Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/01207

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сары09 өдөр

101/ШШ2023/01207

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Д ХХК //-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 50,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б,

гэрч А.О,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1.1. Б.Б би Сонгинохайрхан дүүргийн .... дугаар хороо, Зүүн салаа хаягт байрлах ... дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өөрийн газар дээр дүнзэн байшин бариулахаар 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Д ХХК-тай Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээг байгуулсан. Тус компани нь 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр байшинг бүрэн дуусгаж түлхүүр хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон боловч дуусгалгүй иргэн намайг хохироосон. Гэрээний нийт үнийн дүн 80,750,000 төгрөг бөгөөд урьдчилгаа болгож 30,000,000 төгрөгийг Д ХХК-ийн захирал Ш.Б гын Хаан банкны .... тоот дансанд 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл тус компани нь гэрээнд заасан хугацаандаа байшингийн ажлыг хийж дуусгаагүйгээс гадна 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байшингийн суурь цутгалтын зөрүү гэж 2 удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөг нэмж авсан. Мөн 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Оросын холбооны улсаас дүнз ирсэн тул мөнгөө шилжүүл гэсний дагуу 40,000,000 төгрөгийг нэмж Ш.Б гын дансанд шилжүүлсэн. 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хэсэг дүнз ирж, ажил эхэлсэн боловч дүнз нь дутаж байшин барих ажил зогсож ажилчид нь ажлаа хаяж явсан. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үлдэгдэл дүнз ирж барилгын ажил үргэлжилсэн боловч дуусгаагүй. Нэхэмжлэгч миний зүгээс дээрх гэрээг зөрчөөгүй төдийгүй гэрээнд заасан хугацааны дагуу төлбөр мөнгийг цаг тухайд нь бүрэн шилжүүлсэн. Хариуцагч Д ХХК, түүнийг төлөөлж захирал Ш.Б га нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж гэрээнд заасан хугацаанд байшинг барьж дуусгаагүй алга болсон. Улмаар удаа дараа холбогдож шаардлага тавихад хийж өгнө, түр хүлээ гэсээр иргэн намайг хохироосон. Миний бие хариуцагчтай холбогдож чадахгүй явсаар цаг хугацаа их алдсан. 2021 оны эхээр бусад бригад болон хувь хүнтэй тохирч нэмэлт зардал гаргаж байж уг байшингаа 100 хувь дуусгасан. Миний зүгээс ажлын хөлс, барилгын материалын үнэ гэх мэт бусад зардлууд гарсан. Мөн цаг хугацаа болон эдийн засаг, эрүүл мэнд, гэр бүлийн хувьд өнөөдрийг хүртэл асар ихээр хохироод байна. Өөрөө хувиасаа тавин сая төгрөг гаргаж хариуцагчийн нийлүүлсэн дүнзийг ашиглан бригад болон хувь хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, ажлын гүйцэтгэлээр ажлын хөлсийг дараа нь төлөх нөхцөлөөр байшингаа барьж дуусгасан. Уг байшинг барихад гарсан зардлын баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчийн хувьд дүнз оруулж ирсний дараа төлсөн 40,000,000 төгрөгөөр гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн дуусгах үүрэг хүлээсэн атал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний дагуу төлсөн мөнгийг буцаан нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй. Учир нь дээрх мөнгөөр ямар нэгэн ажил гүйцэтгэж үр дүн гаргаагүй, үр дүнг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй. Д ХХК гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас гэрээнээс татгалзах үндэслэлтэй гэж үзсэн. Хариуцагч нь байшинг чинь бариад өгнө, байшинтай болгоно гэсэн боловч бодит байдал дээр байшинг барьж дуусгаагүй учир аргагүйн эрхэнд гэрээнээс татгалзаж өөр хүнээр байшинг бариулж ашиглалтад оруулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байна. Дүнз удсан, үлдэгдэл дүнз оруулж ирж чадаагүй гэж хариуцагч тал хэлдэг боловч энэ талаар баримтыг хэрэгт өгөөгүй. Давагдашгүй хүчин зүйл гэж хэлээд байгаа боловч энэ талаар баримт байхгүй. Ямар давагдашгүй хүчин зүйл болоод хил дээр гацсан талаар баримт гаргаж өгөөгүй. Гэрээний дагуу ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.2. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь ямар ч үндэслэлгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие 30,000,000 төгрөгийг 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 08-ний өдөр 40,000,000 төгрөгийг Ш.Б гын дансанд шилжүүлсэн. 2020 онд гэрээ хийхэд Д ХХК-ийн захирал Ш.Б га нь маш хурдан хийж өгнө найдвартай гэж хэлж иргэн намайг итгүүлж мөнгө авсан боловч гэрээгээ удаа дараа зөрчиж маш ихээр хохироосон. Мөн гэрээний дагуу түлхүүр гар дээр хүлээлгэж өгөхөд үлдэгдэл төлбөр болох 10,750,000 төгрөг өгөх гэрээтэй байсан боловч Д ХХК нь байшинг дуусгаж өгөөгүй. 2021 оны 3 дугаар сард миний байшинг интернэтэд зарна гэж зураг оруулж иргэн миний өмчид халдах үйлдэл гаргаж байсан. Миний бие өөрөөсөө нэмэлт зардлаар уг барилгын ажлыг дуусгуулахаар өөр бригадтай гэрээ хийж ажлыг хийлгүүлж дуусгасан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан дүнзний мөнгө гэх 32,000,000 төгрөг яаж нотлогдож байгаа нь эргэлзээтэй, гаалийн татвар гэж 5,000,000 төгрөг, тээврийн зардал 13,200,000 төгрөг гарсан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байгаа. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй гэж үзэж байна гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Д ХХК нь Б.Б тэй 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу иргэн Б.Б д дүнзэн байшингийн модыг нийлүүлсэн. Барилгын ажил хэвийн явагдаж байсан бөгөөд компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Барилгын ажил гүйцэтгэсэн нөхцөл байдал дээр нэхэмжлэгч талаас ямар нэгэн маргаан байдаггүй. Гэвч түлхүүр хүлээлгэж өгсөнгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж учирсан хохирол болох 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа ч өөрт учирсан хохирол гэдгийг хэрхэн яаж тодорхойлоод байгаа талаар мэдэхгүй байна. Хариуцагч тал байшинг бүрэн хүлээлгэж өгөөгүй, энэхүү байшинг бүрэн хүлээлгэж өгөхөд гарсан зардлаа гаргуулж авна гэж тайлбар хэлээд явж байсан. Гэтэл шүүх хурал дээр тухайн байшин бариулахад шилжүүлсэн мөнгө болох 40,000,000 төгрөгийг гаргуулъя гэж нэхэмжлээд байгаа. Талууд гэрээ байгуулсан дээр хэн аль нь маргахгүй байгаа. Гэрээг 5 дугаар сард байгуулж 7 дугаар сар гэхэд байшингийн түлхүүр хүлээлгэж өгнө гэж талуудын тохиролцоо байгаа. Гэвч 2020 оны 9 дүгээр сараас эхэлж дүнз орж ирж, тухайн газар дээр буулгаж барилгын ажил эхэлсэн. Үүн дээр нэхэмжлэгч тал маргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд гэрээ нь сунгагдсан гэж үзэж болохоор байгаа. Өөрөөр хэлбэл 7 дугаар сард ажил дуусахаар тохиоролцсон боловч 9 дүгээр сард дүнз орж ирж ажил гүйцэтгэх гэрээ үргэлжилсэн. Тухайн үед дүнз газар дээр бууж байхад Б.Б нь хүлээж авсан нөхцөл байдлыг харахад гэрээ сунгагдсан гэж үзэх боломжтой. 2021 оны сүүлд 12 дугаар сард цар тахлын Монгол улсад хамгийн анхны тохиолдол бүртгэгдэж онц нөхцөл байдал тулгарч хууль баталж байсан. Орос болон Хятадын талаас хилээ хаасан. Бүх зүйл ямар нөхцөл байдалтай байсан нь тодорхой байгаа. Энэ талаар нотлоод байх шаардлага байхгүй үйл баримт. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.2. Д ХХК нь гэрээний дагуу Оросын холбооны улсаас дүнзэн байшингийн материалыг 50,000,000 төгрөгөөр оруулж ирсэн, мөн барилгын ажлыг тодорхой түвшинд гүйцэтгэхэд 20,000,000 төгрөгийг гаргасан. Компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Б.Б ий хувьд гэрээг нэг талын санаачлагчаар цуцлаж нэхэмжлэл гаргасан тул сөрөг нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу Оросын холбооны улсаас дүнзэн байшингийн материалыг 50,000,000 төгрөгөөр оруулж ирсэн, задаргаа нь дүнзний мөнгө 32,000,000 төгрөг, гаалийн татвар 5,000,000 төгрөг, Оросын холбооны улсаас оруулж ирж байгаа тээврийн зардал 13,200,000 төгрөгийг зарцуулсан. Энэ зардлыг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч талаас тодорхой хэмжээний барилгын ажил явагдсан дээр маргахгүй байгаа. Талуудаас үл шалтгаалах нөхцөл байдлаас шалтгаалж Оросын холбооны улсаас дүнз орж ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсныг манай талаас хүлээн зөвшөөрч байгаа. Дүнзний мөнгийг гаргуулж авъя гэж нэхэмжилж байгаа. Бусад зардлыг гаргуулах шаардлага байхгүй. Суурийн зардал, газар тэгшлэх ажил, бохир, цэврийн ажил бүрэн хийгдсэн, хана нь бүрэн боссон нөхцөл байдалтай байхад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж барилгын ажил бүрэн зогссон тул дүнзний мөнгө болох 32,000,000 төгрөг, гаалийн татвар 5,000,000 төгрөг, тээвэрлэлтийн 13,200,000 төгрөгийг нийт 50,200,000 төгрөг шаардаж байгаа. Нэхэмжлэгч Б.Б ээс 50,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримт:

3.1. Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх1-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-3/, 2020.05.20-ны өдрийн 2020/05/03 дугаартай Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ /хх1-4-9/, 2021.04.01-ний өдрийн итгэмжлэл /хх1-10/, 2021.08.09-ний өдрийн 902 дугаартай Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл, баримтууд /хх1-11, 12/, 2020.05.21-ний өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх1-13/, Худалдаа хөгжлийн банкны 2020.09.08-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн маягт /хх1-14/, Хаан банкны 2020.05.21-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх1-15/, фото зураг /хх1-17-21/, ажил гүйцэтгэх график /хх1-22-23/, 2021.03.20-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /хх1-24-26/, Хаан банкны 5062166559 дугаартай дансны хуулга /хх1-28-42/, материалын тооцоо /хх1-43-44/, зарлагын баримт /хх1-51-73/, 2021.12.22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулсан /хх1-74-75/, фото зураг /хх1-90-93/, 2022.05.12-ны өдрийн итгэмжлэл /хх1-133/, 2022.05.06-ны өдрийн хариу тайлбар /хх1-135-136/, фото зураг /хх1-190-194/, 2022.11.18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулсан /хх1-224-225/, 2023.01.02-ны өдрийн тайлбар, схем зураг /хх1-236, 237-238/,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: Д ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх1-95/, 2022.03.07-ны өдрийн итгэмжлэл /хх1-103/, хариу тайлбар /хх1-104/, сөрөг нэхэмжлэл /хх1-119/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх1-120/, Худалдаа хөгжлийн банкны 2020.05.16-ны өдрийн гадаад гуйвуулгын баримт /хх1-137/, 2020.09.16, 2020.09.17-ны өдрийн татвар төлсөн баримт /хх1-138, 139/, Капитрон банкны 2020.05.28-ны өдрийн гадаад гуйвуулгын даалгавар /хх1-140, 141/, 2020.05.06-ны өдрийн MoneyGram үйлчилгээний баримт /хх1-142/, Хаан банкны 5029850096 дугаартай дансны хуулга /хх1-151-167/, кассын орлогы ордер, зарлагын баримт /хх1-168, 169-184/, 2023.01.03-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодруулсан /хх1-239//, фото зургийн хуулбар , схем зургийн хуулбар /хх1-240-247, 248-250, хх2-1-11/, Хаан банкны 5029850096 дугаартай дансны хуулга /хх2-12-21/,

3.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: гэрч О.Амарсайханы мэдүүлэг /хх1-201-203/,

г


 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгээгүй үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж 40,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Хариуцагч нь гэрээт ажлыг гүйцэтгэхтэй холбогдон гарсан зардалд 70,000,000 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан багасгаж 50,200,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан.

 

Зохигчдын хэн аль нь эсрэг талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. Б.Б болон Д ХХК нь 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 2020/05/03 дугаартай Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч Д ХХК нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Зүүн салааны Яргайтын аманд байрлах Б.Б ий эзэмшлийн газар дээр 95 м.кв хэмжээтэй, 20 см бөөрөнхий дүнзний диаметртэй, 1 ширхэг байшинг түлхүүр гардуулах нөхцөлтэй барих, захиалагч Б.Б нь байшингийн үнэ 80,750,000 төгрөгийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх1-4-9/

3.2. Нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 40,000,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-ийн захирал Ш.Б гын данс руу шилжүүлсэн. /хх1-13, 14, 15/

3.3. Хариуцагч нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 10 дугаар сарын 12-ны өдөр байшингийн дүнз модыг тус тус нийлүүлж, тодорхой ажлыг хийж гүйцэтгэсэн боловч гэрээт ажлыг бүрэн дуусгаж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй.

3.4. Нэхэмжлэгч Б.Б нь 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Д.Өлзийбаттай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, дүнзэн байшингийн ажлыг гүйцээж бариулсан.

 

4. Зохигчдын хооронд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ нь дүнзэн байшин нийлүүлэх гэж нэрлэгдсэн байх боловч гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу гэрээний талууд үүргийн гүйцэтгэлийг харилцан шаардах эрхтэй.

 

Зохигчид ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5. Нэхэмжлэгч нь хариуцагч Д ХХК гэрээнд заасан төлбөрийг шилжүүлэн авсан боловч гэрээт ажлыг хийж дуусгаагүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж, хийж гүйцэтгээгүй ажлын төлбөрийг буцаан гаргуулахаар шаардсан.

 

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй, 355.2-т Ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж заасан.

 

Зохигчдын хооронд гэрээг цуцлах, татгалзах талаар мэдэгдэл өгсөн, үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан үйл баримт тогтоогдоогүй боловч хариуцагч тал нь гэрээгээр тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, гэрээт ажлыг бүрэн дуусгаагүй орхиод явсан, ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон гэх үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1-д зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй байна.

 

6. Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар Д ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 10 дугаар сарын 12-ны өдөр байшингийн дүнз модыг нийлүүлэн тодорхой хэмжээгээр ажил хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэгч Б.Б нь гэрээний дагуу нийт 72,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд зохигчид хийж гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээний талаар маргасан.

 

7. Зохигчдын хооронд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээнд байшингийн нийт үнэ 80,750,000 төгрөг, төлбөрийг гурав хуваан гүйцэтгэхээр тохиролцсон байх ба үүнд:

- гэрээний урьдчилгаа төлбөр 30,000,000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дотор төлөх, урьдчилгаа үнийн дүнд ОХУ руу байшингийн захиалга хийх, эскиз болон ажлын зураг баталгаажуулах, ажлын талбар дээр ажиллах хүчин болон техник тоног төхөөрөмжийн хамт нүүж очих, улаан шугам тавих, суурийн ажил, гадна сантехник болон бохирын системийн угсралт суурилуулалтын ажил хийгдэх,

- байшингийн торх бүрэн үйлдвэрлэгдэж, баригдах газарт хүргэгдсэнээс хойш 3 хоногийн дотор 40,000,000 төгрөгийг төлөх, энэ үнийн дүнд түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүх ажил хийгдэх, захиалагчтай хамтран шаардлагатай материалын сонголт хийх,

- байшинг захиалагч талд бүрэн хүлээлгэж өгсний дараа 3 хоногийн дотор гэрээний үлдэгдэл төлбөр 10,750,000 төгрөгийг төлөх гэжээ. /хх1-4-9/

 

8. Д ХХК нь гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын жагсаалт, график төлөвлөгөөг гаргасан байх ба хуваарийн дагуу 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлж 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдөр дуусгахаар төлөвлөсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх1-22-23/

 

9. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350 дугаар зүйлд зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, өөрийн материалаар ажил гүйцэтгэх бол зохих чанарын материалаар гүйцэтгэх үүргийг хүлээнэ.

 

Хариуцагч нь 2020 оны 9, 10 дугаар сард байшингийн дүнз мод нийлүүлэн, гэрээт ажлаас тодорхой хэмжээний ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд хариуцагч тал гэрээт ажлын хугацаа хоцорсон болон хийж гүйцэтгэж дуусгаагүй шалтгаанаа дэлхий дахинд цар тахал гарсантай холбоотой хил хаагдсаны улмаас ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон, энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч Б.Б мэдэж байсан, талуудаас үл шалтгаалах нөхцөл байдал үүссэний улмаас гэрээт ажлыг бүрэн дуусгах боломжгүй болсон гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

 

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахал гарсан үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт боловч Монгол Улсын Засгийн газар болон Улсын онцгой комиссын тогтоолоор 2020 оны 11 дүгээр сарын 12-ний өдрөөс нийтийг хамарсан хөл хорио тогтоосон бөгөөд хариуцагч Д ХХК нь хил хааж, хөл хорио тогтоохоос өмнө буюу 2020 оны 9, 10 дугаар сард байшингийн дүнз модыг нийлүүлэн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байсан болох нь тогтоогдож байх тул цар тахлын улмаас хил хаагдаж дүнзийг хугацаанд нь нийлүүлэх боломжгүй байсан гэх хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

10. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг 30,000,000 төгрөгийн дүнз нийлүүлсэн, суурь цутгалтын ажил 2 удаа хийсэн 2,500,000 төгрөгийн зардал гарсан, нийт 32,500,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, 40,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэх тайлбарыг гарган буцаан гаргуулахаар шаардсан байна.

 

11. Зохигчдын хооронд байгуулсан гэрээнд талууд гэрээт ажлыг акт үйлдэн хүлээлгэн өгөх, хүлээн авахаар заасан байх боловч талууд баримт бичгээр үйлдэж ажил хүлээлцэж байгаагүй байх ба талуудын хэн аль нь энэ талаарх баримтыг нотлох баримтаар ирүүлээгүй болно.

 

12. Хариуцагч нь гэрээний дагуу тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн гэх тайлбарыг гаргаж байшингийн суурийн ажил, газар тэгшлэх ажил, бохир, цэвэр усны шугамын ажил бүрэн хийгдсэн, хана бүрэн боссон байсан гэж хийж гүйцэтгэсэн ажлыг тодорхойлсныг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч байх боловч тодорхой баримтаар үгүйсгэж няцаагаагүй.

 

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.О нь хариуцагч Д ХХК-ийн гэрээт ажлыг гүйцэтгэхдээ 4-5 хүний хамт гүйцэтгэсэн талаар мэдүүлсэн бөгөөд гэрч нь байшингийн дүнз модыг 2 удаагийн ачилтаар нийлүүлсэн, суурийн бетон арматур цутгалт хийгдсэн, дүнз угсралт хийгдсэн, байшингийн цонх, хаалга суурилуулах, дээврийн ажлаас бусад ажил хийгдсэн, ажлын хөлсийг тооцвол 4,000,000 төгрөгийн ажил хийгдсэн талаар мэдүүлсэн.

 

Зохигчдын хооронд хийж гүйцэтгэсэн ажлыг тухайн бүрд нь баримт үйлдэн хүлээлцэж байсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь 40,000,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгээгүй гэх тайлбараа баримтаар нотлоогүй, түүний тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн тайлбарт дурдсан болон гэрчийн мэдүүлэгт дурдсанаар хариуцагч Д ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хэмжээг тодорхойлох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Д ХХК нь гэрээний дагуу Оросын холбооны улсаас оруулж ирсэн дүнзний мөнгө 32,000,000 төгрөг, холбогдох зардал болох гаалийн татвар 5,000,000 төгрөг, тээвэрлэлтийн 13,200,000 төгрөг, дүнзэн байшин угсралтын ажлын хөлс 4,000,000 төгрөг, нийт 54,200,000 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

13. Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Д.Өлзийбаттай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан дүнзэн байшингийн үлдэгдэл ажлыг гүйцэтгүүлсэн гэж тайлбарлаж байх бөгөөд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд 96 м.кв байшинг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 30 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэх, ажлын хөлс 10,000,000 төгрөг гэжээ.

 

Хариуцагч Д ХХК нь гэрээний дагуу тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн болохыг шүүх дээр дурдсанаар тодорхойлсон тул нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан ажил гүйцэтгэсэн Д.Өлзийбат нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг үргэлжлүүлэн хийж, дүнзэн байшингийн ажлыг дуусгасан гэж үзэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан бараа материал худалдан авсан зарлагын баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн боловч хэрэгт авагдсан тухайн баримтуудаар гэрээт ажлаас өөр нэмэлт зардал гаргасан гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, тухайн зарлагын баримтуудад дурдсан бараа материалуудыг гэрээт ажилд зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

14. Хариуцагч Д ХХК нь гэрээт ажил нь давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж үргэлжлүүлэх боломжгүй болж барилгын ажил зогссон, захиалагч Б.Б нь гэрээнээс татгалзсан тул дүнзний мөнгө болох 32,000,000 төгрөг, гаалийн татвар 5,000,000 төгрөг, тээвэрлэлтийн 13,200,000 төгрөг, нийт 50,200,000 төгрөгийн зардал гарсныг нэхэмжлэгчээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

14.1. Зохигчдын хооронд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээнд байшингийн нийт үнэ 80,750,000 төгрөгөөр тодорхойлсон, уг дүнд дүнзэн байшинг барих материал, холбогдох зардал, ажлын хөлс бүрэн багтсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоож байна. Тухайлбал, гэрээний 2.2.1-д урьдчилгаа 30,000,000 төгрөгийн үнийн дүнд Оросын холбооны улс руу байшингийн захиалга хийх ажил багтсан байна.

 

14.2. Нэхэмжлэгч Б.Б нь 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 40,000,000 төгрөгийг хариуцагч Д ХХК-ийн захирал Ш.Б гын данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь эдгээр мөнгөн шилжүүлэг болон, мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

14.3. Хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн дүнгээс дүнз модыг оруулж ирэх, холбогдох зардлыг төлсөн гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч Д ХХК-аас гэрээнд зааснаас илүү нэмэлт зардал гарсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

14.4. Хариуцагч Д ХХК нь ОХУ-аас байшингийн дүнз мод захиалан нийлүүлэх үйл ажиллагааг эрхлэн явуулдаг компани болох нь хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байх бөгөөд тус компанийн дүнз мод импортлон оруулж ирсэнтэй холбоотой гадаад гуйвуулгын баримт, татвар төлсөн баримт, мөнгөн шилжүүлгийн баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн захиалсан байшингийн зардлыг тухайлан гаргах боломжгүйг дурдах нь зүйтэй.

 

14.5. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлд дурдсан зардал нь нэхэмжлэгчээс шилжүүлсэн мөнгөн дүнгээс зарцуулагдаагүй, нэмэлт зардал болох талаарх баримтыг ирүүлээгүй бөгөөд өөрийн тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй болно.

 

15. Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэж нэхэмжлэгч Б.Б ээс хариуцагч тал руу шилжүүлсэн 72,500,000 төгрөгөөс хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын зардал 54,200,000 төгрөгийг хасаж тооцож, үлдэх 18,300,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,700,000 төгрөгт холбогдох хэсэг болон 50,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

16. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 249,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан, хариуцагч Д ХХК-аас 18,300,000 /арван найман сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,700,000 /хорин нэгэн сая долоон зуун мянган/ төгрөгт холбогдох хэсэг болон 50,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 249,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/07078 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР