Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 215/МА2023/00015

 

 

“МТЗ”ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2023/00112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “МТЗ”ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төвд холбогдох,

Дулаан эрчим хүчээр хангасан төлбөр болох 3,560,040 төгрөг, алданги 1,780,020 төгрөг, нийт 5,340,060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Ж, түүний өмгөөлөгч Ж.Д, М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Н, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 3,560,040 төгрөг, алданги 1,780,020 төгрөг, нийт 5,340,060 төгрөг гаргуулах тухай.

 

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манай байгууллага нь 2021 оны 03 дугаар сарын 24-нд үүсгэн байгуулагдаж, улсын бүртгэлд 2021 оны 04 дүгээр сарын 13-нд бүртгэгдэж, ............. сумын ард иргэдийг 2021 оны 10 дугаар сараас Дулааны Эрчим хүчээр хангаж ажиллахаар болж улмаар 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төвтэй Дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж ажилласан. Гэрээ байгуулсанаас хойш 2505,6 талбайг дулаан халаалтаар тасралтгүй хангаж ирсэн. Сард дулааны төлбөрт 1м3 1705 төгрөгийг манай компанийн Төрийн банкин дахь .................. дугаар бүхий байгууллагын харилцах дансанд төлбөрөө хийдэг байсан. Гэрээ байгуулж дулаан эрчим хүчээр хангуулсан ............. төв нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртлэх хугацааны дулааны төлбөр болох 3,560,040 төгрөгийг дулаан эрчим хүчээр хангаж ажилласан манай байгууллагад төлөхгүй өдийг хүрлээ. Иймд гэрээнд заасны дагуу Дулаан Эрчим хүчээр хангасан төлбөр болох 3,560,040 төгрөг, мөн хугацаандаа төлөөгүйгээс үүссэн алданги болох 1,780,020 төгрөг нийт 5,340,060 төгрөгийг Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төвийн тайлбар: Тухайн үеийн санхүүжилт дутуу ирсэнтэй холбоотой өр байсан. Мөн мөнгө шийдэгдээд ирсний дараа дутуу байсан мөнгийг бүгдийг төлсөн. Тухайн үед улсын комисс хүлээж авсан акт, гурвалсан гэрээ, сумын Засаг даргын захирамж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан “С Д” ААТҮГ-т мөнгийг шилжүүлсэн. Ямар нэгэн байдлаар мөнгийг өөрийн дансанд байлгасан болон Д.Дтай ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй. Дутуу мөнгийг 05 дугаар сарын 09-нд төлсөн. Миний хувьд дулаан хангамжийн талаар санал гомдлоо Д.Д гаргаж явсан. Иймээс тухайн үед ажлаа хийж байсан гэдэг үндэслэлээр “С Д” ААТҮГ-т мөнгийг төлсөн, нэхэмжлэлийг хариуцахгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төвөөс дулаан эрчим хүчээр хангасан төлбөр 3,560,040 төгрөг, алданги 1,780,020 төгрөг, нийт 5,340,060 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МТЗ”ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100,391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төвөөс 100,391 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МТЗ”ХХК-д олгож ..... шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Н.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч “МТЗ”ХХК нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны дулааны мөнгийг нэхэмжилсэн. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 09 тоот тогтоолоор “С Д” ААТҮГ-ыг байгуулж сумын Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/07 тоот захирамжаар “С Д” ААТҮГ-ын даргаар Д.Дг томилж төвлөрсөн уурын зуухыг хариуцуулж ажиллахаар болсон. Захирамжийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “С Д” ААТҮГ-тай гэрээ байгуулан 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны дулааны мөнгийг шилжүүлсэн.

Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэд заавал биелүүлдэг. Засаг даргаас гаргасан шийдвэрийн дагуу халаалтын мөнгөө шилжүүлсэн. Төсвийн мөнгө халаалтын мөнгө нэг л төлөгдөх ёстой, манай сумд дээрх Хурал, Засаг даргын шийдвэрийн дагуу “С Д” ААТҮГ уурын зуухыг ажиллуулж дулаанаар хангаж байсан.

Шүүхээс дулааны мөнгө, алдангийн хамт гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 112 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид, тэдгээрийн өмгөөлөгчид анхан шатны шүүхэд илэрхийлсэн байр сууриа дэмжин оролцсон байх ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Маргааны зүйл:

1. Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төв 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 15-н хүртэл хугацаанд дулааны эрчим хүчээр хангагдсан талаар маргаагүй боловч уг хугацааны төлбөрийг  “МТЗ”ХХК, “С Д” ААТҮГ-ын алинд төлөх тухайд маргаан үүсчээ. Дээрх 2 аж, ахуйн нэгж нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл алинд нь ч олгогдоогүй байна.

2. Говь-Алтай аймгийн ............. сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2022 оны 03 дугаар сарын 31-нд байгуулагдсан (хэргийн 28 дахь тал) “С Д” ААТҮГ-ын эрх зүйн чадамжийг дээд шатны байгууллага болох тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас (хэргийн 157 дахь тал) Улсын Их Хурлын 1999 оны 29 дүгээр тогтоолоор аймгийн өмчлөлд эд хөрөнгө шилжүүлсэн ба тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас сумд эрх мэдэл олгож, шийдвэрлээгүй гэж буруутгажээ.

Хэрэгт авагдсан баримтаар аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ............. сумын дулааны эх үүсвэрийг хэн нь ашиглах талаар зөрчилтэй байр суурьтай байжээ. Уг асуудал нь иргэний хэргийн харьяалан шийдвэрлэх маргаан биш учир үнэн мөнийг нь олж өгөхийг хүссэн хариуцагч байгууллагын төлөөлөгч Н.Нгийн хүсэлтийг тус шүүх хүлээн авах боломжгүй ба эрх ашиг нь зөрчигдсөн гэж үзвэл холбогдох байгууллагад хандах нь зүйтэй байна. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил гүйцэтгэх тохиолдол зах зээлийн эдийн засгийн харилцаанд үүсдэг тохиолдол байх боломжтой юм.

         Маргаан бүхий үйл баримтын нотлогдсон байдал:

3. Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төв “МТЗ”ХХК-ий хооронд Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдаж, (хэргийн 3-15 дахь тал) дулааны эрчим хүчээр хангасан нь  хэрэг дэх дараах нотлох баримтаар нотлогджээ.

3.1 Говь-Алтай аймгийн ............. сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор 2022 оны 03 дугаар сарын 31-нд байгуулагдсан (хэргийн 28 дахь тал) “С Д” ААТҮГ нь 2022 оны 4, 5 сарын галлах нүүрс татан авсан баримт хэрэгт авагдаагүй.

3.2 Анхан шатны шүүх хуралд оролцсон гэрч Ж.А, Ш.Б нар 4 галч, 4 слесарьтай 4 ээлжээр “МТЗ”ХХК нь ............. сумыг халаалтаар хангасан, цалингаа уг компаниас авсан гэжээ

3.3 “МТЗ”ХХК 2022 оны 4, 5 сард 9 ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, тайлан, цагийн бүртгэл, уг компаниас “М А” ХХК-аас 2022 оны 03-05 сарын нүүрсний авлага 7.475.0 сая төгрөг нэхэмжилсэн тоот, нүүрсний зарлагын 2022 оны 4, 5 сарын баримтууд, шүүхийн нотлох баримт гаргуулах захирамж, нотлох баримтад үзлэг хийсэн тэмдэглэл  (хэргийн 117-170 дахь тал) зэрэг баримтуудаар тогтоогджээ.

 

Хууль хэрэглээний хувьд:

4. Эрчим хүчний тухай хуулийн 3.1.14-т заасан “эрчим хүч, худалдах худалдан авах гэрээ” нь тус хуулийн 12, 13, 14 дүгээр зүйлд заасан “дулаан үйлдвэрлэх”, “дамжуулах” тусгай зөвшөөрөл бүхий бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах үйл ажиллагааг заажээ.

4.1 “МТЗ”ХХК, “С Д” ААТҮГ-т аль алинд нь дулаан үйлдвэрлэх, дамжуулах тусгай зөвшөөрөл олгогдоогүй, тул албан ёсны үйлдвэрлэгч буюу бараа, бүтээгдэхүүнээ худалдагч тал бус. Гэрээнд зааснаар дулаан үйлдвэрлэгч болох эрх үүсч, гэрээний дагуу дулаан үйлдвэрлэн, нийлүүлжээ.

 

4.2 Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн (биежсэн) ажлын үр дүн буюу үйлдвэрлэн нийлүүлсэн дулаан байгаа бол худалдах, худалдан авах гэрээнд гэрээний зүйл нь биет байдлын доголдол, эрхийн зөрчилгүй хөрөнгө, байдаг, өмчлөлийн зүйл шилжих шинжтэй.

4.3 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил үйлчилгээ, ажлын үр дүнг хүлээн авч үнийг төлдөг бол худалдах, худалдан авах гэрээгээр эд хөрөнгийг хүлээн авч үнийг төлөх үүрэгтэй байна.

 

4.4 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-д төрлийн шинжээр тодорхойлогдох эд юмс хийж захиалагчийн өмчлөлд шилжүүлсэн бол худалдах, худалдан авах гэрээг зохицуулсан журам үйлчилхээр заажээ. Энэхүү маргааны тухайд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжээс илүүтэйгээр, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илүү агуулсан гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг ажил гүйцэтгэх гэрээ гэж өөрчлөлт оруулсан болно.

 Шийдвэрлэсэн байдал:

 5. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төвийг  “МТЗ”ХХК дулааны эрчим хүчээр хангасан нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийлүүлсэн дулааны үнийг “МТЗ”ХХК нь нэхэмжлэх эрхтэй, Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төв нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй байна.    

        

6. Зохигчдын хооронд байгуулсан “Дулаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээний” 4.5-д зааснаар хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөр 3.560.040 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй зөрчилд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцон, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд нийцүүлэн багасгаж 1.780.020 төгрөгийг хариуцагчаас анхан шатны шүүх гаргуулан шийдвэрлэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төв нь гэрээний үүргийг биелүүлсэн, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, удирдлагаас өгсөн үүргийн дагуу “С Д” ААТҮГ-т шилжүүлсэн гэж ( хэргийн 30, 31 дэх талд) баримтаа гаргажээ.

         Хариуцагч байгууллага болох ............. сумын ............. төв нь гэрээний үүргийг биелүүлж, төсөвлөсөн дулааны төлбөрийг шилжүүлсэн боловч гэрээ байгуулж, үйл ажиллагаа явуулж дулаанаар хангасан “МТЗ”ХХК -д бус, “С Д” ААТҮГ-т шилжүүлсэн байдал нь аймаг, сумын нутгийн өөрөө удирдах байгууллагуудын шийдвэрээс шалтгаалсан тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг харгалзан анзын хэмжээг бууруулж 890.010 төгрөгөөр тогтоолоо.

 

        Анзын хэмжээг тавин хувь буюу 890.010 төгрөгөөр бууруулсан байдал нь нэхэмжлэгч “МТЗ”ХХК нь дулааны эрчим хүчээр хангахдаа төсвийн хөрөнгөөр баригдсан дулааны шугам сүлжээг ашиглаж, төсөвт байгууллагыг дулаанаар хангаж байсан байдал, төлбөр саатсанаас “МТЗ”ХХК нь гэрээгээр тогтоосон төлбөр төлөгдөөгүйгээс шалтгаалж, бусад нүүрс, цахилгаанаар хангагч харилцагч нарын өмнө гэрээний үүргээ зөрчиж, төлөх төлбөртөө анз тооцуулж буй байдлыг харгалзан үзлээ.

 

        7. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйл. Иргэнийг хуульд зааснаар төлөөлөх, мөн хуулийн 35 дугаар зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлөх ойлголтыг  буруу тайлбарлан шийдвэртээ: Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төвийн хууль ёсны төлөөлөгч, “МТЗ”ХХК-ны хууль ёсны төлөөлөгч гэж хуулийн этгээдийн  төлөөлөгчдийг, зохигчдын хууль ёсны төлөөлөгч гэж нэрлэн заасныг дурдсугай.

 

         8. Анзын хэмжээг шүүхээс багасгаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100.391 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 133/ШШ2023/00112 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6”  гэснийг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 8” гэж, “1.780.020 төгрөг” гэснийг “890.010” гэж,  “нийт 5.340.060 ” гэснийг “4.450.050” гэж,

 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “МТЗ”ХХК нь  улсын тэмдэгтийн хураамжид 100.391 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төвөөс 86.151 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “МТЗ”ХХК-д олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч Говь-Алтай аймгийн ............. сумын ............. төв нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа 100.391 төгрөг төлснийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлан хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.ЭНХТӨР

                                        ШҮҮГЧИД                           Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                              Ш.БАТТОГТОХ