Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 223/МА2023/00019

 

 

 

 

 

 

 

  2023          5             05                                                    223/МА2023/00019

 

 

А.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2023/00160 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, хилчин 0151/21 гудамж, 15 тоотод оршин суух, Өндөр овогт А-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Төв аймаг, Баян сум, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож буй Боржигон овогт А-ийн Л-д холбогдох,

Эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 43,395,277 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, хариуцагч А.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Д.Гансүх нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга “...А.Л 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр согтуугаар автомашин жолоодон яваад зам тээврийн осол гаргаж А.Ан биед хүнд хохирол учруулсаны улмаас хүзүүний С-6 үеийг солиулан хөгжлийн бэрхшээлтэй болж өнөөг хүртэл бусдын асаргаанд эмчилгээ хийлгэж байна.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолоор А.Лын гэм бурууг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн.

Мөн хохирогч А.А нь энэ гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.Лаас нэхэмжлэх эрхтэй болохыг заасан.

Одоо А.А өөрөө хоолоо идэх, хувцсаа өмсөх чадваргүй, өтгөн, шингэнээ мэдэхгүй гадагшлуулдаг, босох, суух, хэвтэх гээд бүхий л үйлдлийг бусдын тусламжтай хийж, бусдын бүрэн асаргаанд орсон.  

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Төв аймгийн Баян суман дахь Мааньт, хорих 415 дугаар ангийн хоригдож байгаа А.Лаас дараах эмчилгээний зардлыг шаардаж байна. Үүнд:

1.Эм, тариа, памперс, эмчилгээний тоног төхөөрөмж, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаж авсны болон эмнэлэг, сувилалд удаа дараа хэвтэн эмчлүүлсэн, шатахууны зардалд нийт 28,467,277 төгрөг болсон.

2.Нэхэмжлэгч А.А нь гэмтэл авахаасаа өмнө “МНС АГРО” ХХК-д 2018 оноос сантехникийн инженерээр томилогдон ажиллаж сард тогтмол 1,500,000 төгрөгийн цалингийн орлоготой байсан. Иймд 2021 оны 12 дугаар сарын 20-ноос хойш өнөөдрийг хүртэлх хугацааны буюу 8 сарын цалин хөлс 12,000,000 төгрөг болсон. Халамжийн тэтгэвэрт 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс өнөөдрийг хүртэл сар бүр 288,000 төгрөгний тэтгэвэр авах болсон. Нийт 1,152,000 төгрөгний халамжийн тэтгэвэр авсан тул зөрүүг гаргуулж өгнө үү.

3. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр А.А  “ХААН банк” ХХК-иас 2 жил 6 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр, хэрэглээний зориулалтаар 16,000,000 төгрөгний цалингийн зээл авсан. Сар бүр 680,000 төгрөгний төлөлтөө хийж чадахгүй болсон.

2022 оны 3 дугаар сараас хойш зээлээ төлөөгүй ба 6 сарын хугацаагаар хойшлуулсан. Одоо зээлийн үлдэгдэл 4,080,000 төгрөг байна.

4.Нэхэмжлэгч А.А 2021 оны 12 дугаар сарын 04-ны өдөр “Бизнес инвест девлопмент ББСБ” ХХК-иас 3 жилийн хугацаатай сарын 2,7 хувийн хүүтэйгээр, 10,500,000 төгрөгийн машин барьцаалсан зээл авсан. Сар бүр 470,000 төгрөгийн зээлийн төлөлтийг хийж байсан боловч цаашид төлөх боломжгүй.

Эрүүл мэндийн хувьд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэрээр 2023 оны 3 дугаар сарын 23 хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэг тогтоогдож, одоо тэргэнцэртэй бусдын асрамжид амьдарч байна. Иймд нэхэмжлэгч А.Ан амьдралын гачигдалтай нөхцөл байдлыг харгалзан эмчилгээний зардалд 28,467,277 төгрөг, цалин хөлс, халамжийн тэтгэврийн зөрүү хохиролд 10,848,000 төгрөг, “ХААН банк” ХХК-д төлж барагдуулаагүй, түр хойшлуулсан 6 сарын хугацааны зээлийн төлбөрийн үлдэгдэл болох хохиролд 4,080,000 төгрөг, нийт 43,395,277 төгрөгийг гэм хорын хохиролд Аийн Лаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Хариуцагч А.Лийн хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ өөрийн найз А.Ан биед гэмтэл учруулж, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Би Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч А.Ан эмчилгээний зардалд 10,800,000 төгрөг төлж барагдуулсан. Одоо Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны дараа гарсан эмчилгээний зардал, болон ажилгүй байсан хугацааны цалин хөлсний зөрүү болох 10,848,000 төгрөг, зээлийн төлбөр 4,080,000 төгрөг зэргийг төлөхөөр зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй. Харин эм тариа, эмчилгээний зардлаас шийтгэх тогтоол гарсан өдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх зардлыг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч хуулийн мэдлэггүй тул нэхэмжлэлийн шаардлагаас алийг нь төлөх, алийг нь төлөхгүй зэргээ мэдэхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх боломжгүй. Учир нь:

 Хэрэгт авагдсан баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, зарим эргэлзээтэй баримтууд байна. Хуульд гэм хор учруулагч гарсан хохирлыг нөхөн төлөхөөр заасан байдаг боловч, иргэний эсхүл эрүүгийн шүүх ялгаагүй нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлдэг тул нотлох баримтын шаардлага хангасан хэмжээнд нэхэмжлэлийг шийдвэрлэх нь зүйтэй.

1.Цалингийн зөрүү гаргуулахтай холбоотой нотлох баримт нь хуульд заасан баримтын шаардлага хангахгүй байна.

Тухайн байгууллага нь нийгмийн даатгал төлдөггүй болох нь нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдсон. Гэтэл цалингийн зөрүү 10,000,000 төгрөг шаардаж байгааг зөвшөөрөхгүй.

2.Дараагийн шаардлага бол хоол хүнсний зардалтай холбоотой нэхэмжилсэн. Хүн эрүүл байсан, өвчтэй байсан ч хоол хүнс хэрэглэдэг. Мөн өвчтэй бол эмчийн заавар зөвлөмжийн дагуу зохих хоол хүнсийг авсан байх ёстой. Хүнсний зардал 3,000,000 гаруй төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

3.10,000,000 төгрөгийн шатахуун зарцуулж, хаанаас хаана хүрсэн нь нотлогдохгүй байна. Зохих хэмжээгээр шатахуун зарцуулсныг үгүйсгэхгүй.

4.Банкны зээл гаргуулах шаардлагаа бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Дээрх зээл нь гэм хор учруулсантай холбоотой шууд хохирол мөн эсэх нь эргэлзээтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хариуцагч А.Л-аас гэм хорын хохиролд 23,048,490 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20,346,787 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.Лаас 23,048,490 төгрөгт ногдох 273,192 төгрөгийг гаргуулж улсын орлогод /Төрийн сангийн 100140000941 тоот дансанд/ оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдол болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Эрдэнэбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүх нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлүүдээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгөхийг хүсэж давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэх нотлох баримт болох НӨТ-ийн болон зарлагын баримт, эмнэлэгийн тодорхойлолт зэрэг хохирол зардлын нотлох баримтуудаас хавтаст хэргийн аль хуудсан дахь чухам ямар баримтуудыг нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, мөн аль баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй, алийг нь А.Ан эмчилгээний зардалд хамааралгүй гэж үзсэн болохыг ялгамжтай авч дүгнээгүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэх үндэслэлд хүргэж байна.

Тухайлбал:Хохирогч Ан нуруу, хөлийн булчингийн чангаралтад "Корео Сережем” орны эмчилгээг өдөрт хоёр удаа тогтмол хэрэглэх нь тустай гэж эмч нарын зөвлөснөөр 2022 оны 6 дугаар сарын 05-ны өдөр "Корео Сережем" ХХК-аас 7,990,000 төгрөгөөр эмчилгээний орыг худалдан авч өнөөг хүртэл эмчилгээндээ хэрэглэж байна.

Энэ зорилгоор хохирогчийн эцэг Т.Аын хүргэн Г.Ганхуягаас 8,000,000 төгрөг зээлснийг түүний ХААН банкин дахь 5026284601 тоот дансанд хохирогчийн эх Т.Эрдэнэбилэгийн ХААН банкинд дахь 5546095860 тоот данснаас "эмчилгээний сержан орны төлбөр" гэсэн утгаар 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлснийг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад тухайн зардлыг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон нь хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

 Хэрэв А.Ад гэм хор учраагүй бол хөдөөгийн малчин айл Т.Аынх ийм их зардал гарган тухайн иллэгийн төхөөрөмжийг авах хэрэгцээ гарахгүй байсан тул энэ нь гэм хорын хохиролд тооцогдох ёстой. Гэтэл анхан шатны шүүх тухайн зардлын баримтыг хэрхэн үнэлсэн тухай болон нэхэмжлэлийн тухайн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй хууль зүйн үндэслэлийг шийдвэрийн үндэслэх хэсэгт огт тэмдэглээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заалт, шаардлагад нийцээгүй гэж үзнэ.

2.Хохирогч А.А нь "Ли Жин Жи" уламжлалт эмнэлэгт 2022 оны 01 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл удаан хугацаанд эмчилгээ хийлгэсэн. Энэ тухай "Ли жин жи, уламжлалт эмнэлэг" гэсэн утгаар бэлэн мөнгөний орлогын баримтаар 691,000 төгрөг, пост машинаар эмчилгээний төлбөрт 600,000 төгрөгт "уламжлалт эмнэлэг", "JI JIN JI ULAANB утгаар пост машинаар 15-н удаа 40,000 төгрөг шилжүүлсэн байдаг бүгд 1,291,000 төгрөг шилжүүлсэн.

Энэ тухай 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бэлэн мөнгөний орлогын баримтаар 691,000 төгрөг, хохирогчийн эцэг Т.Аын ХААН банкны 55560443 69 тоот данснаас 2022 оны 5 дугаар сарын 21, 24-ний өдрүүдэд "уламжлалт эмнэлэг", "ji jin ji ulaanbaat" гэсэн утгаар тус бүр 40,000 төгрөг, бүгд 80,000 төгрөг, Т.Эрдэнэбилэгийн ХААН банкин дахь 5546095860 тоот данснаас "уламжлалт эмнэлэг”, “ji jin ji ulaanbaat" гэсэн утгаар 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 40,000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны өдөр 40,000 төгрөг, 5 дугаар сарын 21-ний өдөр 40,000 төгрөг, 5 дугаар сарын 25-ны өдөр 40,000 төгрөг, 5 дугаар сарын 26-ны өдөр 40,000 төгрөг, 5 дугаар сарын 27-ны өдөр 40,000 төгрөг, мөн 95,000 төгрөг, 5 дугаар сарын 28-ны өдөр 40,000 төгрөг, 6 дугаар сарын 02-ны өдөр 65,000 төгрөг, мөн өдөр 40,000 төгрөг, бүгд 1,291,000 төгрөг тус тус эмнэлгийн дансанд шилжүүлсэн баримт хэргийн материалд авагдаж, баримтын үнийн дүнг тодотгогчоор тодруулж өгсөн байхад шүүх тухайн зардлыг хасаж тооцсон нь илтэд үндэслэлгүй.

Бэлэн мөнгөний орлогын баримт, пост машины баримт, хохирогчийн эцэг Т.А, эх Т.Эрдэнбилэг нарын ХААН банкны зарлагын баримт, Ли Жин Жи эмнэлэгийн эмч Ян Жин Гуаны тодорхойлолт, хохирогч А.Ан эмнэлэгийн картын хуулбар, Пост машины эдгээр гүйлгээний баримтууд бүгд "УЛАМЖЛАЛТ ЭМНЭЛЭГ", "Ji JIN JI >ULAAN гэсэн утгаар авагдсан бөгөөд баримтын огноо хохирогчийн эмчилгээ хийлгэсэн цаг хугацаатай тохирдог ба банкин дахь дансны гүйлгээний баримтаар давхар нотлох шаардлага үүсээгүй юм.

3. А.Аг хөл дээрээ зогсдог болгох зорилгоор 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр иргэн А.Алтансүхээс 1,000,000 төгрөгөөр зогсоогч ор худалдан авч өнөөг хүртэл эмчилгээнд хэрэглэж байгаа ба ХААН банкны шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан.

4.100 айл дахь Сэргээн засах Үндэсний төв эмнэлэгийн эмч Д.Сарантуяагаар 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 2.640.000 төгрөг, 2 дугаар сарын 18-ны өдрөөс 3 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 640,000 төгрөгийн нийт 3,280,000 төгрөгийн эмчилгээг гэрээр хийлгэсэн. Уламжлалт эмнэлэгийн эмч Д.Сарантуяагийн тодорхойлолт, Сэргээн засан үндэсний төв эмнэлэгийн нэхэмжлэх хэрэгт авагдсан болно.

5. Бензин шатахууны болон Ньюремеди эмнэлэгийн хэрэгслийн бөений төвд холбогдох зардлын ихэнхийг гаргуулсан атлаа бензиний зардлын НӨАТ-ын баримтаас 2022 оны 4 дүгээр сарын 29-ний 119,760 төгрөг, 5 дугаар сарын 02-ны 30,000 төгрөг, 5 дугаар сарын 20-ны 60,000 төгрөг, Ньоремедид төлсөн зардлаас 5 дугаар сарын 24-ний өдрийн 10,500 төгрөг, "Бишрэлт манал" эмийн санд төлсөн зардлаас 13,400 төгрөг, 3 дугаар эмнэлэгийн CU-аас худалдан авсан биеийн тос, маскны зардал 9,600 төгрөгийг ямар үндэслэлээр хассан нь ойлгомжгүй байна.

6. 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл бид хөдөө Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгаас ирж Баянгол дүүргийн 3 дугаар хороо 48А байрны 14 тоот дахь Х.Баярсайханыд хохирогч А, эхнэр Ичинноров, аав А, ээж Эрдэнэбилэг нар түр оршин сууж байхдаа байрны халаалт, цэвэр бохир усны зардалд эх Эрдэнэбилэгийн ХААН банкин дахь 5546095860 тоот данснаас 4 дүгээр сарын 07-ны өдөр 95,119 төгрөг, 5 дугаар сарын 09-ний өдөр 87,186 төгрөг төлсөн, Төрийн банк Баярсайханы нэрээр мөнгө тушаасан НӨАТ-ийн баримт, төрийн банкаар уг зардлыг төлсөн баримт хэргийн материалд авагдсан байхад түүнийг зардлаас хасаж тооцсон нь үндэслэлгүй.

7.Бид 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зардлын нийт 7,810,000 төгрөгийн 101 ш зарлагын болон НӨАТ-ийн хийгээд бусад баримтыг нотлох баримтаар бүрдүүлж өгсөн байхад түүнийг бүхэлд нь буюу шийдвэрийн үндэслэх хэсэгт хуулийн болон бодит байдалд ямар ч үндэслэл заалгүй хасаж хэрэгсэхгүй болгосонд туйлын их гомдолтой байна.

Эдгээр баримтыг анх А.Лт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааны өмнө хохирогч талаас шүүхэд өгөх гэж байхад өмгөөлөгч Баттулга, Батаа нар “шүүгдэгчийн эрх зүйн байдал хүндрэх учраас дараа нь иргэний журмаар нэхэмжилж болно" гэсэн тул тухайн үед баримтыг өгөөгүй. Уг зардлыг нэхэмжлээгүй юм.

 Гэтэл хариуцагч тухайн зардлыг давхардуулан нэхэмжилсэн мэтээр шүүх хуралдаанд үндэслэл, нотолгоогүй тайлбар өгсөн. Шүүгч нар ч энэ талаар дахин дахин асууж, нэхэмжлэгч тал бид ч бүхий л талаас нь үнэн зөвөөр тайлбарласан.

Хэрэв шинээр баримт хэрэгтэй байсан бол шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, эрүүгийн хэргээс нотлох баримт давхардсан эсэх лавлагаа, бусад баримт гаргуулан авч шийдвэрлэх бүрэн боломж байсан. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ талаар санал гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй.

Үүнээс гадна хариуцагч тал давхардсан гэж үзэж байгаа баримтаа өөрсдөө эрүүгийн хэргээс авчраад мэтгэлцэх боломжтой байсан.

Нөгөөтэйгүүр, Хариуцагч А.Л анхан шатны шүүх хуралдаанд "эмчилгээний зардлаас 2022 оны 1-3 сарын баримтыг эрүүгийн хэргийн баримттай давхардсан байх гэж эргэлзэж байна. Нэхэмжлэлийн болон эмчилгээний зардлын бусад шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрнө” гэсэн тайлбар өгсөн. Гэтэл шүүх хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд биш, түүнээс илтэд хальж өөрийн санаачлагаар нэхэмжлэлийн шаардлагыг илтэд үндэслэлгүйгээр 20,346,787 төгрөгийн шаардлагыг хууль зөрчин үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосонд туйлын их гомдолтой. Давж заалдах шатны шүүх нотлох баримтыг бүх талаас нь, бүрэн, бодитой хянан шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэв.

 

Хариуцагч А.Лын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох болно. Надад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдөр болсон. Би шүүх хуралаас өмнө 10,800,000 төгрөгийг баримтгүйгээр хохирогчийн данс руу шилжүүлсэн. Эмчилгээтэй холбоотой баримт эрүүгийн хэрэгт их биш ч тодорхой хэмжээгээр байсан. Миний бодлоор нэхэмжлэгч 2022 оны 01 дүгээр сараас 3 дугаар сар хүртэлх баримтууд нь давхардсан байх. Миний өгсөн мөнгийг хэрэглэсэн баримтаар надаас дахин мөнгө нэхэмжилж байна гэж ойлгоод байгаа. Тухайн үед хорих ангид байсан болохоор цахимаар шүүх хуралдаанд орсон. Дүрс дуу нь гацаад зарим зүйлсүүд нь сайн ойлгогдохгүй байсан. Одоо би эмчилгээний зардлаас ор авсан 1,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Бусад эмчилгээний зардлыг зөвшөөрөх боломжгүй” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

1.Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байгаа ч хэрэгт авагдсан зарим үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан үйл баримтад дараах дүгнэлтийг хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч А.А эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол /эмчилгээ, сувлал, шатахууны зардалд 28,467,277 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 10,848,000 төгрөг, ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 4,080,000 төгрөг/-д нийт 43,395,277 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагч А.Л нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч “...2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө эмчилгээний зардалд 10,800,000 төгрөг өгсөн. Гэтэл нэхэмжлэгч А.А миний өгсөн мөнгөөр эм тариа авчихаад баримтаар нь дахин эмчилгээний зардал нэхэмжилж байна” гэсэн үндэслэлээр маргасан.

Харин гэм буруугийн талаар болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 10,848,000 төгрөг, ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 4,080,000 төгрөг, 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс хойшхи эмчилгээний зардлын талаар маргаагүй байна.

3.Хариуцагч А.Л нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасныг зөрчиж, согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны хойд талын замд “Тоёота приус” маркийн 59-61 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасныг зөрчиж, замын эргэлтэн дээр хөдөлгөөний чигээ өөрчлөхдөө, замын хажуу талын дэлгүүрийн баруун доод буланг тээврийн хэрэгслийнхээ баруун урд хэсгээр мөргөсний улмаас машинд зорчиж явсан А.Ан эрүүл мэндэд /хүзүүний 6 дугаар нугалмын их биеийн шахагдаж, бяцарсан далд хугарал, нугас дарагдал, хүзүүний 6 дугаар нугалмын нумны хугарал хүзүүний холбоосын тасрал сээрний 1-2-р нугалмын их биеийн шахагдсан далд хугарал, зүүн уушгины авчилт, цээжний зүүн хөндийд шингэн хуралдалт, дээд доод мөчдийн саа, саажилт/ гэсэн хүнд хохирол учруулсан нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ШЦТ/236 дугаар шийтгэх тогтоолоор тогтоогдсон.

Иймд хариуцагч А.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч А.Ан эрүүл мэндэд гэм хор учирсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2.-т зааснаар гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх боломжгүй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1.-т заасны дагуу нэхэмжлэгч А.Агийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг хариуцагч А.Л арилгах үүрэг хүлээнэ гэж үзсэн нь хуульд нийцжээ.

4.Хариуцагч А.Л нь нэхэмжлэгч А.Агийн нэхэмжлэлийн шаардлагаас зөвшөөрөхгүй татгалзаж байгаа хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар няцаах үүрэг хүлээнэ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч А.Агийн нэхэмжлэлийн шаардлагаас 23,048,490 төгрөгийг хангаж шийдвэрлэхдээ эмийн зардал /“Хонгор сүлд” ХХК 6,000 төгрөг, Бөөн 2 Бөмбөгөр  9,999 төгрөг, “Тавин ус” ХХК 29,265 төгрөг /хх-53/, “Сафир Анжэл” эмийн сан 3,700 төгрөг /хх-57/, Монос Улаанбаатар ХХК 10,700 төгрөг, Сондор фарма 1,900 төгрөг /хх-58/, 8,284 төгрөг /хх-59/, Скайсий эмийн сан 24,680 төгрөг, Энхмойлт ХХК 34,000 төгрөг /хх-60/, Скайсий эмийн сан 6,700 төгрөг, 19,000 төгрөг, Магда-2 52,500 төгрөг /хх-61/, Магда-2 3,000 төгрөг /хх-62/, Хужирбулан 2,000 төгрөг, Бишрэлт манал ХХК эмийн сан 8,500 төгрөг /хх-66/, Тэфтрейд ХХК 6,258 төгрөг /хх-67/, Монфа трейд ХХК 23,500 төгрөг /хх-69/, Монгол фарм 1,500 төгрөг, Хонгор сүлд 1,100 төгрөг, Энто ХХК 11,700 төгрөг /хх-70/, УБ Сонгдо эмнэлэг 30,360 төгрөг /хх-74/, Монос Улаанбаатар 50,000 төгрөг /хх-75/, Нобо ХХК эмийн сан 1,900 төгрөг, 1,400 төгрөг, 3,000 төгрөг, 4,300 төгрөг /хх-76/, Нобо ХХК эмийн сан 17,300 төгрөг, 21,500 төгрөг, 1,800 төгрөг, 3,300 төгрөг, 55,800 төгрөг /хх-77/, Бишрэлт манал ХХК эмийн сан 13,300 төгрөг /хх-79/, Мон Ургамал Эко ХХК 8,800 төгрөг /хх-79/, 8,100 төгрөг /хх-80/, Монгол Бүйлс Фарм ХХК 48,000 төгрөг /хх-79/, Тавин ус эмийн сан 9,410 төгрөг, Монос Улаанбаатар 25,814.60 төгрөг /хх-81/, Хас начин ХХК-ийн “Хангай” эмийн сан 5,400 төгрөг, 6,500 төгрөг, 28,500 төгрөг, 35,050 төгрөг /хх-83/, Монос эмийн сан 4,400 төгрөг, Монфа трейд ХХК 13,000 төгрөг /хх-84/, Улз эмийн сан 6,054 төгрөг, Тавин ус эмийн сан 14,650 төгрөг, Мон Ургамал Эко 22,250 төгрөг, Скайсий эмийн сан 15,600 төгрөг /хх-86/, Мон Ургамал Эко ХХК 5,700 төгрөг, 3,150 төгрөг, Монос Улаанбаатар ХХК 13,350 төгрөг /хх-87/, Даян-Ирээдүй эмийн сан 10,900 төгрөг, Монос эмийн сан 12,500 төгрөг /хх-88/, Чигатуссин ХХК 7,400 төгрөг /хх-97/, Монос эмийн сан 5,400 төгрөг, Даян-Ирээдүй эмийн сан 3,800 төгрөг /хх-98/, Мон Ургамал Эко ХХК 12,600 төгрөг, Монгол Фарм 45,100 төгрөг /хх-102/, Монос эмийн сан 2,700 төгрөг, Өлзийдэн ХХК 48,000 төгрөг, Хас начин ХХК “Хангай” эмийн сан 22,000 төгрөг, Мон Ургамал Эко ХХК 11,800 төгрөг /хх-105/ /-д 891,694 төгрөг,

-эмчилгээний хэрэгслийн зардал /“Ньюремеди” ХХК 70,500 төгрөг, 70,500 төгрөг /54-55/, Грандмед эмнэлэг 480,000 төгрөг, Бөөн 2 Бөмбөгөр  16,198 төгрөг /хх-57/, Бөөн 2 Бөмбөгөр 6,000 төгрөг /хх-59/, Ньюремеди ХХК 81,000 төгрөг /хх-61/, Ньюремеди ХХК 50,500 төгрөг /хх-62/, Улсын 3 дугаар төв эмнэлэг 250,000 төгрөг /хх-63/, “Ньюремеди” ХХК 70,500 төгрөг /хх-65/, Грандмед эмнэлэг 50,000 төгрөг /хх-70/, “Ньюремеди” ХХК 70,500 төгрөг /хх-71/, Тэфтрейд ХХК 6,150 төгрөг /хх-73/, “Ньюремеди” 71,700 төгрөг /хх-74/, Нобо ХХК эмийн сан 1,400 төгрөг, 800 төгрөг, 2,800 төгрөг /хх-76/, Алт-Болд эмнэлэг 100,000 төгрөг /хх-81/, “Ньюремеди” ХХК 73,400 төгрөг, Натул лаборатори 43,500 төгрөг /хх-85/, Улсын 3 дугаар төв эмнэлэг 250,000 төгрөг /хх-89/, Юниверсал ложистик монголиа ХХК 2,392,894 төгрөг, 644,618 төгрөг /хх-90-95/, “Ньюремеди” ХХК 70,500 төгрөг /хх-96/, Эверестфарм 10,000 төгрөг /хх-97/, “Ньюремеди” ХХК 81,000 төгрөг /хх-100/, Тавин ус 6,000 төгрөг, 6,000 төгрөг, Улсын 3 дугаар төв эмнэлэг 250,000 төгрөг /хх-101/, Мөнхийн тун ХХК 2,400 төгрөг, Даян ирээдүй эмийн сан 4,150 төгрөг /хх-102/, “Ньюремеди” ХХК 83,900 төгрөг /хх-103/, Эмийн сан 16,600 төгрөг /хх-104/, Хас начин ХХК “Хангай” эмийн сан 23,000 төгрөг /хх-105/,Шаргалжуут рашаан сувилал ХХК 493,025 төгрөг, 405,000 төгрөг /хх-106-112/-д 6,289,596 төгрөг,

-Бензиний зардал /Хэргийн 53-р хуудсанд 30,000 төгрөг, 58-р хуудсанд 23,850 төгрөг, 59-р хуудсанд 30,000 төгрөг, 60-р хуудсанд 22,000 төгрөг, 61-р хуудсанд 25,250 төгрөг, 65-р хуудсанд 40,000 төгрөг, 66-р хуудсанд 50,000 төгрөг, 69-р хуудсанд 30,000 төгрөг, 75-р хуудсанд 23,500 төгрөг, 78-р хуудсанд 87,622.11 төгрөг, 79-р хуудсанд 7,990,000 төгрөг, 81-р хуудсанд 20,000 төгрөг, 83-р хуудсанд 100,000 төгрөг, 84-р хуудсанд 50,000 төгрөг, 86-р хуудсанд 20,000 төгрөг, 88-р хуудсанд 33,600 төгрөг, 97-р хуудсанд 45,554 төгрөг, 98-р хуудсанд 20,000 төгрөг, 100-р хуудсанд 50,000 төгрөг, 103-р хуудсанд 19,400 төгрөг, 100,000 төгрөг, 104-р хуудсанд 41,000 төгрөг, 105-р хуудсанд 40,000 төгрөг, 105,046 төгрөг/-д 939,200 төгрөг, нийт 8,120,490 төгрөгийн үйл баримтыг хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой баримт гэж үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Мөн хариуцагч А.Л нэхэмжлэлийн шаардлагаас хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс 10,848,000 төгрөг, ХААН банкнаас авсан зээлийн үлдэгдэл төлбөр 4,080,000 төгрөгт холбогдох хэсгийг төлөхөөр зөвшөөрсөн тул анхан шатны шүүх диспозитив зарчимд нийцүүлэн нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

5. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 20,346,787 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...зарим баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, зарим нотлох баримтын шаардлага хангахгүй, хариуцагч А.Ан эмчилгээний зардалд зарцуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй...” гэсэн дүгнэлт хийжээ. Үүнээс 8,152,884 төгрөгт холбогдох үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзлээ.

Хариуцагч А.Л 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх эмчилгээтэй холбоотой зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа ч баримтаар няцаагаагүй байна.

Иймд “Лин Жин Жи” ХХК нь уламжлалтын эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн болон эм тарианы зардал 6,909,624 төгрөг, “Бишрэлт манал” эмийн сангаас эм авсан 13.400 төгрөг, биеийн тос авсан 9,600 төгрөгийн  баримт хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч А.А эмчилгээ хийлгэхээр явахдаа тээврийн хэрэгсэл ашиглахаас өөр аргагүй байдалтай байгаа нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул шатахууны зардал 220,260 төгрөг, нийт 7,152,884 төгрөг гаргуулах нь зүйтэй. Мөн хариуцагч А.Л нь босож зогсох зориулалтаар авсан 1,000,000 төгрөгийн орны үнийг төлөхөөр давж заалдах шатны шүүх хуралдааны шатанд зөвшөөрсөн тул хангаж шийдвэрлэх үндэслэл болов.

6.Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1.-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасан.

 

Хавтас хэргийн хх-20-21, хх-24, хх-26, хх-29-30, хх-32, хх-35, хх-41, хх-43, хх-49, хх-59, хх-71, хх-75, хх-78 хуудсанд авагдсан нийт 913,903 төгрөгт холбогдох баримтаас үзвэл, нэмэгдэл хоол буюу нэмэлт тэжээл гэхээс илүү ердийн үед өдөр дутам хэрэглэгдэх хүнс болон ахуйн хэрэглээний зүйлс худалдан авсан байна. Мөн орон сууцны хэрэглээний зардал төлсөн төлбөрийн баримт байх тул хариуцагч А.Лийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч А.А гэрээр эмчилгээ хийлгэж болох ч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн зарлагын баримтан дээр 16 өдөр эмчилгээ хийлгэж 640,000 төгрөг төлсөн, 3 сарын 06-ны өдрөөс 5 сарын 13-ны өдөр хүртэл 66 хоног хөдөлгөөн засах эмчилгээ 2,640,000 төгрөгийн нэхэмжлэх зэрэг баримт нь нотлогооны хэрэгслийн наад захын шаардлага хангахгүй, эргэлзээ төрүүлэхүйц байх ба эмчлэгч Д.Сарантуяад мөнгө төлсөн нь бусад үйл баримтаар давхар нотлогдоогүй байна.

Мөн эмчилгээний зориулалтаар авсан гэх 8,000,000 төгрөгний ор нь сэргээн засах эмчилгээний тоног төхөөрөмж мөн эсэх нь баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Иймд давж заалдах шатны шүүх хариуцагч А.Лаас 31,201,374 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 12,193,903 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлоос зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

7.Иргэдийн төлөөлөгч Г.Азжаргал анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо  “Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний холбогдолтой зардлыг холбогдох нотлох баримтад тулгуурлан гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж байна. Харин 2022 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс өмнөх хугацааны эмчилгээний зардал гаргуулна гэж тайлбарлаж байгаа нь эргэлзээтэй байна. Мөн цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч талаас тодруулахад 8 сарын цалинг гаргуулна гэж ойлгож байна. Тэгэхээр цалинг гаргуулахаар нэхэмжилсэн мөртлөө давхар цалингийн зээлээ гаргуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь: цалингийн зардлаа гаргуулж байх тул тэр зардлаасаа тухайн цалингийн зээлийг төлөх боломжтой гэж үзэж байна” гэсэн дүгнэлтэд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй ч давж заалдах шатны шүүх дүгнэлтийн зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзэж шийдвэр гаргасан болно.

8.Нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 31,201,374 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 313,956 төгрөгийг хариуцагч А.Лаас гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

9.Нэхэмжлэгч А.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 151/ШШ2023/00160 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...23,048,490 төгрөгийг” гэснийг “31,201,374 /гучин нэгэн сая хоёр зуун нэг мянга гурван зуун далан дөрөв/ төгрөгийг” гэж, “...20,346,787 төгрөгийг” гэснийг “12,193,903 /арван хоёр сая нэг зуун ерэн гурван мянга есөн зуун гурван/ төгрөгийг” гэж

2 дахь заалтын “...23,048,490 төгрөгт ногдох 273,192 төгрөгийг” гэснийг “31,201,374 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 313,956 /гурван зуун арван гурван мянга есөн зуун тавин зургаан/ төгрөг” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгч А.А улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

  ШҮҮГЧИД                                           М.МӨНХДАВАА

                                                                                    З.ТҮВШИНТӨГС