Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01096

 

 

 

2023 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01096

 

 

 

Б.Б-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/01207 дугаар шийдвэртэй, Б.Б-ний нэхэмжлэлтэй Д ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 40,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 50,200,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С. Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Зүүн салаа хаягт байрлах 180110**** дугаар бүхий 699 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өөрийн газар дээр дүнзэн байшин бариулахаар 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Д ХХК-тай Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Тус компани нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байшинг бүрэн дуусгаж, түлхүүр хүлээлгэж өгөхөөр тохиролцсон боловч дуусгаагүй. Гэрээний нийт үнийн дүн 80,750,000 төгрөг бөгөөд урьдчилгаа 30,000,000 төгрөгийг Д ХХК-ийн захирал Ш.Б-ын Хаан банкны 502985**** тоот дансанд 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлсэн. Гэтэл компани нь гэрээнд заасан хугацаандаа байшингийн ажлыг хийж дуусгаагүйгээс гадна 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байшингийн суурь цутгалтын зөрүү гэж 2 удаагийн гүйлгээгээр 2,500,000 төгрөг нэмж авсан. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Оросын холбооны улсаас дүнз ирсэн тул мөнгөө шилжүүл гэсний дагуу 40,000,000 төгрөгийг нэмж Ш.Б-ын дансанд шилжүүлсэн. 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хэсэг дүнз ирж, ажил эхэлсэн боловч дүнз нь дутаж байшин барих ажил зогсож ажилчид нь ажлаа хаяж явсан. 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үлдэгдэл дүнз ирж барилгын ажил үргэлжилсэн боловч дуусгаагүй. Нэхэмжлэгч миний зүгээс дээрх гэрээг зөрчөөгүй төдийгүй гэрээнд заасан хугацааны дагуу төлбөрийг бүрэн шилжүүлсэн. Хариуцагч Д ХХК, түүнийг төлөөлж захирал Ш.Б нь гэрээний үүргээ ноцтой зөрчиж гэрээнд заасан хугацаанд байшинг барьж дуусгаагүй алга болсон. Улмаар удаа дараа холбогдож шаардлага тавихад хийж өгнө, түр хүлээ гэсээр иргэн намайг хохироосон. 2021 оны эхээр бусад бригад болон хувь хүнтэй тохирч, нэмэлт зардал гаргаж байж уг байшингаа дуусгасан.

Хариуцагчийн хувьд дүнз оруулж ирсний дараа гэрээнд заасны дагуу ажлыг бүрэн дуусгах үүрэг хүлээсэн атал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний дагуу ажил гүйцэтгүүлэхээр шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Д ХХК нь Б.Б-тэй 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээнд заасны дагуу иргэн Б.Б-д дүнзэн байшингийн модыг нийлүүлсэн. Барилгын ажил хэвийн явагдаж байсан бөгөөд компанийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Барилгын ажил гүйцэтгэсэн нөхцөл байдал дээр нэхэмжлэгч талаас ямар нэгэн маргаан байдаггүй. Гэвч түлхүүр хүлээлгэж өгсөнгүй гэх үндэслэлээр гэрээнээс татгалзаж учирсан хохирол 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж байгаа ч өөрт учирсан хохирол гэдгийг хэрхэн яаж тодорхойлоод байгаа талаар мэдэхгүй байна. Хариуцагч тал байшинг бүрэн хүлээлгэж өгөөгүй, энэхүү байшинг бүрэн хүлээлгэж өгөхөд гарсан зардлаа гаргуулж авна гэж тайлбар гаргаж байна. Гэтэл шүүх хурал дээр тухайн байшин бариулахад шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг гаргуулъя гэж нэхэмжлээд байгаа. Талууд гэрээ байгуулсан талаар маргаагүй. Гэрээг 05 дугаар сард байгуулж, 07 дугаар сар гэхэд байшингийн түлхүүр хүлээлгэж өгнө гэж талуудын тохиролцоо байгаа. Гэвч 2020 оны 09 дүгээр сараас эхэлж дүнз орж ирж, тухайн газар дээр буулгаж барилгын ажил эхэлсэн. Үүнд нэхэмжлэгч тал маргаагүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь ажил гүйцэтгэх гэрээ бөгөөд гэрээ нь сунгагдсан гэж үзэж болохоор байгаа. Өөрөөр хэлбэл, 07 дугаар сард ажил дуусахаар тохиоролцсон боловч 09 дүгээр сард дүнз орж ирж ажил гүйцэтгэх гэрээ үргэлжилсэн. Тухайн үед дүнз газар дээр бууж байхад Б.Б нь хүлээж авсан нөхцөл байдлыг харахад гэрээ сунгагдсан гэж үзэх боломжтой. 2021 оны сүүлд 12 дугаар сард цар тахал Монгол Улсад анхны тохиолдол бүртгэгдэж онц нөхцөл байдал зарлаж, Орос болон Хятад улс хилээ хаасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Д ХХК нь гэрээний дагуу Оросын холбооны улсаас дүнзэн байшингийн материалыг 50,000,000 төгрөгөөр оруулж ирсэн, мөн барилгын ажлыг тодорхой түвшинд гүйцэтгэхэд 20,000,000 төгрөгийг гаргасан. Компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байсан. Б.Б-ний хувьд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж нэхэмжлэл гаргасан. Гэрээний дагуу ОХУ-аас дүнзэн байшингийн материалыг 50,000,000 төгрөгөөр оруулж ирсэн, задаргаа нь дүнзний мөнгө 32,000,000 төгрөг, гаалийн татвар 5,000,000 төгрөг, ОХУ-аас оруулж ирсэн тээврийн зардалд 13,200,000 төгрөгийг зарцуулсан. Нэхэмжлэгч тал тодорхой хэмжээний барилгын ажил явагдсан талаар маргаагүй. Талуудаас үл шалтгаалан Оросын холбооны улсаас дүнз орж ирэх боломжгүй байдал үүссэний улмаас барилгын ажил гүйцэтгэх боломжгүй болсныг манай тал хүлээн зөвшөөрч байгаа. Суурийн зардал, газар тэгшлэх ажил, бохир, цэврийн ажил бүрэн хийгдсэн, хана нь бүрэн боссон нөхцөл байдалтай байхад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж барилгын ажил бүрэн зогссон тул дүнзний 32,000,000 төгрөг, гаалийн татвар 5,000,000 төгрөг, тээвэрлэлтийн 13,200,000 төгрөг, нийт 50,200,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Б-ээс гаргуулж өгнө үү гэжээ.

 4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 2,500,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 40,000,000 төгрөгийг Ш.Б-ын дансанд шилжүүлсэн. 2020 онд гэрээ хийхэд Д ХХК-ийн захирал Ш.Б маш хурдан хийж өгнө найдвартай гэж хэлж намайг итгүүлсэн боловч гэрээгээ удаа дараа зөрчсөн. Мөн гэрээний дагуу түлхүүр хүлээлгэж өгөхөд үлдэгдэл төлбөр 10,750,000 төгрөг өгөх байсан боловч Д ХХК нь байшинг дуусгаж өгөөгүй. 2021 оны 03 дугаар сард миний байшинг интернэтэд зарна гэж зураг оруулж миний өмчид халдах үйлдэл гаргаж байсан. Миний бие өөрөөсөө нэмэлт зардал гаргаж өөр бригадтай гэрээ хийж ажлыг дуусгасан. Сөрөг нэхэмжлэлд дурдсан дүнзний мөнгө 32,000,000 төгрөг, гаалийн татвар 5,000,000 төгрөг, тээврийн зардал 13,200,000 төгрөг гарсан нь баримтаар нотлогдохгүй байна. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан, хариуцагч Д ХХК-аас 18,300,000 /арван найман сая гурван зуун мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 21,700,000 /хорин нэгэн сая долоон зуун мянган/ төгрөгт холбогдох хэсэг болон 50,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 507,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 249,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2022/07078 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үйлчлэхийг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т шүүх хуралдаанд гэрчээр оролцсон А.О-ын өгсөн гэрчийн мэдүүлгийг үнэлж 4,000,000 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн гэж шүүх дүгнээд нэхэмжлэгч уг ажлыг хийж гүйцэтгээгүй болохыг няцаагаагүй гэсэн нь үндэслэлгүй, гэрч А.О нь хариуцагчаас цалин хөлсөө авч чадаагүй, авлагатай талаар мэдүүлсэн зэргээс дүгнэхэд түүний мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой гэж үзэхгүй. Мөн гэрч А.О мэдүүлэгтээ 2 машин торх оруулж ирээд Тэрэлжид буулган тэндээсээ зөөж тээвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчд нийлүүлэх торхыг мөн тэндээс тээвэрлэсэн талаар дурдсан, уг 2 машин торхыг тээвэрлэхэд гарсан гааль болон тээврийн зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Талууд анх тохиролцохдоо гэрээний урьдчилгаа төлбөр болох 30,000,000 төгрөгт ОХУ руу байшинг захиалах үнэ багтаж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, харин торх бүрэн үйлдвэрлэгдэж баригдах газартаа хүргүүлэх үүргийг хариуцагч гэрээгээр хүлээсэн боловч байшинг босгож хүлээлгэн өгөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй учраас 40,000,000 төгрөгөө тодорхой үр дүн гараагүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж нэхэмжлэх эрхтэй. Талуудын гэрээнд урьдчилгаа 30,000,000 төгрөгт гаалийн татвар, тээврийн зардал орж байгаа талаар огт дурдаагүй бөгөөд нэхэмжлэгчид хариуцагч дээрх зардал багтсан үнэ бүхий гэрээний санал хүргүүлээгүй. Шүүх хэрэгт авагдсан ямар баримтыг хэрхэн үнэлж дүнзний үнэ 32,000,000 төгрөг, холбогдох зардал болон гаалийн татвар 5,000,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 13,200,000 төгрөг гэсэн үнийн дүн гаргаж ирсэн нь тодорхойгүй. Нэхэмжлэгчийн байшинд хэдий хэмжээний торх орсон талаарх баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, гаалийн татварыг торхноос БТКУС-ийн ямар ангилалд хамааруулж хэрхэн тооцсон нь ойлгомжгүй. Хариуцагч дээрх үнийн дүнг нотлохоор гаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангаагүй, нэхэмжлэгчийн худалдан авсан торхны гааль, тээврийн зардлыг тодорхойлох боломжгүй баримтууд байсан.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан 21,700,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хариуцагчаас 18,300,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрсөн агуулгыг гомдолдоо дурдаагүй байна. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Д ХХК-д холбогдуулан 40,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Д ХХК-тай Орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээг байгуулсан. 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байшинг бүрэн дуусгаж түлхүүр хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон боловч дуусгалгүй орхисон. Гэрээний нийт үнийн дүн 80,750,000 төгрөгөөс 72,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 50,000,000 төгрөг гаргаж хариуцагчийн нийлүүлсэн дүнзийг ашиглан хувь хүнтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, байшингаа барьж дуусгасан. Хариуцагч дүнз оруулж ирсэний дараа төлсөн 40,000,000 төгрөгөөр ажлыг бүрэн дуусгах үүрэг хүлээсэн атал үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гэрээний дагуу төлсөн мөнгийг буцаан нэхэмжлэх хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байх бол хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Суурийн ажил, газар тэгшлэх ажил, бохир, цэврийн ажил бүрэн хийгдсэн, хана нь бүрэн боссон байхад давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж барилгын ажил зогссон тул дүнзний мөнгө болох 32,000,000 төгрөг, гаалийн татвар 5,000,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 13,200,000 төгрөг, нийт 50,200,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ нэг талаас Б.Б, нөгөө талаас Д ХХК-ийн хооронд байгуулагдсан гэж эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, түүнчлэн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалсан үйл баримтыг зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байна.

3.1. Хавтаст хэрэгт Д ХХК болон Б.Б нарын хооронд байгуулсан орос дүнзэн байшин нийлүүлэх гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээний 2.1-д байшингийн үнэ /гэрээний үнэ/ 80,750,000 төгрөг байхаар, 2.2.1-д Талууд гэрээ, графикт төлөвлөгөө ба байшингуудын төлөвлөлтөд гарын үсэг зурснаас хойших хуанлийн 3 хоногт багтан гэрээний урьдчилгаа болгож 30,000,000 төгрөгийн гэрээ зурагдсанаар өгнө. Энэ урьдчилгаа үнийн дүнд дараах ажлууд хийгдсэн байна. Үүнд: ОХУ руу байшингуудын захиалга хийх, эксиз болон ажлын зураг баталгаажуулах, ажлын талбар дээр ажиллах хүчин болон техник тоног төхөөрөмжийн хамт нүүж очих, улаан шугам тавих, байшингуудын суурийн ажил, гадна сантехник болон бохирын системийн угсралт суурилуулалт ажлууд хийгдсэн байна., 2.2.2-т Байшингийн торх бүрэн үйлдвэрлэгдэж 1.3-т заасан хаягийн дагуу баригдах газарт хүргэгдсэнээс хойш хуанлийн 3 хоногт багтаан захилагч тал гэрээний төлбөр болох 40,000,000 төлбөрийг төлөх үүрэгтэй. Энэ үнийн дүнд түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх бүх ажил хийгдэнэ. /захиалагчтай хамтран шаардлагатай бүх материалыг /гадна хаалга-1,000,000 хүртэлх үнийн дүнтэй, паркет-18,000, дотор хаалга-200,000, дээврийн төмөр-8,500, рек мод 3-р сорт, цонх м.кв-200,000 /сонголт хийнэ/, 2.2.3-т Байшинг захиалагч талд бүрэн хүлээлгэж өгсний дараа хуанлийн 3 хоногт багтаан захиалагч тал гэрээний нийт үнийн дүнгийн үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заажээ.

Талуудын дээрх тохиролцооноос үзэхэд Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт зааснаар ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон байна.

Нэхэмжлэгч урьдчилгаа 30,000,000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр төлсөн, хариуцагч энэ үнийн дүнд гэрээний 2.2.1-д заасан ажлыг гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй. Нэхэмжлэгч дараагийн шатны ажлын хөлс 40,000,000 төгрөгийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр төлсөн, хариуцагч энэ үнийн дүнд гэрээний 2.2.2-т заасан ажлыг гүйцэтгээгүй гэх үндэслэлээр төлсөн 40,000,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэлээ гаргажээ.

Хэдийгээр хариуцагч 72,500,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтыг хүлээн зөвшөөрдөг боловч суурийн ажил, газар тэгшлэх ажил, бохир, цэврийн ажил бүрэн хийгдсэн, хана нь бүрэн боссон гэсэн үндэслэл заан дүнзний үнэ болох 32,000,000 төгрөг, гаалийн татвар 5,000,000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 13,200,000 төгрөг, нийт 50,200,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

3.2. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт үүрэг гүйцэтгэгч тодорхой ажил гүйцэтгэх, туслалцаа үзүүлэх үүргээ гүйцэтгээгүй, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч уг үүргийг өөрөө гүйцэтгэх буюу гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй. Хариуцагч байшин барьж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүргээ бүрэн гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээр байшинг гүйцээн бариулсан зардлаа шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь гарсан зардлаа нотлохоор Д.Ө-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, өөрийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, зарлагын баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Хэрэгт авагдсан зарим зарлагын баримтын огноо тодорхойгүй, худалдан авагчийн нэр бичигдээгүй байх тул зарлагын баримтуудыг нэхэмжлэгчийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгатай харьцуулан үзэхэд барилгын материалд дараах зардлууд гарсан нь нотлогдсон байна. Үүнд:

-2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 3.5 банз-4,420,000 төгрөг,

-2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр цахилгаан унтраалга-220,700 төгрөг, цахилгаан гадаа утас-550,000 төгрөг, цахилгаан монтаж-812,400 төгрөг, цахилгаан үлдэгдэл-235,000 төгрөг, хавтан-1,520,000 төгрөг, дээвэр-1,010,000 төгрөг, зүлгүүр-152,500 төгрөг, компрессор-400,000 төгрөг, палк-1,140,000 төгрөг, булан-135,000 төгрөг, тээвэр-140,000 төгрөг, цонх-2,500,000 төгрөг, тээвэр-85,000 төгрөг,

-2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шахдаг хөөс-95,000 төгрөг,

-2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр боолт-78,650 төгрөг, пакет-2,300,000 төгрөг, өрөм-20,500 төгрөг, электрод-84,000 төгрөг, тээвэр-50,000 төгрөг, цемент-172,500 төгрөг, банз-825,000 төгрөг, палк-272,000 төгрөг, тээвэр-200,000 төгрөг, төмөр-579,400 төгрөг,

- 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр тээвэр-90,000 төгрөг,

-2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр үлдэгдэл-180,000 төгрөг, тээвэр-270,000 төгрөг,

-2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Зүүн салаа гэсэн гүйлгээний утгатай 240,000 төгрөг,

-2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр банз, осбий хавтан-1,050,000 төгрөг,

-2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хөөс хамгаалахад-25,000 төгрөг,

-2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хөөсний үнэ-3,993,000 төгрөг,

-2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хар цаас-150,000 төгрөг,

-2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Зүүн салаа гэсэн гүйлгээний утгатай 80,000 төгрөг,

-2021 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр өнгөлгөө-300,000 төгрөг,

- 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дотор булан-190,000 төгрөг, лак-405,000 төгрөг, будаг /лазурь/-240,000 төгрөг,

-2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр барилга хөөс-350,500 төгрөг,

-2021 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хаалга-654,000 төгрөг, цавуу-32,000 төгрөг,

-2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр палк-420,000 төгрөг, хөөс-30,000 төгрөг.

Барилгын материалын нийт зардал 26,697,150 төгрөг, ажлын хөлс 10,000,000 төгрөг, нийт 36,697,150 төгрөгийн зардал гарсан нь нотлогдсон байна.

Дээрх дүгнэлттэй холбогдуулан хариуцагч үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч 36,697,150 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэх нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5 дахь хэсэгт заасантай нийцнэ. Тодруулбал, хариуцагч гэрээний дагуу нэхэмжлэгчээс 72,500,000 төгрөг хүлээн авсан боловч 2 дахь үе шатанд гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгээгүйгээс нэхэмжлэгч уг ажлыг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, гарсан зардлыг төлөхийг хариуцагчаас шаардах үндэслэлтэй.

4. Шийдвэрийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хэсэгт хариуцагч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөөгүйг дурдах нь зүйтэй.

 5. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсөн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчаас 36,697,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/01207 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...18,300,000 /арван найман сая гурван зуун мянган/... гэснийг 36,697,150 гэж, ...21,700,000 /хорин нэгэн сая долоон зуун мянган/... гэснийг 3,302,850 гэж,

2 дахь заалтад ...249,450... гэснийг 341,436 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 250,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 266,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 Д.БЯМБАСҮРЭН