Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/44

 

А.*******д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0009/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Туяа, Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                       ******* /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Ц.Туяацэцэг нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолтой *******ийн *******д холбогдох, 2018000000468 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 19-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ИӨОТ” ХХК-д аж ахуйн дарга ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 2 дугаар 40 мянгат гудамж, 38 дугаар байр, 23 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч А.******* нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Их өвөлжөөт” гэх газарт иргэн Ш.*******ыг архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь толгойн зүүн хэсэг, эрүүн доорх шархнууд бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч ******* овогт *******ийн Дорждагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дорждагвыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

-Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж,

-Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Шийтгэх тогтоолыг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн 107 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийг хэсэгчлэн төлөх хугацааг шүүх тогтоож өгч болох ба хэрэв шүүх ингэж хугацааг тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ёстой талаар тайлбарлан шийтгэх тогтоолд зааж өгөх шаардлагатай.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон хугацаанд төлж барагдуулаагүй бол, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлээгүйн алинд нь ч шүүх биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт мөн зааж тогтоож өгснөөр шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангана гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн 107 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байх тул шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс торгох ял биелүүлэх хугацааг тогтоох, мөн ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдэх заалт нэмж өөрчлөлт оруулж зөвтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулсан боловч торгох ялыг хэдий хугацаанд төлж барагдуулах талаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ дурдаагүй тул торгох ялыг хэдий хугацаанд төлж барагдуулах талаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.*******д холбогдох эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх үйл ажиллагааг болон шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч А.Дорждагвыг хохирогч Ш.*******ыг архины шилээр цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч А.Дорждагвыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэжээ.

Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзвэл 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн “Их өвөлжөөт” гэх газарт уурхайчдын амралтын гэрт шүүгдэгч А.*******, хохирогч Ш.******* нар архи ууж, улмаар хоорондоо маргалдан, түүний толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь толгойн зүүн хэсэг, эрүүн доорх шархнууд бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт болсон бөгөөд энэ нь хохирогч Ш.*******ын мэдүүлэг, гэрч Ц.*******, Ц.Батжаргал, Н.Нямдорж нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020.10.13-ны өдрийн 826 дугаартай хохирогч Ш.*******ын биед хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, үйлдлийг зүйчилсэн хуулийн зөв хэсэг зөв, анхан шатны шүүх  шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байна.

Шүүгдэгчид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, шийтгэх тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоожээ.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч А.*******д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа торгох ялыг хэзээ, хэрхэн төлөх талаар буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор заасан зохицуулалтаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д заасан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх талаар тухайлбал: торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих талаар шийтгэх тогтоолд заагаагүй нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3.т заасан шаардлагыг хангаагүйгээс гадна шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзлээ.

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй бөгөөд  харин эсэргүүцэлд дурдсан ...шүүхээс торгох ялыг төлөх хугацааг тогтоох шаардлагагүй гэж үзвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ёстой талаар тайлбарлаж зааж өгөх шаардлагатай... гэсэн нь шүүх хэрэг шийдвэрлэхэд хамаарах заалт биш болохыг анхаарах нь зүйтэй.

Учир нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхээс торгох ял биелүүлэх талаар гүйцэтгэх хуудас бичигдэж харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсний дараа хуваариар хүлээн авсан шийдвэр гүйцэтгэгч нь шийтгүүлсэн ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосон тохиолдолд ялыг хугацаанд нь биелүүлэх үүрэгтэйг, хэрэв шүүхээс хугацаа заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор ялтныг төлж барагдуулахыг шаардаж гүйцэтгүүлэх, хэрэв төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болох, цаашид авах арга хэмжээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааж зохицуулсан.

Иймд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацааг тогтоож, тогтоосон хугацаанд төлөөгүй тохиолдолд гарах үр дагаврын талаар заасан заалт нэмж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.7 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч   А.*******д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд сар бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай., гэж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч А.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай., гэсэн заалт тус тус нэмж шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                       ШҮҮГЧИД                         Ц.ТУЯА

                                                                                                                            Ц.АМАРЖАРГАЛ