Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/45

 

*******д холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0072/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Ц.Амаржаргал, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ч.Мядагбадам /онлайн/

              Шүүгдэгчийн өмгөөлөгч               Н.Баярмаа /онлайн/

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолтой, *******ий *******д холбогдох, 2118000000056 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 05-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой, бульдозерын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, хөдөлмөрийн чадвар алдалтын группэд байдаг, ам бүл 2, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан баг Уурхайчдын 7 дугаар гудамжны 05 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ий *******.

Шүүгдэгч ******* нь  архи согтууруулах ундаа  хэрэглэсэн  үедээ 2021 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Уурхайчдын 7 дугаар гудамжны 05 тоотод иргэн *******ийг гэрт шүлсээ хаяж, нусаа нийсэн гэх шалтгааны улмаас зуух руу түлхэж унаган эрүүл мэндэд нь цээжний баруун талын 5 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн  101 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т  зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д  заасан гэмт хэрэгт ******* овогт *******ий *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1  болгон өөрчилж,

Шүүгдэгч ******* овогт *******ий *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 .д заасан, хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1.д заасан хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч *******ийг 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2.5.,  3.3 .т  зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5.д зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4., 1.7., 1.8., 1.9.т зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.д  зааснаар шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо хэрэгт авагдсан ямар нотлох баримтаар ******* нь санаатай биш болгоомжгүйгээр хүнийг түлхэж унагасан нь ямар нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон талаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад тулгуурласан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, үндэслэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дээрх нөхцөл байдал буюу *******ийн хохирогчийг гэрт шүлсээ хаяж нусаа нийлгээ гэх шалтгаанаар түлхэж унагаж буй үйлдэлд өөрийн үйлдэлдээ хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан гэх болгоомжгүй үйлдэл хийсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Харин хохирогч *******ийн “...2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой найз *******тэй хамт 2.5 литрийн пиво 5-ыг хувааж уусан. Тухайн үед би согтож шүлсээ *******ийн гэр гэр дотор хаясан чинь надад уурлаж намайг гэрийнхээ зуух руу түлхсэн. ...Тухайн үед би согтоод айлд шүлсээ хаяснаас л болж намайг ******* түлхэж зуухан дээр унагаасан...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч *******гийн “...Ганхүрэл ах зуух руу шүлсээ хаясан тэр үед би гар утсаараа тоглож байсан болохоор анзаараагүй байж байтал түс тас хийх чимээ гарахаар нь гайхаад хартал Ганхүрэл ах зуухан дээр нуруугаараа унасан байсан...” гэх мэдүүлгээр ******* нь хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах саналтай байна гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нь хохирогчид шууд чиглэсэн үйлдэл хийсэн болох нь насанд хүрээгүй гэрч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээр тогтоогдсон. Шүлс, нусаа хаясан гэсэн шалтгаанаар Г.******* нь хохирогчийг түлхэхэд хохирогч зуухан дээр шууд унаж түүний хавирга нь хугарсан. Ямар нотлох баримтуудаар Г.*******ийг болгоомжгүй үйлдэл хийсэнд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхээр буцаалгах саналтай байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа дүгнэлтдээ:

Шүүгдэгч Г.******* нь хохирогчид болгоомжгүй үйлдлээр гэмтэл учруулсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Г.******* нь хохирогчийг гэртээ харьж унт гэж хэлсэн, санаатай гэмт хэргийг үйлдээгүй, өөрийн үйлдлийг урьдчилан ухамсарлан ойлгох ёстой байсан боловч мэдээгүй үйлдсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Прокурорын эсэргүүцлийг үндэслэн *******ий *******д  холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны  дагуу хэргийн бүх ажиллагааг  хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хянаж үзлээ.

Дархан-Уул аймгийн Прокуророос шүүгдэгч *******ийг 2021 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Дархан багийн Уурхайчдын 7 дугаар гудамжны 05 тоот гэртээ  хохирогч  *******ийг гэрт шүлсээ хаяж, нусаа нийсэн гэх шалтгааны улмаас түүнийг түлхэхэд  *******  зуух руу унаж эрүүл мэндэд нь цээжний баруун талын 5 хавирганы хугарал, цээжний хөндийн цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д  заасан гэмт хэрэгт  холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч *******ийн үйлдэл нь бусдын биед хүнд хохирол санаатай учруулах хэргийн шинжгүй харин бусдын биед хүнд хохирол  болгоомжгүй учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж үзээд зүйлчлэлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1. болгон өөрчлөн зүйлчилж энэ зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн  2.5.,  3.3 .т  зааснаар шүүгдэгч *******д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус авч,  мөн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4., 5.д зааснаар шүүгдэгч *******ийг тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн  нөхцөл байдлаас  үзвэл ...2021 оны 01 дүгээр сарын 31-ний орой  шүүгдэгч  *******, хохирогч ******* нар  шүүгдэгчийн гэрт 2.5 литрийн хэмжээтэй  5  пиво хувааж уусан бөгөөд энэ үед хохирогч *******   согтож  *******ийн гэрт зуух руу  шүлсээ хаяж,  нусаа нийхэд нь ******* уурлаж түүнийг түлхсэн бөгөөд хохирогч зуухны ойр орчимд байсан учраас зуух руу нуруугаараа  унасан... үйл баримт болсон.., тухайн үедээ шүүгдэгч болон хохирогч гэмтэл авсан талаар  мэдээгүй..,  хохирогч ******* шүүгдэгч *******ийн гэрт унтаад өглөө нь гэртээ хариад нуруугаар нь өвдөхөд эмчид үзүүлж гэмтэл авснаа мэдсэн үйл баримт болсон байна.

Энэ үйл баримт нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох  шүүгдэгч *******, хохирогч *******,  гэрт байсан насанд хүрээгүй гэрч ******* нарын мэдүүлэг, Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дүгээр сарын 10-ны өдрийн 92 дугаартай:  ...хохирогч *******ийн цээжний  баруун хэсгийн, 5 хавирганы  хугарал,  цээжний хөндийн цус хуралт үүссэн .., мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн  гэмтэл ...гэсэн дүгнэлт..,   /хх.ийн  25-26-р хуудас /  болон хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэргийн талаар  дээрх тогтоогдсон нөхцөл байдал, тухайн үед болсон үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтад  дүгнэлт хийж  ...шүүгдэгч *******ийн үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг агуулаагүй,  харин  хохирогчийг зуух руу шүлсээ хаяж, нусаа нийхэд нь уурлаж хохирогчийг түлхсэн,  мөн хохирогчид гэмтэл учирсныг мэдээгүй, дахин согтууруулах ундаа  ууж,  хамт хоносон... зэргээс үзэхэд  тэрээр хохирогчид гэмтэл учруулах санаа зорилгогүй, түүнийг түлхэхэд зуухан дээр унаж, биед  хор уршиг учирна гэж  мэдээгүй байгаа нь болгоомжгүй гэмт хэргийн шинжийг агуулж байна гэж үзэж  шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1.д зааснаар өөрчлөн зүйлчилсэн нь ... хуулийн үндэслэлтэй байна.  

Мөн анхан шатны шүүх  хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан  үндэслэл, журмын дагуу үнэлж, улсын яллагчийн дүгнэлтийг холбогдох хуулийг тайлбарлан  няцааж, хэргийг зүйлчлэлийг өөрчилжээ.

Иймд шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг хуулбарлаж   тухайлбал  “Эрүүгийн хуулийн 2.1  дүгээр зүйлийн 1.д  зааснаар ... үйлдэл, эс үйлдэхүйг  гэмт хэрэг гэнэ..,  2.3 дугаар зүйлийн 1.д  зааснаар гэм буруу нь санаатай ба болгоомжгүй хэлбэртэй байна...,   3.д  зааснаар  ... болгоомжгүй гэмт хэрэг гэнэ.., 2.д зааснаар  ....санаатай гэмт хэрэг гэнэ... гэх мэтээр хуулийг хуулж бичих шаардлагагүй,   мөн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг  бичилт, найруулгын талаар зөвтгөж  бичих нь  зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дугаар заалтыг:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2.т  заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокуророос ******* овогт *******ий *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн 11.3 дугаар зүйлийн 1.  болгон өөрчлөн, зүйлчилсүгэй гэж  өөрчилсүгэй.

2.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                                              ШҮҮГЧИД                         Ц.АМАРЖАРГАЛ

                                                                                                                                   Ц.ТУЯА