Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2023/01159

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 07 101/ШШ2023/01159

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Л.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.О,

 

Хариуцагч: Н.М нарт холбогдох,

 

72,016,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

хариуцагч нарын өмгөөлөгч Б.С //,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

О.Л би 2017 оноос Ц.О тай зургаан жил найз нөхдийн харилцаатай, мөн ажил төрлийн ч харилцаатай байсан. 2020 оны 3 дугаар сард О.Л би Х ХХК-д материал нийлүүлж, тус компани 72,016,000 төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүргийн Улаанхуаранд байрлах Скай резиденс 2 хотхоны 57.51 м.кв талбайтай, 2 өрөө байрыг мөнгө нэмээд намайг төлбөртөө ав гэсэн. Энэ тухай Ц.О , Н.М нар нь мэдэнгүүтээ чи энэ байраа Х ХХК-д хэлээд бидний нэр дээр шилжүүлээд өгчих, бид чамд 72,016,000 төгрөгийг чинь өгье гэсэн. Ц.О нь Т ХХК-ийн шөнийн захын эрхлэгч тул мөнгө төлөх боломжгүй бол шууд байгууллагаас өөрөө мөнгө гаргаж өгөх эрх мэдэлтэй, тэгэхээр бид хоёр ямар ч аргаар чиний мөнгийг өгөх боломжтой гэж ярьж надад итгэл үнэмшил төрүүлсэн тул би итгэж Х ХХК-ийн захиралд хэлж, авахаар тохирсон 57.51 м.кв талбайтай 2 өрөө байрны эрхээ Н.М д шилжүүлсэн. Гэвч Ц.О , Н.М нар миний мөнгийг өгөөгүй тул би аргаа бараад Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст намайг залилчихлаа гэж гомдол гаргаж өгсөн боловч иргэний харилцаа байна гээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Энэ этгээдүүд намайг залилж миний байрыг авч амьдарч байгаа, одоо бүр мөнгийг чинь өгөхгүй гэж тохуурхаж, надад хамаагүй гэдэг болсон. Би байраа эдгээр залилагч нарт алдчихаад өөрөө нялх хүүхдүүдээ дагуулаад түрээсийн байранд амьдарч байна. Иймээс миний байрыг хуурч аваад, мөнгийг өгөхгүй байгаа Ц.О , Н.М нарын үндэслэлгүй хөрөнгөжсөн 72,016,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч нар нь орон сууцны төлбөрт нийт 92,016,000 төгрөг төлөхөөс урьдчилгаа 20,000,000 төгрөгийг нь Х ХХК-д шилжүүлсэн, үлдэгдэл 72,016,000 төгрөгөөс О.Л ын дансанд 3,000,000 төгрөг, 6,500,000 төгрөг шилжүүлсэн, О.Л т өгсөн Приус 30 маркийн автомашиныг 14,500,000 төгрөгөөр, Тоёота Сай маркийн автомашиныг 20,000,000 төгрөгөөр тооцоод хасахад үлдэгдэл төлбөр нь 28,016,000 төгрөг байгаа. Нэхэмжлэгч О.Л ын дүүг байрандаа суулгасан гэж яриад байгаа нь энэ хэрэгт огт хамааралгүй зүйл бөгөөд хэрэв нэхэх шаардлагатай бол мөнгөө О.Л ын дүү гэх хүнээс нэхэх шаардлагатай болов уу гэж бодож байна. Иймд хариуцагч нараас үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байр нь Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлалтай 57.51 м.кв 83,389,500 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө байр юм. Анх тус байрыг авахдаа Х ХХК-д 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгөөд, үлдсэн мөнгийг О.Л т өгнө гэсэн тохиролцоотой авсан. Х ХХК-д 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. О.Л т 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Prius 30 маркийн автомашиныг 14,500,000 төгрөгт тооцож өгсөн. Мөн 2020 оны 2 дугаар сард Toyota Sai авто машинаа 20,000,000 төгрөгт бодож өгсөн. Тухайн үед тус машин нь Т ХХК-д барьцаанд байсан тул нэр шилжүүлэг хийлгүй, миний бие зээлийг нь төлж дуусаад 2020 оны 6 дугаар 30-ны өдөр нэр шилжүүлж өгсөн. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр О.Л ын данс руу 3,000,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 6,500,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол 92А байрны 1108 тоотод байрлах 3 өрөө байрандаа О.Л ын дүүг сарын 700,000 төгрөгөөр хөлслүүлсэн, таван сар суусан тул 3,500,000 төгрөг болсон үүнийг мөн өгөх мөнгөнөөсөө суутгасан. Нийт өгсөн мөнгө маань 67,500,000 төгрөг болж байгаа. Хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч тайлбар гаргаж байсан боловч уг хэрэг маргаан үүссэнээс хойш шүүхийн шатанд цуглуулсан нотлох баримт материалуудаас үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Иргэний хуульд үндэслэлгүйгээр хөрөнгөжих ойлголтын тухайд уг хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгүүлэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө тодорхой хуулийн үндэслэлд буцаан шаардах эрхтэй гэсэн агуулгыг заасан байна. Хуулийн энэ агуулгаар бол нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд тодорхой үүргийн болон ер авлагын харилцаа бий болоогүй. О.Л миний өмнө үүрэг гүйцэтгэж хөрөнгөө шилжүүлсэн нөхцөл байдал үүссэн байх агуулгыг заасан. Гэтэл бидний дунд ийм нөхцөл байдал байгаагүй. Харин нэхэмжлэгч О.Л ын бусадтай хийсэн тохироогоор олж авах байсан орон сууцыг тухайн этгээдээс шилжүүлэн авч худалдан авах, тохиролцсон үнийг тодорхой хугацаанд эд хөрөнгө болон бэлэн мөнгө шилжүүлэх замаар түүнд төлөх тийм аман хэлцэл тохироо хийгдсэн. Тиймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлын хуулийн үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчийн гаргасан үндэслэлгүй хөрөнгөжсөнийн улмаас орон сууцны төлбөрийг гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогдоогүй тул шаардлага хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна. Харин байрны үнэ болох 72,016,000 төгрөг гаргуулахын тухайд нэхэмжлэгчид биет хөрөнгө шилжүүлэх, бэлэн мөнгө өгөх, өр авлага суутгах зэрэг хэлбэрээр төлбөр тооцоог дуусгасан. Мөн маргааны зүйл болсон орон сууцыг О.Л нь Х ХХК-иас ажил гүйцэтгэж бараа материал нийлүүлэх төлбөртөө тооцон авахдаа 20 сая төгрөгийн зөрүүг уг компанид шилжүүсэнээр байрыг өмчлөлдөө авахаар хэлцэл тохироотой байсан. Орон сууцыг шилжүүлж авах нөхцөл болсон 20 сая төгрөгийг О.Л ын өмнөөс бид Х ХХК-д шилжүүлж төлсөн учир түүний зөвшөөрлөөр өмчлөлийг бидний нэр дээр шилжүүлж өгсөн. Орон сууцны төлбөрийн ихэнх хувийг төлсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 72,016,000 төгрөгийн бидний хоорондох тооцоо дууссан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-3/, 2021.06.24-ний өдрийн итгэмжлэл /хх1-4/, Прокурорын ерөнхий газрын 2021.05.19-ний өдрийн 4/1155 дугаартай гомдолд хариу өгсөн албан бичиг /хх1-6/, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-7/, 2020.02.20-ны өдрийн Тохиролцоо /хх1-26/, 2019.01.28-ний өдрийн 19/01/28-1 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ /хх1-27-28/, Х ХХК-ийн 2020.05.07-ны өдрийн 20/144 дугаартай тодорхойлолт /хх1-29/, 2019.08.22-ны өдрийн Ажил гүйцэтгүүлэх гэрээ /хх1-30/, харилцагчийн гүйлгээ /хх1-31, 32, 33/, 2021.08.23-ны өдрийн Өмгөөлөл, хуль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх1-34-35/, 2022.03.22-ны өдрийн итгэмжлэл /хх1-225/,

3.2. Хариуцагч нараас ирүүлсэн: 2021.10.12-ны өдөр гаргасан хариу тайлбар /хх1-47/, Х ХХК-ийн 2020.05.07-ны өдрийн 20/144 дугаартай тодорхойлолт /хх1-48/, Голомт банзны 2020.02.19-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх1-49/, 2019.01.28-ний өдрийн 19/01/28-1 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ /хх1-50-51/, Хаан банкны ............ дугаартай төгрөгийн дансны хуулга /хх1-52, 53/, 2021.06.30-ны өдөр Тм ХХК-д гаргасан хүсэлт /хх1-106/, Тм ХХК-ийн 2021.06.30-ны өдрийн 21/4-9252 дугаартай, 2021.08.20-ны өдрийн 21/4-13310 дугаартай албан бичиг /хх1-107, 108/, 2020.02.11-ний өдрийн 16000133 дугаартай Зээлийн болон фидуцийн гэрээ /хх1-109-110, 111-112/, 2021.12.01-ний өдрийн итгэмжлэл /хх1-133, 134/, 2022.02.21-ний өдрийн хариу тайлбарын тодруулга /хх1-174/, Авто прайм ХХК-ийн 2022.03.21-ний өдрийн 22/2-003 дугаартай тодорхойлолт /хх1-228/, М.А ын тодорхойлолт /хх1-229/, 2022.05.17-ны өдрийн 06 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх2-30-31/, 2022.06.07-ны өдрийн 06 дугаартай Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх2-32/, 2022.06.23-ны өдрийн итгэмжлэл /хх2-49/, Хаан банкны ............ дугаартай дансны хуулга /хх2-86-92/, Хаан банкны 5055351040 дугаартай дансны хуулга /хх2-107/, Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2023.03.07-ны өдрийн хураангуй тайлан /хх2-137-139/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2021.09.09-ний өдрийн 8/1261 дугаартай албан бичиг /хх1-36/, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204110083 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 226 дугаар байрны 8 тоот үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийн материал /хх1-37-43/, Авто тээврийн үндэсний төвийн 2021.10.27-ны өдрийн 673 дугаартай лавлагаа /хх1-58/, 09-66 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, хувийн хэргийн материал /хх1-59-69/, 38-35 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, хувийн хэргийн материал /хх1-70-98/, Хаан банкны 2022.01.05-ны өдрийн 50/157 дугаартай албан бичиг /хх1-166/, Тм ХХК-ийн 2022.03.03-ны өдрийн 22/1-069 дугаартай албан бичиг, зээлийн хувийн хэргийн материал /хх1-197, 198-211/, Юнител ХХК-ийн 2022.09.22-ны өдрийн 05-01/8034 дугаартай албан бичиг /хх2-83/, Тм ХХК-ийн 2022.09.14-ний өдрийн 22/2-042 дугаартай тодорхойлолт /хх2-85/, гэрч М.А ын мэдүүлэг /хх2-98-99/, 2022.11.02-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх2-101-105/, Б ХХК-ийн менежерээр ажиллаж байсан М.Б тайлбар /хх2-127/, 2019.01.28-ний өдрийн 19/01/28-1 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ /хх2-128-130/, Х ХХК-ийн 2023.01.19-ний өдрийн 23/07 дугаартай тодорхойлолт /хх2-132/.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч Н.М , Ц.О нарт холбогдуулан 72,016,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Х ХХК-аас ажлын хөлсний 72,016,000 төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Улаанхуарангийн гудамж, ..... дугаар байр, 57.51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 20,000,000 төгрөг нэмж төлөөд авахаар тохиролцсоны дагуу хариуцагч нартай тохиролцон тэдэнд шилжүүлсэн боловч төлбөрийг нь төлөөгүй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч нар нь О.Л ын бусадтай хийсэн тохиролцоогоор авах байсан орон сууцны төлбөрт Х ХХК-д 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн, О.Л т Тоёота сай маркийн автомашиныг 20,000,000 төгрөгт, Тоёота приус маркийн автомашиныг 14,500,000 төгрөгт тооцон хүлээлгэн өгсөн, 9,500,000 төгрөг шилжүүлсэн, дүүд нь орон сууц түрээслүүлсэн төлбөр 3.500.000 төгрөгийг оруулан тооцоход төлбөр тооцоо дууссан гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан маргаан бүхий орон сууцтай холбоотой дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Нэхэмжлэгч О.Л нь Х ХХК-тай 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Ажил гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулсан ба уг гэрээгээр гүйцэтгэгч О.Л нь өөрийн эзэмшлийн хово маркийн ачааны 24 м3 даацтай 39-24 УНР, 51-46 УБД, 61-46 УБЛ улсын дугаартай хайрганы автомашинаар хайрга буулгах ажил гүйцэтгэхээр, захиалагч Х ХХК нь төлбөрийг 100 хувь бартераар төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Х ХХК болон гүйцэтгэгч О.Л нар нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр гүйцэтгэгч тал болох О.Л ын хийж гүйцэтгэсэн ажлын талаар тооцоо нийлж, тохиролцооны баримт үйлдсэн байх ба уг баримтад О.Л нь Х ХХК-аар дамжуулан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран Скай резиденс хотхоны 1С байр, 1 дүгээр орц, F тоот 57,51 м.кв 2 өрөө орон сууцыг 92.016.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон, байрны нийт үнээс 45.614.200 төгрөгийг компани хоорондын хайрга тээврийн тооцооноос хасуулж, 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр компанийн дансанд 20.000.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөр болох 26.401.800 төгрөгийг 2020 оны 3, 4 дүгээр саруудад хайрганы тээвэрт явж төлөхөөр харилцан тохиролцсон талаар дурджээ.

 

4.2. Нэхэмжлэгч О.Л ын Х ХХК-аас ажлын хөлсөндөө авсан орон сууцыг хариуцагч Н.М , Ц.О нар нэхэмжлэгчээс авч, орон сууцны төлбөрийн 20,000,000 төгрөгийг Х ХХК-д шилжүүлэх, үлдэх төлбөрийг О.Л т өгөхөөр харилцан тохиролцсон.

2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Y-2204110083 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, Улаанхуарангийн гудамж, 226 дугаар байр, 8 тоот хаягт байршилтай 57,51 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Н.М г бүртгэж гэрчилгээ олгогдсон байна.

 

5. Зохигчид орон сууцны үнэ болон төлсөн төлбөрийн талаар маргаж, нэхэмжлэгч нь орон сууцыг Х ХХК-тай тохиролцсоноор 92,016,000 төгрөгийн үнэтэй гэж, хариуцагч нар нь орон сууц Б ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах тухай гэрээнд зааснаар 83,389,500 төгрөгийн үнэтэй гэх тайлбарыг гарган маргаж мэтгэлцсэн.

 

6. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч О.Л нь Х ХХК-тай байгуулсан гэрээний дагуу ажлын хөлсөнд 92,016,000 төгрөгийн орон сууцыг авахаар тохиролцсон болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нар нь тухайн үнийн дүнгээр орон сууцыг худалдан авахаар тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, Х ХХК болон О.Л нар нь 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр тооцоо нийлж, О.Л ын хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран Скай резиденс хотхоны 1С байр, 1 дүгээр орц, F тоот 57,51 м.кв 2 өрөө орон сууцыг 92,016,000 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр 2 дугаар сарын 20-ны өдөр тохиролцсоны дагуу хариуцагч нар нь нэхэмжлэгчтэй уг орон сууцны асуудлаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон.

 

Мөн хариуцагч нар нь Х ХХК болон О.Л нарын хооронд хийгдсэн тохиролцоог үндэслэн орон сууцны төлбөрт төлөх 20,000,000 төгрөгийг Х ХХК-ийн Хаан банк дахь дансанд 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр төлсөн болох нь банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

 

7. Хэрэгт 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөр огноолсон Б ХХК болон Н.М нарын хооронд байгуулсан 19/01/28-1 дугаартай Орон сууц захиалан бариулах тухай гэрээ нотлох баримтаар авагдсан, уг гэрээнд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 226 дугаар байр, 1 дүгээр орц, 1 давхарын 8 тоот, 57,51 м.кв 2 өрөө орон сууцны үнэ 83,389,500 төгрөг гэж бичигдсэн байх боловч хариуцагч нар нь тухайн цаг хугацаанд маргаан бүхий орон сууцыг гэрээнд заасан үнийн дүнгээр худалдан авахаар тохиролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Хариуцагч нар нь уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болно.

 

Х ХХК нь дээр дурдсан гэрээнд дурдсан үнийн дүн нь тус компани болон Б ХХК-ийн хооронд 2019 онд тохиролцсон үнийн дүн бөгөөд, 2020 оны 2 дугаар сард О.Л т орон сууцны нэг м.кв-ын үнийг 1,600,000 төгрөгөөр тооцон нийт 92,016,000 төгрөгөөр тооцон шилжүүлэхээр тохиролцсон талаарх тодорхойлолтыг шүүхэд ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

8. Нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд тооцон шилжүүлэн авахаар тохирсон орон сууцны төлбөр 92,016,000 төгрөгийн 20,000,000 төгрөгийг хариуцагч нар Х ХХК-д төлснийг хасаж тооцон, үлдэх 72,016,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан.

 

8.1. Хариуцагч нар нь орон сууцны төлбөрт Х ХХК-д 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. О.Л т 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 38-35 УНО улсын дугаартай Тоёота приус маркийн авто машиныг 14,500,000 төгрөгт тооцож, 09-66 УБМ улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашиныг 20,000,000 төгрөгт тооцож нэр шилжүүлэн өгсөн, О.Л ын данс руу 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбарыг гаргасан бөгөөд уг тайлбар нь хэрэгт авагдсан Голомт банкны 2020.02.19-ний өдрийн төлбөрийн баримт, Хаан банкин дахь Ц.О гийн ............ дугаартай дансны хуулга, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, хувийн хэргийн баримтаар тус тус тогтоогдож байна. /хх1-49, 52, 53, 59-98/

 

8.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч нь хариуцагч нараас 38-35 УНО улсын дугаартай Тоёота приус маркийн авто машиныг 14,500,000 төгрөгт тооцож, 09-66 УБМ улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашиныг 20,000,000 төгрөгт тооцож авсан, дансаар 3,000,000 төгрөг, 6,500,000 төгрөгийг тус тус шилжүүлснийг хүлээн зөвшөөрсөн тул шаардаж буй 72,016,000 төгрөгөөс 44,000,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй.

 

9. Хариуцагч нар нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 14 дүгээр хороолол 92А байрны 1108 тоотод байрлах 3 өрөө байранд нэхэмжлэгчийн дүүг 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сарын 700,000 төгрөгөөр хөлслүүлсэн тул таван сарын төлбөр 3,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс хасаж тооцно гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгч О.Л , хариуцагч Ц.О нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр утсаар харилцсан ярианд дээр дурдсан байрны түрээсийн асуудлаар ярилцсан байх боловч уг харилцан яриагаар зохигчдын хоорондох орон сууцны төлбөрөөс хасаж тооцох асуудал яригдсан, талууд тохиролцсон гэж үзэх боломжгүй байна. /хх2-101-105/

 

Мөн хариуцагч нарын тайлбар татгалзалд дурдсан түрээсийн төлбөрийн мөнгийг худалдан авсан орон сууцын төлбөрөөс хасаж тооцохоор зохигчид тохиролцсон гэх асуудал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

 

10. Нэхэмжлэгч нь хариуцагч Ц.О , Н.М нарыг түүний Х ХХК-аас ажлын хөлсөнд авсан орон сууцыг өөрсдийн өмчлөлд шилжүүлэн авсан хирнээ төлбөрийг нь төлөлгүй үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй.

 

Хариуцагч нар нь нэхэмжлэгч О.Л ын Х ХХК-аас ажлын хөлсөндөө тооцон авсан Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 226 дугаар байр, 8 тоот хаягт байршилтай, 57.51 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмчлөлдөө шилжүүлэн авсан боловч үлдэгдэл төлбөрийг нь бүрэн төлөөгүй учир нэхэмжлэгч нь орон сууцыг биетээр буцаан гаргуулахаар шаардаагүй тул үлдэгдэл мөнгийг шаардах эрхтэй байна.

 

Маргаан бүхий орон сууцтай холбоотой гэрээг өөр этгээдтэй байгуулсан байхад нэхэмжлэгч О.Л тухайн орон сууцны асуудлаар хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж шаардсан нь үндэслэлгүй гэх тайлбарыг хариуцагч нар гаргаж татгалзаж байх боловч нэхэмжлэгчийн бусдаас ажлын хөлсний төлбөрт авсан орон сууцыг нь өмчлөлдөө шилжүүлэн авсан болох нь баримтаар тогтоогдсон тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй, Ц.О , Н.М нар нь орон сууцны төлбөрийг төлөх үүрэгтэй, тэд үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй юм.

 

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ц.О , Н.М нараас орон сууцны төлбөрийн үлдэгдэл 28,016,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Л т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 298,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.О , Н.М нараас 28,016,000 /хорин найман сая арван зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Л т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,000,000 /дөчин дөрвөн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О , Н.М нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 298,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Л т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2021/21158 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар битүүмжлэх арга хэмжээ авсан захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР