Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 151/ШШ2023/00160

 

2023        02        08

151/ШШ2023/00160

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгончулуун даргалж, Ерөнхий шүүгч Д.Алтантуул, шүүгч Б.Түвшинжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: А.А-ын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: А.Л-д холбогдох,

Гэм хорын хохиролд 43,395,277 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г,

Хариуцагч: А.Л /онлайн/,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ж.Х,

Иргэдийн төлөөлөгч: Г.А,

Нарийн бичгийн дарга: Г.Б.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

А.А нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар автомашин жолоодсон А.Л-ын буруутай үйлдлээс биедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авч эрүүл мэндийн хүнд хохирол амсаж, хүзүүний С-6 үеийг солиулан хөгжлийн бэрхшээлтэй болж өнөөг хүртэл бусдын асаргаанд эмчилгээ хийлгэж байна. Одоогоор өөрөө хоолоо идэх, хувцсаа өмсөх чадваргүй, өтгөн, шингэнээ мэдрэхгүй, босох, суух, хэвтэх гээд бүхий л үйлдлийг бусдын тусламжтай хийж, бусдын бүрэн асаргаанд ороод байна. Шүүгдэгч А.Л-ын гэм буруу нь шүүхээр тогтоогдож .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн ба тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д: “ Хохирогч А.А нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Л-аас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай” гэж заасан тул шийтгэх тогтоол гарснаас хойш нэмэгдэж гарсан эмчилгээний болон бусад зардал болох дараах гэм хорын хохирлыг .... ангийн хоригдогч А.Л-аас нэхэмжилж байна. Үүнд:

1. Эм, тариа, памперс, эмчилгээний тоног төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаж авсны болон эмнэлэг, сувилалд удаа дараа хэвтэн эмчлүүлсэн, шатахууны зардалд нийт 28,467,277 төгрөгийн зардал гарсан байна.

 

2. Нэхэмжлэгч А.А нь гэмтэл авахаасаа өмнө “...” ХХК-д 2018 оноос сантехникийн инженерээр томилогдон ажиллаж сард тогтмол 1,500,000 төгрөгийн цалингийн орлоготой байсан тул 2021 оны 12 дугаар сарын 20-ноос хойших өнөөг хүртэлх хугацааны буюу 8 сарын цалин хөлс болох 12,000,000 төгрөгийн хохирол гарсан байна. Халамжийн тэтгэвэрт 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөг хүртэл сар бүр 288,000 төгрөгийн тэтгэвэр авч ирсэн. Нийт 1,152,000 төгрөгийн халамжийн тэтгэвэр аваад байна.

3. Түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А.А нь “Х” ХХК-иас 2 жил 6 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр, хэрэглээний зориулалтаар 16,000,000 төгрөгийг цалингийн зээл авсан. Сар бүр 680,000 төгрөгийн зээл төлөлтийг хийж байсан боловч уг гэмтлийг авснаас хойш буюу 2022 оны 03 дугаар сараас хойш зээл төлөөгүй. Төлөх боломжгүйгээс банкинд хүсэлт гаргаж, 03 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар хойшлуулсан бөгөөд зээлийн үлдэгдэл 4,080,000 төгрөг байна.

4. Мөн нэхэмжлэгч А.А нь 2021 оны 12 дугаар сарын 04-ны өдөр “...” ХХК-иас 3 жилийн хугацаатай сарын 2,7 хувийн хүүтэйгээр, 10,500,000 төгрөгийн машин барьцаалсан зээл авсан. Сар бүр 470,000 төгрөгийн зээлийн төлөлтийг хийж байсан боловч цаашид төлөх боломжгүй байна.

Эрүүл мэндийн хувьд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр 2023 оны 03 дугаар сарын 23 хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоогдож, одоо тэргэнцэртэй бусдын асрамжид амьдарч байна. Иймд нэхэмжлэгч А.А-н амьдралын гачигдалтай нөхцөл байдлыг харгалзан эмчилгээний зардалд 28,467,277 төгрөг, цалин хөлс, халамжийн тэтгэврийн зөрүү хохиролд 10,848,000 төгрөг, “Х банк” ХХК-д төлж барагдуулаагүй, түр хойшлуулсан 6 сарын хугацааны зээлийн төлбөрийн үлдэгдэл болох хохиролд 4,080,000 төгрөг, нийт 43,395,277 төгрөгийг гэм хорын хохиролд А.Л-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.Л нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие А.Л нь нэхэмжлэгч А.А-н шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцсан, нэхэмжлэлийн шаардлага 43,395,277 төгрөгийг хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ өөрийн найз А.А-н биед гэмтэл учруулж, өөрөө эрүүгийн хариуцлага хүлээсэн. Миний бие Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч А.А-н эмчилгээний зардалд 10,800,000 төгрөг төлж барагдуулсан. Одоо Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дараа гарсан эмчилгээний зардал, болон нэхэмжлэгч А.А-н ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү болох 10,848,000 төгрөг, зээлийн төлбөр 4,080,000 төгрөг гаргуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй. Харин эм тариа, эмчилгээний зардлаас шийтгэх тогтоол гарсан өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч А.А нь А.Л-ын буруутай үйлдлийн улмаас осолд орж биедээ ноцтой гэмтэл авсан. Улмаар А.Л нь .... шүүхийн шийтгэх тогтоолоор гэм буруутай нь тогтоогдож, одоогоор ялаа эдэлж байна. Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 2022 оны 10 дугаар сар хүртэл хугацааны эмчилгээний зардал, хоол хүнс, шатахуун, эмчилгээний тоног төхөөрөмжийн зардлуудыг холбогдох баримтыг үндэслэн нэхэмжилж байна. Эм тарианы зардалд нийт 28,467,000 төгрөг нэхэмжилсэн. Эдгээр баримтууд нь банкны хуулга, эмнэлгийн стор, худалдаж авсан эм тарианы нэмэгдсэн өртгийн албан татварын баримт зэргээр тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн тухайд гэвэл маш хүнд бэртэл авсан, магадгүй насан туршдаа хүнд байдалтай бусдаас хамааралтай байх магадлалтай. Тиймээс эвлэрэн хэлэлцэх саналгүй байх ба нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэсэн саналтай байна. Ялангуяа эмчилгээний зардлыг бүрэн гүйцэд гаргуулах хүсэлтэй байна. Дараагийн шаардлага бол нэхэмжлэгч нь сарын 1,500,000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд улмаар тэрээр хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгож, сард 288,000 төгрөг авдаг. Тэгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны зөрүү буюу 12,000,000 төгрөг болж байна. Энэ үйл баримт нь нэхэмжлэгчийн цалин авч байсан баримт, халамжийн тэтгэмж авч байгаа баримт зэргээр тогтоогдож байгаа ба хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээр уг нэхэмжлэлийн шаардлага бол үндэслэлтэй гэж үзэж байна. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага бол нэхэмжлэгч бэртэл авахаас өмнө “Х” ХХК-иас цалингийн зээл авсан байдаг. Ингээд гэмтэл бэртэл авснаас хойш зээлийн эргэн төлөлтийг хугацаанд нь хийж чадахгүй болсон. Тэгэхээр зээлийн үлдэгдэл төлбөр 4,080,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч бусдад учруулсан гэм хорын төлбөрийг хариуцах учиртай гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч хуулийн мэдлэггүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алийг нь төлөх, алийг нь төлөхгүй зэргээ мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, зарим эргэлзээтэй баримтууд байна. Хуульд гэм хор учруулагч гарсан хохирлын нөхөн төлөхөөр заасан байдаг боловч, иргэний эсхүл эрүүгийн шүүх ялгаагүй нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлдэг. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд байна вэ? гэхээр эмчилгээ болон эм тарианы зардлын баримтууд сайн баримттай байна. Энэ шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх нь зүйтэй. Харин цалингийн зөрүү гаргуулахтай холбоотой нотлох баримтууд нь хуульд заасан баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Тухайн байгууллага нь нийгмийн даатгал төлдөггүй болох нь өмнө нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдсон. Тийм байхад яаж цалингийн зөрүү 10,000,000 гаруй төгрөгийг гаргаж ирж байна вэ? Дараагийн шаардлага бол хоол хүнсний зардалтай холбоотой нэхэмжилсэн. Тэгэхээр хүн эрүүл байсан, өвчтэй байсан ч хоол хүнс хэрэглэдэг. Гэхдээ эмчийн заавар зөвлөмжийн дагуу зохих хоол хүнсийг авсан байна. Гэхдээ хүнсний зардал 3,000,000 гаруй төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, мөн 10,000,000 төгрөгийн шатахуун зарцуулж, хаанаас хаана хүрсэн нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Зохих хэмжээгээр шатахуун зарцуулсныг үгүйсгэхгүй. Мөн банкны зээл гаргуулах шаардлагаа бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх зээл нь гэм хор учруулсантай холбоотой шууд хохирол мөн эсэх нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний холбогдолтой зардлыг холбогдох нотлох баримтад тулгуурлан гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж байна. Харин 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх хугацааны эмчилгээний зардал гаргуулна гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна. Мөн цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч талаас тодруулахад 8 сарын цалинг гаргуулна гэж ойлгож байна. Тэгэхээр цалинг гаргуулахаар нэхэмжилсэн мөртлөө давхар цалингийн зээлээ гаргуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь цалингийн зардлаа гаргуулж байх тул тэр зардлаасаа тухайн цалингийн зээлийг төлөх боломжтой гэж үзэж байна гэв.

 

Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх-3-4/, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 01/623 дугаар тодорхойлолт /хх-5/, өмгөөлөгч Д.Г-ийн хоригдогчийн хаягийн тодорхойлолт лавлагаа гаргуулах хүсэлт /хх-6-7/, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-9-10/, .... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-11-15/, “...” ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож байгуулсан гэрээний хуулбар /хх-16/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-17/, эмчилгээний зардал нэхэмжлэлтэй холбогдох баримтууд /хх-18-113/, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр болон өвчтөний түүхтэй холбогдох баримтууд /хх-114-119/, А.А-н Х банкны ... тоот дансны хуулга /хх-120-123/, “...” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, тодорхойлолт /хх-124-130/, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга /хх-131-135/, ... шүүхийн ... дугаар шүүгчийн захирамж  /хх-140-141/, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-169/, ... сумын нэгдсэн эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолт, “...” эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/01 дугаартай тодорхойлолт, эмч Д.С-ийн тодорхойлолт /хх-181/, Т.Э-гийн Х банкны ... тоот дансны хуулга /хх-185-234/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хариу тайлбар /хх-154-155/, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-157/, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хариу тайлбар /хх-158/ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.А нь хариуцагч А.Л-т холбогдуулан гэм хорын хохиролд 43,395,277 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагаас 23,048,490 төгрөгийг хангаж, үлдэх 20,346,787 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.А нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

А.А нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар автомашин жолоодсон А.Л-ын буруутай үйлдлээс биедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл авч эрүүл мэндийн хүнд хохирол амсаж, хүзүүний С-6 үеийг солиулан хөгжлийн бэрхшээлтэй болж өнөөг хүртэл бусдын асаргаанд эмчилгээ хийлгэж байна. ... шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлсэн ба тус шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-д: “ Хохирогч А.А нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Л-аас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай” гэж заасан тул шийтгэх тогтоол гарснаас хойш нэмэгдэж гарсан эмчилгээний болон бусад зардал болох эмчилгээний зардалд 28,467,277 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 10,848,000 төгрөг, мөн “Х” ХХК-ийн цалингийн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох хохиролд 4,080,000 төгрөг, нийт 43,395,277 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч А.Л дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үгүйсгэсэн. Үүнд:

Миний бие гэм буруутайд маргахгүй бөгөөд нэхэмжлэгчийн биед хүнд гэмтэл учруулсан, эм, тариа, эмчилгээний болон бусад зардлын хувьд баримтаар тогтоогдож буй төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 10,848,000 төгрөг, “Х” ХХК-ийн цалингийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4,080,000 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, харин эмчилгээний зардлаас шийтгэх тогтоол гарсан өдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-11-15/, эмчилгээний зардал нэхэмжлэлтэй холбогдох баримтууд /хх-18-113/, эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр болон өвчтөний түүхтэй холбогдох баримтууд /хх-114-119/, ... сумын нэгдсэн эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай тодорхойлолт, “Ли жин жи” эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 03/01 дугаартай тодорхойлолт, эмч Д.С-гийн тодорхойлолт /хх-181/ зэрэг баримтуудаар хариуцагч А.Л-ын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.А-н эрүүл мэндэд нь хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т зааснаар талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь нягтлан үзэж, хэргийн бодит үнэн байдлыг тогтоох зорилгоор үнэлж шийдвэрлэсэн болно.

А.Л нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасныг зөрчиж, согтуурсан, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ... дүүргийн 16 дугаар хорооны хойд талын замд ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчиж, замын эргэлтэн дээр хөдөлгөөний чигээ өөрчлөхдөө, замын хажуу талын дэлгүүрийн баруун доод буланг тээврийн хэрэгслийнхээ баруун урд хэсгээр мөргөсний улмаас тус машинд зорчиж явсан А.А-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т заасан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцож, ... дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгэл оногдуулсан байна. /хавтаст хэргийн 11-15 дугаар тал/

А.Л-ын энэхүү буруутай үйлдлийн улмаас А.А-н биед хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн шахагдаж, бяцарсан далд хугарал, нугас дарагдал, хүзүүний 6 дугаар нугалмын нумны хугарал хүзүүний холбоосын тасрал сээрний 1-2-р нугалмын их биеийн шахагдсан далд хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, дээд доод мөчдийн саа, саажилт гэсэн гэмтлүүд учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн Хүний биед үзлэг хийсэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 660 дугаартай шинжээчийн дүгнэлт, өвчтөний түүхийн дэвтрийн хуулбар зэргээс тогтоогдож байна. /хавтас хэргийн 11, 97 дугаар тал/

Өөрөөр хэлбэл, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас А.А-н 6 дугаар нугалмын нумны хугарал хүзүүний холбоосын тасрал сээрний 1-2-р нугалмын их биеийн шахагдсан далд хугарал гэх гэмтэл учирсан, харин түүний эмчилгээ үйлчилгээнд эмнэлэгт болон гэрээр эмчилгээ хийгдсэн байна.

Талуудын маргааны зүйл нь шийтгэх тогтоол гарснаас хойш нэмэгдэж гарсан эмчилгээний болон бусад зардал болох эмчилгээний зардалд 28,467,277 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 10,848,000 төгрөг, мөн “Х банк” ХХК-ийн цалингийн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох хохиролд 4,080,000 төгрөг, нийт 43,395,277 төгрөгийг гаргуулах шаардлага байна.

Зохигч талууд нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлийн хувьд хэн аль нь маргахгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд А.Л-ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учирсан болох нь ... дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч А.А нь өөрт учирсан гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна. /хх-ийн 11-15 дугаар тал/

Нэхэмжлэгч А.А нь эрүүл мэндэд учирсан гэм хорын улмаас учирсан хохирлыг шаардах эрхтэй боловч гарсан бодит хохирлын хэмжээ тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийг хангах нөхцөл бүрдэнэ.

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

Учир нь дээрх хуулийн зохицуулалтаар гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөөр заасан байх тул нэхэмжлэгч А.А нь гэм хорын хохиролд эм, тариа, памперс, эмчилгээний тоног төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаж авсны болон эмнэлэг, сувилалд удаа дараа хэвтэн эмчлүүлсэн, шатахууны зардалд 28,467,277 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 10,848,000 төгрөг, мөн “Х банк” ХХК-ийн цалингийн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох хохиролд 4,080,000 төгрөг, нийт 43,395,277 төгрөгийг нэхэмжилж байгааг үгүйсгэх үндэслэлгүй байна.

Хариуцагч А.Л нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн бөгөөд нь эм, тариа, эмчилгээний болон бусад зардлын хувьд баримтаар тогтоогдож буй төлбөр, ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 10,848,000 төгрөг, “Х банк” ХХК-ийн цалингийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4,080,000 төгрөгийг тус тус төлөхийг хүлээн зөвшөөрч, гэм буруутайд маргахгүй байна.

А.Л нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасныг зөрчиж, согтуурсан, тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчсөн хууль бус үйлдлийн улмаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч А.А нь өөрийн биед учирсан гэмтлийг эмчлүүлэх зорилгоор Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүзүүний 3 дугаар үе солих мэс засал хийлгэсэн, мөн мэдрэлийн гаралтай нугасны эмгэг оноштойгоор 2022 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл, мөн 3 сарын дараа хэвтэн эмчлүүлсэн, “...” эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 5 курс эмчилгээ хийлгэсэн болох нь А.А-н эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгч нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 12 сараар хөдөлмөрийн чадвар алдалт 80 хувиар тогтоолгосон. /хх-ийн 114-119, 169-171 дугаар тал/

Хариуцагчийн гаргасан ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг дараах байдлаар тооцон гаргах нь зүйтэй байна. Үүнд:

Нэхэмжлэгч А.А-н эрүүл мэндэд учирсан хохиролд эм, эмчилгээ, эмнэлгийн зардалд баримтаар тогтоогдсон:

- эмийн зардалд 891,694 төгрөг, Үүнд:

/“Хонгор сүлд” ХХК 6,000 төгрөг, Бөөн 2 Бөмбөгөр  9,999 төгрөг, “Тавин ус” ХХК 29,265 төгрөг /хх-53/, “Сафир Анжэл” эмийн сан 3,700 төгрөг /хх-57/, Монос Улаанбаатар ХХК 10,700 төгрөг, Сондор фарма 1,900 төгрөг /хх-58/, 8,284 төгрөг /хх-59/, Скайсий эмийн сан 24,680 төгрөг, Энхмойлт ХХК 34,000 төгрөг /хх-60/, Скайсий эмийн сан 6,700 төгрөг, 19,000 төгрөг, Магда-2 52,500 төгрөг /хх-61/, Магда-2 3,000 төгрөг /хх-62/, Хужирбулан 2,000 төгрөг, Бишрэлт манал ХХК эмийн сан 8,500 төгрөг /хх-66/, Тэфтрейд ХХК 6,258 төгрөг /хх-67/, Монфа трейд ХХК 23,500 төгрөг /хх-69/, Монгол фарм 1,500 төгрөг, Хонгор сүлд 1,100 төгрөг, Энто ХХК 11,700 төгрөг /хх-70/, УБ Сонгдо эмнэлэг 30,360 төгрөг /хх-74/, Монос Улаанбаатар 50,000 төгрөг /хх-75/, Нобо ХХК эмийн сан 1,900 төгрөг, 1,400 төгрөг, 3,000 төгрөг, 4,300 төгрөг /хх-76/, Нобо ХХК эмийн сан 17,300 төгрөг, 21,500 төгрөг, 1,800 төгрөг, 3,300 төгрөг, 55,800 төгрөг /хх-77/, Бишрэлт манал ХХК эмийн сан 13,300 төгрөг /хх-79/, Мон Ургамал Эко ХХК 8,800 төгрөг /хх-79/, 8,100 төгрөг /хх-80/, Монгол Бүйлс Фарм ХХК 48,000 төгрөг /хх-79/, Тавин ус эмийн сан 9,410 төгрөг, Монос Улаанбаатар 25,814.60 төгрөг /хх-81/, Хас начин ХХК-ийн “Хангай” эмийн сан 5,400 төгрөг, 6,500 төгрөг, 28,500 төгрөг, 35,050 төгрөг /хх-83/, Монос эмийн сан 4,400 төгрөг, Монфа трейд ХХК 13,000 төгрөг /хх-84/, Улз эмийн сан 6,054 төгрөг, Тавин ус эмийн сан 14,650 төгрөг, Мон Ургамал Эко 22,250 төгрөг, Скайсий эмийн сан 15,600 төгрөг /хх-86/, Мон Ургамал Эко ХХК 5,700 төгрөг, 3,150 төгрөг, Монос Улаанбаатар ХХК 13,350 төгрөг /хх-87/, Даян-Ирээдүй эмийн сан 10,900 төгрөг, Монос эмийн сан 12,500 төгрөг /хх-88/, Чигатуссин ХХК 7,400 төгрөг /хх-97/, Монос эмийн сан 5,400 төгрөг, Даян-Ирээдүй эмийн сан 3,800 төгрөг /хх-98/, Мон Ургамал Эко ХХК 12,600 төгрөг, Монгол Фарм 45,100 төгрөг /хх-102/, Монос эмийн сан 2,700 төгрөг, Өлзийдэн ХХК 48,000 төгрөг, Хас начин ХХК “Хангай” эмийн сан 22,000 төгрөг, Мон Ургамал Эко ХХК 11,800 төгрөг /хх-105/,

- эмчилгээний хэрэгслийн зардалд 6,289,596 төгрөг, Үүнд:

/“Ньюремеди” ХХК 70,500 төгрөг, 70,500 төгрөг /54-55/, Грандмед эмнэлэг 480,000 төгрөг, Бөөн 2 Бөмбөгөр  16,198 төгрөг /хх-57/, Бөөн 2 Бөмбөгөр 6,000 төгрөг /хх-59/, Ньюремеди ХХК 81,000 төгрөг /хх-61/, Ньюремеди ХХК 50,500 төгрөг /хх-62/, Улсын 3 дугаар төв эмнэлэг 250,000 төгрөг /хх-63/, “Ньюремеди” ХХК 70,500 төгрөг /хх-65/, Грандмед эмнэлэг 50,000 төгрөг /хх-70/, “Ньюремеди” ХХК 70,500 төгрөг /хх-71/, Тэфтрейд ХХК 6,150 төгрөг /хх-73/, “Ньюремеди” 71,700 төгрөг /хх-74/, Нобо ХХК эмийн сан 1,400 төгрөг, 800 төгрөг, 2,800 төгрөг /хх-76/, Алт-Болд эмнэлэг 100,000 төгрөг /хх-81/, “Ньюремеди” ХХК 73,400 төгрөг, Натул лаборатори 43,500 төгрөг /хх-85/, Улсын 3 дугаар төв эмнэлэг 250,000 төгрөг /хх-89/, Юниверсал ложистик монголиа ХХК 2,392,894 төгрөг, 644,618 төгрөг /хх-90-95/, “Ньюремеди” ХХК 70,500 төгрөг /хх-96/, Эверестфарм 10,000 төгрөг /хх-97/, “Ньюремеди” ХХК 81,000 төгрөг /хх-100/, Тавин ус 6,000 төгрөг, 6,000 төгрөг, Улсын 3 дугаар төв эмнэлэг 250,000 төгрөг /хх-101/, Мөнхий тун ХХК 2,400 төгрөг, Даян ирээдүй эмийн сан 4,150 төгрөг /хх-102/, “Ньюремеди” ХХК 83,900 төгрөг /хх-103/, Эмийн сан 16,600 төгрөг /хх-104/, Хас начин ХХК “Хангай” эмийн сан 23,000 төгрөг /хх-105/,Шаргалжуут рашаан сувилал ХХК 493,025 төгрөг, 405,000 төгрөг /хх-106-112/,

- Бензиний зардалд 939,200 төгрөг, Үүнд:

/Хэргийн 53-р хуудсанд 30,000 төгрөг, 58-р хуудсанд 23,850 төгрөг, 59-р хуудсанд 30,000 төгрөг, 60-р хуудсанд 22,000 төгрөг, 61-р хуудсанд 25,250 төгрөг, 65-р хуудсанд 40,000 төгрөг, 66-р хуудсанд 50,000 төгрөг, 69-р хуудсанд 30,000 төгрөг, 75-р хуудсанд 23,500 төгрөг, 78-р хуудсанд 87,622.11 төгрөг, 79-р хуудсанд 7,990,000 төгрөг, 81-р хуудсанд 20,000 төгрөг, 83-р хуудсанд 100,000 төгрөг, 84-р хуудсанд 50,000 төгрөг, 86-р хуудсанд 20,000 төгрөг, 88-р хуудсанд 33,600 төгрөг, 97-р хуудсанд 45,554 төгрөг, 98-р хуудсанд 20,000 төгрөг, 100-р хуудсанд 50,000 төгрөг, 103-р хуудсанд 19,400 төгрөг, 100,000 төгрөг, 104-р хуудсанд 41,000 төгрөг, 105-р хуудсанд 40,000 төгрөг, 105,046 төгрөг/, нийт 8,120,490 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай гэж үзэж, эм, эмчилгээ, эмнэлгийн эдгээр зардал нь баримтаар тогтоогдсон тул хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь эмчилгээний зардалтай холбогдох нийт 28,467,277 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч эдгээрээс зарим баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, зарим нотлох баримт шаардлага хангахгүй, хариуцагч А.А-н эмчилгээний зардалд зарцуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нийт 20,346,787 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Иймд эмчилгээний зардлын баримтуудаас нотлох баримтын шаардлага хангасан, эмчилгээний зардалд хамаарах, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн болон и-баримтаар нотлогдож байгаа нийт бодит зардлыг нэхэмжлэгчийн шаардлагын хэмжээгээр хязгаарлан, нийт эм, эмчилгээний зардалд 8,120,490 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

- Ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 10,848,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.А нь “...” ХХК-д 2018 оноос сантехникийн инженерээр томилогдон ажиллаж сард тогтмол 1,500,000 төгрөгийн цалингийн орлоготой байсан, 2021 оны 12 дугаар сарын 20-ноос хойших өнөөг хүртэлх хугацааны буюу 8 сарын цалин хөлс болох 12,000,000 төгрөгөөр хохирсон, Халамжийн тэтгэвэрт 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөг хүртэл сар бүр 288,000 төгрөг, нийт 1,152,000 төгрөгийг хасч, ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 10,848,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Нэхэмжлэгчээс цалин тэтгэврийн зөрүү нэхэмжлэлтэй холбоотой баримтууд эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр болон өвчтөний түүхтэй холбогдох баримтууд, хөдөлмөрийн гэрээ, “МНС агро” ХХК-ны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэлийн тодорхойлолт, “МНС агро” ХХК-ийн цалингийн тодорхойлолт, “МНС агро” ХХК-ны цалингийн тодорхойлолт зэрэг нотлох баримтууд ирүүлсэн байх бөгөөд хариуцагч А.Л нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого ... зэрэг зайлшгүй бүх зардлыг нэхэмжлэгч А.А-д төлөх үүрэгтэй.

Хариуцагч А.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч А.А-д ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 10,848,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байх тул нийгмийн даатгалын шимтгэл төлсөн эсэх, дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг тооцох шаардлагагүй гэж үзлээ.

Иймд хариуцагч А.Л-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин, авбал зохих цалингийн зөрүү 10,848,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

- “Х банк” ХХК-ийн цалингийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4,080,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч А.А нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “Х банк” ХХК-иас 2 жил 6 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр, хэрэглээний зориулалтаар 16,000,000 төгрөгийг цалингийн зээл авсан. Сар бүр 680,000 төгрөгийн зээл төлөлтийг хийж байсан боловч уг гэмтлийг авснаас хойш буюу 2022 оны 03 дугаар сараас хойш зээл төлөөгүй. Төлөх боломжгүйгээс банкинд хүсэлт гаргаж, 03 дугаар сарын 12-ны өдрөөс 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаагаар хойшлуулсан бөгөөд зээлийн үлдэгдэл 4,080,000 төгрөгийг хариуцагч А.Л-аас гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчээс “Х банк”-ийн зээлийн гэрээ, зээл эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн хохирол төлбөрийн нэхэмжлэлтэй холбогдох баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлсэн байх бөгөөд хариуцагч А.Л нь А.А-н “ХААН банк” ХХК-ийн авсан цалингийн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 4,080,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргаж байх тул зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах шаардах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд хариуцагч А.Л-аас А.А-н “Х банк” ХХК-ийн цалингийн зээлийн төлбөрийн үлдэгдэл 4,080,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид нөхөн төлүүлэх нь хуульд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

- Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Иргэдийн төлөөлөгч Г.А нь нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс хойших эмчилгээний холбогдолтой зардлыг холбогдох нотлох баримтад тулгуурлан хариуцагч А.Л-аас гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Хэргийг хянан хэлэлцээд А.Л бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсны улмаас А.А-д учруулсан бодит хохирлыг төлөх үүрэг хуулиар үүссэн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангах нь зүйтэй гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч нь эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, зарим нотлох баримт шаардлага хангахгүй байх учир 20,346,787 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд 8,120,490 төгрөг, цалин хөлсний нөхөн төлбөрт 10,848,000 төгрөг, “Х банк” ХХК-ийн зээлийн төлбөрийн үлдэгдэлд 4,080,000 төгрөг, нийт гэм хорын хохирлын хариуцлагын хэмжээг 23,048,490 төгрөг гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд А.А-н нэхэмжлэлийн шаардлагаас 23,048,490 төгрөгийг хангаж, үлдэх 20,346,787 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч А.Л-аас улсын тэмдэгтийн хураамжид 273,192 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

         1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч А.Л-аас гэм хорын хохиролд 23,048,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,346,787 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Л-аас 23,048,490 төгрөгт ногдох 273,192 төгрөгийг гаргуулж улсын орлогод /Төрийн сангийн ... тоот дансанд/ оруулсугай.

         3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ОТГОНЧУЛУУН

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Д.АЛТАНТУУЛ

 

                                        ШҮҮГЧ                             Б.ТҮВШИНЖАРГАЛ