Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 104/ШШ2023/00116

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баярдаваа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, *******, *******, ******* тоотод байрлах, ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, ******* 1а гудамж, *******од оршин суух, *******ийн /РД:/,

 

Хариуцагч: Налайх дүүрэг, 1 дүгээр хороо, ******* 1а гудамж, *******од оршин суух, ийн /РД:/-нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 9,894,735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад иргэний хэрэг үүсгэсэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С., Н. нар /цахимаар/,

Хариуцагч Э.,

Хариуцагч С.,

Хариуцагчийн өмгөөлөгч Т.,

Гэрч Р.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Э., С. нар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дугаар зээлийн гэрээ байгуулан 20,771,700 төгрөг зээлж авсан. Гэвч Э., С. нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул зээлийн үлдэгдэлд дахин гэрээ байгуулан 15,041,700 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 9-ны өдрөөс эхлэн сар бүр 1,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн захирал Т.гийн хаан банкны тоот дансанд шилжүүлэхээр тохирсон. Хэдийгээр зээлийн гэрээнд хариуцагч С. гарын үсэг зураагүй боловч зээлийн гэрээтэй хамааралтай болохоо хариуцагч хариу тайлбар дээрээ тусгасан байдаг. Алдангийг гэрээгээр тохиролцсон байдаг. Алданги үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрээгүй байх тул хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Хариуцагч Э., С. нар өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 14,078,218 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж зээлийн үлдэгдэл 6,596,700 төгрөг, алданги 3,298,035 төгрөг, нийт 9,894,735 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа бууруулж байна. Хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч талын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Э., С. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна. Зээлийг төлөх үүрэг хүлээсэн хүн Э. биш.

Хариуцагч талаас алданги нэхэмжилж байгаа нь Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцээгүй. Хуулиас давсан мөнгө нэхсэн байна. Хариуцагч нар нэхэмжлэгчийн бусдад төлөх өр төлбөрт тооцож д 260,000 төгрөг, ХХК-д ажиллаж байсан Т.т 730,000 төгрөгийг төлсөн. Мөн 2019 оны 12 сарын 09 өдрийн зээлийн гэрээнд нэхэмжлэгч талыг төлөөлж гарын үсэг зурсан Т. нь нэхэмжлэгчийн төлөөлөх эрх бүхий этгээд биш байна. Иймд тухайн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч С. 5,106,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна, харин үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгч тал Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний хуулбар, 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар, зээлийн гэрээний хүүгийн тооцоо, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Э.ийн ХХК-д гаргасан хүсэлтийн хуулбар, зарлагын баримтууд зэргийг гаргаж өгсөн.

 

Хариуцагч тал зарлагын баримт, Д.*******ийн депозит дансны хуулга зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Шүүхийн журмаар Т.гийн ХААН банкны дансны хуулга, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрч Р.ийн гэрчийн мэдүүлгийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК анх хариуцагч Э., С. нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул 14,078,218 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн үлдэгдэл төлбөр 6,596,700 төгрөг, алданги 3,298,035 төгрөг, нийт 9,894,735 төгрөгийг гаргуулахаар бууруулсан.

 

3.Хариуцагч С., Э. нар нэхэмжлэлийн шаардлагаас 5,106,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

- ******* ХХК-д төлөх элс хайргын үнэ 20,771,700 төгрөгт С., ХХК /захирал Б./ нар 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 2 сарын хугацаатай, хүүгүй зээлийн гэрээ байгуулжээ.

 

-2019 оны 12 сарын 09 өдөр зээлдүүлэгч ******* ХХК-г төлөөлж Т., зээлдэгч талыг төлөөлж Э. нар үлдэгдэл 15,041,700 төгрөгийг сар бүрийн 1,000,000 төгрөгөөр төлөх, зээлдэгч тал үүргээ биелүүлээгүй тохиолдолд сарын 3 хувийн алданги тооцох нөхцөлтэй, 2019 оны 12 сарын 25 өдрөөс эхлэн зээл төлж дуусах хүртэл үргэлжлэх хугацаа бүхий зээлийн гэрээг байгуулжээ.

 

- Хариуцагч тал нэхэмжлэгч талд төлөх мөнгөн төлбөрийн үүрэгт тооцож бэлэн мөнгө болон эд зүйл /түлш, бууз/-ээр 8,445,000 төгрөгийг төлсөн байна.

 

5.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1. зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., 56 дугаар зүйлийн 56.1.8.-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; гэж тус тус заажээ.

 

Гэтэл 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ХХК-г төлөөлж Т., Э. нар байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д заасантай нийцэхгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Өөрөөр хэлбэл уг зээлийн гэрээ байгуулахдаа ХХК-аас Т.д бусад этгээдтэй хийх гэрээ хэлцэлд төлөөлөх эрхийг олгосон баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Гэрч. Р. өөрийн дансаар 730,000 төгрөгийг хариуцагч талаас хүлээн авч ******* ХХК-н үйл ажиллагаанд зарцуулсан гэх мэдүүлэг өгсөн боловч гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар нотлогдоогүй. Мөн ******* ХХК-н бусдад /д/ төлөх төлбөр 260,000 төгрөгийг төлсөн гэх хариуцагч талын татгалзал хуулийн шаардлага хангасан бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгч тал хариуцагч Э.ос зээлийн гэрээний үүргийн биелэлтийг, хариуцагч нараас алданги шаардах эрхгүй байх тул хариуцагч С.өөс зээлийн төлбөрийн үлдэгдэл 6,596,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6.Нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,341 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.өөс 120,497 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Э.д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч С.өөс зээлийн гэрээний үүрэг 6,596,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,341 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С.өөс 120,497 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАЯРДАВАА