Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01083

 

 

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/01083

 

  Л.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01159 дугаар шийдвэртэй, Л.О-ын нэхэмжлэлтэй Ц.О, Н.М нарт холбогдох 72,016,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямгомбо, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Сарнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2017 оноос Ц.О-тай найз нөхдийн болон ажил төрлийн харилцаатай байсан. 2020 оны 03 дугаар сард би Х ХХК-д материал нийлүүлж, тус компани 72,016,000 төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүргийн Улаанхуаранд байрлах С хотхоны 57.51 м.кв талбайтай, 2 өрөө байрыг мөнгө нэмээд намайг төлбөртөө ав гэснийг Ц.О, Н.М нар мэдээд чи энэ байраа Х ХХК-д хэлээд бидний нэр дээр шилжүүлээд өгчих, бид чамд 72,016,000 төгрөг өгье гэсэн. Ц.О нь Т ХХК-ийн шөнийн захын эрхлэгч тул мөнгө төлөх боломжгүй бол шууд байгууллагаас өөрөө мөнгө гаргаж өгөх эрх мэдэлтэй, тэгэхээр бид хоёр ямар ч аргаар чиний мөнгийг өгөх боломжтой гэж ярьж надад итгэл үнэмшил төрүүлсэн тул би итгэж Х ХХК-ийн захиралд хэлж, тохирсон 57.51 м.кв талбайтай, 2 өрөө байрны эрхээ Н.М-д шилжүүлсэн. Гэвч Ц.О, Н.М нар миний мөнгийг өгөөгүй тул би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтэст гомдол гаргасан боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Хариуцагч нар орон сууцны төлбөрт нийт 92,016,000 төгрөг төлөхөөс урьдчилгаа 20,000,000 төгрөгийг Х ХХК-д шилжүүлж, үлдэгдэл 72,016,000 төгрөгөөс Л.О-т дансаар 9,500,000 төгрөгийг, Приус-30 маркийн автомашиныг 14,500,000 төгрөгөөр, Тоёота Сай маркийн автомашиныг 20,000,000 төгрөгөөр тус тус тооцож, үлдэгдэл нь 28,016,000 төгрөг болно.

Нэхэмжлэгч Л.О-ын дүүг байрандаа суулгасан гэж байгаа нь энэ хэрэгт хамааралгүй байна. Иймд хариуцагч нараас үлдэгдэл төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан байр нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороонд байрлалтай 57.51 м.кв 83,389,500 төгрөгийн үнэ бүхий 2 өрөө орон сууц юм. Анх тус байрыг авахдаа Х ХХК-д 20,000,000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдсэн мөнгийг Л.О-т өгнө гэсэн тохиролцоотой авсан. Х ХХК-д 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн. Л.О-т 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Приус-30 маркийн автомашиныг 14,500,000 төгрөгт мөн 2020 оны 02 дугаар сард Тоёота Сай маркийн автомашинаа 20,000,000 төгрөгт тус тус тооцож өгсөн. Тухайн үед автомашин нь Т ХХК-д барьцаанд байсан тул нэр шилжүүлээгүй, миний бие зээлийг нь төлж дуусаад 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр нэр шилжүүлж өгсөн. 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Л.О-ын данс руу 3,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 6,500,000 төгрөг шилжүүлсэн. 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр хороолол *** байрны *** тоотод байрлах 3 өрөө орон сууцанд Л.О-ын дүүг сарын 700,000 төгрөгөөр хөлслүүлж 5 сар суусан тул 3,500,000 төгрөг болсныг өгөх мөнгөнөөсөө суутгаж, нийт 67,500,000 төгрөг өгсөн.

Хариуцагч нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд тодорхой үүргийн болон өр авлагын харилцаа бий болоогүй. Л.О- миний өмнө үүрэг гүйцэтгэж хөрөнгөө шилжүүлсэн нөхцөл байдал үүссэн байх агуулгыг заасан. Гэтэл бидний дунд ийм нөхцөл байдал байгаагүй. Харин нэхэмжлэгч Л.О-ын бусадтай хийсэн тохироогоор олж авах байсан орон сууцыг тухайн этгээдээс шилжүүлэн авч худалдан авах, тохиролцсон үнийг тодорхой хугацаанд эд хөрөнгө болон бэлэн мөнгө шилжүүлэх замаар түүнд төлөх аман хэлцэл тохироо хийгдсэн. Тиймээс үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх асуудлын хуулийн үндэслэлгүй юм.

Хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн байдал тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болох үндэслэлтэй байна. Харин байрны үнэ болох 72,016,000 төгрөг гаргуулахын тухайд нэхэмжлэгчид биет хөрөнгө шилжүүлэх, бэлэн мөнгө өгөх, өр авлага суутгах зэрэг хэлбэрээр төлбөр тооцоог дуусгасан. Мөн маргааны зүйл болсон орон сууцыг Л.О нь Х ХХК-иас ажил гүйцэтгэж бараа материал нийлүүлэх төлбөртөө тооцон авахдаа 20 сая төгрөгийн зөрүүг уг компанид шилжүүлсэнээр байрыг өмчлөлдөө авахаар хэлцэл тохироотой байсан.

Орон сууцыг шилжүүлж авах нөхцөл болсон 20 сая төгрөгийг Л.О-ын өмнөөс бид Х ХХК-д шилжүүлж төлсөн учир түүний зөвшөөрлөөр өмчлөлийг бидний нэр дээр шилжүүлж өгсөн. Орон сууцны төлбөрийн ихэнх хувийг төлсөн гэж үзэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 72,016,000 төгрөгийн бидний хоорондох тооцоо дууссан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.О, Н.М нараас 28,016,000 /хорин найман сая арван зургаан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 44,000,000 /дөчин дөрвөн сая/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 518,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О, Н.М нараас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 298,030 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.О-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2021/21158 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар битүүмжлэх арга хэмжээ авсан захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нараас анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн төлбөрийн 12,126,500 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь:

4.1. Зохигчид орон сууцны үнэ, төлсөн төлбөрийн талаар маргасан бөгөөд нэхэмжлэгч тал орон сууцыг 92,016,000 төгрөгийн үнэтэй гэж, хариуцагч тал Орон сууц захиалан бариулах гэрээ-нд зааснаар 83,389,500 төгрөгийн үнэтэй гэж маргаж мэтгэлцсэн.

Нэхэмжлэгч Л.О нь Х ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулаагүй. Мөн хоорондоо уг үнийн дүнгээр аман байдлаар тохирсон нь Л.О хариуцагч нартай тухайн үнийн дүнд тааруулж тохиролцсон гэх үндэслэл болохгүй. Х ХХК -ийн албан бичигт Л.О-тай 92,016,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлээд түүний төлбөрт бартераар байр өгсөн гэдгийг илэрхийлсэн утгатай байдаг. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагад тайлбар өгч татгалзлаа нотлох зорилгоор Орон сууц захиалгын гэрээ-г гаргаж өгсөн. Тухайн гэрээ нь талуудын маргааны үндэслэл болж буй орон сууцтай холбоотой гэрээнд орон сууцны төлбөрийг 83,389,500 төгрөгөөр тодорхойлсон. Мөн хариуцагч нар тайлбараараа нотолсоор байхад гол гэрээг биш зөвхөн 92,016,000 төгрөгийн ажил хийлгэсэн гэдэг утга бүхий албан бичгийг үндэслэж орон сууцны үнийг 92,016,000 төгрөг гэж тогтоосон нь шүүхийн шийдвэр нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэлгүй гарсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн нотолж чадаагүй байхад шүүхээс хангалттай биш баримтыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хариуцагч талаас 8,626,500 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.О хариуцагч Ц.О нарын хооронд бичигдсэн мессежинд үзлэг хийхэд "...төлбөр тооцоо төлсөн, эд хөрөнгө буюу авто машин шилжүүлсэн мөн өөрийн байрыг нэхэмжлэгчийн дүүд 1 сарын 700,000 төгрөгөөр тооцож, 5 сарын хугацаанд түрээслүүлж байсан мөн нэхэмжлэгч талаас ...сарын 700,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрсөн, орон сууцанд дахиад хэсэг хугацаанд суулгаж өгөөч гэсэн утга бүхий чатыг илгээсэн байдаг. Тодруулбал, тухайн мессежнээс нэхэмжлэгч нь хариуцагчийн орон сууцанд өөрийн дүүг 5 сарын хугацаанд байлгасан, мөн 1 сарын 700,000 төгрөгт тооцож суулгасан нь нотлогддог. Мөн талуудын хооронд өөр төлбөр тооцооны асуудал байхгүйг нэхэмжлэгч, хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн учраас дээрх 5 сарын хугацаанд өөрсдийн өмнөх орон сууцандаа дүүг нь суулгасан түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг нь орон сууцны төлбөрөөс хасагдахаар байхад нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцоогүйд гомдолтой байна.

Иймд хариуцагч талаас орон сууцны үнийн зөрүү болох 8,626,500 төгрөг, орон ууц түрээсийн төлбөр 3,500,000 төгрөг, нийт 12,126,500 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг үчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Л.О- Х ХХК-ийн баригдаж буй барилгад барилгын материал нийлүүлж байсан бөгөөд тус компаниас хямдралтай үнээр буюу 92,016,000 төгрөгөөр орон сууцыг худалдан авсан. Барилгын материал буюу хайрга, дайрга нийлүүлсэн тооцоо баримт байгаа. Хариуцагч нар 92,016,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож орон сууцыг авсан боловч дараа нь хэрэгт хамааралгүй, гэрээ хэлцэл нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч айлын отгон хүүхэд болно.

Орон сууцыг хөлслүүлсэн гэж маргаж байгаа бол тухайн этгээдүүдээс тусдаа нэхэмжлэл гарган шаардах боломжтой гэж үзэж байна гэжээ.

 ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

2. Нэхэмжлэгч Л.О хариуцагч Ц.О, Н.М нарт холбогдуулан 72,016,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн үндэслэлээ Х ХХК-д материал нийлүүлж, тус компани 72,016,000 төгрөгийн төлбөрт Баянзүрх дүүргийн Улаанхуаранд байрлах 57,51 м.кв талбайтай 2 өрөө байрыг мөнгө нэмээд төлбөртөө ав гэсэн. Ц.О, Н.М нар байраа Х ХХК-д хэлээд бидний нэр дээр шилжүүлээд өгчих, бид чамд 72,016,000 төгрөгийг өгье гэхээр нь байрны эрхээ Н.М-д шилжүүлсэн. Хариуцагч нар нь орон сууцны төлбөрт нийт 92,016,000 төгрөг төлөхөөс урьдчилгаа 20,000,000 төгрөгийг нь Х ХХК-д шилжүүлсэн. Дансанд 3,000,000 төгрөг, 6,500,000 төгрөг шилжүүлсэн. Приус-30 маркийн автомашиныг 14,500,000 төгрөгөөр, Тоёота Сай маркийн автомашиныг 20,000,000 төгрөгөөр тооцоод хасахад үлдэгдэл төлбөр нь 28,016,000 төгрөг байгаа. гэж тайлбарласан.

Хариуцагч Ц.О, Н.М нар хариу тайлбартаа 83,389,500 төгрөгийн үнэ бүхий байр авсан. Өөрсдийн байраа Л.О-ын дүүд сарын 700,000 төгрөгөөр 5 сар хөлслүүлсэн тул 3,500,000 төгрөгийг өгөх мөнгөнөөсөө суутгана. Нийт өгсөн мөнгө маань 67,500,000 төгрөг болж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж дараахь үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.О нь Х ХХК-тай 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэсэн ажлын хөлсөнд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Улаанхуаран, С хотхоны ** байрны ** тоот 57,51 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 92,016,000 төгрөгөөр авахаар тохиролцсон байна.

3.2. Нэхэмжлэгчийн Х ХХК-аас авах дээрх орон сууцыг хариуцагч нар худалдан авахаар тохиролцож, орон сууцны төлбөрт Х ХХК-ийн дансанд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 20,000,000 төгрөг, Л.О-ын дансанд 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 6,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн, Л.О-т 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр **-** У** улсын дугаартай Тоёота приус маркийн авто машиныг 14,500,000 төгрөгт, **-** У** улсын дугаартай Тоёота Сай маркийн автомашиныг 20,000,000 төгрөгт тус тус тооцож шилжүүлэн өгсөн.

3.3. 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр дээрх орон сууцны өмчлөгчөөр хариуцагч Н.М-г бүртгэж гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй.

4. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зохицуулсан ба зохигчдын хооронд хуульд заасан шаардлага хангасан хэлбэрээр гэрээ хийгдээгүй тул нэхэмжлэгч нь хариуцагч нарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж төлбөрийн үлдэгдлийг шаардсан нь үндэстэй.

 5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

5.1. Орон сууцны үнэ 92,016,000 төгрөг болох нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, Х ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Хариуцагч нар 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн орон сууц захиалан бариулах тухай гэрээг үндэслэн маргаан бүхий орон сууцны үнийг 83,389,500 төгрөг гэж маргаж байх боловч уг гэрээ нь нэхэмжлэгч болон Х ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахаас өмнө байгуулагдсан байх тул үнэн зөв гэж үнэлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч болон Х ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдахаас өмнө хариуцагч Н.М нь Б ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулах боломжгүй юм. Энэ талаар Х ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 23/07 дугаар тодорхойлолтод Уг байрны орон сууц захиалгын гэрээн дээрх үнийн дүн нь ... барилга баригдаж байх үеийн үнийн дүн бөгөөд 2020 онд уг орон сууцыг иргэн Л.О-т тооцон өгөх үед ашиглалтад орсон байсан тул зах зээлийн зарчмын дагуу үнийг нэмж өгсөн талаар дурджээ. Иймд орон сууцны үнийг 83,389,500 төгрөг гэх гомдол үндэслэлгүй.

5.2. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн дүүд хөлслүүлсэн орон сууцны хөлс 3,500,000 төгрөг төлбөрөөс хасагдахаар байхад шүүх хасч тооцоогүй гэж гомдолдоо дурджээ.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт зааснаар биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. Өөрөөр хэлбэл, үүргийг бие биедээ гүйцэтгэхээр байвал зохигчийн хоорондох харилцан шаардлагыг хооронд нь тооцож болохоор хуульд заажээ. Гэтэл хариуцагч нарын харилцан тооцуулах шаардлага нь зохигчийн хоорондох харилцан шаардлага биш, гуравдагч этгээд буюу нэхэмжлэгчийн дүүгийн гүйцэтгэвэл зохих үүргийг өөрсдийн төлөх төлбөрөөс хасч тооцуулахаар шаардсан байна. Үүрэг гүйцэтгэгч зөвхөн өөрийн шаардлагыг харилцан тооцох эрхтэй бөгөөд бусдын шаардлагыг харилцан тооцож болохгүй.

Иймд нэхэмжлэгчийн дүүгийн төлөх хөлс 3,500,000 төгрөгийг орон сууцны үнээс хасч тооцуулах агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй.

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагаас 28,016,000 төгрөгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7. Дээр дурдсанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2023/01159 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 208,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН