Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/01142

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2019/01142

Улаанбаатар хот

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: В.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч В.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, Б.Л, гэрч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1360 дугаар магадлал, Улсын Дээд Шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1282 дугаар тогтоолоор хянан хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн зээлийн гэрээний үүрэгт 57,720,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт надаас тухайн иргэний хэргийн нэхэмжлэгч Н.Түмэнжаргалд 48,497,969 төгрөгийг олгох, Ү- улсын бүртгэлийн дугаартай, Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 10 дугаар байрны 59 тоот, 57,86 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг албадан дуудлагад оруулж, худалдан борлуулж төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, түүнийг төлөөлж Тасгийн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэх, Ахлах дэслэгч Б.Д-ийн 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 416185 дугаар мэдэгдэлд орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар хөндлөнгийн шинжээч 89,300,000 төгрөгөөр тогтоосон гэж бичжээ. 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр хүлээж аваад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол энэ хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг үндэслэж хариуцагчийн гаргасан мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхгүйгээр уг гомдлыг гаргаж байна.

Мэдэгдэлд дурдсан хөндлөнгийн шинжээчийн гаргасан тайлан мэдэгдлийг гаргуулан өгөхдөө баахан бичиг цаасыг харуулсан бөгөөд тэдгээртэй нэг бүрчлэн танилцах боломж олголгүйгээр гарын үсэг зуруулан авсан. Гэтэл уг баримт бичиг болон тайланг дахин шалгаж үзэхэд миний эд хөрөнгө нь бүхий л цонх нь наран талдаа, тухайн байгууламжийнхаа нэгдүгээр давхарт байрладаг, бүрэн засвар хийсэн, түүнчлэн хажуудаа маш ойрхон ерөнхий боловсролын бага сургууль байдаг, үүнээс гадна үйлчилгээний зориулалтаар ашиглах боломжтой байгаа зэргээс хамаарч 98,000,000 төгрөгөөр хамгийн багадаа худалдан борлуулах боломжтой зах зээлийн үнэлгээтэй байна.

Мөн түүнчлэн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар аливаа эд хөрөнгийн үнэлгээний тайлан нь “хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг” байх ёстой бөгөөд мөн зүйлийн 9.2.1-т зааснаар хөрөнгийн үнэлгээний суурийг тодорхойлохдоо тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх” мөн мөн зүйлийн 9.2.3-т зааснаар хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх” шаардлагатай байдаг.

Энэ Хөндлөнгийн шинжээчийн үнэлгээний тайланд заасан үнэ нь зах зээлийн бодит үнэлгээ, бүс нутгийн эд хөрөнгийн үнэлгээнээс хэт бага байх тул шүүхэд гомдол гаргаж, эд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэж, эд хөрөнгийн онцлогт үндэслэн түүнийг дахин тогтоолгох хүсэлтэй байна.

Учир нь уг байранд миний бие, нөхөр бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд 2013 оноос хойш тодорхой ажил эрхлээгүй, өөр амьдрах орон байр байхгүй. Гэтэл Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно ” гэж зааснаас үзвэл эд хөрөнгийг худалдан борлуулах албадан дуудлага худалдааны анхны үнэ нь тогтоосон үнийн 70 хувьтай тэнцэх буюу 62,510,000 төгрөг болж буурахаар байна. Хэрэв анхны дуудлага худалдаагаар хэн нэгэн этгээд аваагүй бол мөн зүйлийн 177.4 дэх хэсэгт зааснаар хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн нийн 50 хувиар тооцон тогтооно” гэж үзвэл тогтоосон үнэ нь 44,650,000 төгрөгөөр тогтоогдохоор байна.

Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй ” байх миний одоогийн өмчилж байгаа Эд хөрөнгийг өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчиж байх тул Хөндлөнгийн шинжээчийн гаргасан үнэлгээг хууль бусад тооцуулж, үнэлгээг дахин хийлгэх хүсэлтэй байна.

Үнэлгээчний тогтоосон үнийн 70 хувь магадгүй 50 хувиар тооцож албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, түүнээс Иргэний хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэх хэсэгт зааснаар "Үүрэг гүйцэтгүүлэгч нь улсын бүртгэлд ипотекийн эрх бүхий цорын ганц этгээдээр бүртгэгдсэн, эсхүл дуудлага худалдаанаас орсон орлогоос түүнийг зохион байгуулсантай холбогдсон зардлыг төлөөд үлдсэн хэсэг нь бүх үүрэг гүйцэтгүүлэгчдийн шаардлагыг хангахад хүрэлцэхүйц байвал уг худалдааг зохион байгуулсан эрх бүхий этгээд зардлыг тооцсоны дараа үлдсэн орлогыг үүрэг гүйцэтгүүлэгч нарт зохих дараалал, журмын дагуу хуваарилж, үлдэгдлийг эд хөрөнгө нь дуудлага худалдаанд орсон өмчлөгчид шилжүүлбэл” миний бие дахин төлбөр барагдуулах ёстой болно.

Гэтэл өөрт байгаа ганц хөрөнгө болох өмчлөлийн эд хөрөнгийг алдчихаад 2 хүүхэдтэйгээ толгой хорогдох газаргүй гудамжинд гарах нөхцөл үүсэж байгаагаас гадна дахин өр төлбөрт хууль бусаар тооцуулах нөхцөл байдал бий болж байгаа тул тогтоосон үнийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байх тул үүнийг шийдвэрлэж, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 541 дүгээр шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1360 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1282 дугаар тогтоолоор В.Нээс 48,497,969 төгрөг гаргуулж Н.Т-д олгохоор шийдвэрлэсэн.

Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2018 оны 4 дүгээр сарын 05-ны дотор төлбөр барагдуулахыг мэдэгдэж 18270630-1, 18270630-4, 18270630-6, 18270630-8, 182706301 дугаартай мэдэгдлүүдийг өгсөн боловч шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Залуус гудамж 10 дугаар байрны ,, тоотод байрлах 57.86 м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хураасан.

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг хийлгэхэд 89,300,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Төлбөр төлөгч В.Нт 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 4/6186 тоот үнэлгээний мэдэгдлээр хөрөнгийн үнэлгээг танилцуулсан.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-т заасан хугацаанд гомдол гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В.Н нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүйд  тооцуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Зохигч буюу нэхэмжлэгч талаас ...үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн нь хууль бус, үндэслэлгүй тул хөндлөнгийн шинжээчийн үнэлгээнд гомдолтой гэж, хариуцагч талаас ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг мэргэжлийн хөндлөнгийн байгууллага гаргасан, үндэслэлтэй гэж тус тус тайлбар гарган мэтгэлцдэг.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзэхэд Н.Т-ын нэхэмжлэлтэй хариуцагч В.Нт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 57,720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тус шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 184/ШШ2017/00541 дугаар шийдвэрээр ...хариуцагч В.Нээс 57,720,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Т-д олгож, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1360 дугаар магадлалаар ...хариуцагч В.Нээс үндсэн зээл 26,000,000 төгрөг, хүү 12,480,000 төгрөг, алданги 9,620,000 төгрөг нийт 48,100,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Т-д олгож, Улсын дээд шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2017/01282 дугаар тогтоолоор ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1360 дугаар магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн /хх 22-29/, улмаар 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 184/ШЗ2018/03616 дугаар захирамжийн дагуу 184/ГХ2018/00495 тоот гүйцэтгэх хуудас /хх 20-21/ бичигдсэн байна.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 18270630-1 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 33/ хүргүүлж, тэмдэглэл /хх 32, 34/ үйлдсэн байна.

 

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 18270630-3 тоот тогтоолоор Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 10 дугаар байр, ,, тоот, орон сууцны зориулалттай, 57,86 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор битүүмжилж, тэмдэглэл үйлдэн /хх 35/ мөн өдрийн 18270630-4 дугаар, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 18270630-8 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг /хх 36, 38/ төлбөр төлөгчид хүргүүлж, тэмдэглэл /хх 37 ,39/ үйлджээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 18270630/8 тоот эд хөрөнгө хураах тухай тогтоолоор В.Нийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 10 дугаар байр, ,, тоот, орон сууцны зориулалттай, 57,86 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг хураасан /хх 40-42/ байна.

 

Талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэд санал нэгдээгүй тул төлбөр авагч Н.Т-ын хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлтээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шинжээчээр “М” ХХК-ийг томилж /хх 45/, Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 10 дугаар байр, 59 тоот, орон сууцны зориулалттай, 57,86 м.кв талбайтай, Ү-2201027631 улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг 89,300,000 төгрөгөөр үнэлж /хх 48-63/, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 4/6185 тоот албан бичгээр хөндлөнгийн шинжээчийн үнэлгээг мэдэгдэхэд нэхэмжлэгч В.Н нь 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсан /хх 64/ болох нь тус тус баримтаар тогтоогдож байна.

 

Хэдий төлбөр төлөгч гомдлоо 3 сарын 18-нд шүүхэд гарган гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн нь ...Үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй талаарх гомдол гаргахаа шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдсэн. Өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад энэ биш өөр шүүхэд хандсан, тэмдэгтийн хураамж хэрхэн төлөх, хаана төлөх гэх асуудалд буруу зөвлөгөө авсан, татвараас, банкнаас шалтгаалсан гэх нэхэмжлэгчийн тайлбар, шүүхийн, татварын үйл ажиллагаа гомдол гаргах хугацаа хэтрэхэд нөлөөлсөн гэж үзнэ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжилгээ хийж, дүгнэлт гаргах тусгай мэдлэг бүхий, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн ашиг сонирхолгүй этгээдийг шинжээчээр томилон оролцуулж болно гэж, энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгөд шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд орон сууцны үнийн талаар харилцан тохиролцоогүй тул төлбөр авагч болох Н.Түмэнжаргалын хүсэлтээр эд хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ гаргуулсан нь хууль зөрчөөгүй байна гэж шүүх үзэв.

 

Хөндлөнгийн шинжээч “М” ХХК-иас ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 10 дугаар байр, ,, тоот, 2 өрөө орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний байдлаар үнэлж, өнөөгийн зах зээлийн нийт үнэ, цэнийг 89,3 сая төгрөгөөр тодорхойлов” /хх 49/ гэж үнэлсэн бөгөөд шинжээч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрч Б.Мягмарсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...Үнэлгээг тогтоолын дагуу газар дээр нь очиж хийсэн. Хөрөнгийн үнэлгээ хийхдээ Хөрөнгийн үнэлгээний хууль, олон улсын стандартын дагуу тогтоох ёстой. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, Google программаас авсан зураг, зах зээлийн мэдээллийг ашиглаад тооцоолол хийсэн.

Өртгийн хандлага нь тухайн хөрөнгийг элэгдлийг хасаж тооцоод өртгийн хандлагын аргаар 54 сая төгрөг болсон. Мөн орлогын хандлагаар үнэлсэн. Судалгаанаас үзэхэд үнэлж байгаа орон сууцтай ойролцоо төрлийн орон сууцны сарын түрээсийн ханш нь дунджаар 500-700 төгрөг байна. Энэ нь жилд 7,8 сая төгрөгийн орлого олох боломжтой. Орлогоо  зарим сард нь авч чадахгүй юм уу байх үеийн 5 хувийн алдагдлыг тооцсон. Үүнээс бодит нийт орлого 7 сая төгрөгийн орлого олох боломжтой. Татварын 10 хувийн мөн хасаж тооцсон. Жилдээ 6,669,000 төгрөг олох боломжтой юм гэж тооцож гаргасан. Хөрөнгийн өнөөгийн үнэ цэнийг шууд капиталчлах аргаар тооцвол 55,6 сая төгрөг гэж гарч байгаа.

Зах зээлийн харьцуулалтын үнэлгээ нь  уг орон сууцыг байршил, хийц өрөөний хувьд ойролцоо, одоогоор зарахаар зарлагдаж байгаа 3 орон сууцтай харьцуулах замаар үнэлгээ гаргахад дунджаар 1 м.кв-г 1,543,000 төгрөгөөр зарагдана гэсэн тооцоолол гарсан. Энэ  тоог үнэлгээ хийж буй байрын м.кв-аар үржүүлэхэд 89,3 сая төгрөг гарсан. Дээрх 3 тооцооллоор зах зээлийн хамгийн бодитой эцсийн үнэлгээ нь 89 сая төгрөг  байна гэж тооцсон. Эцсийн дүгнэлт нь орлогын хандлагыг сонгоогүй, зах зээлийн хандлагыг сонгосон” гэж мэдүүлдэг.

 

Хариуцагч талын татгалзал, шинжээчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг нэхэмжлэгч талаас үгүйсгэж чадаагүй, хэт доогуур үнэлсэн, эргэлзээ бүхий үнэлгээ гарсан гэдэг үйл баримтын талаар холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд нотлох баримт цуглуулах, шүүхэд гаргаж өгөх боломж бололцоо, хугацаа байсан болно.

 

Түүнчлэн нэхэмжлэгч талын хүсэлтээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хаягт үзлэг хийснээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй ижил хэмжээ, байршилтай орон сууцны анхны үнэ, 2 дахь дуудлага худалдааны үнийг судлуулан өөрийн орон сууцны үнэ зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршил, шинж, ашиглалтад орсон хугацаа, талуудын үнийн санал зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан үнэлгээ харилцан адилгүй байдаг гэх хариуцагч талын тайлбар татгалзлыг мөн баримтаар үгүйсгээгүй тул нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болох зах зээлээс хэт доогуур үнэлсэн гэх үнэлгээг нотолж чадаагүй болон шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 135 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хууль болон Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу явуулсан үндэслэлээр нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн орон сууцыг хэт доогуур үнэлсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус явагдсан гэх тайлбар гаргадаг хэдий ч тухайн шаардлага үндэслэлээ нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд хариуцагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан, үл хөдлөх эд хөрөнгийн шинжээчийн үнэлгээ үндэслэлтэй гэх тайлбар нь үндэслэл бүхий байх тул В.Нийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч В.Нээс хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Сонгинохайрхан дүүрэг, 13 дугаар хороо, 1 дүгээр хороолол, 10 дугаар байр, ,, тоот, орон сууцны зориулалттай, 57,86 м.кв талбайтай, Ү- улсын бүртгэлийн дугаартай 2 өрөө орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч В.Нийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ