Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1292

 

В.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч М.Наранцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01142 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч В.Н-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 6 дугаар сарын   12-ны өдрийн 1360 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 10 дугаар сарын    26-ны өдрийн 1282 дугаар тогтоолоор хянан хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн зээлийн гэрээний үүрэгт 57.720.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд 48.497.969 төгрөгийг олгох, Ү-000000000 улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байрны 59 тоот, 57,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлагад оруулж, худалдан борлуулж төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Мэдэгдэлд дурдсан хөндлөнгийн шинжээчийн гаргасан тайлан мэдэгдлийг гаргуулан өгөхдөө баахан бичиг цаасыг харуулсан бөгөөд тэдгээртэй нэг бүрчлэн танилцах боломж олголгүйгээр гарын үсэг зуруулан авсан. Гэтэл уг баримт бичиг болон тайланг дахин шалгаж үзэхэд миний эд хөрөнгө нь бүхий л цонх нь наран талдаа, тухайн байгууламжийнхаа нэгдүгээр давхарт байрладаг, бүрэн засвар хийсэн, түүнчлэн хажуудаа маш ойрхон ерөнхий боловсролын бага сургууль байдаг, үүнээс гадна үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой байгаа зэргээс хамаарч 98.000.000 төгрөгөөр хамгийн багадаа худалдан борлуулах боломжтой зах зээлийн үнэлгээтэй байна. Түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2.1, 9.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагатай байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаас үзвэл эд хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдааны анхны үнэ нь тогтоосон үнийн 70 хувьтай тэнцэх буюу 62.510.000 төгрөг болж буурахаар байна. Хэрэв анхны дуудлага худалдаагаар хэн нэгэн этгээд аваагүй бол мөн зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн нийн 50 хувиар тооцон тогтооно гэж үзвэл тогтоосон үнэ нь 44.650.000 төгрөгөөр тогтоогдохоор байна. Миний одоогийн өмчилж байгаа эд хөрөнгийг өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байх тул хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг хууль бусад тооцуулж, үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй гэжээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энхтулга, Б.Лочин нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1360 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын          26-ны өдрийн 1282 дугаар тогтоолоор В.Н-ээс 48.497.969 төгрөг гаргуулж Н.Түмэнжаргалд олгохоор шийдвэрлэсэн. НШШГГ дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2018 оны 4 дүгээр сарын 05-ны дотор төлбөр барагдуулахыг мэдэгдэж мэдэгдлүүдийг өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн                          Ү-000000000 дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Залуус гудамж 10 дугаар байрны 59 тоотод байрлах 57.86 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд 89.300.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч В.Н-т 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4/6186 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг танилцуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Н-с хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 10 дугаар байр, 59 тоот, орон сууцны зориулалттай, 57.86 м.кв талбайтай, Ү-000000000 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч В.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Мэдэгдэлд дурсдан хөндлөнгийн шинжээчийн гаргасан тайланг тусгай мэдлэгтэй үнэлгээний байгууллага гаргасан гэж үзэхгүй байна. Шинжээчийн тайланг дахин шалгаж үзэхэд миний эд хөрөнгө нь бүхий л цонх нь наран талдаа, тухайн байгууламжийнхаа нэгдүгээр давхарт байрладаг, бүрэн засвар хийсэн, түүнчлэн хажуудаа маш ойрхон ерөнхий боловсролын бага сургууль байдаг, үүнээс гадна үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой байгаа зэргээс хамаарч 100.000.000 төгрөгөөр хамгийн багадаа худалдан борлуулах боломжтой зах зээлийн үнэлгээтэй байна. Энэ хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний тайланд заасан үнэ нь зах зээлийн бодит үнэлгээ, бүс нутгийн эд хөрөнгийн үнэлгээнээс хэт бага байх тул шүүхэд гомдол гаргаж, эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж, эд хөрөнгийн онцлогт үндэслэн түүнийг дахин тогтоолгох хүсэлтэй. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаас үзвэл эд хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдааны анхны үнэ нь тогтоосон үнийн 70 хувьтай тэнцэх буюу 62.510.000 төгрөг болж буурахаар байна. Хэрэв анхны дуудлага худалдаагаар хэн нэгэн этгээд аваагүй бол мөн зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар тогтоосон үнэ нь 44.650.000 төгрөгөөр тогтоогдохоор байна. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар миний одоогийн өмчилж байгаа эд хөрөнгийг өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байх тул хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг хууль бусад тооцуулж, үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хариу тайлбартаа үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байхад шүүх дээр дурдсан нөхцөл байдлыг тал бүрээс бүрэн дүүрэн, нотлох баримтын хүрээнд хуулийн дагуу шийдвэрлээгүй тул шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, эд хөрөнгийн үнийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоолгож, хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч В.Н  нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн “Мөнх-Оргил трейд” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний 24/ш тоот үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00541 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1360 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1282 дугаар тогтоолоор В.Н-ээс 48 100 000 төгрөгийг гаргуулж Н.Түмэнжаргалд олгохоор шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдсэнээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан байна. /хх-ийн 21-29/

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 18270630-3 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 10 дугаар байр, 59 тоот, орон сууцны зориулалттай, 57.86 м.кв талбайтай, Ү-000000000 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг битүүмжилж, 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 18270630/8 тоот тогтоолоор хураажээ. /хх-ийн 35, 40/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдааны санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас “Мөнх-Оргил трейд” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай тус тус нийцжээ. /хх-ийн 45/

Төлбөр төлөгч В.Н 100 000 000 төгрөгөөр үнийн санал гаргасныг төлбөр авагч Н.Түмэнжаргал зөвшөөрөөгүй үйл баримт тогтоогдсон байна /хх-ийн 43, 44/

Хөрөнгийн үнэлгээний “Мөнх-Оргил трейд” ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр орон сууцны өнөөгийн зах зээлийн бодит үнэ цэнийг 89 300 000 төгрөгөөр тодорхойлсон тухай мэдэгдлийг төлбөр төлөгчид 2019 оны 3 дугаар сарын      06-ны өдөр мэдэгдсэн хариуцагч байгууллагын ажиллагаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “...уг орон сууц нэгдүгээр давхарт байрладаг, бүрэн засвар хийсэн, түүнчлэн хажуудаа маш ойрхон ерөнхий боловсролын бага сургууль байдаг, үүнээс гадна үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой байгаа зэргээс хамаарч 100.000.000 төгрөгийн үнэ ханштай байхад 89 300 000 төгрөгөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй”  гэх тайлбараа нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

 “Мөнх-Оргил трейд” ХХК-ийн үнэлгээчин Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд оролцож, орон сууцыг ямар аргачлалаар, хэрхэн үнэлсэн тухайгаа тодорхой тайлбарласан ба нэхэмжлэгч нь үйлчилгээний зориулалтаар бус орон сууцны зориулалтаар ашиглаж байгаа тул нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй болно. /хх-ийн 101-102/

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/01142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.ИЧИНХОРЛОО

                                         ШҮҮГЧИД                                       М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                Н.БАТЗОРИГ