Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2023/00770

 

 

 

 

 

2023 03 13

181/ШШ2023/00770

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:  Х ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Э ХХК -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 231,375,947 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болорчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 231,375,947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцсон ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Х ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр болон Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр Хаслизинг ХХК-ийг Х ХХК-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу хоёр хуулийн этгээдийг нэгтгэснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэл хийлгэснээр Хаслизинг ХХК-ийн бүх эрх, үүрэг, хариуцлага Х ХХК-д хуулийн дагуу шилжсэн тул Хаслизинг ХХК-ийн эрхийн дагуу манайх дараах нэхэмжлэлийг гаргаж байна.

Э ХХК нь Хаслизинг ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 71000385 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан Hyundai R520LC-9S загварын, 71-95 УН улсын дугаартай экскаваторыг 18 сарын хугацаатай түрээсэлсэн.

Түрээслэгч Э ХХК нь тус Санхүүгийн түрээсийн гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөх боломжгүй болж, төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлж байсан тул Э ХХК-ийн гаргасан хүсэлт, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээний өөрчлөлтийг байгуулан гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн нөхцөл өөрчилсөн.

Ийнхүү Санхүүгийн түрээсийн гэрээний нөхцөлийг өөрчилснөөс хойш хариуцагч мөн л төлбөр төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлэн, дутуу дүнгээр төлөлт хийсээр байсан ба 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлбөр огт төлөөгүй, Санхүүгийн түрээсийн гэрээ болон Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-д заасны дагуу түрээсийн зүйлийг түр буцаан авах үндэслэл үүссэн хэдий ч манайхаас түрээсээр авсан экскаваторыг ашиглан уул уурхайн үйл ажиллагаагаа явуулдаг байдлыг харгалзан үйл ажиллагааг нь доголдуулахгүй, орлогыг нь саатуулахгүй байх үүднээс гэрээний хугацаанд түрээсийн зүйлийг түрээслэгч Э ХХК-ийн эзэмшил, ашиглалтад бүрэн байлгасан.

Гэтэл ийнхүү гэрээний нөхцөл өөрчилж, удаа дараа төлбөрөө төлөхийг мэдэгдэж шаардан, түрээслэгчийн хүсэлтийг харгалзан төлбөр төлөх хугацаа олгосон ч удахгүй төлнө гэсэн тайлбар тавьж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлбөр огт төлөхгүй байсаар 71000385 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дууссан.

Тиймээс Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн төлбөр 172,105,151 төгрөг, алданги 59,270,796 төгрөг, нийт 231,375,947 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. ... гэв.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

...талуудын хооронд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 71000340 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тус гэрээнд оруулсан гэрээний нэмэлт өөрчлөлтийг тус тус байгуулан хамтран ажилласан ба гэрээгээр Э ХХК нь Hyundai R520LC-9S загварын, 71-95 УН улсын дугаартай экскаваторыг 18 сарын хугацаатай түрээслэн, төлбөрийг графикт хуваарийн дагуу гэрээний үндсэн төлбөр, хүүгийн хамт төлж барагдуулах үүргийг хүлээж, энэхүү хүлээсэн үүрэгтээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргахгүй байгаа болно.

Гэвч гэрээний хэрэгжилтийн явцад дэлхий даяар үүссэн Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас компанийн үйл ажиллагаа биднээс шалтгаалахгүйгээр илтэд доголдож, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн.

Дээрх нөхцөл байдлыг гэрчилж Монгол Улсын Засгийн газраас:

- 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,

- 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгах тухай тогтоол,

- 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 194 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,

- 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 209 дугаартай Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай тогтоол,

- 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 226 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,

- 2021 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн 1 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоол, түүний хавсралт,

- 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 27 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжих тухай тогтоол, түүний хавсралт,

- 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 91 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай тогтоол,

- 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 104 дугаартай Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолуудаар нийслэл хотод нийтдээ 9 удаа бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн.

Дээрх цар тахлын нөхцөл байдлын хугацаанд ялангуяа уул уурхай болон гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Э ХХК-ийн хувьд биднээс шалтгаалахгүйгээр дотоод үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар доголдож, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх ямар ч боломжгүй буюу талуудын хүсэл зоригоос гадуур давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал үүссэн.

Бид гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон нь биднээс шалтгаалахгүйгээр 3 жил үргэлжилсэн цар тахал, хатуу хөл хорио улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотойгоор үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн буюу үүрэг гүйцэтгэгчээс шалтгаалаагүй тул гэрээгээр хүлээсэн нэмэгдэл үүрэг болох алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж тодорхойлсон.

Мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт ...Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй байхаар зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, Э ХХК гэрээний үүргээ хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн нөхцөл байдал нь тус компанийн хүсэл зоригоос үл хамаарах гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй болохыг эрх бүхий байгууллагаас гэрчилсэн болно.

Тодруулбал, Монгол Улсын Худалдаа аж үйлдвэрийн Танхимын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6 дахь заалтад зааснаар Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) нь давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх бүрэн эрхтэй байхаар тогтоожээ. МҮХАҮТ нь гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийг гэрчлэх үйл ажиллагааг өөрийн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.13 дахь заалт, мөн МҮХАҮТ-аас баталсан Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн болон хүнд нөхцөл байдлыг гэрчлэх журам-аар тус тус зохицуулдаг байна. Манай компани нь дээрх хууль, эрх зүйн үндэслэлийн хүрээнд МҮХАҮТ-д хандсан бөгөөд МҮХАҮТ нь зохих журмын дагуу холбогдох гэрээ хэлэлцээр, тус компанийн санхүүгийн тайлан, Монгол Улсын Засгийн газраас гарсан шийдвэр, улс орны хэмжээнд өрнөсөн нийтэд илэрхий болсон үйл баримт зэргийг 30 хоногийн хугацаанд судалсны үндсэн дээр давагдашгүй хүчин зүйлийг гэрчилдэг байна.

МҮХАҮТ нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд тус Компанийн 2020, 2021, 2022 оны үйл ажиллагаанд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон болохыг хөндлөнгийн байр сууринаас гэрчилж, 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №02/08 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгож гэрчилсэн болно.

Иймд, хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд тус компани гэм буруугүй буюу хугацаа хэтрүүлээгүй болохыг тогтоож, нэхэмжпэлийн шаардлагаас алданги болох нийт 59,270,796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

3. Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: Х ХХК болон Хаслизинг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагааны хуулбар, шүүхэд төлөөлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх олгосон итгэмжлэлүүд, Хаслизинг ХХК-ийн Э ХХК-тай байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 71000340 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ, хавсралтын хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 71000340 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний өөрчлөлт, хавсралтын хуулбар, Х ХХК-ийн Э ХХК-тай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 71000385 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний нэмэлт, өөрчлөлт, хавсралтын хуулбар, Х наас Э ХХК-д хүргүүлсэн 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн мэдэгдэх хуудсын хуулбар, 71000340, 03200183, 71000385, 1950001117 дугаартай дансны хуулгууд, 71000340 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрийн тооцоолол, Хаслизинг ХХК-ийн Түрээсийн хорооны хурлын 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 254 дугаартай тогтоолын хуулбар /хх 4-29, 50-53, 97-100/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас нотлох баримтаар: Э ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02/08 дугаартай Гэнэтийн буюу давагдашүй хүчин зүйлийн гэрчилгээ, Э ХХК-ийн Штайнколе ХХК-тай байгуулсан 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 20/06 дугаартай Техник түрээсийн гэрээний хуулбар /хх 36-37, 43, 78, 80, 88-90/ зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтгүй.

 

Шүүх зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргаж өгсөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 231,375,947 төгрөгийн зарим хэсгийг буюу 201,740,549 төгрөгийг хангаж, үлдэх 29,635,398 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Х ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэр болон Тэнгэр санхүүгийн нэгдэл ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын шийдвэрээр Хаслизинг ХХК-ийг Х ХХК-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн дагуу хоёр хуулийн этгээдийг нэгтгэснийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэл хийлгэснээр Хаслизинг ХХК-ийн бүх эрх, үүрэг, хариуцлага Х ХХК-д хуулийн дагуу шилжсэн. Э ХХК нь Хаслизинг ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 71000385 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан Hyundai R520LC-9S загварын, 71-95 УН улсын дугаартай экскаваторыг 18 сарын хугацаатай түрээсэлсэн. Түрээслэгч Э ХХК нь тус Санхүүгийн түрээсийн гэрээний Хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө төлөх боломжгүй болж, төлбөр төлөх үүргээ хугацаа хэтрүүлж байсан тул Э ХХК-ийн гаргасан хүсэлт, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээний өөрчлөлтийг байгуулан гэрээний хугацааг сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн нөхцөл өөрчилсөн. Ийнхүү өөрчилснөөс хойш хариуцагч мөн л төлбөр төлөх хуваарьт заасан хугацааг хэтрүүлэн, дутуу дүнгээр төлөлт хийсээр байсан ба 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлбөр огт төлөөгүй. Гэсэн хэдий ч түрээсээр авсан экскаваторыг ашиглан уул уурхайн үйл ажиллагаагаа явуулдаг байдлыг харгалзан үйл ажиллагааг нь доголдуулахгүй, орлогыг нь саатуулахгүй байх үүднээс түрээсийн зүйлийг Э ХХК-ийн эзэмшил, ашиглалтад бүрэн байлгасан. Иймээс гэрээний үүргийн гүйцэтгэлд түрээсийн төлбөр 172,105,151 төгрөг, алданги 59,270,796 төгрөг, нийт 231,375,947 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. гэжээ.

3. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дээрх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох алдангид 59,207,796 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч маргасан бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

...гэрээний хэрэгжилтийн явцад дэлхий даяар үүссэн Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас компанийн үйл ажиллагаа биднээс шалтгаалахгүйгээр илтэд доголдож, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын нийт 9 удаагийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тогтоол болон Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн Танхимаас олгосон 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн №02/08 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр нотлогдоно. Иймд, хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд тус компани гэм буруугүйн гадна, алдангийн тооцоолол эргэлзээтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 59,270,796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

4. Э ХХК нь Хаслизинг ХХК-тай 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 71000340 дугаартай Санхүүгийн түрээсийн гэрээ-г 18 сарын хугацаатай байгуулж, тус гэрээний хавсралт 3-т заасан Hyundai R520LC-9S загварын, 71-95 УН улсын дугаартай экскаваторыг Хаслизинг ХХК нь Э ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлж, Э ХХК нь түрээсийн төлбөр болон түүний хүү /шимтгэл/-г багтаасан нийт үнэ болох 296,084,517 төгрөгийг гэрээний хавсралт 1-т заасан эргэн төлөх хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон ба улмаар талууд гэрээний хугацааг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сунгаж, эргэн төлөх хуваарийг шинэчлэн өөрчилжээ.

Ийнхүү гэрээнд өөрчлөлт оруулах болсон шалтгааныг нэхэмжлэгчийн зүгээс тухайн цаг хугацаанд үүссэн нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс, түүний Э ХХК-д үзүүлэх нөлөөлөлтэй холбон тайлбарласан бөгөөд үүнийг хариуцагчийн зүгээс үгүйсгээгүй.

Гэрээний хугацаа болон эд хөрөнгө ашиглуулахтай холбоотой тохиролцсон байдал, эд хөрөнгийг ашигласнаар төлбөр төлөх, түрээсийг хугацаанд нь бүрэн төлснөөр эд хөрөнгийг өмчлөх эрх түрээслэгчид шилжихээр талууд тохиролцсон зэргээс үзвэл Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулжээ.

Иргэний хуулийн 313 дугаар зүйлийн 313.1 дэх хэсэгт зааснаар гэрээ бичгээр байгуулагдсан, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу талууд гэрээнд гарын үсэг зурсан тул гэрээг байгуулагдсан гэж үзэх ба гэрээ хүчин төгөлдөр байна.

Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээдэг.

5. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу түрээсийн зүйлийг түрээслэгчийн эзэмшилд хүлээлгэн өгсөн, түрээслэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлж, үндсэн үүрэгт 172,105,151 төгрөгийг төлөөгүй байгаа болон Хаслизинг ХХК-ийг Х ХХК-д нэгтгэх замаар өөрчлөн байгуулж, эрх үүрэг, хариуцлага шилжсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй.

 

Гагцхүү хариуцагчийн зүгээс ийнхүү хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд гэм буруугүйн гадна, алдангийн тооцоолол эргэлзээтэй тул гэрээнд заасан нэмэлт үүрэг болох алдангид нэхэмжилсэн 59,270,796 төгрөгийг төлөх үндэслэлгүй хэмээн маргаж, мэтгэлцсэн.

 

6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. гэж, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. гэж тус тус заасан.

Хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж дуусгах үүрэгтэй боловч энэхүү үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, мөнгөн гүйлгээний баримтуудаар тогтоогдсон, энэ үйл баримтад зохигч маргаагүй байх тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж зааснаар хариуцагч хугацаа хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.4-т түрээслэгч төлбөрөө гэрээний хавсралт 1-д заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,2 хувьтай тэнцэх алданги төлөх, 4.1.4-т түрээслүүлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг түрээслэгчээс шаардах эрхтэй байхаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн бөгөөд алдангийг 2021 оны 11 дүгээр сарын 15-наас 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр /шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр/ хүртэл нийт 275 хоногоор тооцож, ингэхдээ 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 19,619,695 төгрөгийг тус гэрээний 3.5-д Түрээслэгч төлбөрийн үүргийг 1-ээс дээш сараар хугацаа хоцроож гүйцэтгэсэн бол түрээслүүлэгч уг төлбөрийг төлбөр төлөөгүй хамгийн эхний хугацаанаас төлбөрийн үүрэг гүйцэтгэх хүртэлх хугацааны алданги, хүү, түрээсийн төлбөр гэсэн дарааллаар тооцон авах-аар заасны дагуу хасч, нийт 59,270,796 төгрөгөөр тогтоосон гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд алдангийн дээрх тооцооллыг үндэслэл бүхий байдлаар няцаан үгүйсгэж чадаагүй болно.

 

Иймд хариуцагч нь хууль болон гэрээнд зааснаар алдангид 59,270,796 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Гэвч гэрээний хугацаанд болон хариуцагчийн үүрэг гүйцэтгээгүй хугацаанд Монгол Улс болон бусад улс оронд Ковид 19-ийн халдвар дэгдэж, нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж, бизнес эрхлэгчдийн орлого илт буурсан нөхцөл байдал нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Монгол Улсын Их Хурлаас баталсан 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байсан.

 

Иймд дээрх үйл баримт болон хариуцагч Э ХХК-ийн явуулах үйл ажиллагааны чиглэл, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгосон 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 02/08 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ зэргийг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. гэж заасныг баримтлан алдангийн хэмжээг тал хувиар багасгаж хариуцагчаас 29,635,398 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зохигчдын хэн алины эрх ашгийг хөндөхгүй гэж үзэв.

 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э ХХК-иас санхүүгийн түрээсийн гэрээний төлбөрт 172,105,151 төгрөг, гэрээнд заасны дагуу алдангид 29,635,398 төгрөгийн хамт шаардах эрхтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн тул хариуцагчаас нийт 201,740,549 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 29,635,398 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр тооцон улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Э ХХК-иас 201,740,549 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,635,398 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,314,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,166,652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН