Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01052

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 22 210/МА2023/01052

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00770 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдох

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт *******,*******,******* төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баярмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Золзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК-д ******* ХХК-ийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэгтгэж бүртгэсэн ба ******* ******* ******* ХХК нь ******* ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ байгуулан ******* - загварын, - УН улсын дугаартай экскаваторыг 18 сарын хугацаатай түрээсэлсэн. ******* ******* ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээний хугацааг сунгасан.

1.2. Хариуцагч нь 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш төлбөр огт төлөөгүй ба гэрээний хугацаа 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр дууссан.

Иймээс Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 172,105,151 төгрөг, алданги 59,270,796 төгрөг, нийт *******,*******,******* төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Талуудын хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 000340 дугаартай санхүүгийн түрээсийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт гэрээг тус тус байгуулсан. Уг гэрээгээр ******* ******* ******* ХХК нь ******* - загварын, - УН улсын дугаартай экскаваторыг 18 сарын хугацаатай түрээслэн, хуваарийн дагуу гэрээний үндсэн төлбөр, хүүгийн хамт төлж барагдуулах үүргийг хүлээсэн ба хүлээсэн үүргийн талаарх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргахгүй.

2.2. Харин гэрээний хэрэгжилтийн явцад дэлхий даяар үүссэн Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн улмаас биднээс шалтгаалахгүйгээр компанийн үйл ажиллагаа илтэд доголдож, гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй байдал үүссэн. Уг нөхцөл байдал 3 жил үргэлжилсэн, хатуу хөл хорио, улс орны эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбоотойгоор үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрэхэд хүргэсэн буюу үүрэг гүйцэтгэгчээс шалтгаалаагүй тул гэрээгээр хүлээсэн нэмэгдэл үүрэг болох алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.

******* ******* ******* ХХК-ийн 2020, 2021, 2022 оны үйл ажиллагаанд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон, гэрээний үүргээ хугацаа хэтрүүлэхэд хүргэсэн нөхцөл байдал нь тус компанийн хүсэл зоригоос үл хамаарах гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй болохыг Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хөндлөнгийн байр сууринаас гэрчилж 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/08 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгосон.

Иймд хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдалд тус компани гэм буруугүй буюу хугацаа хэтрүүлээгүй болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас алданги 59,270,796 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ХХК-аас 201,740,549 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29,635,398 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,314,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,166,652 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Хариуцагчаас алданги гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хариуцагч тал санхүүгийн түрээсийн гэрээний зүйл болох тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авснаар түрээсийн төлбөрийг төлөх боломжтой байсан. Гэвч гэрээний зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдал нь гэрээний аль нэгний хүчин зүйлээс үл хамаарах давагдашгүй хүчин зүйл болох дэлхий нийтийг хамарсан цар тахлаас хамаарсан. Монгол Улсад төрийн захиргааны байгууллагын шийдвэрийн дагуу аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсноор санхүүгийн түрээсийн төлбөрийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсон.

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь түүний гэм буруугаас болоогүй буюу гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй нөхцөл байдал нь өөрөөс нь шууд шалтгаалаагүй нөхцөл байдлыг шүүх дүгнэхгүйгээр нэхэмжлэгчийн алданги буюу нэмэгдэл үүргийг шаардсан шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар тайлбарлаж чадаагүй. Нэхэмжлэгч тал алданги 59,270,796 төгрөгийг ямар хугацаагаар, ямар үнийн дүнгээс хэрхэн тооцож гаргасан үндэслэлээ тайлбарлаж нотолж чадаагүй байхад шүүх хариуцагч талыг алдангийн дээрх тооцооллыг няцааж үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3. Шүүх нэхэмжлэгчийн алдангийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр алдангийг тал хувиар багасгаж шийдвэрлэсэн боловч уг үндэслэл хууль зүйн хувьд үндэслэл бүхий болоогүй.

Хариуцагчаас Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/08 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

Гэтэл шүүх уг нотлох баримтыг хэрхэн үнэлсэн талаар шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ дурдаагүй байхаас гадна алдангийг зөвшөөрөхгүй талаар мэтгэлцэж байхад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийн зохицуулалтыг хэрэглэж алдангийг багасаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* ******* ******* ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс хойш түрээсийн төлбөрөө хугацаандаа төлж чадаагүй. 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 6 сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж хөнгөлөлт үзүүлсэн. Мөн тухайн нөхцөл байдал үргэлжилсээр байсан учраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд дахин нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний төлөлттэй холбоотой зохицуулалт хийсэн.

5.2. Худалдаа, аж үйлдвэрийн танхимын давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд дурдсан Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 401 дүгээр тогтоолд хөл хорионд шилжих буюу бүх нийтийн бэлэн байдлыг 2021 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үйлчилнэ гэж заасан. Гэтэл уг хугацаанаас хойш 7 сарын дараа талууд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн хугацаанд банк алданги тооцоогүй бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд өөрчлөлт оруулсан эргэн төлөлтийн хуваариас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд алдангийг тооцсон.

Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэн боловч тухайн алдангийг шинэчилсэн хуваарийн дагуу тооцсон учраас үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлах нь шүүхийн бүрэн эрхийн хэмжээнд олгогдсон зохицуулалт юм. Иймд алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 172,105,151 төгрөг, алданги 59,270,796 төгрөг, нийт *******,*******,******* төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь алданги төлөхөөс татгалзаж маргажээ.

 

3. ******* ХХК болон ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр санхүүгийн түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, түрээслүүлэгч ******* ХХК нь ******* - загварын, - УН улсын дугаартай экскаваторыг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад 18 сарын хугацаатай шилжүүлэх, түрээслэгч ******* ******* ******* ХХК нь түрээсийн болон хүүний төлбөрт нийт 296,084,517 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, хүү 30 хоногт 1.8 хувь байх, төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжихээр тус тус харилцан тохиролцжээ.

Талууд 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн нэмэлт гэрээгээр хугацааг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сунгасан байна.

3.1. Дээрх гэрээний харилцааг зохигчид Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ гэж тус тус тайлбарласныг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэсэн байх ба гэрээний зорилго, агуулгаас үзвэл уг гэрээ нь мөн хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

Учир нь, санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь эд хөрөнгийг түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь түрээсийн төлбөр төлөх үндсэн үүрэг хүлээдэг бол зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг хэсэгчлэн буюу тодорхой хугацааны туршид төлөх үүрэг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, эд хөрөнгийг өмчлөлд шилжүүлэх нь санхүүгийн түрээсийн гэрээний зорилго болдоггүй бөгөөд түрээслэгч нь гэрээний хугацаа дуусахад эд хөрөнгийн элэгдэл, хорогдол болон нийт өртгийг барагдуулсан нөхцөлд эд хөрөнгийг худалдан авч болох тусгай зохицуулалттай.

3.2. Нэхэмжлэгч ******* ХХК-д ******* ХХК-ийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэгтгэж хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн болох нь улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон ба Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн эрх, үүрэг, хариуцлагыг ******* ХХК-д шилжүүлсэн байна.

Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь дээрх гэрээтэй холбоотой шаардлагыг хариуцагч ******* ******* ******* ХХК-д холбогдуулан гаргах эрхтэй.

 

4. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь экскаваторыг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь 39,260,8 төгрөг төлсөн, үлдэх 172,105,151 төгрөгийг төлөх талаар зохигч маргаагүй.

 

5. Талуудын гэрээний 3.4 дэх заалтад төлбөрийг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй бол хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

5.1. Хэргийн 53 дахь талд авагдсан нэхэмжлэгчийн тооцоололд шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Тодруулбал, алдангийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөр тооцохдоо сар бүр төлбөл зохих дүн, мөн хугацаа хэтрүүлсэн хоног, түүнд тооцсон алдангийн дүнг тусгаж, нийт алдангийг 59,270,796 төгрөгөөр тодорхойлсон нь хууль болон гэрээнд нийцжээ.

5.2. Хариуцагчид Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас олгосон 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02/08 дугаар Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд талуудын гэрээний хэрэгжилтийн явцад 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хугацаанд нийт 9 удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, энэ хугацаанд үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоогоогүй байгууллагад гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага ороогүй, уг нөхцөл байдал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл мөн болохыг нотолсон байна.

Гэвч нэхэмжлэгчийн алдангийн тооцоо нь дээрх гэрчилгээнд заасан хугацаанаас хойно буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлсэн байх тул Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үндэслэн хариуцагчийг гэрээгээр тохирсон 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хуваарьт төлбөрийг гүйцэтгэх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг тал хувиар багасгаж хариуцагчаас 29,635,398 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

Иймээс нэхэмжлэгч алдангийн тооцоогоо нотолж чадаагүй, хариуцагчийн хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь Ковид-19 цар тахалтай холбоотой буюу түүний гэм буруугаас болоогүй, өөрөөс нь шууд шалтгаалаагүйг шүүх дүгнээгүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар шүүх алдангийн хэмжээг багасгасан нь хууль зүйн үндэслэлгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2023/00770 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 312 дугаар зүйлийн 312.1 гэснийг 262 дугаар зүйлийн 262.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306,127 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Д.ЗОЛЗАЯА