Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2023/00112

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 133/ШШ2023/00112

Говь-Алтай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвд холбогдох

дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 3,560,040 төгрөг, алданги 1,780,020 төгрөг, нийт 5,340,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ж.Д, М.Э, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 3,560,040 төгрөг, алданги 1,780,020 төгрөг, нийт 5,340,060 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай байгууллага нь 2021 оны 03 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд 2021 оны 04 дүгээр сарын 13-нд бүртгэгдэж, ...... сумын ард иргэдийг 2021 оны 10 дугаар сараас Дулааны Эрчим хүчээр хангаж ажиллахаар болж улмаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвтэй “Дулаан эрчим хүчээр хангах” гэрээ байгуулж ажилласан. Гэрээ байгуулсанаас хойш 2505,6 талбайг дулаан халаалтаар тасралтгүй хангаж ирсэн. Сард дулааны төлбөрт 1м3 1705 төгрөгийг манай компанийн Т банкин дахь ............. дугаар бүхий байгууллагын харилцах дансанд төлбөрөө хийдэг байсан. Гэрээ байгуулж дулаан эрчим хүчээр хангуулсан Соёлын Төв нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны дулааны төлбөр болох 3,560,040 төгрөгийг дулаан эрчим хүчээр хангаж ажилласан манай байгууллагад төлөхгүй өдийг хүрлээ. Иймд гэрээнд заасны дагуу Дулаан Эрчим хүчээр хангасан төлбөр болох 3,560,040 төгрөг, мөн хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,780,020 төгрөг нийт 5,340,060 төгрөгийг Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвөөс гаргуулж өгнө үү гэв.

3. Хариуцагч Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвийн тайлбар: Тухайн үеийн санхүүжилт дутуу ирсэнтэй холбоотой өр байсан. Мөн мөнгө шийдэгдээд ирсний дараа дутуу байсан мөнгийг бүгдийг төлсөн. Тухайн үед улсын комисс хүлээж авсан акт, гурвалсан гэрээ, сумын Засаг даргын захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн  тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан С ААТҮГ-т мөнгийг шилжүүлсэн. Ямар нэгэн байдлаар мөнгийг өөрийн дансанд байлгасан болон Д.Д-тэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Дутуу мөнгийг 05 дугаар сарын 09-нд төлсөн. Миний хувьд дулаан хангамжийн талаар санал гомдлоо Д.Д-д гаргаж явсан. Иймээс тухайн үед ажлаа хийж байсан гэдэг үндэслэлээр С ААТҮГ-т мөнгийг төлсөн гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-М” ХХК-иас Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвтэй байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар “Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай” гэрээ,

-М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-М ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

-М ХХК-ийн 37/2013 дугаар тусгай зөвшөөрлийн хуулбар,

-М ХХК-ийн 36/2013 дугаар тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-“...... М” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 4, 5-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт,

-“...... М” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 4, 5-р сарын тайлан,

-Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого, шууд бус орлогод ногдуулан суутгасан албан татварын тайлан /М, тайлант хугацаа 2022 /2-р улирал/,

-“М” ХХК-ийн 2022.02.01-2022.05.01-ний өдрийг хүртэл хугацааны харилцах дансны харилцагчийн хуулга /Т банк/,

-Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан М групп ХХК ГАА-Хөв булаг /2022.01.01-2022.12.31/,

-Говь-Алтай аймгийн ...... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1/61 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийн хуулбар /Говь-Алтай аймгийн ...... сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэгтэй/,

 

5. Хариуцагч Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвөөс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн ...... сумын Засаг даргын ... оны ... сарын ...-ны өдрийн 30 дугаар захирамжийн хуулбар,

-Говь-Алтай аймгийн ...... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаар “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай” тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар “Д.Д-г ажилд томилох тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төв, С ААТҮГ-ын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Төлбөрийн хүсэлт №3, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн төлбөрийн хүсэлт №2,

- Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төв, “М” 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Төлбөрийн хүсэлт №3.

 

6. Хариуцагч “С” ААТҮГ-аас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-“С” ААТҮГ-ын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн ...... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаар “Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар байгуулах тухай” тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар “Д.Д-г ажилд томилох тухай” захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-Говь-Алтай аймгийн ...... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 29 дугаар “Тогтоол хүчингүй болгох тухай” тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар.

 

7. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт:

-Говь-Алтай аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/28 дугаар “Захирамж хүчингүй болгох тухай” захирамжийн хуулбар

 

8. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-Х банкны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 20/120 дугаар “С” ААТҮГ-ын тус банкинд данс эзэмшдэггүй тодорхойлолт,

-Х банкны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн “С” ААТҮГ-ын 2022.10.26-2023.02.14-ний өдрийг хүртэл хугацааны депозит дансны ......энгүй хуулга,

-Т банкны 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 41/94 дугаар албан бичиг, уг албан бичигт хавсарган ирүүлсэн “С” ААТҮГ-ын 2022.03.31-2023.02.15-ны өдрийг хүртэл хугацааны харилцах дансны харилцагчийн хуулга /байгууллага энгийн харилцах данс, мерчант түр данс/,

-“М” ХХК-ийн 2022.02.01-2022.05.01-ний өдрийг хүртэл хугацааны харилцах дансны харилцагчийн хуулга /Т банк/,

-“...... М” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 4, 5-р сарын Нийгмийн даатгалын шимтгэл ноогдуулалт,

-“...... М” ХХК-ийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны 4, 5-р сарын тайлан,

-“М” ХХК-ийн ажилчдын цагийн бүртгэл,

-“М групп” ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 108 дугаар албан бичиг,

-“М” ХХК, ...... сумын Уурын зуух гэх 2022 оны  04 сарын 25, 05 сарын 05-ны өдрүүдийн зарлагын баримт,

-“М” ХХК, М ХХК-ийн 2021 оны 10 сарын 01-ний өдрийн 09 дугаар хамтран ажиллах гэрээ,

-Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан М групп ХХК ГАА-Хөв булаг /2022.01.01-2022.12.31/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2.1. Нэхэмжлэгч М” ХХК нь Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвд холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 3,560,040 төгрөг, алданги 1,780,020 төгрөг, нийт 5,340,060 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн М” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарт гишүүдийн тоо 1, Д овогтой Ж-г гүйцэтгэх захирлаар 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн байх тул Д.Ж нь тус компанийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

2.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь “С” ААТҮГ-ыг хамтран хариуцагчаар оролцуулахаар хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн, улмаар шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь “С” ААТҮГ-ыг хамтран хариуцагчаар оролцуулахаас татгалзсан байна.

Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэж үздэг.

Шүүх хөндлөнгийн байгууллагын хувьд хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэлд дурдагдаж буй, нэхэмжлэгчийн заасан этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар оролцуулдаг бөгөөд хэрэг хянан хэлэлцсэний эцэст тухайн хэргийн хариуцагч нь мөн эсэхийг шүүх шийдвэрлэдэг тул хамтран хариуцагч оролцуулах уг хүсэлтээсээ татгалзах нь нэхэмжлэгчийн эрх юм.

3. Нэхэмжлэгч М” ХХК нь “...2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвтэй “Дулаан эрчим хүчээр хангах” гэрээ байгуулж ажилласан. Гэрээ байгуулж дулаан эрчим хүчээр хангуулсан Соёлын Төв нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны дулааны төлбөр болох 3,560,040 төгрөгийг дулаан эрчим хүчээр хангаж ажилласан манай байгууллагад төлөхгүй өдийг хүрсэн тул гэрээнд заасны дагуу Дулаан Эрчим хүчээр хангасан төлбөр 3,560,040 төгрөг, мөн хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги 1,780,020 төгрөг нийт 5,340,060 төгрөгийг Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвөөс гаргуулна...” гэж шаарджээ.

4. Хариуцагч Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төв нь “...улсын комисс хүлээж авсан акт, гурвалсан гэрээ, сумын Засаг даргын захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан “С” ААТҮГ-т мөнгийг шилжүүлсэн. Ямар нэгэн байдлаар мөнгийг өөрийн дансанд байлгасан болон Д.Д-тэй ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Дутуу мөнгийг 05 дугаар сарын 09-нд төлсөн. Иймээс тухайн үед ажлаа хийж байсан гэдэг үндэслэлээр С ААТҮГ-т мөнгийг төлсөн...” гэж татгалзжээ.

5. Хариуцагч Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төв нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацаанд дулаанаар хангах үйлчилгээг авсан гэдгийг зөвшөөрч байх боловч уг хугацааны төлбөрийг “М” ХХК болон “С” ААТҮГ-ын алинд төлөх ёстой болох нь маргааны зүйл болжээ.

6. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:

Говь-Алтай аймгийн ...... сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 дугаар тогтоолоор “...1. Монгол Улсын Засгийн газрын “Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд шинээр баригдсан төвлөрсөн уурын зуух, гадна шугам сүлжээг хариуцан ажиллах “С” аж ахуйн тооцоот /орон нутгийн өмчит/ үйлдвэрийн газрыг байгуулж дүрмийг хавсралтаар баталсугай. 2. “С” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгүүлэх, эрх  баригчийг томилуулах, бүтэц орон тоо, үйлдвэр санхүүгийн төлөвлөгөө, үнэ тарифийг батлуулах асуудлыг холбогдох газруудад уламжлан шийдвэрлүүлж ажиллуулахыг Засаг даргад үүрэг болгосугай...” гэжээ.

Улмаар Говь-Алтай аймгийн ...... сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 дугаар захирамжаар “С” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлаар Д.Д-г томилжээ.

7. Хариуцагч Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төв нь “М” ХХК-д түлш халаалтын өр хаав /нэхэмжлэх 1-4 сар/ гэх агуулгаар 2,096,442 төгрөгийг шилжүүлсэн болох нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №3 дугаар төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байна.

Харин үүнээс хойших төлбөрийг “С” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлсэн болох нь түлш халаалтын төлбөр /нэхэмжлэх 2022-04 сар/ гэх агуулгаар 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 1,837,500 төгрөг, 04, 05 сарын өр хаав /нэхэмжлэх 2022-05-16/ гэх агуулгаар 1,711,250 төгрөгийг 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №3, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн №2 дугаар төлбөрийн хүсэлтээр тогтоогдож байна.

Хэдийгээр Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төв нь “С” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан гэх боловч дээрх гэрээг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.

8. “М” ХХК болон Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвийн хооронд 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр “дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ” байгуулагдаж, гэрээнд халаалт эхлэх огноог 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр, дуусах огноог 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гэж, гэрээний сунгалт хэсэгт 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2 жилийн хугацаагаар сунгасан талаар тэмдэглэгээ хийгдэж, талуудын гарын үсэг зурж тамга дарагдсан, талууд уг гэрээний талаар буюу үйл баримтын талаар маргаагүй болно.

9. Уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

10. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлоход хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж байх бөгөөд шаардлагын үндэслэлээ гэрээ дуусгавар болоогүй, гэрээний харилцаа үргэлжилж байсан гэжээ. Талуудын хооронд байгуулсан гэрээ болон худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан Иргэний тусгай зохицуулалтад гэрээг дуусгавар болох цуцлах талаар зохицуулаагүй байх тул Иргэний хуулийн ерөнхий анги дахь гэрээний эрх зүйн зохицуулалтуудыг хэрэглэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 15 дугаар бүлэгт иргэний эрх зүйн гэрээний харилцааг зохицуулсан бөгөөд мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.2-т хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол гэрээнээс татгалзах хугацааг татгалзах санал гаргаагүй тал нь тогтооно. Энэ хугацаанд гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талд дахин мэдэгдээгүй бол гэрээнээс татгалзах эрхээ алдана” гэж тус тус заажээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвийн дарга Н.Н нь шүүх хуралдаанд “...улсын комисс хүлээж авсан акт, гурвалсан гэрээ, сумын Засаг даргын захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн  тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан С ААТҮГ-т мөнгийг шилжүүлсэн...” гэж тайлбарлаж байх боловч тухайн үед “М” ХХК болон Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвийн хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусаагүй, хариуцагч нь шүүх хуралдаанд “М” ХХК-д гэрээг цуцлах талаар ямар нэгэн санал хүргүүлээгүй гэж тайлбарлаж байна.

Мөн Иргэний хуулийн 236, 240 дүгээр зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэл бий болоогүй, мөн 221 дүгээр зүйлд заасан талууд гэрээнээс татгалзах хүндэтгэн үзэх шалтгаан бүхий нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

11. Шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд гэрээний эрх зүйн харилцааны талаас хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд мөн нөгөө талаар тухайн уурын зуух, тоног төхөөрөмжийг “С” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт шилжүүлэн өгсөн гэх боловч “С” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь үйл ажиллагаа явуулж, дулаанаар хангасан гэх байдал баримтаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Учир нь гэрч Ж.А нь шүүх хуралдаанд “...2022 оны 04 дүгээр сарын 15-аас 05 дугаар сарын 10-н хүртэл М ХХК-д гагнуурчин механикаар ажиллаж байсан. Тухайн үед ...... сумын уурын зуухыг М ХХК ажиллуулж байсан. Цалингаа М ХХК-аас авч байсан. Манай галч нар цагийн хуваарийн дагуу ажиллаж байсан. С ААТҮГ 04 дүгээр сараас орж ирсэн. М ХХК бүх үйл ажиллагааг явуулсан. Сум орон нутгаас тийм юм орж ирсэн...” гэж,

Гэрч Ш.Б нь шүүх хуралдаанд “...Би М ХХК-ийн ажилтан, галчаар ажилладаг байсан. М ХХК-аас цалингаа авч байсан. 2022 оны 04 дүгээр сарын 15-аас 05 дугаар сарын 10-н хүртэл хугацаанд М ХХК халаалтын үйл ажиллагаа явуулж байсан. С ААТҮГ дулаанаар хангаагүй, үйл ажиллагаа явуулна гэж нэг хүн орж ирсэн. Ажилтангүй орж ирсэн. Тэгээд М ХХК-аас ажилтнаа бүрдүүлж байсан. Би 05 дугаар сарын 10-н хүртэл ажилласан. М ХХК 4 галч 4 слесарьтай. 4 ээлжээр ажилладаг...” гэж,

гэрч “С” ААТҮГ-ын захирал Д.Д нь шүүх хуралдаанд “...04 дүгээр сарын 15-аас 05 дугаар сарын 10-н хүртэл нэг удаа нүүрс татсан санагдаад байна. Дулааны улирал болоод амрах цаг болсон байсан. Тиймээс ...... сумын уурын зууханд ажиллаж байсан хүмүүсийг авч ажиллуулаад 10 дугаар сарын 01-ээс бүх томилгоог хийж эхэлсэн...” гэж тайлбарлаж байх бөгөөд “С” ААТҮГ нь маргаан бүхий цаг хугацаанд дулаанаар хангах үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах нүүрс, түлш татсан эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “М” ХХК нь нь Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвөөс 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 3,560,040 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

12. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасны дагуу зохигчдын хооронд байгуулагдсан дулаан эрчим хүчээр хангах тухай гэрээний 4.5-д “Хэрэглэгч тал хэрэглэсэн дулаан эрчим хүчний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу дутуу төлсөн бол хангагч тал хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцож, сар бүрийн төлбөрт тус тусад нь ногдуулж байна” гэж заасан байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан алдангийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

13. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвөөс дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 3,560,040 төгрөг, алданги 1,780,020 төгрөг, нийт 5,340,060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвөөс 100,391 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвөөс дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 3,560,040 төгрөг, алданги 1,780,020 төгрөг, нийт 5,340,060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн ...... сумын Соёлын төвөөс 100,391 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ