Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/01205

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 09 101/ШШ2023/01205

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Ж ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ч.Г  холбогдох,

Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 88,031,445 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, Ч.Г болон Ж ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогсод:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ч.Г , нэхэмжлэгч Ж ХХК-ийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч Ачит бат заяа, Өв Бесоб, Сондор, Их мянга нэртэй дэлгүүр газраар дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 83,343,570 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариуцагч Ч.Г гийн гаргасан хүсэлтийг үндэслэн тооцооны үлдэгдлийн баталгаа баримт үйлдэж, Төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Хариуцагч Ч.Г тай байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-ний 2.4-т хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг төлбөр авагчид төлнө.. гэсэн заалтын дагуу сард гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сарын 1,041,759 төгрөгийн алданги тооцож, нийт төлөөгүй 4 cap 15 хоногийн хугацаанд 4,687,875 төгрөгийн алданги нэмсэн болно. Хариуцагч Ч.Г гаас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөх 83,343,570 төгрөг, алдангид тооцсон 4,687,875 төгрөг, нийт 88,031,445 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зарим баримтад үндэслээд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Нэхэмжилсэн алданги 4,687,875 төгрөгөөс татгалзаж байна. Хариуцагч талаас 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 7,200,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэнээс 5,000,000 төгрөг хасагдаад 2,200,000 төгрөг нь хасагдаагүй үлдсэн байсан тул уг мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасаж багасгаж байна. Мөн 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4,000,000 төгрөгийн шилжүүлэг нь хасагдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасаж байгаа. Нэхэмжлэлийн үнийн дүн болох 88,031,445 төгрөгөөс алданги 4,687,875 төгрөг, хариуцагчийн шилжүүлсэн 2,200,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нийт 10,887,875 төгрөгийг хасаж үлдэгдэл 77,143,570 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Т.Ц нь 2013 оноос Ж ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилласан. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг хэрэгт баримтаар гаргаж өгсөн. Т.Ц оос бараа авч байна гэдэг нь Ж ХХК-аас бараа бүтээгдэхүүн авч байна гэсэн үг, иргэн Т.Ц өөрийн барааг борлуулсан үйл явдал болоогүй. Нэхэмжилж буй мөнгөн дүнгийн тухайд төлбөр тооцооны асуудал нь хоёр тооцооны баримтаас бүрддэг. 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн тооцоо нийлсэн акт, төлбөр барагдуулах гэрээний үнийн дүн нь 12,116,770 төгрөгийн баримт байгаа. Цаг хугацааны хувьд 10 дугаар сарын 20-ны өдөр биш түүнээс 7 сарын өмнө буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хийгдсэн төлбөр барагдуулах, тооцоо нийлсэн акт байдаг.78 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний тооцооны асуудлын тухайд тухайн үед Т.Ц ажлаа хүлээлгэж өгч байсан. Ажлаа хүлээлгэн өгч байгаа тохиолдолд Ж ХХК комисс гаргаж, ажил хүлээлцүүлж байсан. Ч.Г гэж хүн компани дээр ирж байгаагүй учир бид нар ажлын байранд нь очиж уулзсан. Тухайн үед нягтлан бодогч н.Б, хуульч Э.Ж би, Т.Ц бид гурав очиж уулзаж байсан. Энэ хүн ажил хүлээлцэж байгаа учир та төлбөр тооцооны асуудал байвал яг одоо бид нарт нийлэх хэрэгтэй байна гэж хэлж байсан. Өмнө нь байгууллага дээр удаа дараа дуудаж байсан нь утасны мессеж, дуудлагаар тогтоогдож байгаа. Ажил хүлээлцэж байгаа учир үүнээс хойших гарах үр дагаврыг та бүрэн хариуцна шүү гэхэд тиймээ эгч нь мэдэж байгаа, ийм төлбөр тооцоо байгаа гэж хэлээд гарын үсэг зурсан. Бидний хувьд ямар нэгэн байдлаар хуурч мэхлээгүй, дүр эсгэсэн хэлцэл байгуулаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Г миний бие нь Ж ХХК-аас нэхэмжилсэн 83,343,570 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Ж ХХК-иас ямар нэг бараа материал аваагүй, хамтран ажиллах гэрээ хэлцэл байгуулаагүй. Харин тус компанийн борлуулагч гэх иргэн Т.Ц оос хүнсний бараа бүтээгдэхүүн авч Налайх дүүргийн мойлтын тохойд байрлах Зако найман нэрийн дэлгүүрээр худалдан борлуулдаг байсан. Гэтэл Т.Ц нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр нягтлан болон хуулийн зөвлөх гэх хүмүүстэй Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Сансар бөөний төв дээр ирээд 83,345,570 төгрөгийн үнийн дүнтэй, мөн 12,116,770 төгрөгийн үнийн дүнтэй төлбөр барагдуулах гэрээ болон санхүүгийн падаан, төлбөр төлөх хуваарь, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтууд дээр гарын үсэг зуруулж, надад үг зааж өгөн санхүүгийн албанд хүсэлт бичүүлж авсан. Т.Ц нь эгчээ та ямар ч байсан энэ гэрээ болон бусад баримт дээр гарын үсэг зураад намайг авраад өгөөч, дүү нь борлуулалтын мөнгөнөөс аваад үрчихсэн, хүүхэд хүнд өвчтэй, дүү нь ажилгүй болох гээд байна, хоёулаа дараа нь жинхэнэ тооцоогоо хоорондоо тулгая, 2020 онд буулгасан бараанаас дутуу буулгасан бараа нь 17,808,000 төгрөгийн бараа байгаа, энэ нөхцөл байдлыг ойлгооч гээд гуйгаад байсан. Тэгэхээр нь би Т.Ц д итгээд Төлбөр барагдуулах гэрээ болон бусад баримтууд дээр гарын үсэг зурж өгөөд дараа нь тооцоогоо тулгаад учрыг олъё гэж бодоод гэрээн дээр гарын үсэг зурсан. Гэтэл Т.Ц нь Ж ХХК-ийн хуулийн зөвлөх, нягтлан нартайгаа үгсэн хуйвалдаж, намайг хуурч мэхлэн гэрээ болон бусад санхүүгийн баримтад гарын үсэг зуруулж эдгээр баримтаа миний эсрэг ашиглан намайг шүүхэд өгсөн байна. Ж ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй тул өгөх өглөг байхгүй гэж үзэж байна. Т.Ц ын өгсөн бараа нь нийт 78,940,000 төгрөгийн бараанаас 17,808,000 төгрөгийн барааг дутуу буулгасан, 25,400,000 төгрөгийг Ч.Г өөрийн хамт ажиллаж байсан Ц.У гийн нөхрийн дансаар дамжуулж Т.Ц руу шилжүүлсэн байгаа Үүнээс үлдсэн гучин долоо гаруй сая төгрөгийг өгөх ёстой юм байна гэж хүлээн зөвшөөрч байгаа. Ч.Г г хуурч мэхэлж баримтад гарын үсэг зуруулсан тул миний бие болон Ж ХХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 59 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэв.

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-3/, итгэмжлэл /хх1-4/, 2020.10.19-ний өдөр Ж ХХК-д Ч.Г гийн гаргасан хүсэлт /хх1-5/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх1-6, 7/, тооцооны үлдэгдлийн баталгаа /хх1-8/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх1-9/, 2020.10.19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ /хх1-10/, Ж ХХК-н хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх1-11/, хөдөлмөрийн гэрээ /хх1-87-89/, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх1-90-91/, ажлын байрны тодорхойлолт /хх1-92-93/, Ж ХХК-ийн захирлын 2020.0930-ны өдрийн 125/20 дугаартай тушаал /хх1-94/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.14-ний өдрийн 184/ШШ2021/03370 дугаар шийдвэр /хх1-244-247/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.16-ны өдрийн 274 дугаар магадлал /хх1-248-250/, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ /хх2-1, 2, 3/, 2022.12.27-ны өдрийн нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /хх2-64/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: хариу тайлбар /хх1-22/, 2021.06.04-ний өдрийн итгэмжлэл /хх1-27/, зарлагын падаан /хх1-34, 35, 40/, 2020.03.20-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээ /хх1-36/, Голомт банкны 2020.01.10-ны өдрийн мемориалын баримт /хх1-41/, Хаан банк дахь Б.Б ийн 5006381629 дугаартай дансны хуулга /хх1-42-44, 96/, сөрөг нэхэмжлэл /хх1-64-65, 80-82/, улсын тэмдэгтийн хураамж /хх1-66, 82/, гар бичмэл 8хх1-95/, тохиролцооны өргөдөл /хх1-98/, 2022.03.31-ний өдрийн итгэмжлэл /хх2-4/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч Ц.У гийн мэдүүлэг /хх1-119-121/, гэрч Т.Ц ын мэдүүлэг /хх1-122-126/, 2021.10.25-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /хх1-130-177/, Хаан банкны 2021.12.08-ны өдрийн албан бичиг, 5022352269 дугаартай дансны хуулга /хх1-186, 187-209/, шинжээчийн дүгнэлт гаргуулахтай холбоото баримт /хх1-210-224/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.03.07-ны өдрийн 248 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх1-226-235/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022.11.22-ны өдрийн 2673 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх2-24-58/, 2022.03.06-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Ч.Г д холбогдуулан бараа бүтээгдэхүүний төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 83,343,570 төгрөг, алданги 4,687,875 төгрөг, нийт 88,031.445 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 4,687,875 төгрөгөөс татгалзаж, мөн хариуцагчийн төлсөн төлбөр 6,200,000 төгрөгийг хасаж тооцож, нэхэмжлэлийн шаардлагыг нийт 10,887,875 төгрөгөөр багасгаж, хариуцагчаас 77,143,570 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч Ч.Г нь Ж ХХК-аас бус иргэн Т.Ц оос бараа бүтээгдэхүүн худалдан авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гарган маргасан.

Мөн хариуцагчийг хууран мэхэлж хийсэн гэх үндэслэлээр Ч.Г болон Ж ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах баримтуудыг нотлох баримтаар ирүүлж, хариуцагчаас төлбөрийн үлдэгдэл гаргуулахаар шаардсан байна. Үүнд:

4.1. Ж ХХК болон Ч.Г нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, тус баримтад төлбөр төлөгч Ч.Г гийн төлөх төлбөрийн үлдэгдэл 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 12,116,770 төгрөг болох талаар баталгаажуулсан. /хх1-8/

4.2. Ж ХХК болон Ч.Г нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, тус баримтад төлбөр төлөгч Ч.Г гийн төлөх төлбөрийн үлдэгдэл 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 71,226,800 төгрөг болох талаар баталгаажуулсан. /хх1-9/

4.3. . Ж ХХК болон Ч.Г нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээ, уг гэрээнд Ч.Г гийн төлөх төлбөрийн үлдэгдэл 83,343,570 төгрөг болохыг баталгаажуулсан, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон. /хх1-10/

5. Хариуцагч нь дээр дурдсан баримтуудыг үйлдсэн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байх боловч Ж ХХК-ийн борлуулагч Т.Ц ын гуйлтын дагуу тухайн баримтуудад гарын үсэг зурсан, Ж ХХК-аас бараа бүтээгдэхүүн аваагүй тул эдгээр баримтад дурдсан мөнгөн төлбөрийн үүрэг түүнд хамааралгүй гэх тайлбарыг гарган мэтгэлцсэн.

6. Хариуцагчийн тайлбар, татгалзалд нэр дурдагдсан Т.Ц нь Ж ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулан худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан, 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь хэрэгт авагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, ажлын байрны тодорхойлолт, компанийн захирлын тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх1-87-89, 90-91, 92-93, 94/

Т.Ц нь Ж ХХК-ийн худалдааны төлөөлөгчийн хувьд хариуцагч Ч.Г гийн ажиллуулж байсан дэлгүүрт тус компанийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байсан болох нь гэрч Ц.У , гэрч Т.Ц нарын мэдүүлэг, Ж ХХК-ийн зарлагын падаан зэрэг баримтаар тогтоогдож байх тул хариуцагчийн Ж ХХК-аас бараа бүтээгдэхүүн аваагүй гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

7. Худалдах, худалдан авах гэрээг байгуулахад хэлбэрийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч Ч.Г нь Ж ХХК-ийн 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 7233, 7236 дугаартай зарлагын падаанаар бараа хүлээн авч, гарын үсэг зурж баталгаажуулсан, бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулж, холбогдох төлбөр тооцоог хийж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд худалдах, худалдах авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Г 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 7233 дугаартай зарлагын падаанаар нийт 78,940,800 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авч, 2020.04.30-ны өдөр 5,100,000 төгрөг, 2020.05.27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлснийг хасаж тооцон 71,226,800 төгрөгийн үлдэгдэлтэйг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан. Мөн өмнөх төлбөрөөс 2020.01.10-ны өдөр шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг хасаж үлдэгдэл нь 12,116,770 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан. 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр эдгээр төлбөрийн үлдэгдлийг нэгтгэн нийт 83,343,570 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг баталгаажуулан тооцоо нийлж Төлбөр барагдуулах гэрээ байгуулсан гэх тайлбарыг гаргаж, уг гэрээний үүргийг хариуцагчаас шаардсан.

8. Хариуцагч нь нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгож буй 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдсэн Тооцооны үлдэгдлийн баталгаа, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээнд заасан мөнгөн дүнг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргаж байх боловч өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй, уг тайлбар нь баримтаар тогтоогдоогүй болно.

9. Хариуцагч Ч.Г нь авсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг хамт ажиллаж байсан Ц.У гийн нөхөр Б.Б ийн данснаас Ж ХХК-ийн худалдааны төлөөлөгч Т..Ц ын Хаан банкин дахь 5022352269 дугаартай данс руу шилжүүлж байсан бөгөөд 2020.01.10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020.04.20-ны өдөр 5,100,000 төгрөг, 2020.04.30-ны өдөр 5,100,000 төгрөг, 2020.05.27-ны өдөр 7,200,000 төгрөг, 2020.07.23-ны өдөр 4,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан банкны дансны хуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээр дурдсан мөнгөн шилжүүлгүүд хийгдсэн талаар маргаагүй ч 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шилжүүлсэн 5,100,000 төгрөгийг Ц.У гийн төлөх төлбөрт оруулан тооцсон тул Ч.Г гийн төлбөрөөс хасаж тооцох боломжгүй гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй тул Ч.Г гийн төлөх төлбөрөөс хасаж тооцох үндэслэлтэй.

Хариуцагч нь 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 7233 дугаартай зарлагын падаан дээр нийт 78,940,800 төгрөг гэж бичсэн боловч Т.Ц бараа бүтээгдэхүүнийг дутуу нийлүүлсэн, 16,300,000 төгрөгийн асуудал нь Т.Ц д хамааралтай гэх тайлбарыг гаргасан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Т.Ц нь Ч.Г гийн төлөх төлбөрөөс өөрт хамаарах 16,300,000 төгрөгийг төлөх талаар Ч.Г , Ц.У нартай ярилцахдаа зөвшөөрсөн болох нь гар утасны ярианы бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдож байх тул Ч.Г гийн авсан барааны төлбөрөөс 16,300,000 төгрөгийг хасаж тооцох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн шаардсан 83,343,570 төгрөгөөс хариуцагчийн 2020.04.20-ны өдөр шилжүүлсэн 5,100,000 төгрөг, 2020.05.27-ны өдөр шилжүүлсэн 2,200,000 төгрөг, 2020.07.23-ны өдөр шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг, мөн Т.Ц д хамаарах 16,300,000 төгрөгийг тус тус хасаж тооцоход үлдэх 55,743,570 төгрөгийг хариуцагч Ч.Г гаас гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь зүйтэй.

10. Хариуцагч Ч.Г нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээг түүнийг хууран мэхэлж хийсэн гэсэн үндэслэлээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.1.4-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ Ж ХХК-ийн борлуулагч Т.Ц нь хуулийн зөвлөх, нягтлан бодогч нартайгаа үгсэн хуйвалдаж, хуурч мэхлэн гэрээ болон санхүүгийн баримтад гарын үсэг зуруулж, эдгээр баримтаа ашиглан түүнээс мөнгө шаардсан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч талын төлөөлөл бусадтай үгсэн хуйвалдаж ашиг хонжоо олох зорилгоор, хууран мэхэлж гэрээ байгуулсан, тэрээр үнэн санаанаас бус, Т.Ц ын гуйсны дагуу гэрээнд гарын үсэг зурсан гэх тайлбарыг гаргаж байх боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, хариуцагчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ болон гэрээний хавсралт төлбөр төлөх хуваарьтай хариуцагч Ч.Г танилцаж гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд хийгдсэн гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хууран мэхэлж хийсэн хэлцэл, 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар үнэн санаанаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зоригийг илэрхийлсэн хэлцэл гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байна.

11. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж хариуцагч Ч.Г гаас 2020 оны 10 дугаар сарын19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 55,743,570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,400,000 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Ч.Г болон нэхэмжлэгч Ж ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 598,110 төгрөгийг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулан хариуцагчид олгож, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 436,668 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Г гаас 55,743,570 /тавин таван сая долоон зуун дөчин гурван мянга таван зуун далан/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,400,000 /хорин нэгэн сая дөрвөн зуун мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Г болон нэхэмжлэгч Ж ХХК нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан Төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,110 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулан хариуцагч Ч.Г д олгож, хариуцагч Ч.Г гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 436,668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР