Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2023/00996

 

 

 

 

 

 

 

 

2023 05 12 210/МА2023/00996

 

 

Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/01205 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Г-д холбогдох,

төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 77,143,570 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,

төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Ч.Г-, нэхэмжлэгч Ж ХХК-ийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авч Ачит батзаяа, Өв Бесоб, Сондор, Их мянга нэртэй дэлгүүр, газруудаар дамжуулан зарж борлуулж ашиг олдог байсан. Нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөр болох 83,343,570 төгрөгийг төлж барагдуулах зорилгоор талууд харилцан тохиролцож, 2020 оны 10 сарын 19-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Гэвч хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Хариуцагч Ч.Г-тай байгуулсан 2020 оны 10 сарын 19-ний өдрийн төлбөр барагдуулах гэрээний 2.4-т хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг төлбөр авагчид төлнө гэж заасны дагуу сард гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд 2020 оны 11 сарын 15-ны өдрөөс 2021 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл сарын 1,041,759 төгрөгийн алданги тооцож, нийт төлөөгүй 4 cap 15 хоногийн хугацааны 4,687,875 төгрөгийн алданги нэмсэн болно. Хариуцагч Ч.Г-гаас төлбөр барагдуулах гэрээний үүрэгт төлөгдөх 83,343,570 төгрөг, алдангид тооцсон 4,687,875 төгрөг, нийт 88,031,445 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үнийн дүн 88,031,445 төгрөгөөс алданги 4,687,875 төгрөг, хариуцагчийн шилжүүлсэн 2,200,000 төгрөг, 4,000,000 төгрөг, нийт 10,887,875 төгрөгийг хасч, үлдэх 77,143,570 төгрөгийг гаргуулахаар хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Миний бие Ж ХХК-аас ямар нэг бараа, материал аваагүй. Харин тус компанийн борлуулагч гэх иргэн Т.Ц-оос хүнсний бараа, бүтээгдэхүүн авч Зако найман нэрийн дэлгүүрээр худалдан борлуулдаг байсан. Т.Ц- нь 2020 оны 10 сарын 19-ний өдөр нягтлан болон хуулийн зөвлөх гэх хүмүүстэй Баянзүрх дүүргийн 1-р хороо, Сансар бөөний төвд ирээд 83,345,570 төгрөгийн үнийн дүнтэй, мөн 12,116,770 төгрөгийн үнийн дүнтэй төлбөр барагдуулах гэрээ болон санхүүгийн падаан, төлбөр төлөх хуваарь, тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудад гарын үсэг зуруулж, надад үг зааж өгөн санхүүгийн албанд хүсэлт бичүүлж авсан. Т.Ц- нь ...эгчээ та ямар ч байсан энэ гэрээ болон бусад баримт дээр гарын үсэг зураад намайг авраад өгөөч, дүү нь борлуулалтын мөнгөнөөс аваад үрчихсэн, хүүхэд хүнд өвчтэй, дүү нь ажилгүй болох гээд байна, хоёулаа дараа нь жинхэнэ тооцоогоо хоорондоо тулгая, 2020 онд буулгасан бараанаас 17,808,000 төгрөгийн бараа дутуу буулгасан байгаа, энэ нөхцөл байдлыг ойлгооч... гээд гуйгаад байсан тул Т.Ц-д итгээд төлбөр барагдуулах гэрээ болон бусад баримтуудад гарын үсэг зурсан. Гэтэл Т.Ц- нь эдгээр баримтаа миний эсрэг ашиглан намайг шүүхэд өгсөн байна гэжээ.

 

3.   Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: Т.Ц-ын өгсөн нийт 78,940,000 төгрөгийн бараанаас 17,808,000 төгрөгийн барааг дутуу буулгасан, 25,400,000 төгрөгийг Ч.Г- өөрийн хамт ажиллаж байсан Ц.У-гийн нөхрийн дансаар дамжуулж Т.Ц- руу шилжүүлсэн. Үүнээс үлдсэн мөнгийг өгөх ёстой юм байна гэж хүлээн зөвшөөрч байгаа. Ч.Г-г хуурч мэхэлж баримтад гарын үсэг зуруулсан тул 2020 оны 10 сарын 19-ний өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 59 дүгээр зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

4.   Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Т.Ц- нь 2013 оноос Ж ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилласан. Т.Ц-оос бараа авч байна гэдэг нь Ж ХХК-аас бараа бүтээгдэхүүн авч байна гэсэн үг. Тухайн үед Т.Ц- ажлаа хүлээлгэж өгч байсан. Энэ хүн ажил хүлээлцэж байгаа учир та төлбөр тооцооны асуудал байвал яг одоо бид нарт нийлэх хэрэгтэй байна гэж хэлж байсан. Ажил хүлээлцэж байгаа учир үүнээс хойших гарах үр дагаврыг та бүрэн хариуцна шүү гэхэд тиймээ эгч нь мэдэж байгаа, ийм төлбөр тооцоо байгаа гэж хэлээд гарын үсэг зурсан. Бидний хувьд ямар нэгэн байдлаар хуурч мэхлээгүй, дүр эсгэсэн хэлцэл байгуулаагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Г-гаас 55,743,570 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4, 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Г- болон нэхэмжлэгч Ж ХХК нарын хооронд 2020 оны 10 сарын 19-ний өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 598,110 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 574,700 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн 2021 оны 06 сарын 29-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулан хариуцагч Ч.Г-д олгож, хариуцагч Ч.Г-гаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 436,668 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

6.а. Ж ХХК нь анх гэрээний үүргийн гүйцэтгэлд 88,031,445 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа 2012 оны 12 сарын 27-ны өдөр багасгаж өөрчлөхдөө 77,143,570 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх төлбөрийн үлдэгдэл гэх 83,343,570 төгрөгөөс хасалт хийж тооцоо бодсон нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй байна.

6.б. Мөн Ц.У-гийн нөхөр Б.Б-ийн данснаас Ж ХХК-ийн худалдааны төлөөлөгч Т.Ц-ын Хаан банк ХХК дахь 5022352269 дугаартай данс руу төлбөрийг шилжүүлж байсан бөгөөд 2020 оны 01 сарын 10-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020 оны 04 сарын 30-ны өдөр 5,100,000 төгрөг, 2020 оны 05 сарын 27-ны өдөр 7,200,000 төгрөг шилжүүлснийг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

6.в. 2020 оны 10 сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, 2020 оны 03 сарын 20-ны өдрийн Тооцооны үлдэгдлийн баталгаа, Ж ХХК-ийн санхүүгийн албанд гаргасан хүсэлт, мөн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн зарлагын падаан № 7233, Их мянга Цэрэнпил-78,940,800 төгрөг, 2,386,000 төгрөгийн үнийн дүнтэй 2 ширхэг баримтад нэхэмжлэгчийн төлөөлөгч, хуулийн зөвлөх Э.Ж-, борлуулагч Т.Ц- болон нягтлан гэх хүмүүс хуурч мэхэлж гарын үсэг зуруулсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэрэгт бодитой дүгнэлт хийгээгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.а. Хариуцагчийн гаргасан төлбөр төлсөн тухай баримтуудыг үндэслэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа 83,343,570 төгрөгөөс 6,600,000 төгрөгийг хасаж тооцсон. Учир нь хариуцагчийн 2020 оны 07 сард 23-ны өдрийн төлсөн 4,000,000 төгрөг Т.Ц-ын данс руу орсон боловч компанийн данснаас хасагдаагүй байсныг хариуцагч төлбөрийг төлсөн гэж тооцсон. Мөн 2022 оны 05 сарын 27-ны өдөр 7,200,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч Т.Ц- нь компанийн данснаас 5,000,000 төгрөгийг нэхэмжилж, 2,200,000 төгрөгийг өөрийнхөө дансанд үлдээсэн тул 2,200,000 төгрөгийг төлсөн гэж тооцож нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан. Шүүхээс нэхэмжлэлийн үндсэн шаардлагаас нийт төлсөн төлбөрийг тооцсонд маргаагүй.

7.б. Тооцоо нийлсэн акт, гэрээнүүд нь цаг хугацааны хувьд өөр өөр хугацаанд хийгдсэн. 2020 оны 03 сарын 20-ны өдөр 12,116,770 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2020 оны 01 сарын 16-ны өдөр авсан барааны үнэ нийт 81,000,000 төгрөгийн тооцоог 2020 оны 10 сарын 20-ны өдөр тусад нь нийлсэн. Өөрөөр хэлбэл, цаг хугацааны хувьд 6 сарын дараа тооцоо нийлсэн акт үйлдэж, төлбөр барагдуулах гэрээ байгуулсан байхад хариуцагч нэг дор олноор нь бараа авчирна гэж хууран мэхлэх журмаар баримтуудад гарын үсэг зуруулсан гэж байгаа нь үндэслэлгүй. Мөн хариуцагчийн төлсөн төлбөрийн талаар маргаагүй. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон. Анхан шатны шүүхэд гарын үсэг үзлэг хийлгэхэд Т.Ц-ын гарын үсэг биш болох нь тогтоогдсон. Мөн Т.Ц- болон Ц.У- нарын хооронд утсаар харилцсан ярианд хийсэн үзлэгээр 16,000,000 төгрөгийн барааг дутуу буулгасан учраас би төлнө гэж хэлсэн байдаг. Түүнийг шүүх шийдвэрлэсэн учраас дэмжиж байгаа.

7.в. Анхан шатны шүүхээс 55,000,000 төгрөгийн төлбөртэй гэж шийдвэрлэснийг ямар нотлох баримтыг үндэслэж 37,000,000 төгрөг гэж үзэж зөвшөөрөхгүй байгааг ойлгохгүй байна. Хэрэгт авагдсан санхүүгийн баримтууд болон Ж ХХК-ийн дутуу буулгасан гэх баримтуудыг үндэслэж нийт төлбөр тооцооноос хасаж тооцсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Ч.Г-д холбогдуулан, төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 83,343,570 төгрөг, алданги 4,687,875 төгрөг, нийт 88,031,445 төгрөг гаргуулах шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 10,887,875 төгрөгөөр багасгаж, 77,143,570 төгрөгийг гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч Ч.Г- нь дээрх шаардлагыг ...Ж ХХК-аас бараа, бүтээгдэхүүн хүлээн аваагүй, Т.Ц-ын гуйлтаар төлбөр барагдуулах гэрээнд гарын үсэг зурсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргасан байна.

 

3.   Хэрэгт Ч.Г-, Ж ХХК-ийн хооронд 2020 оны 10 сарын 19-ний өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ авагдсан, уг гэрээнд Ч.Г- нь төлбөрийн үлдэгдэл 83,343,570 төгрөгийг 2021 оны 10 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах нөхцөлийг тусгасан байна. /1хх 10/

Нэхэмжлэгч нь дээрх гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийн дүнг тодорхойлжээ.

 

4.   Хариуцагчийн гаргасан ...нэхэмжлэгчээс бараа, бүтээгдэхүүн хүлээж аваагүй... гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн зохицуулалтад нийцжээ.

Учир нь, Т.Ц- нь тухайн үед хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Ж ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилладаг байсан ба ажил, үүргийнхээ дагуу Ч.Г-д бараа, бүтээгдэхүүн хүлээлгэн өгч, төлбөрийг нь хүлээн авдаг байсан үйл баримт тогтоогдсон. /1хх 34-35, 87-89, 92-93, 94/

 

5.   Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийг худалдан авагчаас шаардах эрхтэй буюу ийнхүү бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн болохоо нотолсны үндсэн дээр үнийг нь шаардана.

 

6.   Хэрэгт авагдсан 2020 оны 10 сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн нотлогдоогүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. /1хх 8, 9, 10/

Учир нь, шүүхээс үзлэг хийж бэхжүүлсэн Ж ХХК-ийн худалдааны төлөөлөгч Т.Ц- болон Ч.Г- нарын цахимаар харилцсан зурваст Ч.Г- анх чи бид 2 яах вэ та зурчих учир нь олдоно гэсэн гэтэл одоо шүүх хурал болох болчихоод байж байна. Гэтэл учир нь ойлгогдохгүй падаануудын өрөнд унаж байна шдээ.. гэхэд Т.Ц- ...би танийг тэр зөрүүг төлөхгүй гэдгийг хэлсэн шдээ... гэж хариулсан, Ч.Г- ...өдий хугацаанд паданаа тулаад өгч болох л байсан. Та 2 анх учир нь олдоно гэж байгаад зуруулаа биз дээ. Эцэст нь би бүр 83 сая төлөх болоод байна шдээ гэхэд Т.Ц- Та арай л их хаширлаад байна. Бүх баримт юм нь байгаа, тэгээд ч өгөх хүмүүс нь бүгд өгнө та юу гэж төлхийм бэ... гэж хариулсан болох нь тэмдэглэгджээ. /1хх 130-145/

Өөрөөр хэлбэл, Төлбөр барагдуулах гэрээ, Тооцооны үлдэгдлийн баталгаа зэрэг баримтуудад дурдагдсан 83,343,570 төгрөгийн өр төлбөр нь Ч.Г-гийн хүлээх үүргийг тодорхойлсон бодитой үнийн дүн биш байна.

 

7.   Иймд 2020 оны 10 сарын 19-ний өдрийн Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэл үндэслэлтэй, улмаар нэхэмжлэгч нь уг Төлбөр барагдуулах гэрээ-г үндэслэн шаардлага гаргах эрхгүй.

Өөрөөр хэлбэл, дээрх Төлбөр барагдуулах гэрээ-гээр өмнө байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг халхавчилж, Ч.Г-гийн хүлээх үүргийг 83,343,570 төгрөг мэт тодорхойлсон байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бусд тооцох нь зүйтэй.

 

8.   Харин хэрэгт авагдсан бусад баримтын хүрээнд худалдан авагч Ч.Г-гийн хүлээх үүргийг тодорхойлох боломжтой байна.

Хэрэгт авагдсан Ж ХХК-ийн 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 7233 болон 7236 дугаартай зарлагын падаанаас үзвэл хариуцагч Ч.Г- нь 2,386,000 + 78,940,800 = 81,326,800 төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг худалдааны төлөөлөгч Т.Ц-оос хүлээн авсан болох нь тогтоогдож байна.

Ж ХХК-ийн худалдааны төлөөлөгч Т.Ц- нь уг дүнгээс 16,300,000 төгрөгийг хариуцна гэсэн болох нь Ч.Г-, Т.Ц- нарын утсаар ярьсан бичлэгийг үзлэг хийн бэхжүүлсэн баримтаар тогтоогдсон тул уг дүнг хасч тооцно. /2хх 78-80/

Мөн нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэсэн баримтад хариуцагч Ч.Г- нь 10,100,000 төгрөг, 4,043,920 төгрөг, нийт 14,143,920 төгрөгийг төлсөн болох тогтоогдсон тул уг дүнг хасч тооцно. /1хх 6-7/

Мөн нэхэмжлэгч нь хариуцагчаас шилжүүлсэн 4,000,000 төгрөг, 2,200,000 төгрөг, нийт 6,200,000 төгрөгийг тооцоонд оруулаагүй орхигдуулсан гэсэн тайлбарыг гаргасан тул уг дүнг хасч тооцно.

 

9. Иймд хариуцагч Ч.Г-гаас 81,326,800 16,300,000 14,143,920 6,200,000 = 44,682,880 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/01205 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ч.Г-гаас 44,682,882 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж ХХК-д олгож, үлдэх 32,460,688 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар Ж ХХК, Ч.Г- нарын хооронд 2020 оны 10 сарын 19-ний өдөр байгуулагдсан Төлбөр барагдуулах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай гэж тус тус өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтад ...436,668 төгрөгийг... гэснийг ...381,364 төгрөгийг... гэж, ...олгосугай... гэснийг ...олгож, нэхэмжлэгч Ж ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 574,668 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Г-д олгосугай гэж тус тус өөрчилж,

шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 04 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 357,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

 

Д.НЯМБАЗАР