Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2023/01217

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 03 10

101/ШШ2023/01217

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэрэндолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.С -д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,270,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С,

хариуцагч Д.С ,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Түвшинбаяр.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ахуйн хэрэглээний EVapor 3000 I төхөөрөмжийг худалдан борлуулдаг билээ. Иргэн Д.С 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Д.С нь 5,000,000 төгрөгийн үнэ бүхий төхөөрөмжийг худалдан авахдаа эхний төлөлт 200,000 төгрөгийг 3 хоногт үлдсэн төлбөрийг 12 сарын туршид 500,000 төгрөгийг сар бүр төлж дуусгах нөхцөлтэй тохиролцон гэрээ байгуулсан. Үүний дараа Д.С нь эхний 200,000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөөд түүнээс хойш төлнө гэсээр төлөлгүй сүүлдээ хаяг дээрээ байхгүй болсон. Үлдэгдэл 4,800,000 төгрөгийг гэрээний 4.7-д заасны дагуу үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор заасан ба Иргэний хуульд заасны дагуу нэхэмжилж байгаа төлбөрийн 50 хувиас хэтрэх ёсгүй гэсний дагуу 50 хувь буюу 2,400,000 төгрөгийн алданги, эрэн сурвалжлуулсан төлбөр 70,200 төгрөг, нийт 7,270,200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байгаа болно. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж, хариуцагч Д.С аас 7,270,200 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч тал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Д.С нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Э ХХК-аас цэвэрлэгээний EVapor 3000 I төхөөрөмжийг зээлийн нөхцөлтэй худалдан авсан. Худалдан авах санхүүгийн боломжгүйгээс шалтгаалж буцаалт хийхээр дуудлага өгсөн. Э ХХК-ийн зүгээс ирж авахгүй удаж байгаад 7 хоногийн дараа хүн ирж төхөөрөмжийг аваад явсан. Эхний төлөлт болох 200,000 төгрөгийг бид хийгээгүй ба сарын дараа тус компаниас хүн ирж төлөлт нэхэж гэрт ирсэн. Би тэр үед төхөөрөмжийг 1 сарын өмнө буцаалт хийгээд танай компаниас ирээд аваад явсан гэж хэлсэн. 2017 оны сүүлчээр манай гэр нүүх болоод тухайн байгууллага луу залгаад утсаа аваагүй тул уулзахаар очиход нүүсэн байсан. Түүнээс хойш залгаагүй уулзаагүй. Над руу дахин яриагүй тул төхөөрөмжийн асуудлаа шийдсэн гэж бодсон. Төхөөрөмжийг буцааж өгөхдөө баримт үйлдээгүй, энэ талаар шаардлага тавиагүй миний хувьд хариуцлага алдсанаас ийм зүйл болсон байна. Төхөөрөмжийг буцаан өгсөн тул төлбөр төлөх үүрэггүй гэж үзэж байна гэв.

 

3. Хэрэгт бүрдүүлсэн нотлох баримтууд:

3.1 Нэхэмжлэгч талаас ирүүлсэн: нэхэмжлэл /хх-1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм /хх-4, 5-9/, 2017.06.30-ны өдрийн Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ /хх-10-14/, 2022.11.21-ний өдрийн итгэмжлэл /хх-15, 16/, төлбөрийн тооцоолол /хх-17/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.18-ны өдрийн 183/ШШ2022/00171 дугаар шийдвэр /хх-18/, Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022.11.10-ны өдрийн албан бичиг /хх-18/, 2017.06.30-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт,

3.2. Хариуцагч талаас ирүүлсэн: иргэний үнэмлэхийн хуулбар /хх-23/, хариу тайлбар /хх-28/,

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Д.С д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд төлбөрийн үлдэгдэл 4,800,000 төгрөг, алданги 2,400,000 төгрөг, эрэн сурвалжлуулсан төлбөр 70,200 төгрөг, нийт 7,270,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч нь худалдан авсан төхөөрөмжийг буцаан өгсөн тул төлбөр төлөх үүрэггүй гэх тайлбарыг гарган маргажээ.

 

4. Э ХХК болон Д.С нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч Э ХХК нь ахуйн цэвэрлэгээний KIRBY Sentria иж бүрдэл төхөөрөмж 1 ширхэгийг 5,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч Д.С нь 5,000,000 төгрөгийг төлж барагдуулах, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцсон байх бөгөөд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх-10-14/

 

Хариуцагч Д.С нь дээр дурдсан гэрээг байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Э ХХК нь гэрээний дагуу ахуйн цэвэрлэгээний KIRBY Sentria иж бүрдэл төхөөрөмж 1 ширхэгийг худалдаж, тус компанийн диллер Д.Э 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төхөөрөмжийг хариуцагч Д.С д хүлээлгэн өгч, баримт үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бараа хүлээлгэж өгсөн акт гэх баримтаар тогтоогдож байна. /хх-14/

 

6. Хариуцагч нь гэрээний дагуу KIRBY Sentria иж бүрдэл төхөөрөмж 1 ширхэгийг хүлээн авч акт үйлдсэн талаар маргаагүй боловч санхүүгийн боломжгүйн улмаас төхөөрөмжийг 7 хоногийн дараа Э ХХК-ийн диллер Д.Э т буцааж өгсөн гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.

 

7. Нэхэмжлэгч нь хариуцагч гэрээний дагуу 200,000 төгрөгийг төлсөн гэх тайлбарыг гаргаж 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 50,000 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримтыг нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хариуцагч нь тухайн баримтад түүний гарын үсэг зурагдсан байгааг хүлээн зөвшөөрч байх боловч төхөөрөмжийн төлбөрт ямар нэгэн мөнгө төлөөгүй гэх тайлбарыг гаргасан.

 

8. Хариуцагч нь худалдан авсан төхөөрөмжийг буцаан өгсөн, төлбөрт мөнгө төлөөгүй гэх тайлбарыг гарган маргаж байх боловч уг тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж, нотлоогүй болно.

 

9. Хариуцагчийн тайлбар, татгалзал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Д.С нь гэрээний дагуу худалдан авсан KIRBY Sentria иж бүрдэл төхөөрөмжийн төлбөрийн үлдэгдэл 4,800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

 

10. Нэхэмжлэгч нь хариуцагч худалдан авсан барааны төлбөрийг төлөлгүй хугацаа хожимдуулсан үндэслэлээр төлбөрийн үлдэгдэл 4,800,000 төгрөгөөс алданги тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан алданги 2,400,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

Зохигчид анз тогтоосон гэрээг Иргэний 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр байгуулсан байх ба гэрээний 4.5, 4.7-д худалдан авагч төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлөхөөр тохирсон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алданги шаардах эрхтэй.

 

Хариуцагчийн худалдан авсан төхөөрөмжийн үлдэгдэл 4,800,000 төгрөг байх тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байх хуулийн заалтын дагуу алдангид 2,400,000 төгрөгийг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасантай нийцнэ.

 

11. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хаягтаа байхгүй үндэслэлээр шийдвэрлүүлэх боломжгүй болсон гэх тайлбарыг гаргаж байх боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй. Нэхэмжлэгч тал хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 183/ШШ2022/00171 дугаар шийдвэрээр эрэн сурвалжлуулсан байх ба хариуцагч Д.С д холбогдуулан 7,270,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр гаргасан байна.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан гэрээний үүргийг шүүхэд хандан шаардаж байсан үйл баримт тогтоогдохгүй байх бөгөөд хариуцагчтай гэрээ байгуулсан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 1 сарын дараа төлбөрийг төлөхийг шаардаж байсан гэх зохигчдын тайлбар болон нэхэмжлэлд дурдсанаар 12 сарын хугацаанд төлбөрийг төлж барагдуулах ёстой байсан гэх шаардлагыг үндэслэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тооцоход хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

 

Иргэний хуулийн 82 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсний үр дагаврын асуудлыг зохицуулсан ба 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул хариуцагч Д.С д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,270,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч Д.С д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,270,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦЭРЭНДОЛГОР