Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/00856

 

 

 

ИЛ -ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/01217 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ИЛ -ХХК-ийн хариуцагч С.А-д холбогдуулан гаргасан, худалдах, худалдан авах гэрээний үнэ 7,270,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Содончимэг, хариуцагч С.А-, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

ИЛ -ХХК нь С.А-тай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийн үнэ бүхий цэвэрлэгээний төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж уг төхөөрөмжийг хүлээн авсан. С.А- 200,000 төгрөгийг 3 хоногт, үлдэгдэл төлбөрийг 12 сарын хугацаанд сарын 500,000 төгрөгийг төлөхөөр тохирсон. С.А- 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 200,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 4,800,000 төгрөгийг төлөөгүй. Гэрээний 4.7-д үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцохоор заасан. Алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 2,400,000 төгрөг, хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 7,270,200 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

С.А- нь ИЛ -ХХК-аас 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цэвэрлэгээний төхөөрөмжийг авч төлбөрийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон. Гэвч санхүүгийн боломжгүйгээс цэвэрлэгээний төхөөрөмжийг буцааж өгсөн. Эхний төлбөр 200,000 төгрөгийг төлөөгүй. Манайх 2017 оны сүүлчээр нүүхээр болж нэхэмжлэгч байгууллага руу залгасан боловч утсаа аваагүй, уулзахаар очиход нүүсэн байсан. Түүнээс нэхэмжлэгч байгууллагаас залгаж холбогдоогүй. Цэвэрлэгээний төхөөрөмжийг буцааж өгөхдөө баримт үйлдээгүй. Цэвэрлэгээний төхөөрөмжийг буцааж өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг баримтлан хариуцагч С.А-д холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 7,270,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ИЛ -ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131,273 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хуульд заасан хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй. Хэрэв маргасан бол энэ талаарх баримтыг гаргаж өгөх байсан. Төлбөрийг хувааж төлөх болон төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэх асуудал дурдагдаж байсан. Гэтэл шүүх талуудын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж тэгш эрхийн зарчмыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдол гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэр хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн байх гэж бодож байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

1. Нэхэмжлэгч ИЛ -ХХК хариуцагч Б.Саруулд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт цэвэрлэгээний төхөөрөмжийн үнэ 4,800,000 төгрөг, алданги 2,400,000 төгрөг, хохирол 70,200 төгрөг, нийт 7,270,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Б.Саруултай 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Бараа бүтээгдэхүүнийг зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж 5,000,000 төгрөгийн үнэ бүхий цэвэрлэгээний төхөөрөмж худалдсан, худалдан авагч нь дээрх төлбөрөөс 200,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч нь санхүүгийн боломжгүйгээс цэвэрлэгээний төхөөрөмжийг буцаан өгсөн гэж тус тус тайлбарласан байна.

 

2. Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой ямар нэгэн үндэслэл, тайлбар гаргаж байгаагүй ба талуудын хооронд шүүх хуралдаан болох хүртэл энэ талаар мэтгэлцээн өрнөөгүй, байхад шүүх уг нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.

Иймд нэхэмжлэгч ИЛ -ХХК гэрээний үүргийг шаардах эрх хэзээ үүссэн талаар талуудыг мэтгэлцүүлэх нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

3. Мөн хариуцагч нь цэвэрлэгээний төхөөрөмжийг нэхэмжлэгч ИЛ -ХХК-ийн ажилтан Б.Эрдэнэбаатарт хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан тул дээрх төхөөрөмжийг нэхэмжлэгч компанийн ажилтанд хэзээ хүлээлгэн эсэх нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байна.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй хэдий ч шүүх тодорхой бус асуудлыг тодруулах, талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг хийх учиртай.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс өөрчилж дүгнэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2023/01217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгч ИЛ -ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 131,273 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Н.БАТЗОРИГ