Б.Д нь хүний биед халдсан, гутаан доромжилсон үйлдэл гаргасан гэх боловч үүнийгээ Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу холбогдох байгууллага, эрх бүхий албан тушаалтанд гомдлоо гаргах эрх нь нээлттэй байсан байтал энэ эрхээ хэрэгжүүлээгүй, хариуцагч нь мөн тухайн зөрчил гаргасан эсэх асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хандан шийдвэрлүүлсний үндсэн дээр зөрчлийн асуудалд хариуцлага тооцох үндэслэлтэй  байгааг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Дээрхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр байгууллагын Ёс зүйн хороогоор шалгуулж, асуудлыг шийдвэрлэсэн гэж тайлбарлахдаа, уг асуудлаар шалгуулсан 2 этгээдийн нэг болох Засаг даргын орлогч Б.Быг нь “...надаас уучлалт гуйсан учраас “сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан, одоогоор ажлаа хийж байгаа” гэсэн тайлбар, “...Б.Д нь надаас уучлалт гуйгаагүй” гэсэн тайлбар зэргээр Төрийн албаны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зарчимд нийцэхээргүй шийдвэр гаргасан болох, Ёс зүйн зөвлөлийн хурлын тэмдэглэлд[9] Засаг даргын орлогч Б.Б “...энэ хуралд энэ хүнийг заавал оролцуулах хэрэг байсан юм уу, Би л архи ууж ирээд энэ хүнийг дуудсан, чанга орилж ярьсан, энэ хүнийг уруу татаж бид 2 архи уусан” гэж мэдүүлэг өгсөн, нэхэмжлэгч Б.Д нь “... бид 2 эхэндээ муудалцаад сүүлдээ эвлэрч хоёулаа уусан” гэх мэдүүлэг зэргээс сумын Засаг даргын тамгын газрын 2015 оны Хөдөлмөрийн дотоод журамд заагаагүй хэдий ч, тус Ёс зүйн зөвлөлийн 01 тоот тогтоолоор  зохих хэмжээний сахилгын шийтгэл хүлээхээр тогтоогдсон, төрийн албаны нийлэг журмыг зөрчсөн үйлдэл гаргасан болохыг үгүйсгээгүй болно. Учир нь хариуцагчийн гаргасан маргаан бүхий актын үндэслэлд холбогдуулан дүгнэлт өгсний  үндсэн дээр гарч байгаа шүүхийн энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийг ямар нэгэн зөрчил гаргаагүй болохыг тогтоосны үндсэн дээр гарч байгаа шийдвэр бус тул шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй байна.
  2.  Иймд хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халахыг хориглоно” гэж заасныг зөрчин нэхэмжлэгч Б.Дыг төрийн жинхэнэ албанаас чөлөөлж, түүний төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул маргаан бүхий акт болох Төв аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 12  дугаар сарын 22-ны өдрийн “Б.Дыг үүрэгт ажлаас нь халах тухай” Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Дыг Төв аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

  16. Шүүхээс хариуцагчийн гаргасан маргаан бүхий 2021 оны 12  дугаар сарын 22-ны өдрийн “Б.Дыг үүрэгт ажлаас нь халах тухай” Б/40 дугаар тушаалыг хүчингүй болгож нэхэмжлэгч Б.Дыг Төв аймгийн Х сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэж байгаа тул, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулна” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулах, тус нөхөн олговроос нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах шаардлагуудыг мөн хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Үүнд нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг үндэслэн өмнө нь авч байсан дундаж цалин хөлсөө шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл 13 сар 6 хоногийн хугацаагаар тооцоолон 19.890.000 төгрөг гэж тодорхойлоод, энэ дүнгээсээ нийгмийн даатгал болон эрүүл мэндийн  даатгал, холбогдох татвар шимтгэлийг зохих ёсоор тооцуулан төлүүлэх гэж нэхэмжилсэн байх тул, шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болж түүнийг урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг зохих журмын дагуу тооцож олгохдоо,  Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн хууль бусаар ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин хөлснөөс зохих журмын дагуу татвар, шимтгэлийг тооцон төлж, нөхөн төлбөрийг олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.9,  49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн Х сумын Засаг даргын 2021 оны 12 сарын 22-ны өдрийн “Б.Дыг үүрэгт ажлаас нь халах тухай” Б/40 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.Дыг Төв аймгийн Х сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Дын ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцож олгохыг, уг нөхөн олговрыг олгохдоо нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд хамаарах цалин нөхөн олговрыг тооцож, түүнээс холбогдох татвар, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч Төв аймгийн Х сумын Засаг даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.ЗОРИГТБААТАР

                                                            ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                            ШҮҮГЧ                                   Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

[1] Хавтаст хэрэг 2, 93 дах тал

[2] Хавтаст хэрэг 1, 7 дах тал

[3] Хавтаст хэрэг 1, 63 дах тал

[4] Хавтаст хэрэг 1, 64-65 дах тал

[5] Хавтаст хэрэг 1, 227 дах тал

[6] Хавтаст хэрэг 2, 176 дах тал

[7] Хавтаст хэрэг 2, 223-224 дэх тал

[8] Хавтаст хэрэг 2, 226-227 дах тал

[9] Хавтаст хэрэг 1, 64-65 дах тал